| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0316/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/207 |
| Огноо | 2018-11-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0316/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд,
Улсын яллагч Ц.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б
Шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х-гийн Х-эд холбогдох 1739001600231 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Боролжийн ухаа гэх газраас иргэн Д.М-ын 1 тооны ухаа зүсмийн гунжин үнээг нууцаар хууль бусаар авч 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Боролжийн ухаа гэх газраас иргэн Д.М-ын 1 үнээг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Д.М-ын “...2017 оны 09 дүгээр сарын 14-ний орой би хөдөө байдаг гэртээ очоод үхрээ бүртгэж үзсэн чинь манай үхэр дотроос Ухаа зүсмийн гунжин сувай үнээ буруу чих нь сам имтэй байдаг тэр им нь бараг мэдэгдэхгүй тэр үхэр алга болсон байсан. Тэгээд би тэр хавиар айлуудын малаар хайгаад хэд хоног олдохгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай үхэр Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн нутаг Боролжийн ухаа болон Жаргалантын гол, Дэлбэрхий гэх газраар бэлчээрт байдаг байсан. Тэр үхэр 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө бэлчээрт гараад эргэж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх 10-11 тал/
2. Гэрч Д.Н-ийн “...2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр намайг Улаанбаатар хот явах гээд ачаа хайж байхад Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн иргэн С.М- гэх хүний малчин Х гэх залуу надтай хамт хот явна гээд нэг хоногийн өмнөөс ярьж байгаад явсан. Тэр хүн нэг үхэр авч яваа надад Баатарсүрэн гэх хүн надаар адуу мал сургуулаад хөлсөнд нь өгсөн юм гэж байсан. Тэгэхээр нь би малын бичгээ ав гэсэн чинь надад үхрийн А данс байхгүй. Харин адууны А данс байгаа дахин би адуу ажиллаж таньтай явна гэхээр нь би итгээд тэр хүнийг авч явсан. Тэр үхэр нь ухаа зүсмийн жижиг биетэй бяруун гунж байсан байх. Х нь тэр үхрийг ажилчихсан байсан. Би Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн нутаг Зүүний голын цаана байхад нь гэрээс нь очиж авсан. Тэр хүн байн байн утсаар залгаад ирж ав гээд байсан. Очиход саравчныхаа ард ажилласан байсан. Тэр хүн үхрийг Улаанбаатар хотод очоод Нарантуул зах дээр 500 000 төгрөгөөр худалдсан. Тэгээд эргээд наьай хамт буцна гээд эргэж уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх 21-22 тал /
3. Гэрч Б.А-ын “...2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ хүүхдээ хараад байж байсан. Нөхөр Бямбарагчаа маань хонинд явсан. Тэгсэн Х М- гэх хүний үхрүүдийг Д- гэх хүний саравчинд оруулж хашсан. Тэгэхээр нь би хэний үхрийг хашиж байгаа юм гэсэн чинь миний үхэр би найзаасаа авсан гэж байсан. Үдээс хойш ногоон өнгийн микро машин ирж гэрийн гадаа зогсоод нэг танихгүй ах хөөе махаа ачих юм уу залуу гээд саравч руу явсан. Х тэр суурин утсыг байнга өвөртөө хийж явдаг. Тэгээд тэр машин ирээд аваад явсан. Тэгэхдээ эх******* авч ирнэ гээд явсан. Эргэж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх 26-27 тал/
4. Гэрч Д-гийн “...2017 оны 09 дүгээр сарын дунд үе байхаа тэр үеэр манай хавааржаан дээр Х нь баахан үхэр аваачиж хашиж байсан. Тэгээд тэр үхэр дотроос ухаа зүсмийн үхэр барьж түүнийгээ манай саравчин дотор уяж орхисон. Тэгээд би адуундаа мордоод явсан. Надад бол Х хэлэхдээ Баадай ах өгсөн тэрийгээ ажлаад хот явах гэж байгаа юм аа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 35-36 тал/
5. Яллагдагч Х.Х-ийн “...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн М- гэх хүний малыг малладаг байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын сард миний маллаж байсан үхэр дотор ягаан зүсмийн ухаа хязаалан үнээ байсан. Би тэр үнээг 9 дүгээр сарын 14-ний өдөр Д-гийн хаваржаан дээр аваачиж саравчны ар талд нядлаад Улаанбаатар хот руу Н- гэх хүний микро машинд ачиж явсан. Н- гэх хүн надад зарж өгсөн. Үхэр маань 500 000 төгрөг болсон. Би тэр мөнгөө аваад Дорноговь аймгийн Мандах сумруу А- гэх хүний туслах малчингаар явсан. Бямбарагчаа, Лутбаяр, Д- нар хамт ажилласан. Би тэр хүнийг үхрийг хэний үхэр байсныг нь мэдэхгүй. Н- гэх хүн надад гарал үүслийн бичиг авч өгсөн. Үхрийнхээ толгойг нь Н- гэх хүний хашаанд үлдээсэн. Харин арьс мах нь Улаанбаатар хотод зарагдсан...” гэх мэдүүлэг /хх 47 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож бөгөөд шүүгдэгчийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-д 800 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шуугдэгч Х.Х нь хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 # дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Х-гийн Х нь бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Х-ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийг тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүрэгийг биелүүлээгүй,
хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.Х-д анхааруулсугай..
4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Х.Х-ийг тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ Д.