Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0500

 

2016 оны 7 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0500

Улаанбаатар хот

 

Я.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаар шийдвэртэй, иргэн Я.Б-н нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Я.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Бийг орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис, биологийн төрөл зүйл, байгалийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1 926 051 /нэг сая есөн зуун хорин зургаан мянга тавин нэгэн/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 тоот Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай гаргасан өргөдлийн дагуу хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан бөгөөд хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Г-г аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/61 дүгээр захирамжаар ажлаас халсан бөгөөд Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын дагуу Б.И-г аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/05 тоот тушаалаар албан үүргийг орлон гүйцэтгүүлэх тухай захирамж гарч томилогдсон байдаг.

Улмаар Б.И-г Төрийн албаны салбар зөвлөлөөс зарлагдсан удирдах ажилтны сонгон шалгаруулалт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн тул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/21 тоот захирамжаар тус газрын даргаар томилогдсон.

Нэхэмжлэлийн Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 тоот ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Я.Б нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 7.8 дахь заалтууд мөн Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралт Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлээс үзэхэд төрийн захиргааны туслах түшмэлийн албан тушаалтай байж төрийн захиргааны дэс түшмэлийн ангиллын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролгүй шууд томилогдон ажиллаж байсан нь хуулийн зөрчилтэй байсан.

Хэрвээ нэхэмжлэгч нь дэс түшмэлийн албан үүргийг гүйцэтгэхийг хүсэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасан байдаг тул тус албан тушаалд сонгон шалгаруулалтгүй шууд томилсон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Я.Бийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга асан С.Г нь 2011 оны 32 тоот тушаалаар Ус, биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн, 2015 оны 02 тоот тушаалаар Орчны бохирдол, химийн хорт бодис, биологийн төрөл зүйл, байгалийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг дэс түшмэлийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулалгүй тус тус шууд томилсон байсан.

Тус газрыг анх 2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, 2013 онд Байгаль орчны газар, 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын газар болгон Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн дагуу бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон байдаг боловч нэхэмжлэгч Я.Б-н хариуцаж байсан дээрх 2 дэс түшмэлийн албан тушаал шинээр үүссэн ажлын байр огт биш юм.

Зөвхөн аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь 2013 онд хасагдаж өөр харьяа газарт шилжиж, 2015 онд дахин аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь буцаад нэмэгдсэн байдаг.

Тиймээс Ус, биологийн төрөл зүй хариуцсан мэргэжилтэн, Орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис, биологийн төрөл зүйл, байгалийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сонгон шалгаруулалтыг зарлах эсвэл сонгон шалгаруулалтад тэнцээд нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулалт хийлгүй удаа дараа дэс түшмэлийн албыг сонгон шалгаруулалтгүй гүйцэтгэж ирсэн байна.

Хэдийгээр албан тушаалын сул орон тоог нөхөх эрх нь тухайн албан тушаалтны томилох эрх бүхий этгээд буюу байгууллагын даргад хамаарах боловч хэн нэгийг нь сонгон тухайн албан тушаалд томилох боломжтой гэж үзсэн тохиолдолд энэ тухай саналаа тухайн албан хаагчийн материалын хамтаар төрийн албаны төв байгууллага болон салбар зөвлөлд хүргүүлэх бөгөөд харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөлийн дарга болон бусад 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хэлэлцэж сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх ёстой байдаг.

Нэхэмжлэгч Я.Б-н ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэсэн тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтын дагуу Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасны дагуу Хөдөлмөрийн хуулийг үндэслэсэн болно.

Иймд Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дахин хэлэлцэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ажлаас халах тухай 07 дугаар тушаалаар[1] Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 17 дугаар зүйлийн 17.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, тус газрын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.9, 2.10 дахь заалтуудыг үндэслэн Орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис, биологийн төрөл зүйл, байгалийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Я.Бийг дэс түшмэлийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүй ажиллаж байсан зөрчил гаргасан гэж үүрэгт ажлаас нь халжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ Нэхэмжлэгч Я.Б нь төрийн захиргааны туслах түшмэлийн албан тушаалтай байж төрийн захиргааны дэс түшмэлийн ангиллын албан тушаал сонгон шалгаруулалтад оролгүй шууд томилогдон ажиллаж байсан нь хуулийн дагуу зөрчилтэй байсан гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Я.Б нь 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөж[2], төрийн жинхэнэ албан хаагч болсон байх ба Дархан-Уул аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх Байгаль орчны албаны даргын 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай 07 дугаар тушаалаар тус аймгийн Байгаль орчны албанд байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж, энэ хугацаандаа 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Байгаль хамгаалагчдын чадавхыг сайжруулах нь дэд төслийн 100 цагийн сургалтад[3], 2010 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орон нутгийн байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сэдэвт 20 цагийн сургалтад[4] тус тус хамрагдаж мэргэжил, мэдлэгээ дээшлүүлжээ.

Улмаар Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 2011 оны 10 дугаар сарын 21-ний тушаалаар Я.Бийг Ус, биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтнээр томилж ажиллуулсан байх ба тэрээр 2006 оноос хойш аливаа зөрчил гаргаагүй, арга хэмжээ авагдаагүй, 2014 оны хагас жилээр 81.6, бүтэн жилээр 95.6 хувьтай тус тус дүгнүүлсэн[5] байна.

Түүнчлэн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2014 оны байгууллагын аварга-аар Я.Бийг шалгаруулж өргөмжлөл[6] олгожээ.

Үүний дараа Дархан-Уул аймгийн Байгаль орчны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ажилд сэлгэн томилох тухай 02 дугаар тушаалаар нэхэмжлэгч Я.Бийг Агаар, хог хаягдал, химийн хорт бодис, байгалийн гамшиг, биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулахаар томилсон бөгөөд нэхэмжлэгч нь 2015 онд үр дүнгийн гэрээгээр 93.6 хувьтай дүгнүүлж, тухайн ондоо "Байгаль орчны тэргүүний ажилтан" тэмдгээр шагнуулсан байна.

Дээрхээс дүгнэвэл Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан тушаалын сул  орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байсан Я.Б-н үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг харгалзан үзэж, төрийн албаны ангилал, зэрэглэлийг дээшлүүлж, ажилд томилсныг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Г нь ажилтнууд дотроосоо ажлын үр дүн, мэргэшлийн түвшнээр нь сонгон шалгаруулах замаар бүрэн эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэгчид дэс түшмэлээр дэвшин ажиллах санал тавьж, холбогдох албан тушаалд томилон ажиллуулсан байхад хариуцагч нь хуульд байхгүй шаардлага тавьж, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч Я.Б-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт уг маргааныг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг орхигдуулж, мөн ажилгүй байсан хугацааг тодорхой тусгаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Бийг Орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис, биологийн төрөл зүйл, байгалийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны нөхөн олговорт 1 926 051 /нэг сая есөн зуун хорин зургаан мянга тавин нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ