| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0193/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/190 |
| Огноо | 2021-09-01 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я овогт Х Бт холбогдох 2112............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Жандаган гэх газар оршин суух, урьд нь Архангай аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 111 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 хоног хорих ял оногдуулж 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Я овогт Х Б /РД:А/
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Б нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Улаан хужирт гэх газраас 2021 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө иргэн Ц.Хын 37 тооны хонийг хулгайлан авч 6.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000206 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Хын мэдүүлсэн: “...Манайх Хотонт сумын Хотонт багийн Улаан хужирт гэх газар хаваржаандаа буучихсан байсан. 2021 оны 06 дугаар сарын 09-ний орой харанхуй болохын өмнө хонио хотлуулаад 23 цаг болж байхад унтсан. Өглөө 06 цагт босоод хонио бэлчээрт гаргах гэхэд хонь цөөрчихсөн болохоор тоолоод бүртгэж үзэхэд нас гүйцсэн эр хонь 1, шүдлэн эр хонь 2, сувай эм хонь 4, төлөг 14, хургатай эм хонь 16, нийт 37 тооны хонь дутсан. Тэрнээс хойш ойр хавиараа хайгаад олоогүй. 37 хонийг эрэл, сураг тавьж байгаад Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн А гэдэг айлд манай 11 хургатай хонь, 3 төлөг байсныг олж авч ирсэн юм. Б гэдэг залуу хулгай хийгээд аваачиж тавьсан байсан. Бийн зүгээс үлдсэн нас гүйцсэн 1 эр хонь, 2 шүдлэн эр хонь, 4 сувай эм хонь, 11 төлөг, 5 хургатай хонины төлбөрт 4.000.000 төгрөг, эрэл хийхэд зарцуулсан бензиний төлбөрт 500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон. Надад одоо гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бийн зүгээс хийсэн хэрэгтээ гэмшиж надаас уучлалт гуйсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.М мэдүүлсэн: “...Б ах манайд ирээд аавтай уулзсан юм. Аав Б айлд адуу аваачиж өгчихөөд ирье гээд машин гуйгаад байгаад байна. Чи портероо бариад явчихаад ир манай машин муу юм чинь гэж хэлсэн. Тэгээд би аавын портерыг бариад Б ахынд очсон юм. Тэгсэн адуу ачна гэснээ болиод 11 хургатай хонь, 4 төлөг ачаад Өгийнуур сумын төвийн хойд тал руу байдаг А гэх айлд очоод хониных нь хашаа руу очиж буулгаад хөдөлсөн. Тэр үед цаг 23 цаг өнгөрч байсан. Өгийнуураас шууд Хотонт суманд ирээд Б ахыг Бургалтай багийн Жандаганд буулгачихаад гэртээ харьсан. Манайх бол Жандаганд Б ахынхаас цаана байдаг юм. Өөр надтай хамт айлд хонь ачиж хүргээгүй. Б ах ямар учиртай гэдгийг ч хэлээгүй, би ч асуугаагүй. Б ах өөрийнхөө гэрийн гаднаас өөрийнхөө хониноос ачсан болохоор нь өөрийнх нь хонь гэж бодсон. Имийг нь анзаараагүй. Хондлой хэсэгт нь цэнхэр будаг түрхчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бгийн мэдүүлсэн: “...2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр болсон ерөнхийлөгчийн сонгуулиас хоёр хоногийн дараа шөнө 23 цагийн үед Хотонт суманд байдаг Б гэдэг залуу танихгүй өндөр залуугийн хамт манайд ирээд хүнд өгөх хэдэн хонио ачиж ирлээ. Танайд буулгачихъя удахгүй хоёр гурван хоногоос ирээд авчихна гээд 11 хургатай хонь, 4 төлөг буулгачихсан... Ямар имтэй хонь авч ирснийг тухайн үед нь хараагүй. Манайд үлдээчихээд явснаас хойш харахад баруун чих нь урдаасаа ухам имтэй, зүүн чихийг нь хайчилчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.А мэдүүлсэн: “...2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Аийнд очихдоо Б манайхаас хоёр төлөгний мөнгө авсан юм. Утас нь байна уу яриадахъя гэсэн чинь А манайд Б хонь авчирч тавьсан. Тэрнээс нь хоёр төлөг өгчихгүй юу гэсэн. Тэгээд манай нөхөр бид хоёр Аийнхээс хоёр төлөг авч ирээд хониндоо нийлүүлсэн. Имийг нь сайн хараагүй. Зүс нь шар халзан, хар халзан охин төлөгнүүд байсан шиг санагдаж байна. Б 2021 оны 01 дүгээр сард эрэлд явж байгаад бензиний мөнгөгүй болчихлоо гээд манайхаас нэг төлгийг нь 40.000 төгрөгөөр бодож нийт 80.000 төгрөг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.М мэдүүлсэн: “...2021 оны 06 дугаар сарын 14-нд хөрш Аийнд очсон юм. Бийн дугаарыг асуугаад өвөл авсан төлөгнийхөө мөнгийг асуух гэсэн юм гэхэд А “манайд Бийн хонь ирчихсэн байгаа” гэхээр нь Аийнхээс хар толгойтой, хар нүдэн хоёр тооны төлөг авч ирээд хониндоо нийлүүлсэн юм. Өнгөрсөн өвөл 01 сард эрэлд явж байгаад бензингүй болчихлоо гээд 80.000 төгрөг авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Н мэдүүлсэн: “...2021 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн үед хонио бэлчээрт гаргах гэсэн чинь цөөрчихсөн харагдсан. Тэгэхээр нь хонио хашаад бүртгэж үзэхэд нас гүйцсэн эр хонь 1, шүдлэн эр хонь 2, сувай эм хонь 4, хургатай хонь 16, төлөг 14, нийт 37 тооны хонь дутсан. Урд орой нь буюу 2021 оны 06 дугаар сарын 09-ний 21 цаг өнгөрч байхад хотлуулахад бүрэн байсан юм. Тэрнээс хойш ойр хавиар хайгаад олоогүй. Манайх Хотонт сумын Хотонт багийн Улаанхужир гэх газар хаваржаандаа буучихсан байсан юм. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай хонь гэрийн ар талын толгойд бэлчсэн. Айлын хоньтой нийлээгүй. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаан хужиртын нуур руу ямар ч мал ороогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Х.Бийн яллагдагчаар мэдүүлсэн: “...миний хийсэн үйлдэл тохирч байна. санал хүсэлт байхгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/
Хохирогч Ц.Хын хулгайд алдсан гэх малын зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээч А.Бямбажавын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаартай дүгнэлт /хх-ийн 13 ху/,
Хохирогч Ц.Х хохиролд мал хүлээн авсан тухай баримт /хх-ийн 61 ху/,
Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64-65 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 60 ху/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-69 ху/,
Язов овогт Хадбаатарын Б /РД:АМ89081911/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 81-82 ху/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн 2112............. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч шүүгдэгч Х.Б нь 2021 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Улаан хужирт гэх газраас иргэн Ц.Хын 37 тооны хонийг хулгайлан авч түүнд 6.350.000 төгрөгийн хохирол учруулсан энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Улаан хужирт гэх газраас иргэн Ц.Хын 37 тооны хонийг хулгайлан авч түүнд 6.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Хын өгсөн: “...37 хонийг эрэл, сураг тавьж байгаад Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн А гэдэг айлд манай 11 хургатай хонь, 3 төлөг байсныг олж авч ирсэн юм. Б гэдэг залуу хулгай хийгээд аваачиж тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 ху/, гэрч А.М өгсөн: “...Тэгээд би аавын портерыг бариад Б ахынд очсон юм. Тэгсэн адуу ачна гэснээ болиод 11 хургатай хонь, 4 төлөг ачаад Өгийнуур сумын төвийн хойд тал руу байдаг А гэх айлд очоод хониных нь хашаа руу очиж буулгаад хөдөлсөн. Тэр үед цаг 23 цаг өнгөрч байсан. Өгийнуураас шууд Хотонт суманд ирээд Б ахыг Бургалтай багийн Жандаганд буулгачихаад гэртээ харьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 ху/, гэрч Б.Бгийн өгсөн: “...Б гэдэг залуу танихгүй өндөр залуугийн хамт манайд ирээд хүнд өгөх хэдэн хонио ачиж ирлээ. Танайд буулгачихъя удахгүй хоёр гурван хоногоос ирээд авчихна гээд 11 хургатай хонь, 4 төлөг буулгачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 ху/, гэрч Ч.Аөгсөн: “...манайд Б хонь авчирч тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 ху/, гэрч Б.М өгсөн: “... А манайд Бийн хонь манайд ирчихсэн байгаа гэхээр нь Аийнхээс хар толгойтой, хар нүдэн хоёр тооны төлөг авч ирээд хониндоо нийлүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 ху/, яллагдагч Х.Бийн өгсөн: “...хониноос нас гүйцсэн эр хонь, хар алаг хонь шүдлэн зэрэг хэсэг хонь нь тасраад алга болчихсон 4-н төлөг, 11-н хургатай хонь үлдчихсэн байсныг Өгийнуур суманд баз хүргэн Аийнд хүнд өгөх хонь танайд байж байг харж байгаарай хэд хоногоос ирж авна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 ху/, хохирогч Ц.Хын хулгайд алдсан гэх малын зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээч А.Бямбажавын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаартай дүгнэлт /хх-ийн 13 ху/, дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Бийн үйлдлийг бусдын олон тооны мал хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна, олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгох бөгөөд шүүгдэгч Х.Б нь хохирогч Ц.Хын 37 тооны хонийг хулгайлсан үйлдэл нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Хт 6.350.000 төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ц.Х нь “...хохирол төлбөрөө авсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд /хх-ийн 87 хуу/ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Х.Бийг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 86-89 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...”гэж мөн хуулийн 7дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан эрүүгийн хуульд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг...гэмт хэрэг үйлдэж, шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...”гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...” гэж, тус тус заажээ.
Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт”... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно...”гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэж хуульчилсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1дэх хэсгийг журамлан өршөөлд хамааруулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, энэ хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Х.Бт мэдэгдэж мөн 1 /нэг/ жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Бт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Я овогт Хн Бийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1/ нэг/ хоногийг хорих ялын 1/ нэг/ хоногоор тооцож, солихыг шүүгдэгч Х.Бт мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ