Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/222

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0331/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                М.Долгоржав,

Улсын яллагч                                                                 Т.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                              Д.Ц

Шүүгдэгч                                                                          О.М нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О- овогтой М-д холбогдох 1839004520241 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.М нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 95-08 БРА улсын дугаартай “Nissan Tiida” маркын саарал өнгийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2 а, 1.5-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Д.С-н эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.М нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 95-08 БРА улсын дугаартай “Nissan Tiida” маркын автомашинийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний 2.2 а, мөн дүрмийн 1.5-д “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчиж иргэн Д.С-н эрүүл мэндэд хүндэвтэр, өөрийн хүү Б.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.С-н мөрдөн байцаалтанд өгсөн:. ...2018 оны 09 дүгээр сарын 09- ний өдөр 14 цаг өнгөрч байхад Багануураас Хэнтий аймгийн Жаргалтхаан сум орохоор танил М-гийн 95-08 БРА улсын дугаартай “Nissan Tiida” маркын автомашинд суугаад хөдөлсөн. Тухайн үед М машинаа жолоодоод хажууд нь бага хүү нь суугаад, би жолоочийн арын суудалд, миний хажууд 2 том хүүхэд нь суугаад явсан. Тэгээд би гар утсаа оролдоод явж байтал эргэлттэй зам дээр явж байгаад гэв гэнэт унчих шиг болсон. Би тэр үед хэсэгхэн зуур ухаан балартсан байсан ба нэг мэдэхэд танихгүй хүмүүс намайг машинаас татаж гаргаж байсан. Би жолоочийн арын суудалд явж байсан болохоор яг хэдэн киллометр цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Жолооч болон жолоочийн хажууд сууж явсан хүмүүс хамгаалах бүс зүүсэн байсан. Арын суудалд суусан хүмүүс бүс зүүгээгуй. Миний аарцагны яс 2 газар хугаралтай, цээжин хэсэгт хөндүүртэй байна. Нуруу, хүзүү хоёр тухайн үедээ хөндүүрлээд байсан одоо гайгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал /,

Насанд хүрээгүй хохирогч Б.Г-ийн мэдүүлэг... /хх-ийн 21 тал/,

Гэрч О.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай төрсөн эгч О.М нь надруу утсаар залгаад Багануур дүүргийн эрүүл мэндийн төврүү оч, би очиж байна гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиход М эгч ирээгүй байсан. Тэгээд удалгуй М эгч Цэнхэрмандал сумын эмчийн машинтай ирсэн. Тэгээд би эгчтэй уулзахад машинтайгаа аваарт орчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 тал/

Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2018 оны 09 дүгээр сарын 09- ний өдөр постонд үүрэг гүйцэтгэж байхад 17 цагийн үед Хэнтий аймгийн Цагдаагийн шуурхай удирдлагын албанаас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Замчны овооны урд эргэдэг хэсэг өнгөрөөд 95-08 БРА улсын дугаартай автомашин онхолдсон байна. Яаралтай хэргийн газар оч гэж хэлсэний дагуу хувийнхаа машинтай очиход Замчдын овооны урд 95-08 БРА улсын дугаартай “Nissan Tiida” автомашин онхолдсон. Хэргийн газар очиход машиний цаад талд машиний ард сууж явсан гэх С- гэх хүн хөдөлж чадахгүй дээшээ хараад хэвтэж байсан. 8 настай хүүхдийнхээ хажууд залбираад би хүүхдээ алчихлаа гээд залбираад 2 хөл дээрээ сөхрөөд сууж байсан. Тэгээд би энэ машинийг хэн жолоодож явсан гэж асуухад тэр нөхрийн машин байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад машин онхолдчихов гэж асуусан чинь дээрээс хурдтай орж ирээд тойрогтоо багтаагүй шарваад онхолдсон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/

Шинжээчийн №348 дугаартай

-  Д.С-гийн биед баруун талын сүүжний ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

-  Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл

мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна    Дээрх

гэмтэл тухайн цаг үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл... гэх дүгнэлт /ХХ-ийн 36 дугаар хуудас/

Шинжээчийн №11267 дугаартай

-  Б.Г-ийн биед дагз яс лямба заадас доош хөхлөг сэртэн дайран суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархайн суурийн эд, зүүн хажуугийн ходлын цусан хураа, няцрал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндий, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, баруун хацар, чих, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалганы зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо  Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

-  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-т тус тус зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.С-н биед хүндэвтэр хохирол, хохирогч  Б.Г-ийн биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Д.С- нь 2.000.000 төгрөг нэхэмжилсэн, хохирогч Б.Г-ийн хууль ёсны төлөөлөгч Д.О- нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр нь “...95-08 БРА улсын дугаартай “Ниссан Тийда” маркын автомашины эзэмшигч Д.Болдбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр зээлээ бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд ородцлохгүй...” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжпэгч болон хохирогч Б.Г-ийн хууль ёсны төлөөлөгч Д.О- нарт төлөх төлбөргүй гэж үзэв. Харин шүүгдэгч нь хохирогч Д.С-д учруулсан хохирлоос эмчилгээний зардалд 550000 төгрөг, бусад зардалд 500000 төгрөг төлөхөө сайн дураараа шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгчээс нийт 1050000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч Д.С-гийн бусад нэхэмжлэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, холбогдох баримтуудыг хохирогч шүүхэд ирүүлээгүй тул хангах боломжгүй ба бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжпэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.                                                                                                                                              Шүүгдэгч Б овогт О-ын М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.                                                                                                                                              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3.                                                                                                                                              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4-т зааснаар шүүгдэгч О.М-г оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, тэнсэгдсэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай.

4.                                                                                                                                              Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүaлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг О.М-д мэдэгдсүгэй.

5.                                                                                                                                              Монгол Улсын Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч О.М-гийн тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албаданыг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.                                                                                                                                              Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-гаас эмчилгээний болон бусад зардалд 1.050.000 төгрөг гаргуулж хохирогч Д.С-д олгосугай

7.                                                                                                                                              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч Д.С- нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжпэх эрхтэй болохыг дурдсугай.

8.                                                                                                                                              Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.                                                                                                                                              Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                      Д.ГАНЗОРИГ                                                                         Д.