Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/03139

 

 

 

 

 

 

    

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: А Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

     

Хариуцагч: К Б ХХК

 

Хариуцагч: М ХХК-д тус тус холбогдох,        

 

“М ” ХХК болон К Б  ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний А Х  ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блью скай” хотхоны 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, хариуцагч К Б   ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагч М  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эм  Кей Ай ХХК-ийн төлөөлөгч  Х.Цогтсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А Х  ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Эм Кей Ай ХХК-тай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г харилцан тохиролцож “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 м.кю талбай бүхий 4 өрөө орон сууц”-ыг 184.800 ам доллар буюу 221.760.000 төгрөгөөр үнийг бүрэн төлж худалдан авсан билээ. Уүний дагуу Эм Кей Ай ХХК-иас орон сууцын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч А Х  ХХК-ийн нэр дээр бүрттүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул миний бие Баянзүрх. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Эм Кей Ай ХХК болон гуравдагч этгээд Мфикскалитал ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7161 дугаартай шийдвэрээр А Х  ХХК -ийг “Хан-Уул дүүргийн 11-р хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц”-ны өмчлөгчөөр тогтоосон билээ. Нэхэжлэгч А Х  ХХК нь дээрх 7161 дугаартай Шийдвэрийг үндэслэн, үнэ төлбөрийг нь бүрэн төлж худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийг компанийнхаа нэр дээр бүртгүулэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан боловч бүртгэлийн газраас орон сууц нь Мфикскалитал ХХК болон К Б  ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байна” гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан.

Хариуцагч М  ХХК нь К Б  ХХК-иас авсан зээлийн үүргийн гүйцэттэлийг хангуулахаар К Б  ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүйгээр, өмчлөгчид огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. К Б  ХХК-ийн дээрх үйлдэл нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.3, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-д заасныг ноцтой эерчсөн байна. “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц”-ны өмчлөгчийн хувьд К Б  ХХК-ийн өмнө аливаа үүрэг, хариуцлага хүлээгээгүй, М  ХХК болон К Б   ХХК-ийн хооронд үүссэн зээл, зээлийн барьцааны харилцаанд огт хамааралгүй этгээд байх тул А Х  ХХК-ийн өмч хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэттэлийг хангуулахаар барьцаалсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл” нь байгуулах үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул К Б  ХХК болон М  ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний “Хавсралт-44Б дүгээр байр”-ны 21-т авагдсан А Х  ХХК-ийн өмчлөлийн “Хан-Уул дүүргийн 11-р хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц”-ыг барьцаалсан гэрээний хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

Хариуцагч К Б  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  өмгөөлөгч нар нь шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ Монгол Улсын хуулийн этгээд болох А Х  ХХК-ийн нэхэмжлэлтэй тус банкинд холбогдох иргэний хэрэгт дор дурдсан тайлбарыг үүгээр гаргаж байна.

Нэхэмжлэгч нь М   ХХК-ийн К Б тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээний Хавсралт-44Б дүгээр байрны  21-т авагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот орон сууц”-ыг барьцаалсан гэрээний  хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

К Б  нь М  компанитай 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1.400.000. америк долларыг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн М  компанитай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот Барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд: Зээлээр санхүүжүүлэн барих таван блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гарааш, 3 өрөө орон сууц, гараашийн хамт, зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон М  компанийн бараа материалын үлдэгдэл зэрэг юм.

К Б  нь “Си Эм Эс Эл” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн гэрээг байгуулж, 1.500.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг Си Эм Эс Эл ХХК-тай байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд: М  ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008712 тоот улсын бүртгэлийн дугаартай 000016259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн 44 А тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,  М  ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008713 тоот улсын бүртгэлийн дугаартай 000016260 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн 44 Б тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, М  ХХК-ийн эзэмшлийн 01/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар юм.

Түүнчлэн 2010 оны 05 дугаар сарны 13-ны өдөр М  компанийн өмчлөлд 44АБВГ дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44АБВГ дүгээр байрны 1-205 тоот авто зогсоол, Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44АБВГ 1-24 тоот орон сууцнуудыг тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан.

К Б ны М  ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн  156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй  холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулъд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг  бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. К Б ны хувьд Т07/208 тоот Барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах заалт, Эд хөрөнгө бүртгэх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281-т заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм.

Нэхэмжлэгч А Х  ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийг М  компани нь К Б тай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр М  ХХК нь 2007  оны 8 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 -т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид бүртгэлийн гэрчилгээ гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан  болно. Тухайлбал, Ү-2206013654 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000103649 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо 44Б байрны 23 тоот орон сууц.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны ийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т “...үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ...”-г хувийн хэрэгт нь хавсаргаж бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна.

Дээрх зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. К Б  нь Хөх тэнгэр хотхоны 44Б байрны 23 тоот орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь М  компанийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Мөн М  компани дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт бусад баримтад тус барилгын захиалагчаар М  компани, гүйцэтгэгч компаниар Вилмар компани байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох М  ХХК мөн байна гэж үзэж итгэх нэг үндэслэл болсон.

Дээрх автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч нь дээрх дурдсан автозогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг болтол аваагүй байна.

Харин А Х  ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7161 тоот захирамжаар тус орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтаас харахад М  ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44Б байрны 23 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, К Б  нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох Мфискапитал ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин А Х  ХХК нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон учир К Б  нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “Зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ”, мөн хуулийн 23.4-т Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бухий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт дүнг тусгасан байна.” гэж заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох Хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 44АБВГ байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгын газар дээр нь очиж шалгасан байдаг.

Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн автозогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир нь улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан.

Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч М  ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Монгол улсын хуулийн этгээд А Х  ХХК-иас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд хариуцагч М  ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.

А Х  ХХК нь манай компанийн барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блью скай хотхоны 44Б байрны 23 тоот орон сууцыг Эм Кей Ай ХХК-иас худалдан авсан бөгөөд энэхүү гэрээг дараах байдлаар хийсэн болно. Үүнд: Си Си Ай Эм ХХК нь М  ХХК-тай 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15, 16 тоот “Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй барилгын 44Б байрны 23, 24 тоот 2 ширхэг орон сууцыг нийт 249.309 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр К Б  ХХК дахь манай компанийн дансанд шилжүүлсний нэг нь дээрх 44Б байрны 13 тоот 132 м.кв орон сууц юм.

Үүний дараа М  ХХК болон Эм Кей Ай ХХК-ийн хооронд 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороонд баригдаж буй барилгын 44Б байрны 23 тоот 132 м.кв орон сууцыг 221.760.000 төгрөгөөр Эм Кей Ай ХХК худалдан авахаар тохиролцож, гэрээний 3,1 дэх хэсэгт Си Си Ай Эм ХХК-тай байгуулсан 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16 тоот “Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, Эм Кей Ай ХХК-иас Си Си Ай Эм ХХК-д гэрээний үнийн дүнг шилжүүлж, худалдан авагч тал Эм Кей Ай ХХК болохыг дурдаж, Си Си Ай Эм ХХК нь “Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээ”-гээ Эм Кей Ай ХХК-д шилжүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч А Х  ХХК нь Эм Кей Ай ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж гэрээний дагуу Эм Кей Ай ХХК-иас дээрх орон сууцыг 184.800 ам.доллар буюу 221.760.000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж худалдан авсан байдаг.

Ийнхүү А Х  ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/07161 дугаар захирамжаар А Х  ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Блью скай” хотхоны 44Б байрны 6 дугаар давхрын 23 тоот, 132 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шийдвэрт манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа юм.

М  ХХК нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсангийн гудамжинд 2 орцтой 6 давхар бүхий 8 орон сууц, амины орон сууцны 3 барилга, таун хаусын 2 барилгаас бүтэх Блью скай хотхоныг 2007 оноос 2010 он хүртэл барьж ашиглалтад оруулсан.

Блью скай хотхоныг барихын тулд М  ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани нийт 15 орчим тэрбум төгрөгийн зээлийг К Б  ХХК-иас авч тухайн хотхоны орон сууцуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байдаг.

Үүний нэг болох Си Эм Эс Эл ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээл, барьцааны гэрээг байгуулж 1,5 тэрбум төгрөгийн зээлийг авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд М  ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44А тоотод байрлах 1.692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44Б тоотод байрлах 1.692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг байршуулсан бөгөөд иргэдэд Блью скай хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар 44А, 44Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн.

М  ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани К Б  ХХК- иас нийтдээ 15 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан оорлуулсан орон сууц, автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх зэмаар 27 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, К Б  ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан. Ингээд 2010 оны 05 дугаар сард бид К Б  ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн зүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд /итгэмжлэл олгосноор К Б  ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулж, энэхүү гэрээгээр Блью скай хотхоны 44Б байрны 23 тоот орон сууцыг тухайн үеийн өмчлөгч Эм Кей Ай ХХК-д мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь өмчлөгчийн эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Гэвч К Б  ХХК нь зээлийн барьцаанд орон сууцуудыг барьцаалахдаа “Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар “.... эд хөрөнгийн тодорхойлолтонд иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ” гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг.

Учир нь тухайн автозогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 09 дүгээр сард орон сууц нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа  нүүн орж байр болон автозогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд А Х  ХХК нь тэдний нэгэн адил орон сууцыг ашиглаж байсан. Уг хотхоны орон сууцуудад 2009 оны 09 дүгээр сараас холбогдох газруудтай нь гэрээ хийж, дулаан, ус, цахилгаанаа авч эхэлсэн тул гэрээ хийж захиалга өгсөн айлуудаа 2009 оны 12 дугаар сараас байранд оруулсан. Учир нь айлууд гэрээ хийж, төлбөр мөнгөө бүрэн төлж, хугацаандаа байрандаа оруулахыг шаардсан тул ийнхүү ашиглалтад орохоос өмнө айлууд орсон.

Иймд нэхэмжлэгчийн М  ХХК болон К Б  ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Блью скай хотхоны 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Кэй Аи ХХК нь А Х  ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 44Б байрны 23 тоот хаягт байрлах 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, түүний өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч тал нь нийт 184.800 ам.доллар буюу 221.760.000  төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.

Худалдагч талын хувьд Эм  Кей Ай  ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, заасан орон сууцыг худалдан авагч талд шилжүүлэн 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Байр хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн болно. Алтай хүдэр ХХК нь дээр дурьдсан гэрээний дагуу өмчлөх эрхээ иргэн Вандансүрэнгийн Бат-Эрдэнэд шилжүүлэн өгсөн байна. Уг байрны шилжин ирсэн учир шалтгааныг дор дурдсанаар тайлбар байна. Үүнд:

1. М  ХХК нь Эм Кей Ай  ХХК-тай 2009 оны 06 дугаар сарын29-ний өдөр Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б байрны 23 тоот 128.61 м.кв орон сууыг 225.067.500 төгрөгөөөр тооцон худалдахаар тохиролцсон. Уг гэрээнд Си Си Ай Эм ХХК нь орон сууц захиалах гүйцэтгэх гэрээний эрх шилжүүлэгчийн хувьд баталгаажуулж гарын үсэг зурсан болно. Уг гэрээний 3.1-т “2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн М  ХХК болон Си Си Ай Эм ХХК-ийн хороонд байгуулсан Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээг цуцалж, Эм Кей Ай  ХХк-иас Си Си Ай Эм ХХК-д энэхүү гэрээний нөхцөлийн дагуу гэрээнийн үнийн дүнг шилжүүлэхээр 3 тал тохиролцов.” гэж заасан.

2. Эм Кей Ай ХХК нь анх Пи Ай Эм Эм компанид бетон зуурмаг нийлүүлсэний төлбөрт 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Өр шилжүүлэх 3 талын гэрээ”- ний 2.1-т зааснаар Пи Ай Эм Эм ХХК-иас Эм Кей Ай ХХК-д төлөх өрөнд 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Мфикс ХХК, Эм Кей Ай ХХК, Си Си Ай Эм ХХК-нуудын хооронд байгуулсан Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээний 3.1-д заасан Эм Кей Ай ХХК-иас Си Си Ай Эм ХХК-нд төлөх нийт 225.067.500 төгрөгийг Пи Ай Эм Эм ХХК өмнөөс Си Си Ай Эм ХХК нь харилцан шилжүүлж тооцуулна.” гэж тохиролцсон.

Ингээд Си Си Ай Эм компанийн нэр дээр байсан Хан-уул 11 хороо, 44Б байрны 23,24 тоот орон сууцуудыг хүлээн авахаар тохиролцсон болно.

Энэ гэрээний 2.2-т Пи Ай Эм Эм ХХК нь Эм Кей Ай ХХК-ийн нэрийн өмнөөс түүний төлөх дээр заасан 225.067.500 / төгрөгийг Си Си Ай Эм ХХК-нд харилцан төлөх үүрэг хүлээсэн. Си Си Ай Эм ХХК нь М  ХХК-д 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн төлбөрийн даалгавараар 249.309  долларыг байрны үнэд шилжүүлсэн.

Гэтэл худалдагч тал болох М  ХХК нь уг байрны гэрчилгээ олгогдохгүй байгаа талаар тайлбарлахдаа : “Тухайн үед барилгын ажил ид явагдаж байсан учир К Б  зээл олгож бүх байруудыг нэмж барьцаалах шаардлага тавьж байсан.Одоогийн байдлаар Си Эм Эс Эл ХХК, К Б  хооронд төлбөрийн үлдэгдэлийн маргаантай асуудал шүүхээр хянагдаж байгаа учир 44Б байрны орон сууцнуудыг бүхэлд нь барьцаанаас чөлөөлөх асуудал зогсонги байдалд байна.” гэж тайлбарлаж байсан юм.

Иймд М  ХХК-ийн К Б тай 2010 оны 9 дүгээр сарын 02- ны өдөр байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний “Хавсралт-44Б дүгээр байр”-ны 21 тоотод авагдсан Хан-Уул дүүрэг, 11 хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот орон сууц”-ыг барьцаалсан гэрээний хэсгийг бусдын өмч хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүй гээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж гуравдагч этгээд үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа болно” гэв.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Алтай хүдэр ХХК нь хариуцагч К Б  ХХК, М   ХХК-уудад холбогдуулан М   ХХК болон К Б  ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний А Х  ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блью скай” хотхоны 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч М   ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  зөвшөөрч маргаагүй болно.

 

Хариуцагч К Б  ХХК нь барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэгч талыг дэмжиж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А Х  ХХК нь Эм  Кей Ай ХХК-иас 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 143/11 дугаартай “Орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блью скай” хотхоны 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот хаягт байрлах, 132 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 184.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон бөгөөд гэрээний 3.2.1-д урьдчилгаа төлбөр болгож гэрээний үний дүнгийн 40 хувь буюу 88.704.000 төгрөгийг гэрээ хийх өдөр төлнө, 2011 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын 01-ний өдөр 10 хувь буюу 22.200.000 төгрөгийг тус тус хүүгүйгээр төлж дуусгахаар тохиролцсон байна. /хх-ийн 129 дэх тал/

 

А Х  ХХК болон Эм  Кей Ай ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Гэрээний дагуу А Х  ХХК нь байрны төлбөр болох 184.000.000 төгрөгийг 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд нийт 7 удаагий гүйцэтгээгээр “Эм  К  Ай ” ХХК-д төлсөн /хх-ийн 132-138 дахь тал/ бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7161 дугаар шийдвэрээр А Х  ХХК-ийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Эм  Кей Ай ” ХХК хүлээн зөвшөөрсөн тул  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блью скай” хотхоны 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот хаягт байрлах, 132 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр А Х  ХХК-ийг тогтоогдож шийдвэрлэсэн. /хх-ийн 6-8 дахь тал/

 

М   ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блью скай” хотхоны 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот хаягт байрлах, 132 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2206013654 дугаарт бүртгэгдэж, 000103649 дугаартай гэрчилгээ авчээ. /хх-ийн 28 дахь тал/

 

М   ХХК-ийн захиалан бариулах 120 айлын орон сууц барилгын ажилд зориулж, 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээгээр К Б  ХХК нь 1,400,000 ам.долларын зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай М   ХХК-д олгож, зээлийн барьцаанд ирээдүйд бий болох хөрөнгийг буюу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Америк сургуулийн урд байрлах зээлээр санхүүжүүлэн барих 55%-ийн гүйцэтгэл бүхий 5 блок, 120 айлын орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан 44А, Б, В, Г байрны зоорийн давхарт байрлах 205 автомашины гараж, Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хатан туул хотхон 17 тоотод байрлах 3 орон өрөө сууцыг гаражийн хамт, мөн зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон М   ХХК-ийн бараа материалын үлдэгдлийг бариулсан ба үүнээс хойш талууд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот барьцааны гэрээг дахин хийж, бий болсон буюу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгүүдийг уг гэрээнд нэг бүрчлэн зааж барьцаалжээ.

 

М  ХХК болон К Б   ХХК нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот барьцааны гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь М ” ХХК-иас бус, гуравдагч этгээд Эм  Кей Ай ХХК-иас 2011 онд тус байрыг худалдан авсан тул нэхэмжлэгч А Х  ХХК-иас зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүй ба М  ХХК болон К Б   ХХК нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.

 

А Х  ХХК нь М  ХХК болон К Б   ХХК-тай эрх зүйн харилцаа үүсгээгүй бөгөөд зөвхөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эм К  Ай ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, дагуу барьцааны эрхээр хязгаарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан тул М  ХХК болон К Б   ХХК-д болон тэдний хооронд байгуулсан аливаа гэрээтэй холбогдуулан шаардлага гаргах эрхгүй юм.

 

Хэдийгээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч А Х  ХХК нь өмчлөгчөөр тогтоогдсон боловч энэхүү үйл баримт нь барьцаалагчийн эрхийг хөндөх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1., 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн  доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардаа төлүүлэхээс гадна гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй ба эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заажээ.

 

А Х  ХХК нь дээрхи хуулийн зохицуулалтын дагуу барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг худалдан авах гэрээ хийсэн Эм Кей Ай ХХК-д холбогдуулан шаардлага гаргах эрхтэй.

 

            Энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч А Х  ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эм Кей Ай ХХК-д холбогдуулан дээрх шаардлагын аль нэгийг гаргахад энэ хэргийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүх М   ХХК болон К Б  ХХК-ийн хооронд шинэчилж хийгдсэн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээг хууль зөрчсөн болон зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай А Х  ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон      

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар 56.1.8-д зааснаар М   ХХК болон К Б  ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блью скай” хотхоны 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот хаягт байрлах, 132 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай А Х  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А Х  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А Х  ХХК-иас .196.550 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах, эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.ЭНХБАЯР