Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар  2021/ШЦТ/173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Г хөтлүүлж, 
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Д Мд холбогдох 2012.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .......багийн нутаг, “А” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил, 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жил, 5 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай прокурорын тогтоолоор Д.Мд холбогдох эрүүгийн 201603000036 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Б овогт Д М /РД: /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ....... нутаг, Ат гэх газраас хохирогч Г.Мын 12 тооны хонь, 25 тооны ямааг хулгайлж, түүнд 4.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2012......................... дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

Хохирогч Г.Мын өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хонио хурааж яваад содон шинжтэй хонь, ямаа байхгүй болохоор нь тэр хавиар хайгаад олоогүй юм. Тэгээд маргааш нь үргэлжлүүлэн малаа хайж яваад М гэх айлд очиход их сэжигтэй байсан учраас цагдаа дуудсан. Тэгэхэд тэдний хашаан дотор байрлах амбаараас миний алдсан хонины толгой, шийр, гэдэс дотор, мөн нэг ишгийг алаад бүтнээр нь хаясан байсан. Тэгээд граш дотроо байсан цагаан өнгийн машин дотор махыг нь ачаад, явахад бэлэн байдалтай байсан. Цагдаа Мг малын толгой, шийр, гэдэс дотортой нь аваад явсан. М явах үедээ “малаа сайн хараарай, барьж чадаагүй бол хохино, толгой шийрийг нь хаячихдаг байж дээ” гээд доромжлоод байсан. Би гэртээ ирж хонь, ямаагаа тоолоход 12 хонь, 25 ямаа дутуу байсан. М гэх хүний хотон дотроос 5 хонь, 15 ямаа нь гарч ирсэн. Би хамгийн сүүлд хонь, ямаагаа 2020 оны 10 дугаар сарын 29-нд бүртгэхэд бүрэн байсан, түүнээс хойш содон тэмдэгтэй малаар нь бүртгээд явж байсан юм. Миний алдсан хонь хондлой дээрээ шар өнгийн будагтай, ямаа нь эвэр дээрээ шар өнгийн будагтай, содонгоос хар толгойтой, хар толгойтой, цагаан бөгстэй, адилхан ишигтэй, содон ямаа байхгүй байгаа. Имний тухайд хонь, ямаанууд буруу чих тайрхай, зөв талын чих хойноосоо ухам имтэй, мөн зөв чих тайрсан, урдаасаа хөндлөн цуулбар имтэй, хоёр чих хойноосоо ухам гэсэн имнүүдтэй байсан. Манай хонь тасрахгүй, яагаад гэвэл би хонио байнга дагаж хариулдаг. Сая хоёр хоног малын хашаа барих гээд малаа хариулаагүй, дурандаж байсан. Би хонио орой бүр сүүлийг нь хурааж хотлуулдаг. Манай хонь, ямааг Мг тасдаж хулгайлсан гэж үзэж байна. Учир нь хонь, ямаа дунд нь ихэвчлэн эр ямаа голдуу нэг эр хонь байсан, ишиг, хурга байгаагүй. Би малаа алдсандаа гомдолтой байна. Миний хонь, ямааг нядалсан байсан. Мөн зүсээр нь 7 хонь, 10 ямаа дутуу байгаа эдгээр зүйлсээ би нэхэмжилж байна. Би Мг сэжиглэж байна. Яагаад гэвэл тэдний хашаа, амбаараас миний алдсан мал гарч ирсэн.Цаашид мал алга болвол би Мтай холбоотой гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-07 ху/,
Хохирогч Г.Мын дахин өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би Мгаас хохирлоо түргэн барагдуулж авмаар байна. Учирсан хохирлоо 3 нугалж барагдуулж авмаар байна. Би хулгайд алдсан нэр хонио 180.000 /нэг зуун наян мянга/, эм хонио 130.000 /нэг зуун гучин мянга/, эр ямаануудаа 180.000 /нэг зуун наян мянга/, эм ямаагаа 90.000 /ерэн мянга/, ишгээ 50.000 /тавин мянга/ төгрөгөөр тус тус үнэлж байна. Нийт 4.910.000 /дөрвөн сая есөн зуун арван мянга/ төгрөгийн үнэ бүхий хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 ху/,
Хохирогч Г.Мын дахин өгсөн: “...Би хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 29-нд өөрийн хонь, ямаагаа тоолсон. Тэгэхэд манай хонь, ямаа бүрэн байсан. Би эхнэрийнхээ хамт хонио тоолсон. Бид хоёр хонио тоолоход бүрэн байсан. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хонь, ямаагаа алдсанаа анх мэдсэн. Тэгээд өөрийн хонь, ямаагаа хайгаад уулаар яваад олоогүй. Тэгээд М гэх хүнээс сурах гээд очиход сэжигтэй байхаар нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирэхэд М гэх хүн амбаар болон өөрийн грашаас миний хонь, ямааны толгой, арьс, махыг гаргаж өгсөн. Тэгэхэд 5 хонь, 15 ямааны мах, толгой, арьс байсан.  Би өөрийн дутуу байгаа хонь, ямааг зүс, содон шинж, тэмдгээр нь хэлж мэдэхгүй байна. Толгойн тоогоороо дутаад байгаа. Үгүйлж содонгоос хар толгойтой, цагаан бөгстэй ямаа, ишиг нь ээжтэйгээ адилхан зүстэй, эр улаан ямаа байгаа санаж байна, бусдынх зүсийг хэлж мэдэхгүй байна. Би Мн гэрт 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр очсон. Тэгэхэд малын амбаарт шинээр нядалсан байдалтай байсан. Мах, арьс, шир, толгой нь гэсгүүн байсан. Би Мн машины маркийг нь сайн мэдэхгүй, ачааны машинтай. М 2020 оны 11 дүгээр сарын 06-наас 08-ны үед сумын төвд ирсэн. Тухайн үед мал нядалж сумын төвд ирж өгсөн гэж М өөрөө ярьсан. Миний 5 хонь, 15 ямааг М хулгай хийж нядалсан учраас миний дутуу байгаа хонь, ямааг хулгай хийсэн гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 ху/,
Хохирогч Г.Мын дахин өгсөн: “...Би хэсгийн төлөөлөгчөөс 5 хонины мах, 13 ширхэг ямааны мах, 5 хонины арьс, 13 ширхэг ямааны арьс хүлээн аваад хүлээн авсан мах арьс ширээ М гэх хүнд өгөөд оронд нь 5 тооны хонь, 15 тооны ямаа хүлээн авсан. Би энэ талаараа хэргийн материалд тэмдэглэл болгон хавсруулсан байгаа. Би өөрийн хонь, ямаагаа 2020 оны 10 дугаар сарын 29-нд тоолсон байсан. Эхний мэдүүлэгтээ он сараа зөв хэлсэн байсан. Харин дараагийн мэдүүлэгтээ андуурч хэлсэн байсан. Би өөрийн малаа тоолохдоо баримт бичиг хөтөлдөггүй, цээжээр тоолоод гаргадаг. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хонь, ямаагаа тоолохдоо мөн адил цээжээр тоолоод гаргасан, бүртгэл хөтлөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 ху/,
Хохирогч Г.Мын дахин өгсөн: “...Би сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр анх мэдсэн гэж буруу хэлсэн байна. Учир нь өмнө өгсөн мэдүүлгээс цаг хугацаа 3 сар өнгөрсөн байна, мартсан байна. Би малаа 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдсэн нь үнэн. Би Мгаас 4 тооны эм хонь, 1 тооны эр хонь, 2 тооны ишиг, 4 тооны эм ямаа, 9 тооны эр ямаа, нийт 20 тооны мал авсан. Одоо би Мгаас 7 тооны хонь, 10 тооны ямаа авах хохиролтой байна. Д.М надад дээрх дутуу малыг өгөхгүй гэсэн. Миний олдоогүй байгаа мал дотор хар толгойтой цагаан бөгстэй эм ямаа, адил зүсмийн ишиг, улаан зүсмийн эр ямааг зүсээр байхгүй байгаа. Би малаа дандаа өөрөө хариулдаг юм. Надаас өөр дээрх зүстэй малыг мэдэх хүн байхгүй. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 113 ху/,
Гэрч Г.Оын дахин өгсөн: “...Тухайн өдөр манай нөхөр М хониндоо яваад ирэхдээ содон зүстэй мал байхгүй байна гэж ирсэн. Тухайн орой манай ач хүү Батхангайгийн бие өвдөөд Батцэнгэл сумын төв рүү ач хүүгээ авч яваад үзүүлсэн. Маргааш нь шиг санаж байна, нөхөр М руу залгаж алдсан малаа олсон уу? гэж асуухад Мгийнх сэжигтэй байна сумын цагдаад хэл гэж хэлсэн. Тэгээд би сумын цагдаад мэдэгдсэн юм. Дараа нь малаа нөхрийн хамт тоолоход хонь, ямаа нийлээд 37 толгой мал дутсан, нарийн зүйлийг манай нөхөр мэдэж байгаа. М манай малыг хулгайлаад нядлаад махыг нь машин дээрээ ачсан байсан. Нядалсан малын толгой, гулууз махыг тоолоход 20 ширхэг байсан үлдэгдэл нь 17 толгой мал байхгүй байсан. Манайх хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нөхөр бид хоёр тоолсон, манай мал бүрэн байсан. Манай мал сүргээсээ тасарч бэлчдэггүй, манай нөхөр байнга хониндоо явдаг. Тухайн мал алга болох үед манай нөхөр өвөлжөөний байраа янзалж засварласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 117 ху/,
Д.Мгийн гэрчээр өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед Батцэнгэл сумын Дэл багийн нутаг, “Ар хужирт” гэх газар байрлах гэрийнхээ гаднаас Улаанчулуу гэх уул руу дурандахад 5 тооны хонь харагдсан. Тэгээд морио унаад яваад очсон чинь хадны цаана 12 ямаа, 2 ишиг, 5 хонь байсан. Эдгээр хонь, ямаа нь М буюу манай нутгийнхан Мөнхөө гэж дууддаг хүний мал байсан. Би тууж гэртээ авчраад гэрийнхээ гадаа хонуулсан. Маргааш нь би малдаа явж ирээд, хотлуулчихаад нөгөө тууж ирсэн хонь, ямаагаа нядалсан. Арьс, ширийг нь амбаарт, махыг нь грашиндаа, гэдэс дотрыг нь гүзээнд нь хийгээд амбаартаа хийсэн. Тэгээд маргааш нь малдаа явсан. Тэгээд малд явж ирээд байж байхад сумаас цагдаа очихоор нь өөрийн хийсэн хэргээ хүлээж нядалсан малын мах, арьс, шир, толгой, цувдайг нь бүгдийг нь гаргаж өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би банкинд 6.000.000 сая төгрөгийн өртэй байсан. Эдгээр малыг нядалчихад ядаж 2.000.000 сая төгрөгийг нь дарчих байх гэж бодоод нядалчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 ху/,
Гэрч Ц.Аын өгсөн: “...М бол манай хадам аав Мтай бол айл саахалтын нэг нутгийн хүмүүс. Манайх 2 хоног малын байр бариад малаа сайн тоолоогүй. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орой хонио тоолоход 30 гаран тооны хонь ямаа дутаад байсан. Тэгээд би сум явах ажил гараад сумын төв явсан. Манай хадам аав хонь ямаагаа хайж яваад олоогүй. Тэгээд манай саахалт айлын М сэжигтэй байна, цагдаа аваад ир гэж надад хэлсэн. Би сумын цагдааг аваад очиход М гэх хүн манай хонийг авсан талаараа хэлээд арьс, толгой махыг гаргаж өгсөн. Тэгэхэд Мн амбаараас 5 хонь, 13 ямаа, хоёр ишиг гарч ирсэн. Тэгээд Мг аваад сумын төвд ирсэн. Энэ хоёр айл хоорондоо 2 км зайтай, саахалт айлууд юм. Саахалт айл учраас ойрхон бэлчиж явдаг нийлэх боломжтой, тухайн үед хоорондоо нийлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 ху/,
Гэрч Д.Э өгсөн: “...Би бага байхдаа 1991 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд сургуульд сурч байсан юм. Энэ үеэс эхлэн бид хоёр одоо хүртэл найз нөхдийн холбоотой яваа. Д.М нь бага байхын төлөв томоотой, ангийнхандаа нэр хүнтэй, хичээнгүй онц сурдаг хүүхэд байсан. Одоо Батцэнгэл сумын Дэл багт эхнэртэйгээ мал маллан амьдарч байгаа. Хурдан морь уяж сойх сонирхолтой, хүн чанар сайн, хүнд тусархаг, архи хэрэглэдэггүй, тамхи татдаг зуршилтай, ажилч, хичээнгүй, малчин сайн залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 ху/,
Гэрч Г.Т өгсөн: “...Би Д.М ахыг таньдаг болоод 10 жил болж байна. Манай нөхөр хурдан морь уядаг, М ах хурдан морь уядаг болохоор би таньдаг болсон юм. Д.М нь даруу төлөв зантай, ажилсаг хичээнгүй, хурдан морь уях сонирхолтой, архи уудаггүй, эхнэр хоёр хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг, “Ар хужирт” гэх газар мал маллан амьдардаг. Хүмүүстэй нийтэч харьцдаг, хүнд тусархаг, үнэнч шудрага зантай сайн хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 ху/,
Гэрч Д.Гн өгсөн: “...Д.М нь манайхаас мал худалдан борлуулах, ямар нэгэн байдлаар малын гарал үүсэлтэй холбоотой бичиг аваагүй. Манайхаас өөр энэ төрлийн баримтыг бичиж олгодог аж ахуй нэгж байхгүй. Д.Мнхтай ойролцоо айл байхгүй, ганц гэрээрээ байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135 ху/,
Гэрч Т.Зөгсөн: “...Д.Мтай нэг нутгийн хүн болохоор танина. Д.М надад мал, мах авчирч өгөөгүй, ер нь Дэл багийн иргэд төдийлөн мал, мах авчирч өгөөд байдаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139 ху/,
Гэрч П.Л өгсөн: “...Би Д.М гэх хүнийг танихгүй. Д.М гэх хүн манайхаас мал худалдан борлуулах, ямар нэгэн байдлаар малын гарал үүсэлтэй холбоотой бичиг аваагүй. Манай тасгийн хоёр алба хаагчаас өөр мал, мах худалдан борлуулах гэрчилгээг баталгаажуулдаг хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143 ху/,
Д.Мгийн яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Г.М худлаа мэдүүлэг өгсөн байна. Учир нь намайг хулгай хийх үед хашаа бариагүй, уулнаас мод бэлтгэж байсан. Мөн Өдөр бүр хониноосоо салдаггүй гэж худлаа мэдүүлсэн байна. Би Маас 5 тооны хонь, 15 тооны ямаа хулгай хийсэн. Бусад алдсан гээд байгаа малыг нь би мэдэхгүй. Би мэдүүлэг өгнө, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Өмгөөлөгч сонгон аваагүй, хэргийн явцад шаардлагатай бол өмгөөлөгч авна. Одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би уншиж бичиж чадна, бүрэн бус дунд боловсролтой хүн. Мал малласаар байгаад жаахан алдаатай муухай бичих байх. Манайх Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг, “Ар хужиртын Оцонгийн ам” гэх газар өвөлжөөндөө буучихсан байсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 08-ны орой нар жаргах үед манай гэрийн урд талын “Улаан чулуу” гэх газар руу дурандсан чинь хэдэн тооны ямаа харагдсан. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн хээр зүсмийн хязаалан насны ямар нэгэн тамгагүй, зүүн чих нь гол цуулбар имтэй, зүүн талын хавирга хэсгээр нарийн цагаан олойртой /цагаан үстэй/ морио унаад тухайн ямаанууд дээр очиход 5 тооны хонь, 15 тооны ямаа, тухайн 15 тооны ямаа дотор 2 тооны ишиг байсан. Тухайн малыг би мориороо туугаад гэртээ ирээд малынхаа хашаанд өөрийнхөө малаас тусдаа хашаад гэртээ ороход 22 цаг болж байсан. Би тухайн хулгайлж ирсэн малаа үхэр хашдаг саравч доор ганцаараа нядалж эхлээд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг гэхэд дуусгасан. Нядалсан малынхаа гэдэс дотрыг гүзээрүү нь хийгээд хашааны буланд овоолсон, махыг нь машиныхаа гражид оруулаад өөрийнхөө Бонго Пронтер маркийн 40-28 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр хураасан. Харин арьс, толгой нь гражид оруулаагүй гадаа орхисон. Тэгээд би малдаа яваад гэртээ ирэхэд М, сумын цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд би хулгай хийсэн талаараа хэлсэн. Манай баруун урд хэсэг рүү 1 км орчим зайд манай аавын дүү Очирбатын хүү Батсайхан, манай зүүн доод тал руу 1 км орчим зайд Мынх байдаг, өөр айл байхгүй. Манай тэр хавийн газраар Батсайхан, М манай гурвын мал л бэлчээрлэдэг юм. Би Мын мал гэж мэдэж байсан. Баруун чих тайрсан, зүүн чих нь хойноосоо ухам, зарим нь зүүн чих нь тайрсан, баруун чих нь араасаа ганзага имтэй харагдсан, хонь нь нуруу дээрээ шар өнгийн будагтай, ямаанууд нь эвэр нь шар будагтай байсан. Би 5 тооны хонь, 15 тооны ямаа хулгайлсан өөр зүйл байхгүй. Манай гэрт хүн байгаагүй, манай эхнэр Чүлтэмсүрэнгийн Эрдэнэцацрал нь Архангай аймгийн төвд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, манай 2 хүүхэд Улаанбаатар хотод байдаг юм. Тухайн үед би ганцаараа байсан. Би ганцаараа нядалсаар байгаад өглөө болсон. Би Хаан банкинд 6.000.000 сая төгрөгийн малчны зээлтэй, түүнийгээ төлөхөд нэмэрлэх санаатай байсан, өөр зүйл байхгүй. Би хулгайлсан малаа тоогоор нь буцаан өгсөн. Надаас илүү мал нэхээд байна. Надаас нэхсэн малаа чоно нохойд бариулсан байх гэж бодож...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 ху/,
Хохирогч Г.Мын хулгайд алдсан гэх малын зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээч А.Бямбажавын 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 246 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 ху/,
Хонины толгойд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20 ху/,
Ямааны толгойд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-28 ху/,
Хонины арьсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-31 ху/,
Ямааны арьсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-38 ху/,
Хонины маханд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-42 ху/,
Ямааны маханд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-40 ху/,
Хохирогч Г.М хохиролд мал хүлээн авсан тухай баримт /хх-ийн 61 ху/,
Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11, 12 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 69-70 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 80 ху/, 
Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 82 ху/,
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84 ху/,
Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 85 ху/,
Б овогт Д М /РД:/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 88 ху/,
Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 90-91 ху/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 92-93 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 94-96 ху/,
Д.Мгийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан гэх хээр зүсмийн, хязаалан насны морины зах зээлийн үнэлгээг тогтоосон “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны шинжээч Э.Д 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай дүгнэлт /хх-ийн 100 ху/,
Д.Мгийн 2020 оны малын тооллогын баримт /хх-ийн 119-122 ху/,
Хохирогч Г.Мын 2020 оны малын тооллогын баримт /хх-ийн 124 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 144-145 ху/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ....... багийн нутаг, А гэх газраас хохирогч Г.Мын 12 тооны хонь, 25 тооны ямааг хулгайлж, түүнд 4.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч  Д.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2012............ дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 
 
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.М нь нь 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө .......багийн нутаг, А гэх газраас хохирогч Г.Мын 12 тооны хонь, 25 тооны ямааг хулгайлж, түүнд 4.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Г.Мын өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хонио хурааж яваад содон шинжтэй хонь, ямаа байхгүй болохоор нь тэр хавиар хайгаад олоогүй юм. Тэгээд маргааш нь үргэлжлүүлэн малаа хайж яваад М гэх айлд очиход их сэжигтэй байсан учраас цагдаа дуудсан. Тэгэхэд тэдний хашаан дотор байрлах амбаараас миний алдсан хонины толгой, шийр, гэдэс дотор, мөн нэг ишгийг алаад бүтнээр нь хаясан байсан. Тэгээд гарш дотроо байсан цагаан өнгийн машин дотор махыг нь ачаад, явахад бэлэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-07 ху/, гэрч Г.Оын дахин өгсөн: “...Тухайн өдөр манай нөхөр М хониндоо яваад ирэхдээ содон зүстэй мал байхгүй байна гэж ирсэн. Маргааш нь шиг санаж байна, нөхөр М руу залгаж алдсан малаа олсон уу гэж асуухад Мгийнх сэжигтэй байна сумын цагдаад хэл гэж хэлсэн. Тэгээд би сумын цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 117 ху/,гэрч Ц.Аын өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны орой хонио тоолоход 30 гаруй тооны хонь ямаа дутаад байсан. Манай хадам аав хонь ямаагаа хайж яваад олоогүй. Тэгээд манай саахалт айлын М сэжигтэй байна, цагдаа аваад ир гэж надад хэлсэн. Би сумын цагдааг аваад очиход М гэх хүн манай хонийг авсан талаараа хэлээд арьс, толгой махыг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 ху/, Хохирогч Г.Мын хулгайд алдсан гэх малын зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээч А.Бямбажавын 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 246 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 ху/, дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Харин шүүдэгч Д.Мгийн гэрчээр өгсөн 
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мгийн үйлдлийг бусдын олон тооны мал хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 
Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна, олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.М нь хохирогч Г.Мын 37 тооны бог малыг хулгайлсан үйлдэл нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мт 4.460.000 төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 246 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Г.М нь “...хохирол төлбөрөө авсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд ирүүлсэн /хх-ийн 172 хуу/ бичгээр өгсөн байх тул шүүгдэгч Д.Мг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

          Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: 
Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...”гэж мөн хуулийн 7дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт 2015оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан эрүүгийн хуульд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...”гэж мөн хуулийн 12 дугаар  зүйлийн  12.14 дахь  хэсэгт зааснаар “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...” гэж, тус тус заажээ. 
Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт”... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно...”гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэж хуульчилсан байх тул түүнд ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1дэх хэсгийг журамлан өршөөлд хамааруулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Д.М нь Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн 201603000036 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь 2002оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь прокурорын тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Мгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өршөөлд хамааруулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглож, энэ хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хягзаарлах ялын 1хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Мд мэдэгдэж мөн 2 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна. 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Мгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий түүний эзэмшлийн хээр зүсмийн хязаалан насны 1 тооны морийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Мд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Б овогт Д Мг бусдын олон тооны мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай. 
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Д.М нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглосугай.  
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 
шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор  тооцож солихыг Д.Мд мэдэгдсүгэй.
7.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг ........аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   
8.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Мгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий түүний эзэмшлийн хээр зүсмийн хязаалан насны 1/нэг/ тооны морийг хурааж улсын орлого болгосугай. 
9.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 
1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Мгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн 
өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
11. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ