| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2016/0136/э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2016-08-29 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 126
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч С.Оюунжаргал, шүүгдэгч Тон овогт Сиригүлэн, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0-440), шүүгдэгчийн орчуулагч Л.Оюунгэрэл нарыг оролцуулан,
Тээврийн прокурорын газраас Тон овогт Сиригүлэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0569 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тон овогт Сиригүлэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, БНХАУ-ын Эрээн хотод Ян Гуан ХХК-д ажилчин, ам бүл 5, эцэг, эх, ах, түүний хүүхдийн хамт, БНХАУ-ын Эрээн хот Гужансейчү дүүргийн 14 дүгээр байр, 1 дүгээр орц, 3 давхар, баруун хаалгад оршин суух хаягтай, Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 4-9 тоотод найзынхаа гэрт түр оршин сууж байгаа, G23767540 дугаартай гадаад паспорттой, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Тон овогт Сиригүлэн нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт МТ шатахуун түгээх станцын баруун замд Киа Бонго загварын 43-79 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон. ...хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газар очно гэсэн , мөн дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Батжаргалыг мөргөж хүнд гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:
Шүүгдэгч Тон овогт Сиригүлэн нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр найз Дү Юуншаны эзэмшлийн Киа Бонго загварын 43-79 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон. ...хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газар очно гэсэн , мөн дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт МТ шатахуун түгээх станцын баруун замд хохирогч Ш.Батжаргалыг мөргөж, түүний биед суурь ясны зүүн талын их далавч дайрсан зөрүүгүй хугарал, хугарлын харалдаа зүүн чамархайн суурь хэсэг дэх хатуу хальс дээрх цусан хураа, духны хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний ухархайн дотор ханын дотогш этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун талын гайморын хөндийн дотогш этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун талын гайморын хөндийн дотор ханын зөрүүтэй, урд ханын зөрүүгүй хугарал, хамар ясны баруун хажуу хана цөмөрсөн, зүүн хана зөрүү ихтэй, хянга хэсгээр зөрүүгүй нийлмэл хугарал, хамрын таславч дунд хэсгээр зөрүүгүй хугарал, муруйлт, дух, баруун хөмсөг, хамарт шарх, духанд зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, 1 шүдний булгарал, сулрал, 2 талын дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, чээжинд цус хуралт, зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Тон овогт Сиригүлэн: Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хохиролд нийт 12.400.000 төгрөг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтад (Эрүүгийн 2016 2400 0569 дугаартай хэргээс)
Хохирогч Ш.Батжаргалын өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 15:00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос том оврын ачааны автомашинд эксковатор ачаад Дархан хот руу явсан. Ингээд замдаа МТ шатахуун түгээх станцын баруун талын замаар явж өнгөрөх гэхэд зам хөндлөн утас татчихсан ачиж явсан эксковаторын сум нь тулаад явж болохгүй байсан. Тухайн том оврын машиныг өөр хүн жолоодож байсан бөгөөд би хажууд нь сууж явсан юм. Тэгээд би том оврын ачааны машинаас буугаад зам дээгүүр татсан утсыг эксковаторын сумнаас гаргаж өнгөрөөх зорилгоор замын баруун талын хөвөө буюу шороон хэсэгт зогсоод эксковаторын жолоочид нааш цааш хөдлөх талаар гараараа дохиж зааварчилж байсан юм. Тэгээд эксковатор ачсан том машиныг зам дээгүүр татсан утаснаас гаргаад байж байтал юу болсон мэдэхгүй нэг мэдсэн газар хэвтэж байсан. Би газраас босоод харсан чинь Киа Бонго загварын машин зогсож байсан. Би энэ машинд мөргүүлчихлээ гэж бодсон. Тэрүүхэн үед юу болсныг санахгүй байна. Тэр үед том оврын ачааны автомашины жолооч эрэгтэй хүн бууж ирсэн. Удалгүй түргэн тусламж ирсэн…гэх мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас),
Гэрч Лию Жингийн өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Нарантуул захаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам руу хүнд цаасан хайрцаг хүлээлгэж өгөх хэрэгтэй байсан. Манай нөхөр Дү Юуншань Оросын холбооны улс руу ажлаар явчихсан болохоор цаасан хайрцаг ачих Киа Бонго загварын 43-79 УНЕ автомашиныг жолоодох хүн байгаагүй. Тийм болохоор нөхрийн танил найз Тон овогт Сиригүлэнийг машин жолоодоод өгөөч гэж гуйсан. Тэгээд Тон овогт Сиригүлэн Нарантуул захаас Киа Бонго загварын 43-79 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодоод манай хамаатны хүүхэд Лү Жилэй бид хоёр хамт явсан. Замдаа би унтчихсан байсан ба нэг мэдэхэд түс гэх чимээ гарахаар нь сэрээд, Тон овогт Сиригүлэнээс юу болсон бэ машин шүргэчихсэн үү гэхэд өөдөөс үгүй ээ хүн шүргэчихлээ гэж хэлсэн ба зам руу харахад эрэгтэй хүн газар хэвтэж байсан. ...Би машин дотор унтаж явсан болохоор ослыг хараагүй...гэх мэдүүлэг (хх-ийн 71-72 дугаар хуудас),
Гэрч Лү Жилэйн өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эгч Лию Жинг намайг Нарантуул захаас 61-ийн гарам руу цаасан хайрцаг хүргээд ирье гэсэн. Тэгээд хамаатны эгч Лию Жинг Киа Бонго загварын 43-79 УНЕ улсын дугаартай автомашиныг Тон овогт Сиригүлэнээр жолоодуулаад явсан. Хамаатны эгч бид хоёр мөн машинд суусан, би жолоочийн хажууд, эгч маань миний хажууд суусан. Нэг мэдэхэд би унтчихсан байсан ба түс хийх чимээ гарсан, сэрээд харсан чинь нэг эрэгтэй хүн зам дээрээс босоод зогссон ба нүүрнээс нь цус гарчихсан, тэгээд тэр хавьд байсан хүн ус авчирч өгөөд угаалгасан. Тэр үед Тон овогт Сиригүлэн машинаас бууж тэр хүн дээр очсон, харин эгч бид хоёр машинаас огт буугаагүй. ...Бидний явах ёстой замын эгнээнд том оврын автомашин зогсож байсан, харин манай машин уг том оврын ачааны машины харалдаа эсрэг урсгалд хүн мөргөөд зогссон байсан. ...Би огт хараагүй. Унтаж байсан… гэх мэдүүлэг (хх-ийн 74-75 дугаар хуудас),
Гэрч И.Баярбаярын өгсөн: ...Тэгээд явах гэж байтал пид пад гэх чимээ гарсан. Машины цонхоор эргээд харсан чинь замын хажууд нөгөө залуу Киа Бонго загварын машинд мөргүүлчихсэн хэвтэж байсан. Би машинаасаа бууж очоод хартал мөргүүлсэн залуу хэвтэж байсан. Энэ үед МТ шатахуун түгээх станцын ажилтан эрэгтэйг гуйж цагдаа, түргэн дуудуулсан. ...мөргүүлсэн эрэгтэй замын хажуу хөвөө буюу шороон хэсэг дээр зогсож байсан. Мөргүүлсний дараа харахад зам, шороон хэсэг хоёрын голд хэвтэж байсан. Уг газар нь цус их асгарсан байсан. Яг хаана мөргүүлснийг хараагүй. Хамгийн сүүлд зогсож байхыг нь л харсан. ...Киа Бонго загварын автомашин миний машиныг тойрч гарах гэж урсгал сөрж байгаад хүн мөргөсөн… гэх мэдүүлэг (хх-ийн 77-78 дугаар хуудас),
Гэрч С.Пүрэвдоржийн өгсөн: ...Хэсэг хугацааны дараа харахад ачааны машины жолоочид зааварчилгаа өгч байсан эрэгтэй Киа Бонго загварын машинд мөргүүлчихсэн хэвтэж байсан. Хажууд нь мөргөсөн машины жолооч болох эрэгтэй хүн ирчихсэн зогсож байсан. ...Мөргүүлснийг бол хараагүй. Тухайн үед шатахуун түгээх станц дээр маш их машин байсан. Нэг харахад л нөгөө эрэгтэй замын хажуу талын шороон хэсэг дээр сууж байсан. Би сууж байсан газрыг нь зааж өгсөн. ... Нэг харахад л зам дээр том оврын машин, уг том оврын машины харалдаа эсрэг урсгалд Киа Бонго загварын автомашин урсгал сөрөөд зогчихсон байсан. Сүүлд нь дахин харахад Киа бонго загварын автомашиныг замаас гаргаад замын баруун тал руу шахаад зогсоосон байсан. Мөргүүлсэн эрэгтэйг яг хаана мөргүүлснийг хараагүй, харин мөргүүлээд унасан газрыг бол харсан... гэх мэдүүлэг (хх-ийн 80-81 дүгээр хуудас),
Гэрч Б.Бат-Эрдэний өгсөн: ...Осол болсон өдөр би цайны газар дээрээ ажлаа хийж байгаад гараад хартал МТ шатахуун түгээх станцын баруун замд дээрээ эксковатор аччихсан том оврын ачааны машин зогсож байсан. Уг том оврын автомашины харалдаа эсрэг урсгалд Киа Бонго загварын автомашин хөндөлдөөд зогсчихсон, мөн замын баруун талын хөвөө буюу шороон хэсэг дээр нэг эрэгтэй цусаа гоожуулаад хэвтэж байсан. Тэр үед Киа бонго загварын машины жолооч болох эрэгтэй хүн манайхаас ус аваад нөгөөх ухаангүй эрэгтэй дээр очиж, цусыг нь угааж байсан...гэх мэдүүлэг (хх-ийн 83 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 8477 дугаартай
1. Ш.Батжаргалын биед суурь ясны зүүн талын их далавч дайрсан зөрүүгүй хугарал, хугарлын харалдаа зүүн чамархайн суурь хэсэг дэх хатуу хальс дээрх цус хураа, духны хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний ухархайн дотор хана дотогш этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун талын гайморын хөндийн дотогш этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун талын гайморын хөндийн дотор хана зөрүүтэй, урд хана зөрүүгүй хугарал, хамар ясны баруун хажуу хана цөмөрсөн, зүүн хана зөрүү ихтэй хянга хэсгээр зөрүүгүй нийлмэл хугарал, хамрын таславч дунд хэсгээр зөрүүгүй хугарал, муруйлт, дух, баруун хөмсөг, хамарт шарх, духанд зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, 1 шүдний булгарал, сулрал, 2 талын дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, чээжинд цус хуралт, зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. ШЭГЗТЖ-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид 1 шүдний булгарал нь энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна... гэх дүгнэлт (хх-ийн 102 дугаар хуудас),
Техникийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16/38337 дугаартай
1. Киа Бонго загварын 43-79 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиуд техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Урд буферын баруун буланд будаг нь халцарч зурагдсан, зүүн толь байхгүй, урд шил зүүн талын хаалга хоорондын багана хонхойсон, дугаарын гэрэл зүүн тал нь асахгүй, хоёрдугаар тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү 35.9% зогсоогүй, зогсоолын тоормос зогсохгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.
3. Хойд тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү нь 35.9% зогсоогүй, зогсоолын тоормос зогсохгүй байгаа гэмтэл нь тухайн ослоос өмнө үүссэн, харин зүүн толь хугарсан, урд шил зүүн хаалга хоорондын багана хонхойсон байгаа нь ослоос хойно үүссэн байна.
4. Ослоос өмнө үүссэн хойд тэнхлэгийн тоормос зогсохгүй, хүчний зөрүү их байгаа эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө.
5. Тоормос гишгэхэд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлнө.
6. Тухайн автомашин нь энгийн шингэн тоормосны системтэй, тоормосны системийн ажиллагаа хэвийн бус стандартын шаардлага хангахгүй, ABS систем нь ажиллагаагүй тохиолдолд зам дээр мөр үүснэ... гэх дүгнэлт (хх-ийн 116-117 дугаар хуудас),
Техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 354 дугаартай
1. Киа Бонго загварын 43-79 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Тон Сиргүлэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах: тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиодолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. (Авто тээврийн төвийн Сонгинохайрхан салбарын шинжээчийн 16/38337 дугаар дүгнэлт, 2016.6.15-ны өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, фото зургийг үндэслэв)
2. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд Явган зорчигч Замаар явган яваа (зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад) хүн. Жагсаалаар яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй, мөн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамааруулна гэж заажээ. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.Батжаргал, гэрч С.Пүрэвдорж, И.Баярбаяр нарын мэдүүлэгт Ш.Батжаргалыг эксковаторын сум зам дээгүүр татсан шонгийн утсанд тулсан, уг тулсан утсыг гаргах гэж байсан гэх тул түүнийг явган зорчигч гэж үзэхээргүй байна. Иймд Ш.Батжаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан:
- Гэрч И.Баярбаярын мэдүүлэг мөргүүлсэн эрэгтэй замын хажуу талын хөвөө буюу шороон хэсэг дээр зогсож байсан. Уг газар нь цус их асгарсан байсан. Яг хаана мөргүүснийг нь хараагүй одоо бас сайн мэдэхгүй байна. Унасан газар нь цус их гоожсон байсан. Хамгийн сүүлд зогсож байсныг нь л харсан
- Гэрч С.Пүрэвдоржийн мэдүүлэг Мөргүүлснийг нь бол хараагүй, тухайн үед шатахуун түгээх станц дээр машин их байсан. Нэг харахад л нөгөө эрэгтэй замын хажуу талын шороон хэсэг дээр сууж байсан. Би сууж байсан газрыг нь зааж өглөө. (Б үсгээр тэмдэглэв.)
- Хохирогч Ш.Батжаргалын мэдүүлэг ачааны автомашины зам дээгүүр татсан утаснаас гаргаад байж байтал юу болсон мэдэхгүй нэг мэдсэн чинь газар хэвтэж байсан.
- Киа Бонго загварын 43-79 УНЕ улсын дугаартай автомашинд Ухаа шүрт консалтинг ХХК-аас үнэлгээ хийсэн тайланд зүүн талын толь хагарсан.
- Киа Бонго загварын 43-79 УНЕ улсын дугаартай автомашинд Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын шинжээчийн 16/38337 дугаартай дүгнэлтэнд зүүн толь хагарсан, урд шил зүүн талын хаалга хоорондын багана хонхойсон нь ослын үед үүссэн,
- 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэгт зорчих хэсэг дээр цус асгарсан, уг цэгийг Б үсгээр тэмдэглэсэн байна.
Дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийхэд Киа Бонго загварын 43-79 УНЕ улсын дугаартай автомашины ослын үед үүссэн гэмтлүүд нь зүүн талдаа байна. Явган зорчигчийг автомашины зүүн талаар мөргөж, явган зорчигч унасан, түүний унасан цэгийг Б үсгээр тэмдэглэжээ. (гэрч И.Баярбаярын мэдүүлэгт дурдагдсан газар нь их цус гоожсон байсан гэх тул 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр тогтоосон Б цэг үндэслэлтэй гэж үзэхээр байна)
Явган зорчигч унасан цэг нь зорчих хэсэг дээр, автомашины эвдрэл гэмтэл нь зүүн талдаа байхад явган зорчигчийг замын хажуу талын хөвөө буюу шороон хэсэг дээр зогсож байхад нь мөргөсөн, унасан гэх нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл автомашины эвдрэл гэмтэл зүүн талдаа, явган зорчигчийн унасан цэг нь зам дээр байгаа тул мөргүүлсэн цэг нь зорчих хэсэг дээр байх үндэстэй байна. Иймд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэгээр тогтоосон А болон Б цэгийг үндэслэлтэй байна гэж үзэхээр байна... гэх дүгнэлт (хх-ийн 124 дүгээр хуудас),
Шинжээч Б.Батзоригийн өгсөн:... Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд Явган зорчигч гэж – замаар явган яваа (зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад) хүн. Жагсаалаар яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй мөн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамааруулна гэж заасан байна. Ш.Батжаргал нь дээрх тодорхойлолтод хамаарахгүй буюу зам дээр ажил гүйцэтгэж байсан гэж үзсэн тул явган зорчигч гэж үзээгүй. Өөрөөр хэлбэл Ш.Батжаргал нь зам дээр зорчиж яваагүй, том оврын ачааны автомашины дээр тулсан шонгийн утсыг гаргах гэж жолоочид тусалж байсан байна. Явган зорчигч гэж замаар явган яваа хүнийг хэлнэ... гэх мэдүүлэг (хх-ийн 127 дугаар хуудас),
Тон овогт Сиригүлэнгийн сэжигтнээр өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төвөөс Киа Бонго загварын 43-79 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам руу хүнд цаасан хайрцаг хүлээлгэж өгөхөөр явсан. Ингээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо МТ шатахуун түгээх станцын баруун замаар урдаас хойшоо чиглэлд явж байхад урд талд том оврын автомашин удаан хөдөлгөөнтэй явж байсан. Би уг том оврын автомашиныг гүйцэж түрүүлэх гээд жолоогоо зүүн гар тал руугаа дарж, эсрэг урсгалд ороод, том оврын автомашиныг гүйцэж байтал ертөнцийн зүгээр баруун талаас (миний зүүн талаас) эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Би тормос гишгэсэн боловч мөргөчихсөн. Мөргөсний дараа машинаа зогсоогоод бууж хартал мөргүүлсэн эрэгтэй газар хэвтэж байгаад босоод суусан ба хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би өөрийнхөө 99531004 дугаараас 103 дугаар луу залгасан, ослын талаар мэдэгдсэн. 10 орчим минутын дараа цагдаа ирсэн, түүний араас түргэн тусламжийн машин ирээд мөргүүлсэн хүнийг эмнэлэг рүү аваад явсан. Харин би цагдаа нартай хэргийн газар үлдэж А болон Б цэгийг зааж өгсөн. ... Урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд орсон, тэгтэл замын баруун талаас хүн гүйгээд гараад ирсэн. Би тормос гишгэсэн боловч мөргөсөн. Тэр хүн гэнэт гүйн гарч ирсэн болохоор яаж ч чадаагүй. ... Эсрэг урсгалд ороод л мөргүүсэн. Том оврын ачааны автомашиныг гүйцэж түрүүлж амжаагүй байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 143 дугаар хуудас),
Тон овогт Сиригүлэнгийн яллагдагчаар өгсөн: Би хүн мөргөсөн нь миний буруу. Би мэдүүлэг өгөхгүй, би хохирогчид 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 147 дугаар хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-6 дугаар хуудас), осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 7-8 дугаар хуудас), 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг (хх-ийн 10-14 дүгээр хуудас), Киа Бонго загварын машинд учирсан хохирлын баримт (хх-ийн 107 дугаар хуудас), гэрч О.Гантулгын мэдүүлэг (хх-ийн 69-70 дугаар хуудас), гэрч С.Пүрэвдоржийн мэдүүлэг (хх-ийн 80-81 дүгээр хуудас), иргэний хариуцагч Ду Юуншаны мэдүүлэг (хх-ийн 87-88 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон үйл баримт нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.
Хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримтад хууль зүйн дүн шинжилгээ хийж, шүүгдэгч Тон овогт Сиригүлэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Тон овогт Сиригүлэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг сайн дураар төлж барагдуулсан бөгөөд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Тон овогт Сиригүлэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тул түүний 614962 дугаартай В ангилалын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд шилжүүллээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ш.Батжаргал нь баримтаар (хх-ийн 57-61 дүгээр хуудас) 1.624.843 (нэг сая зургаан зуун хорин дөрвөн мянга найман зуун дөчин гурав) төгрөг нэхэмжилсэн хэдий ч шүүгдэгч Тон овогт Сиригүлэн түүнд нийт 12.400.000 төгрөгийг хохирол болон гэм хорд тооцон сайн дураар төлсөн бөгөөд хохирогч Ш.Батжаргал нь 12.400.000 (арван хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Тон овогт Сиригүлэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Тон овогт Сиригүлэн нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад паспортыг зохих журмын дагуу гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх байгууллагад шилжүүлсэнг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тон овогт Сиригүлэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Тон овогт Сиригүлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3. дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүхээс торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Тон овогт Сиригүлэнд сануулсугай.
4. Энэ хэрэгт хураагдсан Тон овогт Сиригүлэнгийн 614962 дугаартай В ангилалын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Тон овогт Сиригүлэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад паспортыг зохих журмын дагуу гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх байгууллагад шилжүүлсэнг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар Тон овогт Сиригүлэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Тон овогт Сиригүлэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА