Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/195

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч:С.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт С Нд холбогдох 2112............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн  Э суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт...............аймгийн Э сумын А баг, ........... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр  зүйлийн 99.2-т зааснаар  300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, А овогт С Н /РД:/, 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ....... аймгийн Э сумын А багийн нутаг дэвсгэрт байрлах ........... орчим хохирогч С.Мыг зодож эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн 2112.............  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч С.Мын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би сумын төвөөр ажилтай явж байгаад гэртээ харих гээд явж байхад Өлзийт хороололд “А” дэлгүүрийн гадаа сумын иргэн Н, П, Г нартай таарсан. Тэр 3 микро машинтай явж байсан. Тэгсэн Н ах би гэрээс гараад 2 хоночихлоо та намайг гэрт хүргээд өгөөч гээд байсан. Тэгэхээр нь би унаа олдохгүй бол ах нь хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд Н П нар миний машинд суугаад “Ник” колонкоос 10.000 төгрөгөөр бензин хийсэн. Н А дэлгүүр орж 2 шил 0.75тай Ерөөл архи 2 ширхэг, 2 ширхэг чипс авсан. Би урд шөнө байшиндаа засвар хийгээд нойр дутуу байсан болохоор машинаа Пгээр бариулсан. Хануйн голын гүүр гараад 1 шил 0.75тай архиа Н бид хоёр талд нь ортол нь хувааж уусан. Бид 3 хэсэг явж байхад Н баруун гараа хойш саваад миний хамар руу цохиход миний хамраас цус гарсан. Би доошоо тонгойход Н суудал дээр өвдөглөж суугаад миний толгой, нуруу хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. П бид 2 шууд сумын төв явах замд миний нүд халуун оргиод хавдаад юм харахгүй байсан. П намайг гэрт хүргэж өгсөн. Би гэртээ нүдээ зүгээр болох гэж гэрээр эмчилгээ хийсэн. Тэгээд 3 хоноод толгой эргээд алхаж чадахгүй эмчид дуудлага өгч үзүүлэхэд намайг эмнэлэгт хэвтүүлсэн. Би эмнэлэгт 3 хоноод гэртээ 2 хоноод Улаанбаатар хот явж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Н бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Нд зодуулснаас миний хоёр нүд хөхөрч хавдаад, нүд цус хурсан, зүүн далны ар хэсэгт хүрэнтсэн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 ху/,
Гэрч Л.Пгийн өгсөн: “...Би 2021 оны 07 сарын 13-ны өдөр 10 цагийн үед Г гэх айлд 3-80 хүчдэл холбож өгөхөөр Н, Г ах нартай Өлзийт хороололд байдаг “Х” дэлгүүрээс 3 ширхэг тоолуур, 3 ширхэг Васкател авах гээд “А” дэлгүүрийн гадаа зогсож байхад найз М приүс-20 маркийн машинтай ганцаараа ирсэн. Тэгээд Г ах М, Н бид нар хуучилж байхдаа би Нд найз М гэртээ хүргүүлчих гэж хэлсэн. Н Мыг ах би гэрээс гараад 2 хоночихлоо та намайг хүргээд өгөөч гэж гуйсан. М би урд шөнө байшиндаа засвар нойр дутуу явж чадахгүй байх гэж байсан. М П чи миний машиныг бариул хоёулаа яваад хүргээд өгч болох юм гэхээр нь би зөвшөөрч Нг гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Тэгээд машин бариад “Ник” колонкоос бензин аваад Н дэлгүүр ороод ундаа, Ерөөл нэртэй архи авсан. Тэгээд Н миний хажууд урд суудал дээр суусан. М би хойд суудал дээр унтлаа гээд хойно суусан. Хануйн голын гүүр гараад хэсэг явж байгаад Н Ерөөл нэртэй 0.75тай архи гаргаж ирээд М, Н хоёр уугаад би жолоо барьж явсан болохоор уугаагүй. М, Н нар хоорондоо хуучлаад яваад байсан. Тэгсэн Н Мыг тоглоод байгаа нь мэдэгдэхгүй 2-3 удаа гараараа цохиход М Нг заамдаж аваад ахыгаа чи цохилоо гээд 2-3 удаа шанаа руу нь гараараа цохисон, зөрүүлээд Н Мыг дахин 1 удаа гараараа цохисон. Тэгээд та хоёр боль гээд салгаад явж байхад Н эргэж хараад Мыг дахиад цохиход нь харахад Мыг баруун талын нүд нь их хавдсан, доод зовхи нь хөхөрсөн байсан. Тэгээд Нг татаж аваад цааш явж байхад Н М нар хэрэлдээд явж байхад гарам таарсан тухайн үед бороо ороод гарам нь үеэрлэсэн байсан. Би гарам үеэртэй байна. Орж болохгүй байх гэхэд Нямцанцан машинаас буугаад гармаар гарч болох эсэхийг хараад гаруул гарах юм байна гэхэд нь би хүний машин барьсан явж байгаа болохоор гарамаар гарахгүй гэж хэлэхэд Н тэгвэл би гэр рүүгээ алхаад явъя гээд гэр рүүгээ явсан. М бид хоёр төв рүү явж байхад Н араас мотоциклтой ирээд яагаад намайг орхиод явсан гээд машинд орох гээд байхаар нь би дахиад зодоон хийх байх гэж бодоод шууд төв яваад Мыг гэрт хүргэж өгөөд гэртээ харьсан. Мын хоёр нүд хавдаж хөхөрсөн, баруун хацар товойсон бололтой байсан. Гэрт нь хүргэж ирэхэд хоёр нүд улам их хавдаж нүд нь тагларсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 ху/,
Гэрч Т.Л өгсөн: “...С.Н бол Э сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2008 онд төгссөн. Ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт Э сумын А багт мал маллан амьдардаг. Цэргийн алба хаагүй, төлөв даруу зантай, хөдөө гэртээ малаа хараад байж байдаг, дуу цөөтэй, хүнд их тусархаг, ажилсаг залуу байгаа юм. С.Н хааяа нэг архи хэрэглэдэг, хүнд их уруу татагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/,
Гэрч Г.Чын өгсөн: “...С.Н бол 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Э суманд Сандагийн бага хүү болон төрсөн. Дээрээ 4-н эгчтэй, Э сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2008 онд төгсөж мал дээр гарсан. Одоо эхнэр 0-8 насны 4 хүүхэд, 62 настай ээж нарын хамт Э сумын Апаг-Уул багт мал маллан амьдардаг. Цэргийн албанд яваагүй. 10 жилдээ сурлага сайтай, ангийн сайн сурагчдын нэг байсан. Дуу цөөтэй, хүнд их тусархаг, хүнд үгүй гэж хэлж байгаагүй. Н бол гэр орондоо архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 ху/, 
С.Нгийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр сумын төвөөс хөдөө гэртээ харих гээд унаа олдохгүй сумын иргэн Г, П нартай сумын төвийн Өлзийт хороололд “А” хүнсний дэлгүүрийн гадаа байж байхад сумын иргэн М приүс-20 маркийн машинтай бид нар дээр ирсэн. Тэгсэн П намайг чи гэртээ Маар хүргүүлчих гэхэд нь Мыг та намайг хөдөө гэрт хүргээд өгөөч гэж гуйсан. Тэгээд П М бид 3 манайд очихоор болж би дэлгүүр орж 2 шил архи, хүүхдүүддээ чихэр, боов аваад хөдөө гэртээ явж байгаад Мын хамт авсан архиа хувааж уусан. Тэгээд М бид хоёр хоорондоо тоглож байгаад би түүний мөрөнд нь цохиход чи яагаад намайг цохиж байгаа гээд уурлаад миний шанаанд цохисон. Тэгээд би согтуурхаад зөрүүлээд нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон. П бид хоёрыг салгасан. М миний шанаанд цохисноос болж миний биед ямар нэгэн учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 ху/
Хохирогч С.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 6512 дугаартай дүгнэлтэд: 
1. С.Мын биед хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний алиманд цус хуралт баруун доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 08-09 ху/,
Архангай аймгийн Э сумын А багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42-43 хуу/
С.Нгийн малын А дансны тодорхойлолт /хх-ийн 44-49 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 51 ху/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-58 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /хх-ийн 72-74 ху/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2112......... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ...... аймгийн ........ сумын А багийн нутаг дэвсгэрт байрлах ...... орчим хохирогч С.Мыг зодож эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хохирогч С.Мыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч С.Мын өгсөн: “...гэнэтхэн Н хойшоо эргэж хараад гараараа миний нүүр хэсэгт нэг удаа цохисон тэгэхээр би цамцнаас бариад авсан, дараа нь эргэж хараад хойшоо харж суунгуутаа дахин нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон...Н нь миний ар нуруу хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 ху/, гэрч Л.Пгийн өгсөн: “...тэгсэн С.Н С.Мыг тоглоод байгаа нь мэдэгдэхгүй 2-3 удаа гараараа цохиход С.М С.Нг заамдаж аваад ахыгаа чи цохилоо гээд 2-3 удаа шанаа уруу нь гараараа цохисон, зөрүүлээд С.Н С.Мыг дахин 1 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 ху/, хохирогч С.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 6512 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас С.Нгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч С.Н нь хохирогч С.Мын биед хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний алиманд цус хуралт баруун доод зовхинд зулгаралт гэмтлүүд учруулсан бөгөөд тухайн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 6512 дугаартай гэх дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 
 
Иймд шүүгдэгч С.Нгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч С.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд болон хавтаст хэргийн материалтай танилцахдаа хохиролд тооцож эмнэлэгт үзүүлж гарсан зардлыг С.Нгаар гаргуулсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 23 хуу/, мөн тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтэнд гомдол саналгүй /хх-ийн 79 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч С.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 82 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн  байдлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Нд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв..
 
 Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160дугаар зүйлийн 160.1дэх хэсэгт зааснаар “...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй...”гэж заажээ. 
Иймд шүүгдэгч  С.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй тул шийтгэх тогтоолд хэсэгчлэн төлөх хугацааг дурдаагүй болно.

Шүүгдэгч С.Нг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч А овогт С Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 500.00 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 
6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ