Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00010

 

   2021          01           06                                         001/ХТ2021/00010

 

Ж.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01370 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1294 дүгээр магадлалтай,

Ж.О-ы нэхэмжлэлтэй,

Г.М-ад холбогдох,

 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Ж.О-ы хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Д.Х, хариуцагч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өөрийн хамаатны эзэмшлийн 584 м.кв талбайтай газрыг хамтран худалдахаар зар тавьсан бөгөөд уг зарын дагуу “С” ХХК-ийн салбарын захирал Г.М гэх хүн надтай холбогдон манай компани шатахуун түгээх станц барих гэж байгаа тул чиний газрыг сонирхож байна гэсэн. Гэвч дараа нь бид авах боломжгүй болсон, харин газрыг чинь би өөрийнхөө найзад 100 000 000 төгрөгөөр зарахаар болсон тул чи надад асуудалгүй 30 000 000 төгрөгийг өгөөрэй гэсэн юм.

Ингээд Ж.А гэх хүн тухайн газрыг худалдан авахаар болж, бид хоёр нотариат дээр худалдах-худалдах авах гэрээ байгуулсан ба газрын үнэ 100 000 000 төгрөгийг “Хаан банк” ХХК дахь өөрийн дансаар 80 000 000 төгрөг, 20 000 000 төгрөгийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь дансаар авч, үүнээс 30 000 000 төгрөгийг хариуцагч Г.Мын дансанд шилжүүлсэн.

Гэтэл хэсэг хугацааны дараа худалдан авагч Ж.Ааас газрын дор шугам, сүлжээ байгаа учраас газрын эрх шилжих боломжгүй юм байна, наймаагаа буцаая гэсэн гомдол гаргаж, үүнээс болж бид нар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэсэн. Гэвч бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч миний бие 100 000 000 төгрөгийг буцаан өгөхөөр болсон. Энэ талаар хариуцагч Г.Мад чи авсан 30 000 000 төгрөгийг буцааж өг гэж хэлэхэд тэрээр би Ж.Атай найзууд учраас дундаас нь мөнгө авсан гэвэл хүн чанаргүй юм болно, би чамд 30 000 000 төгрөгийг чинь өгье, харин чи Ж.Ат битгий хэлээрэй, би асуудалгүй өгнө гэсэн. Гэтэл хариуцагч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд мөнгийг буцааж өгөөгүй.

Би худалдан авагч Ж.Атай байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу түүнд 60 000 000 төгрөгийг өгсөн, одоо 30 000 000 төгрөгийг хариуцагчаас авч өгөх ёстой. Баянзүрх дүүргийн газрын албанаас газрын эрхийг шилжүүлэх боломжгүй гэсэн тул Ж.А худалдаж аваагүй, намайг та нар хуурсан гэж шүүхэд хандсан. Уг иргэний хэрэг хянан шалгагдаж байхад хариуцагч Г.М нь намайг хэрэгт битгий оролцуулаач, би мөнгөө удахгүй өгнө гэж хэлж байсан. Нэхэмжлэгч Ж.О, худалдан авагч Ж.А нарын хоорондын гэрээнээс үүдэлтэй хохирлын асуудал яригдаж байна. Хариуцагч Г.Мын тайлбарт маргаан үүссэн тухай 2018 оны 12 дугаар сард буюу 7 сарын дараа мэдсэн гэжээ. Гэвч эрт мэдэж байсныг эвлэрлийн гэрээгээр нотолно. Иймд хариуцагчаас 30 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх намайг нэхэмжлэгчид түүний газрыг худалдан авах этгээдэд зуучилж өгөхөд 30 000 000 төгрөгийг өгөх үү гэхэд тэрээр за гэсэн тул Ж.Атай уулзуулсан. Ингээд тэд худалдах-худалдан авах гэрээний үнийг 100 000 000 төгрөгөөр тохирч, нэхэмжлэгчээс надад зуучлалын хөлс гэж 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед би газар худалдан авах хүн олж өгч, зуучлалын хөлсөө авсан. Энэ хэрэгт талуудын хүсэл зориг юу байсан гэдэг нь их чухал.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.О, хариуцагч Г.М нарын хооронд ямар харилцаа болсон бэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжаас харахад нэхэмжлэгчид н.Энхдалайгийн нэр дээрх эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх сонирхол байсан. Тэгэхээр хариуцагч Г.М нь газар эзэмших эрхийг худалдаж авах сонирхолтой этгээдийг олж өгөхөөр тохиролцсон байна. Үүний дагуу ч нэхэмжлэгч Ж.О нь 584 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг Ж.Ат худалдаж, 70 000 000 төгрөгийг өөртөө авч, зуучлалын хөлсөнд 30 000 000 төгрөгийг хариуцагчид өгчээ.

Зуучлагчийн үүрэг нь хоорондоо сонирхол бүхий иргэдийг холбож өгснөөр дуусгавар болж, хөлс авах эрхтэй болно. Энэ талаар Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт тодорхой зохицуулсан бөгөөд заавал бичгээр гэрээ байгуулахыг шаардахгүй, зуучлагч этгээд худалдах-худалдан авах гэрээний зүйл болох газартай холбоотой хэлцлийн үр дагаврыг хариуцахгүй, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар худалдах-худалдан авах гэрээний үнийг хариуцагч тал тогтоогоогүй байна. Нөгөө талаар худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан тохиолдолд зуучлалын гэрээ мөн адил цуцлагдахгүй, яагаад бэ гэвэл зуучлагч этгээд үүргээ гүйцэтгэж дуусгавар болсон тул талуудын хоорондын гэрээнээс үүсэх үр дагавар хариуцагч Г.Мад хамааралгүй, тэрээр гэрээнд заасан үүргээ биелүүлсэн учраас 30 000 000 төгрөгийг авсан. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01370 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж.Оы гаргасан хариуцагч Г.Мад холбогдох 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1294 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1294 тоот магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Тус хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэгдүгээрт, магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...хариуцагч нь зуучилж өгсөн эд хөрөнгийн худалдах-худалдан авах гэрээний харилцааны хүлээх эрх, үүргийг хүлээхгүй юм” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах 584 м.кв газрыг худалдахаар зар тавьсан бөгөөд тухайн газрыг хариуцагч нь иргэн Ж.Ат худалдахад зуучилж 2018 оны 04 дүгээр сарын 16 өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл худалдан авагч Ж.Аптанхуяг нь гэрээнээсээ татгалзаж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02713 тоот шийдвэрээр худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсон.

Нэхэмжлэгч хариуцагчийн хувьд зуучлалын гэрээг бичгээр байгуулаагүй тул гэрээний хугацаа заасан тохиролцсон зүйл байхгүй бөгөөд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3-т зааснаар “хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч дуусгавар болгож болно” гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан зуучлалын гэрээний хугацаа дуусгавар болсон.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т “зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн зуучилсан гэх худалдах-худалдан авах гэрээ нь шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бусад тооцогдсон тохиолдолд зуучлалын хөлс төлөх үүрэг үүсэхгүй юм. Тодруулбал 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ хэрэгжээгүй.

Улмаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар нэхэмжлэгчээс шилжүүлсэн түүнийг хүлээн авсан хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн төлсөн 30 000 000 төгрөгөөр хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн.

Нөгөө талаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ”, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар 2018 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан тул хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 30 000 000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй байна.

Хоёрдугаарт, магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсанаар зуучлалын гэрээ цуцлагдах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч .... нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02713 тоот захирамжаар шийдвэрлэгдсэн тул тухайн шүүхийн шийдвэрийг хавтаст хэрэгт хавсаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1294 тоот магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Г.Мад холбогдуулан 30 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...өөрийн хамаатны эзэмшлийн 584 м.кв талбайтай газрыг худалдахаар зар гаргасны дагуу Г.М надтай холбогдож, Г.М нь өөрийн найз Ж.Ат тус газрыг 100 000 000 төгрөгөөр худалдаж, үүнээс 30 000 000 төгрөгийг өөртөө авахаар тохирсон. Би Ж.Атай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Ж.Ааас гэрээний дагуу шилжүүлсэн 100 000 000 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг Г.Мад өгсөн.

Ж.Атай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болж, би мөнгийг буцааж өгөхөөр болсон тул Г.Мад шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Г.М нь дээрх мөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Г.М нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...Ж.Оы хүсэлтийн дагуу түүний газрыг зуучлан борлуулж өгөхөөр тохиролцсон. Ингээд худалдан авагч Ж.Аийг худалдагч Ж.Отой уулзуулж, тэд худалдах-худалдан авах гэрээ байгуулж, наймаа хийснээр миний зуучлалын ажил дууссан. Би гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д заасан зуучлалын гэрээ байгуулагдсан, зуучлагч үүргээ биелүүлснээр зуучлуулагч зуучлалын хөлсөө төлсөн тул зуучлагчийг хууль, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчиж хөрөнгө олж авсан гэж үзэхгүй гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээхдээ “...зуучлагч нь худалдах-худалдан авах гэрээний харилцааны эрх, үүргийг хүлээхгүй, ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй  тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй...” гэж дүгнэжээ.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс алдааг засч, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д заажээ.

Хуулийн дээрх заалтаар зуучлагч нь зуучлуулагчийн ашиг сонирхлын төлөө, түүнийг хэлцэл хийгч этгээдтэй холбож өгөх үүрэг хүлээж, үүний үр дүнд зуучлуулагчаас зохих хөлс болон шагналыг авахаар тохиролцсон байхыг зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд зуучлуулагчаас гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний хэрэгжилт, гэрээ биелэгдсэн эсэх, гэрээнээс үүсэх бусад үүрэг, хариуцлага зуучлагчид хамаарахгүй юм.

Иймд хэрэв зохигчийн хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий гэж үзнэ.

 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г.М нь нэхэмжлэгч Ж.Од, түүний хүсэлтээр газар эзэмших эрхийг худалдаж авах этгээдийг олж, тэдгээрийг холбож өгөх үүрэг хүлээгээгүй, харин Ж.Оы бусдад худалдахаар санал болгож буй газрын эзэмших эрхийг өөрийн найз Ж.Ат 100 000 000 төгрөгөөр худалдснаар 30 000 000 төгрөгийг Ж.Ооос авахаар харилцан тохиролцсон тул талуудын хооронд хуулиар зохицуулсан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, зуучлалын гэрээг хэлбэрийн төдий агуулсан, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д заасан хэлцэл буюу тохиролцоо байна.

Тухайн тохиролцоо нь гэрээ хэрэгжсэнээр буюу Ж.О, Ж.А нарын хооронд байгуулсан гэрээ бодитоор биелэгдсэнээр Г.М нь 30 000 000 төгрөгийг Ж.Ооос авах нөхцөл, агуулгатай байна.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1.-д үүргийн гүйцэтгэлд харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж зохицуулсан бөгөөд хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

Хариуцагч Г.Мын санал болгосноор /зуучилснаар/ Ж.О, Ж.А нар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу Ж.А гэрээний үнэ 100 000 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Од шилжүүлж, Ж.О мөн өдөр Г.Мад 30 000 000 төгрөгийг шилжүүлжээ.

Ж.Ооос Ж.Аийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон газар доогуур ус, дулааны инженерийн шугам байгаа үндэслэлээр дүүргийн газрын алба газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэрээг бүртгээгүй тул Ж.А хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шүүхэд хандсаныг хариуцагч зөвшөөрсөн байна.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 184/ШШ2018/02713 шийдвэрээр “...Ж.О, Д.Энхдалай нарт холбогдох Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газрын үнэ 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай Ж.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч, тодорхой хуваарийн дагуу 100 000 000 төгрөгийг буцаан төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон...” шүүгчийн захирамж хэрэгт авагджээ.

Ж.О, Ж.А нарын хоорондох Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хариуцагч Г.Мын зуучилснаар байгуулагдсан гэх боловч хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бүрэн хэрэгжээгүй, бодит байдалд биелэгдээгүй тул Ж.О, Г. Мөнхбат нарын  тохиролцоо хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн, өөрөөр хэлбэл Ж.Ооос Г.Мад 30 000 000 төгрөг өгөх үүрэг үүсээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь дуусгавар болсон буюу хожим хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1294 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01370 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар Г.Маас 30 000 000 төгрөгийг гаргуулан Ж.Од олгосугай” гэж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагчаас 307 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ж.Оы гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ж.Ооос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.                      

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                            ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД