| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0141/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/128 |
| Огноо | 2021-07-08 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Поор хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Н.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Гө, овогт *******ийн *******т холбогдох 211200000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Гө.............у овогт *******ийн ******* /РД:00000000/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.******* нь Архангай аймгийн ............. сумын 2 дугаар баг, А................тоотод 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ашиг олох зорилгоор “Уяач хар хүлэг” гэх нэртэй фейсбүүк хаягнаас хөзөр ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 211200000000 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Гэрч Н.*******ийн өгсөн: “... Уяач хар хүлэг гэх фэйсбүүк хаяг одоогоос сарын өмнө нээсэн юм. Тэгээд Тихас покер гэх тоглоом лаяваар хийж зохион байгуулсан. Тэр тоглоом нь хөзрөөр тоглодог зургаан хүн орж тоглоод тус бүр 10.000 төгрөг хийнэ, тэгээд нэг хүн нь 50.000 төгрөг хождог тоглоом зохион байгуулсан юм. Одоогоос сарын өмнө 10 удаа энэ тоглоомоо зохион байгуулсан санаад байна. 11111111111 гэсэн Хаанбанкны данс руу шилжүүлдэг юм. Энэ миний өөрийн данс байгаа юм. Сугалаа, азны л асуудал юм даа. Өөрийн фэйсбүүк хаягаар Архангай аймаг Эрдэнэбулган сумын............. тоот гэрээсээ лаяв хийж зохион байгуулсан. Энэ тоглоомыг тоглож байгаа хүмүүс үр дүнг урьдчилан тооцоолох, төсөөлөх ямар ч боломжгүй. Тухайн тоглож байгаа хүний азын асуудал байгаа. Тухайн тоглоомд намайг мэддэг гэх хүн тоглоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 ху/,
Гэрч Н.*******ийн дахин өгсөн: “...2021 оны 01 дүгээр сараас эхэлж хөзөр ашиглаж фэйсбүүк хаягаар лаяв хийж тихас покер тоглоом зохион байгуулсан. Өдөрт доод тал нь нэг удаа тухайн тоглоомоо зохион явуулдаг ба зарим өдрүүдэд хоёр түүнээс дээш удаа зохион байгуулсан. Ойролцоогоор 30 удаа зохион байгуулсан байх. Өдөр бүр янз янз байдаг дунджаар 40.000, 50.000 төгрөгийн ашиг олдог. Заримдаа өдөрт хоёр удаа зохион байгуулахад 100.000 төгрөг олчихдог юм. Тоглоом зохион байгуулж дуусаад бүх бичлэгээ устгачихдаг учраас утасанд бичлэг үлдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 ху/,
Гэрч Н.Ганзорийн дахин өгсөн: “....Би 2021 оны 01 дүгээр сарын дунд үеэс эхэлж цахим мөрийтэй тоглоом фэйсбүүкээр лайв хийж зохион байгуулж эхэлсэн. Би өөрөө өмнө цахим мөрийтэй тоглоом тоглож үзсэн юм. Тэгээд дүрэм журмын судлаад зохион байгуулж болох юм байна гэж бодоод 2021 оны 01 дүгээр сараас эхлээд 02 дугаар сарын сүүл хүртэл зохион байгуулсан юм. Тэгээд хүнээс хууль бус юм байна гэж сонсоод больсон юм. Би эхлээд 6 хүнийг үнэгүй тоглуулаад нэг хожсон хүнийг нь үнэтэй тоглоомонд оруулах эрх өгдөг. Тэгээд үнэтэй тоглолтонд 6 хүн ороод хүн тус бүр 10000 төгрөг хийгээд хожсон нэг хүн нь 50000 төгрөг авна. Үлдсэн 10000 төгрөг нь зохион байгуулсан хүний дансанд ордог гэсэн үг. Үнэгүй тоглолт гэдэг нь 6 хүн ямарч мөнгө хийхгүйгээр үнэтэй тоглолтонд оролцох эрхийн төлөө тоглоод шалгарсан нэг хүнээ үнэтэй тоглолтонд оруулж би өөрөө өмнөөс нь 10000 төгрөг хийнэ гэсэн үг ийм тоглолт явуулахаар надад ашиг байдаггүй юм. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа лаяваа сайн шейр хийсэн зургаан хүн үнэгүй тоглолтонд оролцох боломжтой юм. Би ашиг олоогүй гэж худлаа хэлэхгүй гэхдээ яг хэдэн төгрөг олсоноо сайн мэдэхгүй байна. Нэгэнтээ хууль зөрчсөн нь үнэн юм чинь татгалзах зүйл алга. Би өмнө мэдээгүй байсан болохоор хэдэн сар зохион байгуулсан юм тэгээд мэдсэнээсээ хойш нэг ч удаа зохион байгуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 ху/,
Гэрч Д.*******гийн өгсөн: “...******* гэх хүн нь манай нөхөр байгаа юм. Ханилаад 13 жил болж байна. Одоо Архангай аймаг Эрдэнэбулган сум 2-р баг Арслан цохионы 06-06 тоот оршин сууж байна. Манай нөхөр Н.******* нь фэйсбүүк хаягаар лаяв хийж хөзөр ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан. Би тэр тоглоомыг нь сайн ойлгодоггүй юм. Миний мэдэхийн өөрийнхөө гэрт нэг удаа тоглож байсан. Би тухайн үед гэртээ байсан тэр тоглоомыг нь ойлгодоггүй болохоор би яг юу болоод байдгийг нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 ху/,
Гэрч Ц.*******ийн өгсөн: “...би мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй, зүгээр тухайн фейсбүүк дээр ганц хоёр удаа орж мөнгө хийж тоглосон. Зүгээр мөнгө хийж хожих санаатай л тоглосон. Өөр зүйл байхгүй би мөнгө хожоогүй. Уяач хар хүлэг хаяг руу би 2-3 удаа орж тоглосон. Лаяваар зүгээр ширээ харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 ху/,
Гэрч Г.*******ийн өгсөн: “...Уяач хар хүлэг гэх фэйсбүүк хаягнаас фэйсбүүкээр хөзөр ашиглан тихас тоглоом зохион байгуулж байгаа лайв байхаар нь орж үзсэн юм. Тэгээд зохион байгуулж байгаа хүний данс руу 10000 төгрөгөөс 20000 төгрөгийн хооронд мөнгө хийж тоглодог юм байна билээ. Хоёроос гурван удаа тоглосон. Мөнгө хожсон удаа байхгүй, сонирхоод тоглосон юм. Уяач хар хүлэг гэх фэйсбүүк хаягийг би танихгүй, фэйсбүүк дээр лайв хийж байхаар нь орсон. 50.000 төгрөг алдсан байх, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 ху/,
Гэрч Г.*******ийн дахин өгсөн: “...Тухайн тоглоомыг явуулахад 6 хүн бүрдэнэ тэгээд зохион байгуулж байгаа хүнтэйгээ чатаар харьцаж нэгээс зургаа гэсэн дугаараас дуртай тоогоо сонгоод суудал авч тоглодог. Хүн бүр нэг удаа тоглохдоо 10000 төгрөг хийгээд, хожсон нэг хүн нь 50000 төгрөг аваад үлдсэн 10000 төгрөг нь зохион байгуулагчийн дансанд ордог юм. Энэ жишгээр үргэлжлэн явдаг. Үр дүнг урьдчилан тооцоолох боломжгүй азын асуудал. Би 2021 оны 02 дугаар сард хоёроос гурван удаа тоглосон байх. 3 сард тоглоогүй санаж байна. Тоглоод мөнгө хожиж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 ху/,
Н.*******ийн яллагдагчаар өгсөн: “...би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар мэдүүлсэн. Мөн гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийн хүлээн зөвшөөрч байна. хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 ху/,
Н.*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-55 хуу/
Н.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 87-89 хуу/
Н.*******ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 100-105 хуу/
Баримт бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 107-109 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 120 хуу/
Н.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 123 хуу/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125 ху/,
Эд зүйл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 128 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 132 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* нь Архангай аймгийн .................. тоотод 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ашиг олох зорилгоор “Уяач хар хүлэг” гэх нэртэй фейсбүүк хаягнаас хөзөр ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2112000000000 дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохио хорооллын 06-06 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ашиг олох зорилгоор “Уяач хар хүлэг” гэх нэртэй фейсбүүк хаягнаас хөзөр ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: гэрч Д.*******гийн өгсөн: “...манай нөхөр Н.******* нь фэйсбүүк хаягаар лайв хийж хөзөр ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 ху/, гэрч Ц.*******ийн өгсөн: “...тухайн фейсбүүк дээр ганц хоёр удаа орж мөнгө хийж тоглосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 ху/, гэрч Г.*******ийн өгсөн: “...Уяач хар хүлэг гэх фэйсбүүк хаягнаас фэйсбүүкээр хөзөр ашиглан тихас тоглоом зохион байгуулж байгаа лайв байхаар нь орж үзсэн юм. Тэгээд зохион байгуулж байгаа хүний данс руу 10000 төгрөгөөс 20000 төгрөгийн хооронд мөнгө хийж тоглодог юм байна билээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 ху/, гэрч Г.*******ийн дахин өгсөн: “...би 2021 оны 02 дугаар сард хоёроос гурван удаа тоглосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 ху/, Н.*******ийн яллагдагчаар өгсөн: “...би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар мэдүүлсэн. Мөн гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийн хүлээн зөвшөөрч байна. хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 ху/, Н.*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-55 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.*******ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Н.*******ийн үйлдлийн улмаас бусдад учирсан хохиролгүй байх тул шүүгдэгч Н.*******ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.******* нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусдад эд зүйл ашиглан үр дүнг нь төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйл буюу мөрийтэй тоглоом зохион байгуулах...” гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж мөн хуулийн 9.3 дахь хэсэгт “эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй гэж тус тус заажээ. Иймд шүүхэд Н.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь өршөөлд хамаарагдахгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Н.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4.210.000 төгрөгийг түүнээс гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуавэй маркийн 1 /нэг/ ширхэг гар утасыг хурааж улсын орлого болох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гу овогт *******ийн *******ийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусдад эд зүйл ашиглан үр дүнг нь төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******оос гэмт хэрэг үйлдсэн олсон орлого болох 4.210.000 /дөрвөн сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж, хураан авч улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуавэй маркийн 1 /нэг/ ширхэг гар утасыг хурааж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ