Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2018/00296

 

 

2018 оны 01 сарын 24 өдөр                                 Дугаар 102/ШШ2018/00296                                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:          

 

            Нэхэмжлэгч: Л.Б-гийн  нэхэмжлэлтэй,          

 

            Хариуцагч: Д.Г-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.656.400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны зун Барс худалдааны төв дээр жимсний худалдаа эрхэлдэг Д.Гтай харилцан тохиролцож импортын жимсээ түүний захиалсан хэмжээгээр зээлээр нийлүүлэх, төлбөрийг жимс борлогдсоны дараа авахаар болсон. Уг тохиролцооны дагуу хариуцагчид доорх 10 удаагийн нийлүүлэлтээр нийт 5.874.400 төгрөгийн үнэ бүхий жимс, 54.000 төгрөгийн үнэ бүхий угаалгын нунтаг, нийт 5.928.400 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнд: 2015.08.04-нд 296.750 төгрөг, 2015.08.09-нд 741.000 төгрөг, 2015.08.12-нд 505.500 төгрөг, 2015.08.16-нд 137.000 төгрөг, 2015.08.17-нд 1.095.750 төгрөг, 2015.08.24-нд 317.200 төгрөг, 2015.09.17-нд 431.200 төгрөг, 2015.09.21-нд 650.000 төгрөг, 2015.09.26-нд 1.266.000 төгрөг, 2015.09.30-нд 434.000 төгрөгийн жимс нийлүүлж, тус бүрт баримт үйлдэж талууд гарын үсэг зурсан. Хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 3.422.000 төгрөг, сүүлд 200.000 төгрөг, нийт 3.622.000 төгрөгийг цувуулж өгсөн бөгөөд үлдэгдэл болох 2.306.400 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа тул уг мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Хариуцагчтай 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэг сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэйгээр 1.000.000 төгрөг зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч  нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй шалтгаан тоочиж үүргээ гүйцэтгэх хугацааг сунгасаар байсан бөгөөд 2016 оны 03 дугаар сард зээлийн хүү гэж 200.000 төгрөг өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд дээрх 200.000 төгрөгийг бичгээр хийж нотариатаар батлуулсан гэрээгээр тохиролцсон 1 сарын хугацаандаа хүү тооцож үлдэгдэл 100.000 төгрөгийг зээлээс хасч тооцсон. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 900.000 төгрөг, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийг тооцож үндсэн зээлийн үлдэгдлийн 50%-иас илүү гарсан хэсгээс татгалзаж үлдэгдэл 450.000 төгрөг, нийт 1.350.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн нийлбэр болох 3.656.400 төгрөгийг хариуцагч Д.Ггаас гаргуулахаар шаардсан бөгөөд угаалгын нунтгын үнэ болох 54.000 төгрөгөөс татгалзаж, 3.602.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Д.Г миний бие нь 2015 оны 8 сараас 2016 оны 7 сар хүртэл нийт 2.800.000 төгрөгийг Л.Бт жимсний мөнгө гэж төлсөн. Мөн угаалгын нунтагын мөнгө болох 20.000 төгрөгийг эхнэрт нь төлж үлдэгдлийг Л.Бт өөрт нь өгсөн. Мөн Банан, лийр, лимон, тарвас гэх зэрэг жимснээс хаягдал 700.000 төгрөгийн жимс хаясан. 11 хайрцаг алим буцааж өгсөн. Үүний үнэ 1.254.000 төгрөг болсон. Би зээлийн гэрээгээр авсан 1.000.000 төгрөгийг барааны үнэд шилжүүлсэн. Цэцэг зочид буудлаас жимсний үнэд 200.000 төгрөг авах байсан ч нэхэмжлэгчийг очоод аваарай гээд шилжүүлсэн. Дүү нь надаас зээлийн хүү гэж 100.000 төгрөг авсан. Охинд нь бас төлж байсан. Надаас 3.656.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би төлөх төлбөргүй тул үүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Д.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.350.000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.306.400 төгрөг, нийт 3.656.400 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь төлөх төлбөргүй гэж маргаж байна.

 

            Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Д.Гд 2015 онд 10 удаагийн нийлүүлэлтээр 5.874.400 төгрөгийн жимс, 54.000 төгрөгийн угаалгын нунтаг хүлээлгэн өгсөн байх бөгөөд зохигчид нийлүүлсэн барааны тоо хэмжээ, үнийн дүнгийн хэмжээний талаар маргахгүй байна.

 

            Энэхүү нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг дутуу төлсөн буюу 2.306.400 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэгч шаардаж, хариуцагч нь угаалгын нунтагны  үнийг эхнэрт нь болон өөрт нь хувааж төлсөн, 11 хайрцаг буюу 1.254.000 төгрөгийн жимсийг буцааж өгсөн, 700.000 төгрөгийн жимс хаягдал болсон, Л.Боос 1.000.000 төгрөг зээлж, жимсний үнэд тооцуулж, бусад мөнгийг бэлнээр төлсөн гэж татгалзлаа тайлбарлаж байна.

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь бие байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээгээр худалдагч болох Л.Б нь жимсийг хэсэгчлэн нийлүүлж, худалдан авагч болох Д.Г нь жимсний үнийг хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээжээ.

 

            Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас өгсөн зарлагын баримтуудыг хариуцагч нь бүгд өөрийнх нь хүлээн авсан барааны баримт, үнийн дүн, гарын үсэг нь мөн гэж зөвшөөрсөн бөгөөд энэхүү баримт дотор 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн алим 22 хайрцаг, тарвас 16 ширхэг нийт 2.216.000 төгрөгийн бараа авсан гэх баримтын доор 10 дугаар сарын 17-ны өдөр 10 хайрцаг, 950.000 төгрөгийн алим буцаав гэсэн тэмдэглэгээ байх бөгөөд нэхэмжлэгч нь нийлүүлсэн барааны нийт үнээс энэхүү 950.000 төгрөг хасч тооцсон гэв. Хариуцагч нь 11 хайрцаг х 114.000 төгрөг = 1.254.000 төгрөгийн алим буцаасан гэх боловч баримт байхгүй, түүний тайлбар нь нэхэмжлэгчийн 10 хайрцаг алим буцаан авч тооцоонд оруулаагүй гэсэн тайлбар, нийлүүлсэн барааны баримтан дунд 8 дугаар сарын 12-ны улаан алим 2 хайрцаг х 114.000 төгрөг = 228.000 төгрөг гэсэн баримтаар хайрцаг нь 114.000 төгрөгийн үнэтэй алим 2 хайрцагийг аваад 11 хайрцаг алим буцаасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болохыг харуулж байна.

 

            Түүнчлэн 700.000 төгрөгийн жимс муудаж, хаясан тул хариуцагч энэхүү төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч хэзээ, ямар жимсийг хэдий хэмжээтэйгээр устгалд оруулсан баримт, нэхэмжлэгч мэдэж байгаа гэх боловч хэрхэн мэдэгдсэн баримт байхгүй байна.

 

            Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол  худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шимт болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж зааснаар хариуцагчийн хүлээн авсан жимс муудаж, хаягдал бий болсон эрсдлийг хариуцагч Д.Г өөрөө хүлээхээр байх тул түүний 700.000 төгрөгийг төлөхгүй гэх тайлбар хуулийн энэхүү заалтаар үгүйсгэгдэж байна.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг зээлж, барааны төлбөрт төлсөн гэж тайлбарласан ба  хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан гар бичмэл баримтыг зохигчид өөрсдийн тооцоо нийлсэн баримт гэж зөвшөөрсөн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар барааны төлбөрт хариуцагч бэлнээр 2.722.000 төгрөг төлсөн болохыг зохигчид баталгаажуулжээ. Үүнээс хойш 2016 оны 6 дугаар сард 200.000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй. Нийт барааны төлбөрт 2.922.000 төгрөгийг төлжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр угаалгын нунтагны үнэ 54.000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсан ба худалдах, худалдан авах гэрээний дагуу барааны төлөгдөөгүй төлбөр нь 5.874.400 төгрөг – 2.922.000 төгрөг = 2.952.200 төгрөг байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1  дэх заалтыг баримтлан хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд  хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцжээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч  нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг харилцан хүлээж, нэхэмжлэгч Л.Б нь 1.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч 200.000 төгрөгийн төлөлт хийсний 100.000 төгрөгийг хүүнд, 100.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 900.000 төгрөг, алданги 450.000 төгрөг, нийт 1.350.000 төгрөгийг шаардаж байгаа гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний төлбөрт 700.000 төгрөгийг дансаар, дүүд нь 100.000 төгрөг, Цэцэг зочид буудлаас авах авлага болох 200.000 төгрөгийн авлагаа, мөн сүүлд 2016 оны 6 сард 200.000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж дууссан гэж тайлбарлав.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчээс 150.000 төгрөгийг хүү гэж шилжүүлсэн байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусах тул 100.000 төгрөгийг хүүнд тооцож, 50.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоход 950.000 төгрөгийн үлдэгдэлтэй болжээ. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-нд 700.000 төгрөгийг тус тус шилжүүлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасныг баримтлан үндсэн зээлээс хасч тооцоход 150.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнээс хоногийн 0.5 хувийн алданги тооцоход 150.000 х 0.5 % = 750 төгрөг болж байх бөгөөд 2016 оны 6 дугаар сард 200.000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул энэ хүртэл хугацааг тооцож үзэхэд 202 хоног хэтэрсэн байна. 202 хоног х 750 төгрөг = 151.500 төгрөг болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлэхэд 75.000 төгрөг байна. Зээлийн гэрээний үүрэгт 150.000 төг + 75.000 төг = 225.000 төлөхөөр байх хэдий ч  200.000 төгрөгийг хариуцагч төлснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй байна.

 

              Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнд тооцон улсын тэмдэгтийн хураамж гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1, 247 дугаар зүйлийн 247.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Ггаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.952.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 704.200 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ггаас улсын тэмдэгтийн хураамжид 62.185 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгосугай.             

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ