Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00054

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00054

Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т Э О ХХК холбогдох,

 

Цалин олговорт 3 094 517 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос төлвөл зохих 845 945 төгрөгийн шимтгэлийг төлүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орших овогтой Оюунчимэг би “Тэнгэрлэг эх орон” ХХК-ийн Эх орон телевизэд 2015 оны 3-р сараас 2017 оны 10-р сарын 19-нийг хүртэл мэдээний ахлах найруулагч, найруулагч, эвлүүлэгчээр тус тус ажиллаж ирлээ. Энэ хугацаанд эх орон телевизийн мэдээний өнгө төрх, чанар, хийц дээр нь гол анхаарлаа хандуулж сэтгүүлч, зураглаач нартайгаа хамтран зааж зөвлөж өөрөө биечлэн удирдаж мэдээний албыг алба шиг алба болгохын төлөө өөрийн туршлага дээрээ үндэслэн бусад том телевизүүдийн жишигт хүрэхээр шинэ залуу боловсон хүчнээ сургаж ажиллалаа. Бас дан мэдээ гэж туйлшралгүйгээр ажиллах хугацаандаа УИХ-ын гишүүн асан Эх орон телевизын эзэн Дашдэбэрэлийн Бат-Эрдэнийн хөрөг нэвтрүүлгүүд, ”Монгол тэмээ-999” Геннисийн номонд бүртгүүлэх шууд нэвтрүүлгийн найруулагчаар ажиллаж цуврал 2 нэвтрүүлгийг 2 шөнө хонож хийж байлаа. Бас Олон улсын “АСЕМ”-ын шууд дамжуулалтан дээр 7 хоног найруулагчаар ажиллаж байгууллагад 16 сая төгрөгийг оруулж ирсэн, СНЭ-ийн 90 жилийн ойн төлбөрт 2 цуврал нэвтрүүлгүүд, мөн Энэрэл бөөрний эмнэлэг, Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн нэвтрүүлгийг иргэд олон нийтийн санал санаачлагаар хийж хүргэлээ. Бас сүлжээний Хүмүүс байр суурь   40 минутын нэвтрүүлэг, Дэлхийн улс төр 25 минутын нэвтрүүлэг, Гацуурын дэргэд 20 минутын нэвтрүүлэг, Хөрөг нэвтрүүлэг 60 минут/төлбөрт/Германд боловсрол эзэмшсэн анхны 11 залуусын хэлмэгдэлтэнд өртөж амь насаа алдсан тухай гээд төлбөртэй олон нэвтрүүлгүүдийг хийж эх орон телевиздээ өөрийн мэдлэг авьяасаа зориулсан. 2017 оны 2-р сараас Эх орон телевизын захирал А.Машмааг сольж Б.Буян-Өлзий гэх нэгэн залууг захирлаар тавьснаас хойш үндсэндээ Эх орон телевизын программын бодлого алдагдсан гэж хэлмээр байна. Энэ хугацаанд 2017 оны 2-р сараас одоог хүртэл программын алба нь хагас бүтэн сайнд л амралтын өдрийн хөтөлбөр 2 цаг, Та сонжуулах уу 30 минут, ганц 1 шууд дамжуулалтыг хийж бусад өдөрт нь хуучин фондны кино, нэвтрүүлгүүдийг давталтаар гаргасаар ирсэн. Харин 9-р сараас сүлжээний Урагшаа монгол, Сэдвийн гүнд, Өглөө хөтөлбөр, Хүүхдийн үлгэрийн цаг гэх мэт нэвтрүүлгүүдийг хийж эхэлсэн. Харин манай мэдээний албаны хүмүүс долоо хоногийн 1-6 өдөрт тасралтгүй /баяр ёслол сонгуульд/ амралттүй ажиллаж мэдээ мэдээллээ шуурхай бэлтгэсээр ирсэн билээ. Орших овогтой Оюунчимэг би 2017 оны 08-р сарын 01-нээс 09-р сарын 04-нийг хүртэл ээлжийн амралтаа аваад ажилдаа орж ирэхэд албаны дарга н.Баяраа гэх залууг халаад оронд нь Парламент сувгийн хувь эзэмшигч н.Төрмаа гэх эмэгтэйг даргаар тавьсан н.Төрмаа 09-р сарын 10-наас эхлэн манай мэдээний хүмүүст та нар Эх орон тв-ээс гарах өргөдлөө өгөөд Парламент тв-д орох өргөдлөө өг гэх шаардлагыг өдөр болгон тавьсан ба яагаад гэдгийг асуухад Эх орон тв мэдээгүй болж байгаа, Парламент гэх хуучин хаагдсан /2006-2012 он хүртэл ажиллаад/ тв-ын сувгийг дахин сэргээж нээх гэж байгаа гэх хариултыг хэлсэн. Ингээд мэдээний хүмүүсийг шахаанд оруулж хүмүүс өргөдлөө өгч зураглаач бид хоёр Эх орон тв-дээ үлдье гэсэн саналыг захиралд хэлэхэд хариу хэлье гэсэн. 2017 оны 10-р сарын 04-нд өглөө ажилдаа ирэхэд мэдээний өрөөний бүх ширээ сандлыг ачаад хоосон өрөөнд 1 жижиг шүүгээн дээр компьютерийг салгаад, хураасан байсан. Ажлаас халсан тушаал гараагүй байхад юмыг минь авчихсан байна. Би хаана яаж суух юм бэ гээд байж байтал нярав складнаас 1 ширээ сандал оруулж авчирч өгсөн. Ингээд би 10 сарын 05-ны өдөр Б.Буян-Өлзий захирал дуудаад та н.Отгонбаяр захиралтай уулзахад нь Эх орон тв-дээ үлдээд программын албанд нэвтрүүлгүүдийн найруулагч юм уу эвлүүлэгчээр ажиллая гэж хэлсэн. Юу ч байсан хамаагүй хийе ажиллуулах орон тоо байхгүй бол орон тооны цомхотголоор халаад өгвөл нийгмийн даатгалаас ажилгүйдлийн 3 сарын тэтгэмж авах нөхцөл бүрдэх юм байна. 50 нас гарчихсан болохоор тэр болгон ажил олдохгүй. Тийм болохоор дараагийн ажлаа олтол гэнэт халагдсаны мөнгө, 8 сард амарсан амралтын мөнгө хэрэгтэй байна, нийгмийн даатгалын дэвтэрт 2 дугаар сараас өнөөг хүртэл хоосон бичилт хийсэн байна гэж хэлэхэд эргээд надад хариу хэлнэ гээд гаргасан. Үүнээс хойш туслахаас нь өдөр болгон миний асуудлыг яахаар болов гэж асуусан боловч тоймтой хариу хэлээгүй тул өдөр болгон ажилдаа ирж явж, хурууны хээгээ машинд уншуулж байсан. Ингээд 2017 оны 10-р сарын 13-ны баасан гаригийн 17 цагт манай эфирын найруулагч н.Дуламрагчаа цалин орсон байна, таны цалин орсон уу гэхээр нь /утсанд капитрон банкнаас орсон бол мессеж ирдэг/ захирал н.Буян-Өлзийгөөс утсаар яагаад надад цалин ороогүй тухай асуултал юу ч хийгээгүй юм чинь цалин өгөхгүй, таньд хэлсэн гэсэн. Би гайхаад та хүлээж бай гэсэн гэдгийг хэлээд халж байгаа бол тушаал гаргадаггүй юм уу, би 1 дэх өдөр тушаалаа авна гэж хэлээд утсаа тасласан. 18 цаг 40 минутын орчим захирлын нарийн бичиг Б.Лхагвасүрэн гэх хуулийн зөвлөх 2017 оны 9-р сарын 4-нд Эх орон тв-ын мэдээний албыг Парламентийн суваг тв рүү шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан ажилчдыг Парламентийн тв рүү шилжүүлсэн. Одоогоор Эх орон тв-д мэдээний алба байхгүй тул сул зогсоож байгаа. О.О хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажилд шилжин ажиллахаас татгалзсан тул сул зогсолтын хугацаанд олговор олгох боломжгүй болохыг мэдэгдье хуулийн зөвлөх Б.Лхагвасүрэн,Б.Сарантуяа гэсэн албан бичгийг өгсөн. Ингээд О.О миний бие 2017 оны 10 сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл халсан тушаал, цалин ч аваагүй хохироод явж байна. Одоо би ”Эх орон” телевизээс халагдаагүй, намайг ажлаас халсан тушаал гараагүй байгаа болно. Иймд “Эх орон” телевизээс 2017 оны 08-р сард амарсны мөнгө 880 517 төгрөг, хоол унааны мөнгө 88 000 төгрөг, нийт 1 618 517 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлд байгууллагаас төлөх ёстой 845 959 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх хугацааны цалинг нэмэгдүүлж 2017 оны 8 дугаар сарын ээлжийн амралтын мөнгө 880 517 төгрөг, 10 дугаар цалин 650 000, хоол, унааны мөнгө 88 000 төгрөг, 11 дүгээр сарын цалин 650 000, хоол унааны мөнгө 88 000 төгрөг, 12 дугаар сарын цалин 650.000 төгрөг, хоол унааны мөнгө 88.000 төгрөг нийт 3 094 517 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны ээлжийн амралтын мөнгө болох 880 517 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд байгууллагаас төлөх 845 959 төгрөг, нийт 1 726 476 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 10, 11, 12 дугаар сарын цалин, хоол унааны мөнгийг олгох боломжгүй байна. “Тэнгэрлэг эх орон” ХХК нь санхүүгийн хувьд алдагдалтай ажиллаж байгаа тул нийт ажилтнуудын ээлжийн амралтын мөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хугацаанд төлөөгүй болно. Ажил олгогчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргийн дагуу нийт ажилтан, албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэл, ээлжийн амралтын мөнгийг 2018 оны эхний улиралд багтаан олгох боломжтой байна. Яагаад 10, 11, 12 дугаар сарын цалин, хоол унааны мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэвэл н.Буян-Өлзий захирал нь 2017 оны 02 дугаар сард “Тэнгэрлэг Эх Орон” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар “Таван толгой транс” ХХК-ийн захирлын тушаалаар томилогдсон бөгөөд захирал “Гэрэлт плас медиа” группыг байгуулаад энэ группээрээ хэдэн компанийн хувьцааг харьяалалдаа багтааж, телевизийн салбарыг хөл дээр нь босгох гэж байгаа юм. “Тэнгэрлэг Эх Орон” ХХК нь маш их хэмжээний өртэй, ажилчидын цалингаа 3 сараар тавиагүй, дампуурахад бэлэн болсон байсан тул захирал менежментийн шинэчлэл хийгээд 400- 500 сая төгрөг Капитрон банкнаас зээлж, “Тэнгэрлэг Эх Орон” ХХК-ийг хөл дээр нь зогсоохоор ажиллаж байна. Тус тв-н мэдээний алба  үзэгчдийн тоо, хандалт зэрэг үзүүлэлтээрээ маш муу байсан тул улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын улмаас үзэгчид парламентийн мэдээг сонирхож, ихээр үзэж байна гэж дүгнээд Парламентийн суваг телевизийн хувьцааг “Гэрэлт плас медиа” групп эзэмших болсноор н.Буян-Өлзий захирал Парламентийн суваг телевизийн гүйцэтгэх захирлаар давхар 2017 оны 8 дугаар сард томилогдсон. Ингэээд Парламентийн суваг телевизийг би авчихсан болохоор давхар Эх орон телевиз дээр мэдээ гаргах шаардлага байхгүй, байгууллагын санхүүгийн нөхцөл бололцоо маш хүнд байсан учир Парламентийн суваг телевиз рүү мэдээний албыг шилжүүлэх шийдвэр 2017 оны 9 дүгээр сард гарсан. Үүний дагуу мэдээний албаны дарга н.Төрмаа хүмүүстэйгээ хурал хийж мэдэгдэхэд Эх орон телевизийн мэдээний албаны ихэнх хүмүүс хүлээж аваагүй, халагдах өргөдлөө өгөөд маш олон хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн. Зарим хүмүүс Парламентийн суваг телевиз рүү шилжих хүсэлтээ өгөөд ажиллаж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд Парламентийн суваг телевиз рүү шилжихгүй Эх орон телевизд үлдэнэ гэсэн. Эх орон телевиз дээр мэдээний алба байхгүй тул сул зогсох нөхцөл байдал үүсэж байгаа юм. Тэгээд сул зогсолтын үеэр шилжиж ажиллахыг өөрөө хүлээн зөвшөөрөөгүй учраас цалинг олгох боломжгүй. Компаний бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн тухай захирлын тушаал гараагүй учраас орон тооны цомхотголоор халах боломжгүй байсан. Ээлжийн амралтын мөнгөний тухайд гэвэл Эх орон телевизийн нийт ажилчид ээлжийн амралтын мөнгөө аваагүй. Байгууллага мөнгөтэй болсон цагт ээлжийн амралтын мөнгийг өгнө. Ээлжийн амралтын мөнгө, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой Хан-Уул дүүргийн шүүхэд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэл гаргачихсан. Нэхэмжлэлийн дагуу бид эвлэрэх гэж график байгуулаад, эхнээс “Гэрэлт плас медиа” группын зүгээс нийгмийн даатгалын шимтгэлд хуримтлагдсан 40 гаруй сая төгрөгөөс 20 гаруй сая төгрөгийг төлөд явж байна. Өөрөө шилжин ажиллах талаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас цалин, хоол, унааны мөнгө өгөх боломжгүй байна. Мөн энэ хугацаанд ажлаагүй, сул зогссон учраас 10, 11, 12 дугаар сарын цалин, хоол, унааны мөнгө хариуцагчаас гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.О “Тэнгэрлэг эх орон” ХХК-иас 2017 оны  ээлжийн амралтын олговор 880 517 төгрөг, 10, 11, 12 дугаар сарын цалин 1 950 000 төгрөг, хоол унааны нэмэгдэл 264 000 төгрөг, нийт 3 094 517 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлд байгууллагаас төлвөл зохих 845 959 төгрөгийг төлүүлэн дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаарджээ.

 

Хариуцагч “Тэнгэрлэг эх орон” ХХК нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу 2017 оны ээлжийн амралтын олговор 880 517 төгрөг, нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэл 845 959 төгрөгийг төлж, бичилт хийхийг хүлээн зөвшөөрөх боловч нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 2017 оны 10, 11, 12 дугаар сарын цалин, хоол унааны мөнгийг байгууллага сул зогсолтын хугацаанд ажилтанд өөр ажилд түр шилжин ажиллахыг санал болгосон боловч өөрөө татгалзсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.  Тодруулбал,

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч  О.О нь 2015 оноос эхлэн Т Э О ХХК-ний Эх орон телевизийн мэдээний албаны эвлүүлэгчээр ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн болох нь 2017 оны 02 дугаар сарын 17, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдох ба уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна.

Түүнчлэн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Т Э О ХХК-ний гүйцэтгэх захирлын 50 дугаар тушаалаар тус Эх орон телевизийн мэдээний ажилтнууд сул зогсох нөхцөл байдал бий болсноос тус албыг ажилчид, тоног төхөөрөмжийн хамт Парламентын суваг  ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх тушаалыг үндэслэн ажилтанд сул зогсолтын хугацаанд өөр ажлын байр санал болгосон боловч зөвшөөрөөгүй тул цалинг олгохгүй гэж татгалзлаа үндэслэх ба Т Э О ХХК-ний Эх орон телевизийн мэдээ үзэгчдийн хандалт багатай, тус компани санхүүгийн хувьд алдагдалд орсны улмаас ийнхүү шилжүүлсэн гэж тайлбарладаг.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь сул зогсолт гэдэг ойлголт нь ажилтны буруу биш шалтгаанаар буюу түүхий эд, бараа материал тасалдсан, техник тоног төхөөрөмжийн саатал зэрэг шалтгааны улмаас  ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байх нөхцөл байдлыг ойлгодог.

Харин Эх орон телевизийн мэдээ үзэгчдийн хандалт бага, мөн компани санхүүгийн хүндрэлтэй гэсэн үндэслэлээр Парламентын суваг ХХК-д тус албыг шилжүүлснийг ажил олгогчид тухайн ажлын байр байхгүй болж, байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон, мэдээний албаны орон тоо Т Э О ХХК-ний Эх орон телевизээс хасагдсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заасан үүргээ зөрчиж, орон тоо хасагдсан байхад сул зогсолт үүссэн хэмээн буруу тодорхойлж, хоёр тусдаа хуулийн этгээд болох Т Э О ХХК, Парламентын суваг ХХК-ний хооронд ажлын байрыг ажилтантай нь шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн байна.   

Иймд хөдөлмөрийн харилцаан дахь орон тоо хасагдсан, сул зогсолт гэх өөр өөр үр дагавартай харилцааг буруу тодорхойлсны улмаас ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон, түүнчлэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй, гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байх тул нэхэмжлэгч О.О 2017 оны 10, 11, 12 дугаар сарын  цалин олговорыг Т Э О ХХК-иас шаардах эрхтэй.  

Ийнхүү хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа үйл баримт болон ажил олгогчийн хуульд нийцээгүй тушаал шийдвэрийн улмаас ажилтан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх, ажил олгогч зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй байхаар, хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохоор, хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин нь үндсэн цалин нэмэгдэл, шангал урамшууллаас бүрдэхээр, 55 дугаар зүйлийн 55.1-д ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгохоор тус тус зохицуулсанд нийцүүлэн  хариуцагчаас 2017 оны ээлжийн амралтын олговор 880 517 төгрөг, 10, 11, 12 дугаар сарын цалин 1 950 000 төгрөг, хоол унааны нэмэгдэл 264 000 төгрөг, нийт 3 094 517 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлд байгууллагаас төлвөл зохих 845 959 төгрөгийг төлүүлэн дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Т Э О ХХК даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болно.

 Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг зөрчөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтий хураамжаас чөлөөлөгдөх бол нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т Э О ХХК /рд:5391423/-иас 3 094 517 /гурван сая ерэн дөрвөн мянга таван зуун арван долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О-д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг  хариуцагч  Т Э О ХХК-д даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчаас  64 456 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ