Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 439

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 3 хороо, Баруун Ард Аюушийн гудамжны 5 тоотод оршин суух Боржгон овогт Ц-ын З-ийн нэхэмжлэлтэй  

        Хариуцагч Баянгол дүүрэг, 2 хороо, Сөүлийн гудамж, 45/5 байрны 502 тоотод байрлах “А м ” ХХК-д холбогдох цалин 2.100 америк доллар буюу 5.088.636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.З , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

        Нэхэмжлэгч Ц.З  нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “А м ” ХХК-д 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр менежерийн туслах албан тушаалд сарын 1400 америк долларын цалинтай ажиллахаар гэрээ байгуулан орж, хариуцсан ажлаа идэвхи зүтгэлтэй сайн гүйцэтгэдэг байсан.       

        Гэтэл “А м ” ХХК, цалингаа цаг хугацаандаа олгохгүй хожимдуулдаг ч гомдол гаргаж байгаагүй.

        2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г хоёр тал тохиролцсоны дагуу шинэчлэн байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сарын цалинг 700 ам доллар болгосон бөгөөд уг цалингаас өнөөдрийг хүртэл 2100 ам долларыг өгөөгүй.

         “А м ” ХХК-ийн захирал Райнхолдт Люкхардт 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “бүгдийг төлнө” гэсэн тохиролцоог бичгээр өгсөн боловч цалин олгохгүй, удаа дараа шаардахад өгөхгүй намайг хохироон, миний эрх ашгийг зөрчиж байна.

         Иймээс “А м ” ХХК-иас ажилласан хугацааны цалин 2100 ам доллар буюу 5.088.636 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд эх хувь баримтууд биш, нотлох баримтын шаардлага хангахгүй тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ц.З , хариуцагч “А м ” ХХК-д холбогдуулан цалин 2.100 америк доллар буюу 5.088.636 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.         

 

           Нэхэмжлэгч Ц.З  2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “А м ” ХХК-д менежерын туслахаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “ Хөдөлмөрийн гэрээ”, “Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан тухай” , 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Хэлцэл” зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

          Ажил олгогч болон ажилтны хооронд тодорхой нөхцөл зааж, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажлын нэг өдөр 8 цаг, долоо хоногт, нийт 40 цаг ажиллаж, сарын цалин 1400 америк доллар буюу цалинг дараа сарын, ажлын эхний 3 өдрийн дотор олгохоор “Хөдөлмөрийн гэрээ” байгуулагдсан бөгөөд дээрх гэрээнд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлт оруулан, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн, ажлын цаг дундажаар нэг сард 20 цаг, хамгийн багадаа ажлын байранд 2 цаг ажилласан байна гэсэн шаардлагатайгаар, сарын цалинг 700 америк доллар болгон, талууд харилцан тохиролцож, гэрээнд гарын үсгээ зурсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” ба мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “ эдгээр баримтууд эх хувь биш, нотлох баримтаар үнэлэх боломжгүй ” гэх тайлбар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар нотлож чадаагүй тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзээд, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин 2100 америк долларыг нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Монгол” банкнаас зарласан “Ханшийн лавлагаа”-гаар 1 америк долларыг 2.418.07 төгрөгөөр тооцоход 2100 /гурван сарын цалин/ х 2.417.07 /нэг өдрийн ханш/=5.077.947 төгрөг, нэхэмжлэлийн шаардлага 5.088.636 төгрөг-5.077.947 төгрөг=10689 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5.077.947 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 96197 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд зааснаар цалин 5.077.947 төгрөгийг “А м ” ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Боржгон овогт Цогбаатарын Золзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10689 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 96197 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА