Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 182/2018/01276/И |
Дугаар | 001/ХТ2021/00009 |
Огноо | 2021-01-06 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2021/00009
2021 01 06 001/ХТ2021/00009
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00673 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1178 дугаар магадлалтай,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Сүзүки Монголиа ХХК,*******,******* нарт холбогдох,
Гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 277 956 248 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь******* ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 1603/1 тоот Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр******* ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй Блю жем 4 цогцолборын барилгад 8 ширхэг цахилгаан шат, 6 ширхэг урсдаг шат бэлтгэн нийлүүлж, угсарч суурилуулах, ******* ХХК нь гэрээний үнийг гэрээнд заасан журмын дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээний нийт үнийн дүн нь гэрээний зүйл 8 ширхэг лифт, 6 ширхэг урсдаг шатны үнэ, угсарч суурилуулах ажлын хөлс, татвар, тээврийн зардлын хамт 1 017 946 160 төгрөг байхаар тус гэрээний 2.1-2.4 дүгээр зүйлд заасан.
Үүний дагуу ******* ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 8 сарын 11-ний өдрийн хооронд 487 746 000 төгрөгийг төлсөн. Гэвч******* ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажпын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар харилцан ярилцаад 6 ширхэг урсдаг шатыг авахаас татгалзаж, 8 ширхэг цахилгаан шат авахаар болсон. Тус тохиролцооны дагуу 2017 оны 7 сарын 5-ны өдөр Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажпын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, цахилгаан шатны үнэ, угсарч суурилуулах хөлс, татвар, тээврийн зардлыг оролцуулан 8 ширхэг цахилгаан шат угсарч, нийлүүлэх үнийг нийт 581 683 520 төгрөг буюу нэг цахилгаан шатны үнийг 72 710 440 төгрөг байхаар тооцоолсон.
Мөн******* ХХК-ийг үүрэгжүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэмэлт гэрээний 2.1-д Гэрээний үлдэгдэл дүн болох 120 000 000 төгрөгийг шилжүүлснээс хойш 45 хоногийн дотор барилгын талбай дээр 5,6,7,8 дугаар лифтүүдийг бүрэн хүлээлгэн өгөх. Хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 4 ширхэг нийлүүлээгүй лифтний үнэ 290 841 760 төгрөгөөс 0.5%-ийн алдангийг тооцно, 2.2-т дээрх заасан хугацаанд гүйцэтгэгч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд төлсөн нийт дүнгийн үүрэг гүйцэтгээгүй үнийн дүнгээс /өгсөн бартер болон бэлэн мөнгө/ анз 0.5%-ийн алдангийг бэлнээр үл маргах шугамаар төлнө гэж тохиролцсон боловч мөн л гэрээгээ хэрэгжүүлээгүй.
Сүзүки Монголиа ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2 ширхэг цахилгаан шат, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2 ширхэг цахилгаан шатыг хүлээлгэн өгсөн. Ингээд нэхэмжлэгч нь 2017 оны 4-р сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үлдэх 4 ширхэг цахилгаан шатыг худалдан авахаас татгалзаж, гэрээний дагуу цахилгаан шатны үнэд шилжүүлсэн мөнгө 350 000 000 төгрөгөө буцаан авах буюу үүнийгээ хохирол гэж тодорхойлсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Зохигчид Эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Эвлэрлийн гэрээний агуулгыг хавтаст хэргийн 60-р талд авагдсан шүүгчийн захирамжид тодорхой заасан. Эвлэрлийн ерөнхий агуулга нь******* ХХК нь эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор цахилгаан шатыг угсарч суурилуулж хүлээлгэн өгнө гэсэн учраас гэрээнээс татгалзалгүйгээр гэрээний үндсэн үүргээ биелүүлэх боломжийг хариуцагчид олгосон. Үүний дагуу 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан.
Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа боловч үлдэгдэл 4 цахилгаан шатны 1 ширхэгийг өнөөдрийг болтол огт нийлүүлээгүй, 3 ширхэг цахилгаан шатыг 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр л хүлээлгэн өгсөн боловч өнөөдөр ч хэвийн байдлаар ажиллагаанд оруулаагүй байна.
Сүзүки Монголиа ХХК-тай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 1603/1 тоот Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ, 2017 оны 7 сарын 5-ны өдрийн Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын 1603/1 тоот гэрээний нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир дээр дурдсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон өдрөөс хойшхи хугацаанд учирсан хохирлоо нэхэмжлэх эрх бидэнд нээлттэй байгаа.
Иймд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 300 000 000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчийн зүгээс шүүгчийн захирамжаар эвлэрсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй ба цаг хугацааны хувьд ч эвлэрлийн гэрээ байгуулснаас хойших хугацаанд хариуцагч үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байгааг шүүх анхаарч үзнэ үү.
Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын задаргаагаа алданги 213 094 628 төгрөг, ус, дулаан, цахилгааны төлбөрийн зөрүү 86 905 380, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан өгөөгүйн улмаас учирсан хохирол 45 629 988 төгрөг, нийт 345 629 996 байхаар тайлбарласан.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу ******* ХХК-иас дараах байдлаар нэхэмжлэл, нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж, шаардлагаа өөрчилж байна. Үүнд:
1. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс ажилласан боловч цахилгаан шатнууд угсарч суурилагдаагүй байсны улмаас барилгыг ашиглалтад оруулаагүй бөгөөд уг ажлыг гүйцээж хийх үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ нь Улсын комиссын актад комиссын бүрэлдэхүүнээс Өргөх байгууламжийн хяналтын инженер гарын үсэг зураагүй байдлаар нотлогддог. Ганцхан барилгын цахилгаан шат угсарч суурилагдаагүйн улмаас маш их хүлээлттэй байсан байрны захиалагч нарыг хохироох боломжгүй учраас орон сууц захиалагчид, тэдгээрийн гэр бүлийг орон сууц руу нүүж орохийг зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан ба энэ нь ч тухайн нөхцөл байдалд тохирсон олон иргэдийг хохироож, чирэгдүүлэхгүй байх зөв шийдвэр байсан. Улсын комисс 2 дахь удаагаа барилга дээр ажиллаж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 2018/121 дүгээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт үйлдэгдэн гарсан. Барилгыг улсын комисс хүлээн авах хүртэл тухайн байрны ус, дулаан, цахилгааны төлбөрийг аж ахуй нэгжийн үнийн тарифаар тооцсон бөгөөд манай компани хариуцагчийн буруугаас айл өрх ба аж ахуй нэгжийн тарифын зөрүүгээр хохирсон.
******* ХХК-иас ус, дулаан, цахилгааны төлбөрт 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 116 789 815 төгрөгийг төлсөн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 30-52 дугаар талд авагдсан баримтаар нотлогддог. Барилгыг Улсын комисс хүлээн авсны дараа оршин суугчид үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулан авч, хэрэглэгчээр бүртгүүлэн тус тусын ашигласан ус, дулаан, цахилгааны төлбөрийг айл өрхийн тарифаар төлж байгаа. Иймд Иргэний хуулийн 261.1, 219.1.1, 219.1.2 дугаар зүйлд заасны дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан Блю жем 4 цогцолборын барилгын 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны ус, дулаан, цахилгааны төлбөрийн айл өрхийн болон аж ахуй нэгжийн тарифын зөрүүнээс учирсан хохиролд 86 905 380 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Хамрах хугацааны хувьд Улсын комисс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр анх ажиллахад цахилгаан шат бүрэн угсрагдсан байсан бол уг зардал гарахгүй байсан. Иймд уг 2017 оны 7 дугаар сараас барилгыг Улсын комисс хүлээн авсан 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрөөс өмнөх хугацааны буюу 2018 оны 3 дугаар сарын хэрэглээний төлбөрийг нэхэмжилж байна.
2. 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 1603/1 тоот Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээний нэмэлт өөрчлөлтөөр буюу 2017 оны 7 сарын 5-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээний 2.1-д Гэрээний үлдэгдэл дүн болох 120 000 000 төгрөгийг шилжүүлснээс хойш 45 хоногийн дотор барилгын талбай дээр 5,6,7,8 дугаар лифтүүдийг хүлээлгэн өгөх, хугацаа хэтэрсэн хоног тутам төлсөн нийт дүнгийн үүрэг гүйцэтгээгүй үнийн дүнгээс 4 ширхэг нийлүүлээгүй лифтнээс /290 841 760 төгрөгөөс тооцох/ анз 0.5%-ийн алдангийг тооцно, 2.2-1 дээрх заасан хугацаанд гүйцэтгэгч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд төлсөн нийт дүнгийн үүрэг гүйцэтгээгүй үнийн дүнгээс /өгсөн бартер болон бэлэн мөнгө/ анз 0,5%-ийн алдангийг бэлнээр үл маргах шугамаар төлнө гэж алдангийн талаар талууд тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5% хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэнтэй нийцэж байгаа юм.
******* ХХК нь дээр дурдсан 120 000 000 төгрөгийг хариуцагчийн хүсэлтээр захирал*******гийн Хаан банкны 5077227267 дансруу 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шилжүүлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Харин Зохигчид 2017 оны 10 сарын 31-ний өдөр харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 сарын дотор үлдэгдэл 4 ширхэг лифтийг зохих ёсоор буюу улсын комисст хүлээлгэн өгч, комиссын дүгнэлтэд гарын зуруулахаар харилцан тохиролцож, үүнийгээ 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Иймд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 1 сарын дотор үүргээ бүрэн гүйцэтгэх нэмэлт хугацааг хариуцагчид олгосонд тооцогдох юм. Энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно гэсэнтэй нийцэж байгаа юм.
Иймд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 3 ширхэг цахилгааны шатыг хүлээлгэн өгсөн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 290 841 760 төгрөгөөс 0.5%-иар алданги тооцвол 290 841 760*0.5%=1 454 208x245 хоног=356 280 960 төгрөг. Энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу 145 420 880 төгрөгийн алданги нэхэмжилж байна.
3. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хугацаандаа өгөөгүйн улмаас 45 629 988 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч нь НӨАТ-ын баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхөөр хүлээн зөвшөөрсөн тухай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид дурдагдсан.
Энэ нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу хариуцагч нь НӨАТ-ын баримтыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх ёстойгоо хүлээн зөвшөөрснийг нотолсон баримт юм. Гэвч хариуцагч нь уг үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч нь одоо НӨАТ-ын баримтыг биш харин НӨАТ-ын тухай хуулийн дагуу худалдан авсан бараа, ажил үйлчилгээндээ төлсөн НӨАТ-ыг төсөвт төлөх албан татвараасаа хасч чадаагүйн алдагдал буюу төлөх ёсгүй албан татвар төлсөн хохирлоо нэхэмжилж байгаа болно. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 дугаар зүйлд заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар... хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр ... шүүгчийн захирамж байгаа гэх үндэслэлд хамаарахгүй. Харин 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан борлуулалтын орлогын дүнгээр НӨАТ-ын падааныг өгөх ёстой болохыг тогтоосон баримт юм. Энэ нь ИХШХШТХ-ийн 40.4-т заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нотлох баримтаар үнэлэгдэх үйл баримт юм.
Иргэний хуулийн 243.1, 261.1, 219.1, 219.2, 232.6 дугаар зүйлүүдийн дагуу ус, дулаан, цахилгааны төлбөрт төлөх ёсгүй байсан 86,905,380 төгрөгийн хохирол, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алданги 145 420 880 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.3-т заасны дагуу******* ХХК нь борлуулсан барааныхаа НӨАТ- ын баримтыг борлуулалт хийсэн тухай бүр худалдан авагчид өгөөгүйн улмаас худалдан авагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1, 14.1.1-т заасны дагуу төсөвт төлөх албан татварын дүнгээс хасалт хийх боломжгүй болж, улмаас төсөвт төлөх ёсгүй НӨАТ төлж хохирсонд 45 629 988 төгрөг, нийт 277 956 248 төгрөгийг нэхэмжилж байна. Харин анх нэхэмжилсэн 300 000 000 төгрөгөөс үлдэх 22 043 752 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буюу уг дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Иймд******* ХХК-иас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөний хохиролд 277 956 248 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Тухайн нэхэмжлэл нийт 3 хариуцагчтай. Гэтэл******* ХХК-иас 300 000 000 төгрөгийн хохирол шаардсан байна. Иргэн*******,******* нараас юу шаардаж байгаа нь тодорхойгүй.
2. Манай компани нь 2016 оны 03 сарын 02-ны өдөр Цахилгаан шат нийлүүлж угсарч суурилуулах ажлын гэрээг ******* ХХК-тай байгуулсан. Тухайн гэрээнд нийт 8ш лифт, 6ш урсдаг шат нийлүүлэн угсарч суурилуулахаар тохирсон.
Захиалагч талын санхүүжилт цаг хугацаандаа төлөгдөөгүй, санхүүжилт байхгүйн улмаас эхний ээлжинд 8ш лифтээ татан оруулах болж 2017 оны 07 сарын 05-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайн гэрээгээр 6ш урсдаг шат цуцлагдаагүй хүчинтэй хэвээр байх ба үндсэн гэрээгээр зохицуулагдахаар тохирсон. Бид тухайн 6ш урсдаг шатыг үйлдвэрлүүлэхээр БНХАУ-д 2016 оны 04 сард захиалгын хуудас баталгаажуулан гэрээ хийж үйлдвэрлэлтийг эхлүүлэхэд 20 400 ам долларын зардал гаргасан. Гэтэл захиалагч нь өөрсдөө дур зоргоороо үйлдвэрлэлтэнд хийгдсэн урсдаг шатуудыг авахаа больж гэрээнд өөрчлөлт оруулалгүйгээр өөр газартай гэрээ хийсэн байдаг. Үүнээс болж манай компани урьдчилгаанд төлсөн 20 400 ам долларыг авах боломжгүй болсон. Үүнийг бид нэхэмжлэгч талаас шаардах болно.
3. 8ш лифтний ажлыг хугацаанд нь хийгээгүйн улмаас учирсан хохиролтой холбоотой шаардлагыг 2017 оны 10 сарын 31-ны өдрийн 182/ШШ2017/02070 дугаар Зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл шүүх нэгэнт шийдвэрлэснээс хойно дахин хохирол шаардах нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д нийцээгүй. Бид тухайн захирамжаар хүлээсэн үүргээ 8-р лифтнээс бусад хэсгийг бүрэн биелүүлсэн. Харин 8-р лифтний ажлыг гүйцэтгэхэд эд хөрөнгө, данс битүүмжилсэн явдал нөлөөлж байна. Гэхдээ энэ үүргээ хэрэгжүүлнэ.
4. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа хохирол гэх 300 000 000 төгрөг нь хариуцагч нарын чухам ямар буруутай ажиллагааны улмаас гарсан зардал болох нь тодорхойгүй. Хэрхэн яаж тооцож энэ дүнг гаргасан нь ойлгомжгүй байна. Иргэний хуульд зааснаар захиалагч нь Иргэний хуулийн 227.3, 352.2.2-т зааснаар хохирол шаардах эрхтэй байдаг.
5. 6.7.8-р лифтний үнийн илүү төлөлт 124 193 800 төгрөг шаардаж байна. Гэтэл манайх 6, 7 дугаар лифтний ажлыг хийж гүйцэтгэсэн, харин 8-р лифтийг хийгээгүй байна. Гэхдээ энэ асуудлыг шүүх шийдвэрлэсэн тул Иргэний хэргийн 352.2.3-т зааснаар шаардлага гаргах эрхгүй.
6. Алданги 229 037 760 төгрөгийг шүүхийн 182/ШШ2017/02070 дугаар бүхий шийдвэрээр 2017 оны 11 сарын 31-ний дотор 5,6,7,8-р лифтний ажлыг хүлээлгэн өгөх хугацаанд тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 08 сарын 21-ний өдрөөс 2018 оны 03 сарын 21-ны өдрийг хүртэл 210 хоногийн алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь 5,6,7-р лифт угсрагдсан, 8-р лифт угсрагдаагүй учир 4ш лифт угсрах үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гарснаар гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч нэмэлт үүрэг, алданги шаардах эрхгүй. Шүүх ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр гүйцэтгэгчээс хохирол шаардсан нэхэмжлэл шүүхэд гаргаж, шүүх шийдвэрлэсэн тул гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд аль ч үндэслэлээр шаардах эрхгүй.
7. 36 000 000 төгрөг нь шүүхийн шийдвэрээс өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул Иргэний хуулийн 240.1.5 заалтын дагуу, мөн баримтаар нотлогдохгүй байгааг мөн анхаарна уу.
8. 86 905 380 төгрөг нь Барилгын тухай хуулийн 37.6 заалтыг зөрчсөн нь нэхэмжлэгчийн өөрийнх нь үйлдлийн улмаас гарсан үйлдэл, мөн үндэслэл тооцоо тодорхойгүй зардлыг хариуцагч төлөх хууль зүйн ямар ч үндэслэлгүй.
9. НӨАТ болох 44 340 545 төгрөг нь НӨАТ-ын баримт өгөөгүйгээс энэ хэмжээний мөнгөөр хохирсон гэж үзэхгүй. Гэрээ дүгнэгдэж дууссаны дараа өгөх баримт тул тухайн үедээ НӨАТ-ын буцаан авалтаа авах боломжтой тул хохирол гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
******* ХХК нь******* ХХК,*******,******* нарт холбогдуулан 2017 оны 05 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол болох 400 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд зохигч талууд хоорондоо эвлэрч 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаартай шүүгчийн захирамж гарсан байдаг.******* ХХК, болон******* миний зүгээс 2017 оны 10 сарын 31 өдрийн 182/ШШ2017/02070 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой ажлыг хийж гүйцэтгэж дуусч байгаа болно.
Уг захирамжийн Захирамжлах хэсгийн 4 дэх хэсэгт захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай гэсэн захирамж гарсан бөгөөд******* ХХК-ний зүгээс гэрээний үүргээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийж гүйцэтгэж байгаа болно.
Иймд ******* ХХК-ийн 2018 оны 03 сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Иргэн*******ын ямар буруутай үйл ажиллагаанаас болж ******* ХХК нь хохирсон болох нь тодорхойгүй.
2.******* ХХК нь ******* ХХК-тай 2016 оны 03 сарын 02-ны өдөр гэрээ баталгаажуулсан ба тухайн гэрээнд******* нь оролцоогүй. Тухайн гэрээний маргааныг 2017 оны 10 сарын 31-ний өдрийн шүүхийн захирамжаар эцэслэн шийдвэрлэж хариуцагч 2 тал 182/ШШ2017/02070 тоот Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэгэнт шийдвэрлэгдсэн. Тухайн захирамжид хариуцагч*******тай холбоотой нэг ч өгүүлбэр байхгүй. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр хариуцагчаар татан оролцуулж байгаа нь хуульд нийцэхгүй.
3. Хариуцагч*******аас яг юу шаардаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, тухайн хэрэгт холбогдолгүй байхад хариуцагчаар татан оролцуулж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна.
4.*******ын нэр дээр шилжүүлсэн гэх Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 2 давхрын 13 тоотын 52.43 м.кв орон сууцыг ******* ХХК нь 2016 оны 03 сарын 02-ны өдрийн Цахилгаан шат нийлүүлж угсрах ажлын гэрээний дагуу шилжүүлэгдэх төлбөр мөн. Тухайн төлбөрийн дагуу хийгдэх ажлыг******* ХХК нь хийж гүйцэтгэсэн. Иймд тухайн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00673 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.1-д заасны дагуу хариуцагч******* ХХК-аас 34,684,620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 243,271,628 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч*******,******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас 331,373 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1178 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 146 158 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00673 дугаар шийдвэрийн зарим хэсгийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1178 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Магадлалын үндэслэх нь хэсгээс харахад давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан хууль зүйн үндэслэлээс өөр байдлаар дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах журмаар гаргаж байсан гомдолтой агуулгын хувьд адил байдлаар хяналтын журмаар гомдол гаргаж байгаа билээ.
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч нарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны ус, дулаан, цахилгааны төлбөрийн айл өрхийн болон аж ахуй нэгжийн тарифын зөрүүнээс учирсан хохиролд 86 905 380 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 3 ширхэг цахилгаан шатыг хүлээлгэн өгсөн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх 245 хоногт 145 420 880 төгрөгийн алданги, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хугацаандаа өгөөгүйн улмаас татвар төлж хохирсон 45 629 988 төгрөг нийт 277 956 248 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс ус, дулаан, цахилгааны төлбөрт 34 684 620 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн.
Харин нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: ус, дулаан, цахилгааны төлбөрийн айл өрхийн болон аж ахуй нэгжийн тарифын зөрүүнээс учирсан хохирол 86 905 380 төгрөг нэхэмжилснээс хэрэгсэхгүй болгосон 52 220 760 төгрөг, алданги 145 420 880 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг, нэхэмжлэлээс нийт 197 641 640 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. ******* ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамжинд 16 давхар Блю жем-4 үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тухайн барилга дээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс ажилласан боловч зөвхөн цахилгаан шатнууд угсарч суурилагдаагүйн улмаас барилгыг ашиглалтад оруулаагүй. Энэ нь Улсын комиссын актад комиссын бүрэлдэхүүнээс өргөх байгууламжийн хяналтын инженер гарын үсэг зураагүй. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан. /2 дахь хавтаст хэргийн 10-р тал/, Анхан шатны шүүх энэ талаар өргөх байгууламжтай холбоотой аливаа асуудлаас шалтгаалан барилгыг хүлээн авах комиссын дүгнэлт бүрэн баталгаажаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна гэж зөв дүгнэлт хийсэн. Гэвч шүүх Барилгын тухай хуулийн 48.2-т Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харьцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно, 48.3-т гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж тус тус заасан байна. Иймд захиалагчдыг ашиглалтад хүлээн аваагүй барилгад оруулахаар шийдвэрлэж хуулийн эдгээр зохицуулалтыг зөрчсөн үйлдлийг нэхэмжлэгч гаргажээ гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн шаардлагаас 52 220 760 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.
Шийдвэрийн үндэслэл болсон энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Учир нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улсын комисс барилга дээр ажиллахад барилга бүрэн дууссан байсан ба зөвхөн цахилгаан шатнууд угсарч суурилагдаагүй байсан. Иймд олон сар, жил орон гэртэй болохыг хүлээсэн байр захиалагч нарыг хохироох боломжгүй учраас орон сууц захиалагчид, тэдгээрийн гэр бүлийг орон сууц руу нүүж орохыг зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан ба хэрвээ цахилгаан шат угсрагдаж суурилагдтал хүлээнэ гэвэл өнөөдөр ч айл өрхүүд орон сууцандаа орж чадахгүй байсан нь хариуцагч өнөөдөр ч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байгаа байдлаар нотлогдоно.
Харин Барилгын тухай хуулийн 48.2 дахь заалт нь ус, дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудад хамааралтай заалт байхад манай компанийг цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар хангасан гэх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч******* ХХК үүргээ зохих ёсоор хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан шууд хохирол 86 905 380 төгрөгийг Иргэний хуулийн 261.1, 219.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу бүхэлд нь хариуцагч хариуцах ёстой гэж үзэж байна.
Шүүх алдангид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэртээ үндэслэлээ заахдаа: Алданги нь гэрээний эрх зүйн хариуцлагын нэгэн хэлбэр бөгөөд үндсэн үүргийн дагалдах эрхийн шинжтэй нэмэгдэл үүрэг юм. Алданги тооцохоор заасан маргаан бүхий гэрээний үндсэн үүргийн зөрчлийн талаарх нэхэмжлэлийн шаардлага болоод түүнд холбогдох алдангийн талаар нэгэнт хэлэлцэж, хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Хэдийгээр энэ удаагийн нэхэмжлэлийн шаардлагын хамрах хугацаа өөр байх боловч алданги тооцох үндсэн үүргийн зөрчлийг шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн тул алдангийг дангаар дахин хянах хууль зүйн боломжгүй гэжээ.
Энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар******* ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1603/1 дугаартай цахилгаан шат нийлүүлж угсрах суурилуулах ажлын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар үлдэгдэл 4 ширхэг буюу 5, 6, 7, 8-р лифтийг эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор барилгын талбай дээр авчирч, угсарч бэлэн болгож, МХЕГ-аар магадлагаа гаргуулж өгөх үүргийг хүлээсэн. Эндээс дүгнэхэд шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээний агуулга нь зохигчид гэрээний үүргийг дуусгавар болгосон агуулгагүй харин 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 1 сарын дотор үүргээ бүрэн гүйцэтгэх нэмэлт хугацааг******* ХХК-д олгосон гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно гэсэнтэй нийцэж байгаа юм.
Иргэний хуульд заасан үндсэн үүрэг дуусгавар болоогүй байхад үндсэн үүргийг дуусгавар болсон мэтээр дүгнэсэн нь Иргэний хуулийн 9.4.3, 9.4.6-т заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэгжүүлэхээс татгалзсан үйлдэл болсон. Нөгөө талаас шүүх шийдвэртээ Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр гэж санаатайгаар буруу бичсэн.
Иймд******* ХХК-иас 197 641 640 төгрөгийг гаргуулж энэ тухай өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэр, магадалд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 00673 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх заалт, тогтоох хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1178 тоот магадлалын хянавал хэсгийн: ...Сүзүки Монголиа ХХК-иас 34 684 620 төгрөгийг нэхэмжлэгч талд учирсан хохирол гэж үзэж гаргуулахаар заасан заалтыг буруутгах үндэслэлгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул тус шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна.
2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 00673 тоот шийдвэрийн: Үндэслэх хэсгийн 4 дэх заалтад 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улсын комисс ажиллах үеэр өргөх байгууламж шаардлага хангасан байсан бол барилгыг "Улсын комисс" байнгын ашиглалтад авах боломжтой байсан. Энэ тохиолдолд Өү энд Би эн ХХК-ийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төлөх харилцаа дуусгавар болох байсан гэх үндэслэлийг заагаад ... Барилгын ерөнхий захиалагч аж ахуй нэгжийн түр ашиглалтад зориулан хүлээн авах байсан цахилгаан, дулаан, усны төлбөрийг хохирсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Мөн аж ахуй нэгжийн тарифаар төлсөн үнийн дүн болох 121 590 000 төгрөгийн тооцоололд хариуцагч тал маргаагүй гэх үндэслэл заагаад 121 590 000 төгрөгнөөс айл өрхийн хэрэглээний дүн гэх 86 905 380 төгрөгийг хасч 34 684 620 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гээд шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтаар******* ХХК-аас 34 684 620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Өү энд Би эн ХХК-д олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, гомдол гаргах хугацаа дуусах өдрийн 17:00 цаг дуусч байхад анхан шатны шүүхэд өгсөн боловч ажлын цаг дууссан гээд хүлээж аваагүй. Хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан захирамж гарснаар хариуцагч тал давж заалдах гомдлын асуудлаа хэлэлцүүлж чадаагүй болно.
Анхан шатны шүүхийн 00673 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн: Хариуцагч******* ХХК-иас 34 684 620 төгрөг гаргуулан Өү энд Би эн ХХК-д олгох гэж шийдвэрлэсэн заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1178 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна.
Шат шатны шүүхүүд дүгнэхдээ 34 684 620 төгрөгийг Монгол Улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол гэж үзсэн. Тэгвэл талууд гэрээний дагуу хамтран ажиллах явцад нэхэмжлэгч тал буюу Өү энд Би эн ХХК, хариуцагч******* ХХК-ийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 28-нд маргаан үүссэн байдаг. Уг маргааныг шийдвэрлэж дуусаагүй байхад******* XXК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 15-нд цахилгаан шатуудыг гэрээний хугацаанд МУ-ын хилээр оруулж ирэн, УБ хотын гаалийн талбайд буулгасан. Нэхэмжлэгч ******* ХХК-нь тухайн цахилгаан шатуудыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаалийн талбай дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран битүүмжлэл хийлгэж, цахилгаан шатуудын битүүмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 29-нд суллуулж, тухайн өдрөөс эхлэн хариуцагч******* ХХК нь цахилгаан шатуудын угсралт болон бусад ажлуудыг бүрэн гүйцэтгэж дуусгасан байдаг. Мөн энэ хугацаанаас өнөөдрийг хүртэл******* ХХК-ийн данс болон бусад эд хөрөнгөнд битүүмжлэл хийлгэж үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл хаасан байдалтай байна. Гэтэл битүүмжлэл хийгдсэн хугацаанд үүссэн цахилгаан, дулаан, усны төлбөрийг нэхэмжлэгч Өү энд Би эн ХХК нь хариуцагч******* ХХК-ийн буруугаас болж үүссэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд зөвхөн******* ХХК-н буруугаас болж Өү энд Би эн ХХК-д хохирол учирсан гэж үзэхгүй харин хуулийг буруу тайлбарлаж хэрэглэлээ гэж үзэж байх тул хяналтын журмаар анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх заалт, тогтоох хэсгийн 1 дэх заалт, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1178 тоот магадлалын хянавал хэсгийн ... 34 684 620 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй гэх заалт нь хуульд нийцсэн эсэхийг тус тус хянуулахаар гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
******* ХХК хариуцагч******* ХХК,*******,******* нарт холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 277 956 248 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...******* ХХК Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар паласын зүүн талд баригдаж байгаа 16 давхар 108 айлын орон сууцанд хууль тогтоомжийн дагуу цахилгаан шатыг угсарч суурилуулахаар хариуцагч компанитай 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1603/1 тоот Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ байгуулж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №1603/1 тоот гэрээгээр гэрээнд өөрчлөлт оруулж 8 лифтийг суурилуулахаар тохиролцсон боловч хариуцагч хугацаанд нь үүргээ бүрэн биелүүлээгүйгээс цахилгаан шатнууд угсарч, суурилагдаагүй үндэслэлээр 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс барилгыг ашиглалтад хүлээж аваагүй.
...Барилгын зөвхөн цахилгаан шат угсарч суурилагдаагүйн улмаас маш их хүлээлттэй байсан захиалагч нарыг хохироох боломжгүй тул тэднийг орон сууцандаа нүүж орохыг зөвшөөрсөн бөгөөд байрыг Улсын комисс ашиглалтад хүлээж аваагүйгээс оршин суугчдын хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцож авч байсан тул Улсын комисс дахин ажиллаж орон сууцыг ашиглалтад хүлээж авсан 2018 оны 04 дүгээр 19-ний өдрийг хүртэлх хугацааны ус, дулаан, цахилгааны төлбөрийн айл өрхийн болон аж ахуйн нэгжийн тарифын зөрүүнээс 86 905 380 төгрөгийн хохирол учирсан.
Мөн хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний 2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар алданги тооцож, /үлдэгдэл 4 лифтний үнэ 290 841 760 төгрөгийн 50%/ 145 420 880 төгрөг, энэ хугацаанд хариуцагч компанид төлсөн төлбөрт НӨАТ-ын баримт өгөөгүй тул түүнд ногдох 45 629 988 төгрөгийг нийт 277 956 248 төгрөгийг нэхэмжилж байна.
...Гэрээг******* ХХК-тай байгуулсан боловч компани өөрийн нэр дээр хөрөнгөгүй, сүүлийн 120 000 000 төгрөгийг компанийн захирал*******гийн дансанд шилжүүлсэн, мөн гэрээний үнийн дүнд бартераар шилжүүлсэн 2 өрөө орон сууцыг түүний эхнэр*******ын нэр дээр шилжүүлсэн тул тэднийг хариуцагчаар татсан. Шаардлагыг бүгдээс нь нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч******* ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...нэхэмжлэлийн шаардлагын алдангитай холбоотой хэсгийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн, ...нэхэмжлэгч нь Барилгын тухай хуулийн 37.6. дахь заалтыг зөрчиж, Улсын комиссоос ашиглалтад хүлээж аваагүй байранд оршин суугчдыг оруулсан тул хохирол учирсан гэж үзэхгүй, НӨАТ-ын баримтыг гэрээ дүгнэсний дараа өгөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж,
Хариуцагч******* ...гэрээний оролцогч биш тул хариуцагч биш гэж, хариуцагч Ж.Цасанхүү ...нэхэмжлэлийн шаардлага өмнө шийдвэрлэгдсэн тул үндэслэлгүй... гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч******* ХХК-иас ус, дулаан, цахилгааны төлбөрийн зөрүүгээс учирсан хохирол 34 684 620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон хариуцагч*******,******* нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Зохигч 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1603/1 тоот Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч нь олон улсын стандартын шаардлага хангасан 8 ширхэг цахилгаан шат, 6 ширхэг урсдаг шат нийлүүлж, угсрах, захиалагч нь гэрээний нийт үнийн дүн 1 017 946 160 төгрөгийг бартераар болон хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна.
2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын №1603/1 тоот гэрээний нэмэлт гэрээ байгуулж, 581 683 520 төгрөгийн үнийн дүнд нийт 8 ширхэг лифтийг нийлүүлж, суурилуулах, гэрээний үлдэгдэл 120 000 000 төгрөгийг шилжүүлснээс хойш 45 хоногийн доор барилгын талбайд үлдэгдэл 4 лифтийг хүлээлгэн өгөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй 4 лифтний үнийн дүн 290 841 760 төгрөгөөс 0.5%-ийн алданги тооцохоор гэрээнд өөрчлөлт оруулжээ.
Нэхэмжлэгч Өү энд Эн Би ХХК нь анх хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр өөрт учирсан хохиролд 400 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянагдах явцад зохигч эвлэрч, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02070 дугаартай Шүүгчийн захирамжаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Эвлэрлийн гэрээнд зааснаар хариуцагч нь Эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор үлдэгдэл 4 лифтийг барилга дээр угсарч, бэлэн болгож, МХЕГ-аар хянуулж магадлагаа, дүгнэлт гаргуулах, нийт 8 лифтийг Улсын комисст хүлээлгэн өгч, комиссын дүгнэлт гаргуулах, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан 400 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзаж, хэрэв хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрт учирсан хохирлоо дахин шаардах эрхтэй, хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх, НӨАТ-ын баримтыг хариуцагч нь нэхэмжлэгчид өгөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
Хоёр шатны шүүх Эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэртэй холбогдуулан зохигчийн хооронд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг эцэслэн шийдвэрлэсэн үндэслэлээр гэрээнд заасан алдангийн төлбөр 145 420 880 төгрөгийг гаргуулах шаардлагыг, НӨАТ-ын баримтыг өгөөгүйгээс учирсан хохирол 45 629 988 төгрөгийг гаргуулах шаардлагыг Эвлэрлийн гэрээгээр тохиролцсон үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Мөн хариуцагч*******,******* нар нь иргэний хувиар тус гэрээний үүрэгт ямар нэг үүрэг, хариуцлага хүлээгээгүй үндэслэлээр тэдэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг аргын хувьд үндсэн үүргийг дагалдах шинжтэй нэмэгдэл үүрэг бөгөөд зохигчийн хооронд байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Цахилгаан шат нийлүүлж угсарч, суурилуулах ажлын №1603/1 тоот гэрээний нэмэлт гэрээний үүргийг Эвлэрлийн гэрээгээр шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн гэрээний нэмэгдэл үүргийг дахин хянах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул гэрээний 2-т заасны дагуу алдангийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6.-д Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно, 48 дугаар зүйлийн 48.2.-т Барилга байгууламжийг барилгын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно, 48.3.-т гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн буруутай үйлдлээс барилгыг ашиглалтад хүлээж аваагүй бөгөөд удаан хугацаагаар хүлээсэн захиалагч нарыг илүү их хохироохгүйн тулд орон сууцанд оруулсан тул ус, дулаан, цахилгаан зэрэг ашиглалтын бүх зардлыг айл өрхийн тарифаар бус аж ахуйн нэгжийн тарифаар тооцож авснаас 86 906 380 төгрөгийн хохирол учирсан гэжээ.
2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай Улсын комиссын дүгнэлтээр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын 90 автомашины дулаан зогсоол, үйлчилгээ, 107 айлын хүчин чадал бүхий автомашины дулаан зогсоол, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан тул ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн боловч хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс буюу НХТЕТГ-ын ББХХэлтсийн Өргөх байгууламжийн хяналтын инженер дүгнэлтэд гарын үсэг зураагүйгээс барилгыг Улсын комисс бүрэн хүлээж аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч гэрээний үүргээ зөрчснөөс нэхэмжлэгч барилгыг Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулж чадаагүй тул айл өрхийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөр зэрэг ашиглалтын зардлыг аж ахуйн нэгжийн тарифаар тооцож төлснөөс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэн хохирлыг хариуцагчаар хариуцуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй боловч хохирол тооцох хугацааны талаар алдаатай дүгнэлт хийсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь барилгыг анх Улсын комисс ажилласан 2017 оны 08 дугаар сараас барилгыг ашиглалтад хүлээж авсан 2018 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаагаар хохирлыг тооцжээ.
Тэрээр Зохигчийн эвлэрсэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагад ус, дулаан, цахилгааны төлбөрийн зөрүүг мөн шаардаж байсан тул энэ хугацаанд хамаарах хохирол шийдвэрлэгдсэн гэж үзнэ.
Эвлэрлийн гэрээнд гүйцэтгэгч нь гэрээ байгуулснаас хойш 1 сарын хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлэхээр тохиролцсон тул энэ нэг сарын хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сард төлсөн тарифын зөрүү төлбөрийг хохиролд тооцох бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон цахилгааны төлбөр 12 943 247 төгрөг, усны төлбөр 3 245 563 төгрөг, дулааны төлбөр 29 076 081 төгрөг, нийт 45 264 891 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1178 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00673 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 34,684,620 гэснийг 45 264 891 гэж, 243,271,628 гэснийг 232 691 357 гэж, 2 дахь заалтын 331,373 гэснийг 384 274 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваагийн гомдлын заримыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын 331 374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваагийн 1 150 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД