| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/03548/И |
| Дугаар | 181/ШШ2017/03142 |
| Огноо | 2017-12-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2017/03142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Ганчимэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОӨУБЕГ т холбогдох
Гэм хорын хохиролд 28.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, иргэдийн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасны дагуу бид нар 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрчилгээг тухайн үеийн Улсын бүртгэлийн газрын бүртгэгч н.Энхбаярын хийсэн бүртгэлийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрээр тухайн бүртгэгчийг хууль зөрчсөн байна гэж үзсэн. Уг шийдвэрийн дагуу бүртгэл буруу хийсний улмаас үүссэн маргаантай байсан 2 жилийн хугацаанд компанид учирсан хохирол буюу өмгөөлөгч нартай хийсэн гэрээ, үйл ажиллагаа зогссоны улмаас уурхайн харуул хамгаалалтын газартай хийсэн гэрээ, шүүхэд бичиг баримт гаргаж өгөхөд орчуулгын үнэ хөлс гээд нийт 28.200.000 төгрөгийг Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Г Х ХХК-тай холбоотой хэд хэдэн удаа маргаан үүсч шүүх дээр асуудал яригдаж байсан. 2014 оны бүртгэлтэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, бүртгэлийг хүчингүй болгосон.
Дараа нь 2017 оны 9 дүгээр сард Т.Таняг гүйцэтгэх захирлаар бүртгүүлэхийг манайд даалгах утгатай нэхэмжлэл Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Т.Таня энэ компанийн гүйцэтгэх захирал гэдэг боловч энэ талаар гэрчилгээн дээр бүртгэгдэж байгаагүй нь манай гаргаж өгсөн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаан дээр Т.Таня гэдэг нэр байхгүй байгаа.
Тэгэхээр энэ талуудтай хийсэн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Г Х н ХХК-иас мөнгө төгрөг авсан, өмгөөлөгч болон компаниудын дансанд шилжиж орсон талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Тэгэхээр тэр мөнгө, төгрөг төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байна.
Мөн бүртгэлийг хийсэн н.Энхбаяр гэдэг бүртгэгч манайд ажиллахгүй, ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Г Х ХХК нь хариуцагч ОӨУБЕГ т холбогдуулан гэм хорын хохиролд 28.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь өмгөөллийн хөлс төлсөн баримт байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Г Х ХХК-ийн захирлаар Ким Чол Хуныг бүтгэсэн хууль бус эс үйлдэхүйн улмаас өмгөөлөгчид 26.000.000 төгрөгийн хөлс төлж Захиргааны хэргийн шүүхэд хандсан, хууль зүйн орчуулга хийхэд гарсан зардал 200.000 төгрөг, Хар харцага секюрити ХХК-д хамгаалалтын зардал 2.000.000 төгрөг, нийт 28.200.000 төгрөгийн зардал гарсан ” гэж тайлбарласан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 261 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаар тогтоолоор Г Х гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Г Х гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д дахин олгосон № 000080737 тоот гэрчилгээ болон мөн өдөр БНСУ-ын иргэн Ким Чол Хун /Kim Cheolhong/-ыг захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн байгууллагын ажилтаны эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” зааснаар шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ч нэхэмжлэгч нарт гэм хор учирсан нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хангахад хариуцагч нарын гэм буруугаас гадна нэхэмжлэгч нарт хохирол учирсан нь нотлогдсон байх шаардлагатай юм.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хууль бус үйлдэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хэдий ч уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан нь хэрэгт буй баримтаар нотлогдоогүй байна.
1. Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо болон Эрүүгийн хэрэгт өмгөөлөгч П.Одонтунгалаг 1.000.000 төгрөг, Д.Золжаргалд 10.000.000 төгрөг, Д.Баяраад 15.000.000 төгрөгөөр тус тус эрх зүйн туслалцаа авч, өмгөөллийн хөлсөнд нийт 26.000.000 төгрөг төлсөн гэж тайлбарлах боловч өмгөөлөгч П.Одонтунгалагтай нэхэмжлэгч Г Х ХХК бус харин иргэн М.Мөнх-Эрдэнэ, С.Мөнхзул нар гэрээ байгуулж хууль зүйн туслалцаа авсан, Г Х ХХК нь өмгөөлөгч Д.Золжаргал, Д.Баяраа нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хөлсийг тохирсон атлаа мөнгө шилжүүлсэн байдлыг баримтаар нотлоогүй байна.
2. Хууль зүйн орчуулга хийхэд 200.000 төгрөг, харуул хамгаалалтын зардалд 2.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч бодитоор учирсан байдал баримтаар тогтоогдохгүй, харуул хамгаалалтын зардал, хууль зүйн орчуулгын зардал гарсан нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шууд шалтгаант холбоотой байдал нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж гэм хорыг арилгах хэмжээг тодорхойлжээ.
Нэхэмжлэгч нь өмгөөлөгч нартай байгуулсан хууль зүйн туслалцаа авах гэрээний үүрэг болох өмгөөлөгчийн хөлс 26.000.000 төгрөг нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэхэд учир дутагдалтай. Учир нь талуудын хооронд гэрээгээр тохиролцсон гэрээний хөлсийг эд хөрөнгөд учирсан бодит хохиролд шууд тооцох боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г Х ХХК-ийн гэм хорын хохиролд 28.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч ОӨУБЕГ-аас гэм хорын хохиролд 28.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
О.ОДГЭРЭЛ