Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/03

 

   Н.Э холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Э.Н, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч С.Г, Б.А, насанд хүрээгүй хохирогч Э.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч С.М, нарийн бичгийн дарга Х.Г нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Н.Э холбогдох 1817002620117 дугаартай 2 хавтас 299 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Э нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6-н байшингийн 9 тоотод оршин суух гэртээ төрсөн охин Э.Ц /11 настай/ архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар хэвлий тус газарт нь 1 удаа өшиглөсний улмаас түүнд дэлүүний урагдал задрал, хэвлий хөндий дэх цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Б овогт Н Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Н.Э үйлдлийн улмаас хохирогч Э.Ц биед хүнд гэмтэл учруулсан боловч Н.Э нь Э.Ц учруулсан хүнд гэмтлийг санаатай учруулаагүй. Тухайн үед Э.Ц “цагдаа дуудна” гэхээр нь “аавыгаа яасан гэж цагдаад өгөх гэж байгаа юм” гэж айсандаа гар утсыг нь булаан хойшоо унах явцад Э.Ц биед болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, насанд хүрээгүй хохирогч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Угаасаа миний буруу болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, аавтайгаа хамт баймаар байна. Аавд шийтгэл битгий өгөөчээ, нэг удаа харж үзээч гэж гуймаар байна. Аавын хөл миний биеийг шүргээд өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Миний буруугаас ийм асуудал болсон” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Өөрийн учруулж байгаа үйлдэл нь хохирол, хор уршиг учруулж болох боломжтой байсныг урьдчилан мэдэх естой байсныг мэдэлгүй үйлдсний улмаас хохирол, хор уршиг учирсныг болгоомжгүй үйлдэлд тооцно” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэл байна гэж үзэн гомдол гаргасан. Н.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир нь хохирогчийн биед үүссэн хүнд гэмтэл нь Н.Э болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан болохоо хүлээн мэдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ар гэр, амьдарч байгаа нөхцөл байдал хүнд, Н.Э энэ хэрэгт холбогдохоосоо өмнө гэр бүлийнхээ хүмүүсийг бүгдийг нь тэжээж байсан. Эхнэр нь сүүлд сумын захиргаанд ажилд орсон. Өөрөө компанид ажил хийдэг. Мөн зуны цагаар хүний морь уяж мөнгө олж гэрийнхээ 7 ам бүлийг ганцаараа тэжээж авч явдаг байсан. Одоо хамгийн бага болох хоёр ихэр хүүхэд нь 4 настай, нийт 5 хүүхэдтэй, эхнэр нь 600,000 төгрөг хүрэхгүй цалин авдаг. “Ар гэр, хүүхдүүддээ санаа зовж байгаа, өөрийн буруутай үйлдлээс болж үр хүүхдээ гэмтээн ийм байдалд орсон. Цаашид эмчилгээний зардал хэрэгтэй. Тийм учраас миний хувьд шоронд байгаад байх юм бол хүүхдийн эмчилгээний зардлыг хэн олох вэ, ар гэрийн санхүүгийн асуудал ч гэсэн хүнд болно” гэж ярьдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж зүйлчлэлийг өөрчилж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүнээс хүсч гомдол гаргаж байна гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг биш гэж бодож байна. Ямар ч гэмт хэргийг үйлдэхэд санаа зорилго, сэдэлт гэж байх ёстой. Гэтэл энэ хүнд үр хүүхдээ ингээд гэмтээчихье, эд эрхнээс нь хагацуулчихъя гэсэн санаа зорилго анхнаасаа байгаагүй. Хоорондоо гар утас булаацалдсанаас болж санамсаргүйгээр энэ гэмтлийг учруулсан байгаа. Гар утас булаацалдсан талаар анхан шатны шүүх дээр ярьж байсан. Энэ том эрэгтэй хүн чинь тэр хүүхэдтэй гар утас булаацалдаад ямар ашиг байгаа юм бэ?  сая харсан байх гарын үсэг зуруулахад нь, баруун гарын 3 хуруу байхгүй. Энэ хүн тухайн гар утсыг булаацалдахаараа их хүч гаргаж булааж чадахгүй байсан. Хүчний хувьд тэнцүү байсан гэж үзэж байна. Тэгээд гар утас булаацалдах явцад л ийм зүйл болчихсон. Яагаад гар утас булаацалдсан юм бэ? гээд аваад үзэхээр охин нь аавыгаа “цагдаад хэлнэ шүү” гэж хэлдэг. Тэгэхээр энэ хүн яах вэ? дээ жоохон юм уучихсан. Цагдаад олон удаа баривчлагдсан хүн байдаг. Тийм учраас цагдаад баривчлагдахгүй юмсан гэж бодсоны улмаас л гар утсаар яриулахгүй гэсэн санаа зорилго тавьсан байсан. Яг яаж өшиглөсөн нь хэргийн материал дотроос харагддаггүй юм. Гэрчилсэн хүн ч байхгүй. Тийм учраас шүүгдэгчид ямар ч байсан ашигтайгаар шийдвэрлэгдэнэ. Тэгээд санаа зорилго байхгүй байсан учраас санамсар болгоомжгүйгээр энэ гэмт хэргийг үйлдчихжээ гэж үзээд байгаа юм. Тэгэхээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байна гэжээ.

            Насанд хүрээгүй хохирогч Э.Ц болон хууль ёсны төлөөлөгч С.М нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч хүүхэд Э.Ц хууль ёсны төлөөлөгч С.М “Би шүүх хуралдааны дараа хохирогч охин Э.Ц уулзаж ярилцахад “Аав маань буруугүй би муухай ааш гаргаснаас болж ийм зүйл боллоо. Би аавтайгаа баймаар байна. Дүү нар маань ч санаад байна. Аавыг минь шийтгэхгүй байж бидэнтэй хамт байлгаж өгөөч гэж шүүгч та бүхнээс хүсч байна. Үүнийг дамжуулж хэлж өгөөч” гэснийг уламжилж байна. Хууль ёсны төлөөлөгч С.Мөнхгэрэл би охин Э.Ц гэрээр орж нөхцөл байдалтай танилцахад ээж О болон ах, 3 дүүгийн хамт амьдарч байгаа ба өрхийн орлого бага, ам бүлд ээжээс нь өөр орлоготой хүн байхгүй байна. Охин Э.Ц аав Энь тодорхой ажил хийж өрхийн орлогод нэмэр нөөлөг болж байсан байна. Эрхэм шүүгч та бүхэн охин Э.Ц болон хууль ёсны төлөөлөгч С.М бид хоёрын гомдлыг хүлээн авч, энэ гэр бүлд элэг бүтэн амьдрах боломжыг өгнө гэж найдаж байна. Энэ хэргийн цаана давхар хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ тал дээр бодолцож үзээч гэсэн хүсэлтийг тавьж байна  гэжээ.

            Прокурор Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг сонслоо. Гомдолд дурдсан зүйлчлэлийг өөрчилж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэсэн гомдлыг гаргасан байна. Дээрх гомдол нь тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогч Э.Ц өгсөн мэдүүлэг байна. Аав босож ирээд миний гар утсыг булааж аваад хэвлийн доод хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Аавын хөл миний биеийг шүргээд өнгөрсөн. Миний хэвлийн зүүн доод хэсгээр хатгаад өвдөөд эхэлсэн. Мөн гэрч О мэдүүлэг байна. Манай охин аав руугаа уурлаад та дандаа ээжийг зовоодог гээд цагдаа дуудна гэж хэлээд утас автал Н.Э нь охин Э.Ц зүүн талын хавирга руу өшиглөсөн. Тэгтэл охин хавиргаа тэврээд хэвтээд өгсөн гэсэн мэдүүлэг. Н хохирогч Э.Ц юу болсон талаар асуухад аав намайг гэмтээсэн гэж хэлж байсан. Шүүгдэгч Н.Э мэдүүлэг байна. Би гэрийн зүүн талд баганын хажууд сууж байснаа босоод Э.Ц баруун хавирга орчимд зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг байна. Мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 03 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар гомдолд дурдсан унах явцад үүссэн. Мөн булаацалдах явцад арагшаа савсан, савах явцад хөлөөрөө өшиглөсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна. Дээрх  өшиглөсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн. Хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй байх тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэхээр байна. Мөн шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсвэл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэсэн хуулийн заалтуудаар оролцогч нарын гомдолд дурдсан асуудал үндэслэлгүй байх тул Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх тайлбарыг гаргаж байна гэжээ.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

           Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.      

 Шүүгдэгч Н.Э нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6-н байшингийн 9 тоотод оршин суух гэртээ төрсөн охин Э.Ц /11 настай/ архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар хэвлий тус газарт нь 1 удаа өшиглөсний улмаас түүнд дэлүүний урагдал задрал, хэвлий хөндий дэх цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын .... хохирогчид учруулсан хүнд гэмтлийг санаатай учруулаагүй, гар утсыг нь булаан хойшоо унах явцад Э.Ц биед болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Н.Э нь согтуурсан үедээ төрсөн охин Э.Ц архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар хэвлий тус газарт нь нэг удаа өшиглөсний улмаас түүнд дэлүүний урагдал задрал, хэвлий хөндий дэх цус хуралдалт бүхий хүнд гэмтэл учирсан болох нь хохирогч Э.Ц ... Аав босч ирээд миний гар утсыг булааж аваад, хэвлийн зүүн доод хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Миний хэвлийн зүүн доод хэсгээр хатгаад өвдөөд эхэлсэн гэсэн мэдүүлэг, гэрч О.О ... Э, охин Ц зүүн талын хавирга руу нь өшиглөсөн. Тэгтэл охин Ц хавиргаа тэврээд суугаад өгсөн гэсэн мэдүүлэг,  гэрч Н ... Ц яасан талаар нь асуухад аав намайг өшиглөөд гэмтээсэн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,  шүүгдэгчийн ... би гэрийн зүүн талд баганы хажууд сууж байснаа босоод Ц зүүн хавирга орчимд баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн биед санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хүнд гэмтэл урчуулсан гэж үзэх үндэслэлгүй  байна.

Анхан шатны шүүх Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй байна.

Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэнийг  хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлаагүй,  мөн дээр дурьдаж буй хүндрүүлэх нөхцөлүүдийг хэрэгсэхгүй болгохдоо яллах дүгнэлт үйлдэж “ирүүлснийг’’ хэрэгсэхгүй болгосугай гэх байтал  “хэргийг” хэрэгсэхгүй болгосугай гэж заасан нь утга найруулгын хувьд алдаатай байх тул цаашид  анхаарах шаардлагатай.

          Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ‘’... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан .... хорих ялыг хөнгөрүүлж ... болно’’ гэж заасны  дагуу өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлтэй зөв байна.

         Мөн давах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч нь тухайн үйлдлийн улмаас учирсан хор уршигт гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өшиглөж буй үйлдлээ санамсаргүй гэж тайлбарлаж байгаа нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна  гэж  үзэх үндэсгүй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                            Х.БАЙГАЛМАА

                                                                                        О.ОДНЯМАА