Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/189

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: М.Э 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт М Э холбогдох 2112.................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт .... аймгийн ..... сумын ..... багийн нутаг ..... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй М овогт М Э /РД:А/

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч  М.Э 2020 оны 12 дугаар сарын 10-ны үед ........... нутаг, Хэсэг мод гэх газраас 2 метр урттай 40 ширхэг 4,5855 шоо метр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, ойн санд 638.387 төгрөгийн хохирол учруулсан ба зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2112.................. дугаартай эрүүгийн хэргээс:   
 
       Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Т мэдүүлсэн: “...М.Э гэдэг хүнийг мод бэлтгэх эрхийн бичиггүй галын түлээ бэлтгэсэн гэдгийг би мэдэж байгаа. Ойн санд 638.397 /зургаан зуун гучин найман мянга, гурван зуун эрин долоон мянга/ нэг төгрөгийн хохирол учирсан. Ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/
                      
    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Т мэдүүлсэн: “...Би гэртээ байж байхад манай эхнэр Эын эхнэртэй утсаар ярилаа манай нөхрийг цагдаа хашаа руу аваад явлаа гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр араас нь явсан чинь хэсэг мод руу явчихаар нь араас нь очоод Этой уулзсан чинь өвөл мод бэлтгэсэн гэж хэлэхээр нь мэдсэн юм. Босоо хуурай мод унагааж бэлдсэн байсан. Би хэдэн мод унагаж огтолсныг тоолоогүй. Мод унагаасан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Э мэдүүлсэн: “...Эын эхнэр утсаар яриад манай нөхрийг цагдаа хашаа руу аваад явчихлаа гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр араас нь явсан чинь хэсэг мод руу явчихаар нь араас нь очоод Эыг мод хийсэн гэж мэдсэн Эоос хэзээ хийсэн юм гэж асуухад 12 сард хийсэн гэж надад хэлсэн. Босоо хуурай мод унагааж бэлдсэн байсан. Би хэдэн мод унагааж огтолсныг мэдээгүй”...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
    
    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гн мэдүүлсэн: “...2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ...... нутгаар ойн хортон шавж тандалтын ажлаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нь хамт Хайрхан багийн Хэсэг мод гэх ойд явж байтал нойтон шургааг мод унагааж бэлтгэсэн байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сумын экологийн байцаагчид мэдэгдэж хамт явж бэлтгэсэн модны газар дээр очсон. Э нь надаас 2020 оны 12 дугаар сард мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би Э мод бэлтгэсэн газарт ажлаар явж байгаад очиход уг газарт хуурай мод бэлтгэсэн модыг үзэж харсан босоо мод шинэс төрлийн мод огтолж унагаасан байсан. Иргэнд босоо мод огтлох эрх үүсэхгүй. Иргэн нь ойн цэвэрлэгээний журмаар унанги болон цаашид амьдарч чадахааргүй болсон модыг голоор 50 см-ийн урттай хэрчимлэж тайрч бэлтгэнэ. Уг газар нь мод бэлтгэх тусгаарласан талбайд ордоггүй. Өмнө онд талбай тусгаарлалт хийж байгаагүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Н мэдүүлсэн: “...2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ....... нутгаар ойн хортон шавж тандалд ажлаар байгаль хамгаалагч Ч.Г хамт Хайрхан багийн Хэсэг мод гэх ойд явж байтал мод унагааж бэлтгэсэн байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сумын экологийн байцаагчид мэдэгдэж хамт явж бэлтгэсэн модны газар дээр очсон. Босоо мод унагааж бэлтгэсэн байсан. Би унагаасан модыг тоолоход 8 ширхэг мод огтолж унагаасан байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
    Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Эын дахин мэдүүлсэн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 10-ны үед .......... гэх газраас галын түлээ ганцаараа бэлтгэж орхиод цас ихтэй байсан болохоор авч чадаагүй. Удалгүй оторт гараад явчихсан. Одоо хүртэл бэлдсэн модоо авч чадаагүй байна. Ганцаараа явж цахилгаан хөрөөгөөр модыг бэлтгэсэн. Би 8 ширхэг босоо хуурай мод унагаасан”...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/

    2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 
1.    Иргэн М.Эын зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэж тээвэрлэсэн гэх мод 
нь: шинэс төрлийн хуурай мод
2.    Уг мод нь 2 метрийн урттай ба шинж чанараар болон түлшний модны MNS 
5413:2011 стандартын дагуу бэлтгэсэн галын түлээний мод 30 ширхэг ба 3,047 метр куб байна.
3.    Нийт тоо ширхэг 40, нийт шоометр 4.5855 м3 шоометр модыг бэлтгэжээ. 4.5855 м3
шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар хавсралт тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай мод/ [1] шууд үр ашгийн-48098 төгрөг, нийт 109760 төгрөг мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу Түлээ /хуурай/ -1.0 хэрэглээний бөөрөнхий мод гуалин -1,8 итгэлцүүрээр үржүүлж 
4.    Нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 638.397 төгрөгөөр тогтоогдлоо гэх 
дүгнэлт /хх-ийн 38-39 ху/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-05 ху, гэрэл зургийн үзүүлэлт 06-09 хуу/
Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-59 ху/
Эд зүйл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 63-64 ху/, 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 ху/
М.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79 ху/
Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 82 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 93-94 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч  М.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч М.Э нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ......... нутаг дэвсгэр Хэсэг мод гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай, 40 ширхэг буюу 4.5855 шоо метр хуурай шинэс модыг модыг хууль бусаар бэлтгэж, ойн санд 638.397 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
  
Эрүүгийн 2112............. дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  М.Э 2020 оны 12 дугаар сарын 10-ны үед ......... гэх газраас 2 метр урттай 40 ширхэг 4,5855 шоо метр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, ойн санд 638.387 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: иргэний нэхэмжлэгч  Б.Туулын өгсөн: “...М.Э гэдэг хүнийг мод бэлтгэх эрхийн бичиггүй галын түлээ бэлтгэсэн гэдгийг би мэдэж байгаа. Ойн санд 638.397 /зургаан зуун гучин найман мянга, гурван зуун эрин долоон мянга/ нэг төгрөгийн хохирол учирсан. Ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 ху/, гэрч Ц.Т өгсөн: “...Этой уулзсан чинь өвөл мод бэлтгэсэн гэж хэлэхээр нь мэдсэн юм...Босоо хуурай мод унагааж бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 ху/, гэрч Ч.Г өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр...ойн хортон шавж тандалтын ажлаар байгаль орчны улсын хяналтын байцаагчийн хамт Хайрхан багийн Хэсэг мод гэх ойд явж байтал шургааг мод унагаж бэлтгэсэн байсан...Э надаас 2020 оны 12 дугаар сард мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 ху/, гэрч М.Н өгсөн: “...босоо мод унагааж бэлтгэсэн байсан...би унагасан модыг тоолоход 8 ширхэг мод огтолж унагаасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 ху/, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
  
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Эын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Эын үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч М.Эын үйлдлийн улмаас ойн санд 638.397 /зургаан зуун гучин найман мянга гурван зуун ерэн долоо/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 
 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /638.397х3=1.915.191 төгрөг /нэг сая есөн зуун арван таван мянга нэг зуун ерэн нэг/ төгрөг гэж дүгнэв.  
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.915.191 /нэг сая есөн зуун арван таван мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг шүүгдэгч М.Эоос гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна. 
     
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
        Шүүгдэгч М.Э нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 99-100 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,  гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 275.130/ хоёр зуун далан таван мянга нэг зуун гуч/ төгрөгийн үнэ бүхий 40 ширхэг, 4.5855 шоометр хуурай шинэс мод буюу түүний үнэ,  гэмт хэрэг үйлдэгдэхдээ ашигласан хөрөөний үнэ 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн цахилгаан хөрөө буюу түүний  үнэ зэргийг тус тус Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 1.915.191/ нэг сая есөн зуун арван таван мянга нэг зээн ерэн нэг/ төгрөгнөөс хасаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж үлдэгдэл 1.528.061 /нэг сая таван зуун хорин найман мянга жаран нэг/ төгрөгийг шүүгдэгч М.Эоос гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.    
Шүүгдэгч М.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг  тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эод 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг  торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Эыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
                                             
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч М овогт М Э зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч М.Э нь торгох ялын 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/ арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,  гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 275.130 /хоёр зуун далан таван мянга нэг зуун гуч/ төгрөгийн үнэ бүхий 40 ширхэг, 4.5855 шоометр хуурай шинэс мод буюу түүний үнэ, 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн гэмт хэрэг үйлдэгдэхдээ ашигласан хөрөө буюу түүний үнийг тус тус Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 1.915.191 /нэг сая есөн зуун арван таван мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгнөөс хасаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 1.528.061 /нэг сая таван зуун хорин найман мянга жаран нэг/ төгрөгийг шүүгдэгч М.Эоос гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
8.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ