Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/00135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, .....овогт Б.О /Регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: тоотод оршин суух .... овогт С.Н /Регистрийн дугаар: /-д холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 1.402.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Б.О би С.Нтэй 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Анх өдөр бүр 64.000 төгрөг төлье гэж тохирсон ч хугацаандаа төлөөгүй. Гэрээний хугацаа дууссанаас хойш бөөн нэхэл дагуулж болж байж 10.000 төгрөг, 20.000 төгрөгөөр цувуулж 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байдлаар 1.050.000 төгрөг төлсөн. 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойш үндсэн мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүйгээс гадна хүүгээ ч төлөхөө больсон. Иймд үндсэн зээл 950.000 төгрөг, хүү 212.800 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алдангийг 2017 оны 8 дугаар сарын 13-наас 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 84 хоногийн алданги 239.400 төгрөг, нийт 1.402.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Мөнгийг өгч авахдаа бид баримт үйлдэж байгаагүй. 2017 оны эхээр 456.000 төгрөг авсан нь үнэн. Уг мөнгийг үндсэн зээлд төлсөн 1.050.000 төгрөгт тооцож хассан байгаа. Мөн өдөр бүр бага багаар мөнгө өгдөг байсан ч 500.000 төгрөг өгөөгүй харин багцаагаар 200.000 төгрөг л өгсөн. Уг мөнгийг хүүнд тооцсон.

Анх 2.000.000 төгрөгний гэрээ байгуулаад хүүнд 160.000 төгрөгийг урьдчилж тооцож авсан тул бодитоор 1.840.000 төгрөг олгосон гэдэгт маргахгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 790.000 төгрөг, алдангийг энэ дүнгээс тооцож багасган 270.180 төгрөг, нийт 1.060.180 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд С.Нээс 1.060.180 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: С.Н миний бие 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Отай зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлхээр тохиролцсон. Гэтэл гэрээ байгуулагдах үед Б.О нь шууд 1 сарын хүүг суутгаж авлаа гээд надад 1.840.000 бэлнээр өгсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээдлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасан байдаг учир энэ зээлийн гэрээг 1.840.000 төгрөгөөр байгуулсан гэж үзэхээр байна. Тиймээс 2.000.000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулагдаагүй учир  хүү, алданги төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна. Би Б.Од 2017 оны 01 дүгээр сараас эхлэн хүү гэж сар бүр 50.000 төгрөгийг төлж байсан бөгөөд 2017 оны 10 сар хүртэл нийт 500.000 төгрөгийг хүүнд төлсөн. Мөн үндсэн мөнгөнөөс 1.050.000 төгрөгийг төлсөн. Б.О миний ажилладаг байгууллагад түрээсээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд нэг удаа түрээсээ төлөлгүй миний цалингаас 456.000 төгрөг суутгуулж авсан. Иймд миний төлсөн мөнгө нийт 2.006.000 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.О нь С.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.402.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 790.000 төгрөг, алданги 270.180 төгрөг нийт 1.060.180 төгрөг болгон багасгаж байх тул шүүх энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэг талаас Б.О, нөгөө талаас С.Н нар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 8 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,3 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. /хх 7/

Дээрх гэрээний дагуу бодитоор 1.840.000 төгрөг шилжүүлсэн, үндсэн зээлд 1.050.000 төгрөг эгүүлэн төлсөн гэдэгт талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282.4 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох”-оор заасан байх тул тухайн өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 1.840.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч хүүнд 500.000 төгрөг, 2017 оны эхээр 456.000 төгрөг тус тус төлсөн гэж, нэхэмжлэгч нь хүүнд 200.000 төгрөг хүлээн авсан, 456.000 төгрөг нь хүлээн авсан 1.050.000 төгрөгт багтсан гэж маргав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, дээрх тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хүүнд 200.000 төгрөг төлсөн гэж үзэв. Түүнчлэн 456.000 төгрөг нь нэхэмжлэгчийн үндсэн зээлд хүлээн авсан 1.050.000 төгрөгөөс тусдаа гэдгийг хариуцагч мөн баримтаар нотлоогүй.

Гэрээгээр талууд сарын 8 хувийн хүү төлөхөөр тохиролцсон тул 200.000 төгрөгийг хүүнд тооцон авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг мөн буруутгах боломжгүй.

Хариуцагч бичгээр байгуулсан гэрээгээр хүү алданги тохиролцсон ч бодитоор байгуулагдсан 1.840.000 төгрөгийн зээлийн хувьд хүү, алданги тохиролцоогүй тул төлөх үндэслэлгүй гэж тайлбарлав. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр байгуулсан, гэрээгээр 2.000.000 төгрөг шилжүүлэхээр тохиролцсон ч бодитоор 1.840.000 төгрөг шилжүүлсэн явдал хүү, алдангийг тохиролцоогүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгчийн шилжүүлсэн 1.840.000 төгрөгөөс эргүүлэн төлсөн 1.050.000 төгрөгийг хасч үлдэх 790.000 төгрөг, алданги 270.180 төгрөг /790.000 төгрөг*0,3 хувь* 2017.07.13-с 11.07 өдөр хүртэлх 117 хоног/ нийт 1.060.180 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                        

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Нээс 1.060.180 /нэг сая жаран мянга нэг зуун наян/ төгрөгийг гаргуулж Б.Од олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 29.994 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ