Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 135

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Х.Анхцэцэг (томилолтоор), шүүгдэгч П.Батцэцэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Пүрэвээгийн Батцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1334 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:  

Боржигон овогт Пүрэвээгийн Батцэцэг, Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 99-12 тоотод оршин суух хаягтай, АМ88051302 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч П.Батцэцэг нь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 99 дүгээр гудамжны 12 тоот хашааны өмнө иргэн П.Чойсүрэндоржийн унаж явсан Ниссан Сани загварын 61-03 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд болон хажуу хаалга, хойд цонхны шилийг санаатайгаар хагалж, гэмтээн 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153  дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Батцэцэг нь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 99 дүгээр гудамжны 12 тоот гэртээ нөхөр, хүүхдүүдийн хамт амарч байсан байна. Гэтэл нөхрийнх нь найз буюу хохирогч Б.Чойсүрэндорж гэрт нь ирж, нөхрийг нь дагуулж явах гэжээ. Шүүгдэгч П.Батцэцэгийн нөхөр З.Санжаа нь түүнтэй хамт явахаараа согтуу ирж агсам тавьдаг тул тэрээр нөхрөө явуулахгүй хэмээн маргалдаж, Б.Чойсүрэндоржийг яв гэсэн боловч явалгүй, хашааных нь үүдэнд дуут дохио өгөөд байсан тул П.Батцэцэг уурлаж, хашааны үүдэнд зогсож байсан хохирогч Б.Чойсүрэндоржийн жолоодож явсан Ниссан Сани загварын 61-03 ГАҮ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн урд болон хойд салхины шил, зүүн хоёр хаалганы шилийг хувийн сэдэлтээр, санаатайгаар хагалж хохирогчид 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч П.Батцэцэг: Б.Чойсүрэндорж болон түүний аав болох Ч.Бат-Эрдэнэ хоёр манай гэрт байнга ирдэг. Энэ хоёр хүн Архангай аймагт хулгайн хэрэгт шалгагдаж байгаа гэсэн. Манай нөхрийг байнга дагуулж явдаг бөгөөд харин манай нөхөр энэ хоёр хүнтэй яваад гэртээ ирэх болгондоо согтуу ирж, агсам тавьдаг байсан. Зарим үед манай нөхрийг авах гээд ирэхээр нь ажилтай явуулахгүй гэхээр авч явах гээд хашааны гадна хүлээгээд зогсож байдаг байсан. Хэрэг болсон өдөр Б.Чойсүрэндорж нь манай гэрт 3 залуугийн хамт ирээд манай нөхөр З.Санжааг авч явах гээд хүлээгээд байсан. Тэгэхээр нь би манай нөхөр хэд хоногийн өмнө архи их уусан, одоо явуулахгүй гэж хэлэхэд Б.Чойсүрэндорж хамт ирсэн 3 залуугийн хамт гараад явсан. Гэтэл хашааны гадна Б.Чойсүрэндорж машиндаа хүлээгээд сууж байхаар нь яв гэж хэлсэн. Харин тэрээр 30 минутын дараа дахин ирж, манай нөхрийг дуудаад дуут дохио өгөөд байсан. Манай нөхөр тэр үед явуулсангүй гэж уурлан миний толгой руу цохихоор нь би уурандаа гадагшаа гарч Б.Чойсүрэндоржийн машины цонхыг хагалсан. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна. Цаашид аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлж байх болно гэв.

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 2601 1334 дугаартай хэргээс)

Хохирогч Б.Чойсүрэндоржийн өгсөн: ...З.Санжаагийн эхнэр П.Батцэцэг намайг ороод ир гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би оролгүй байж байтал П.Батцэцэг гүйж гарч ирээд миний машины урд, хойд болон зүүн талын хаалганы шилийг халив (отвертка)-аар цөм цөм цохиод хагалсан. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ гэсэн чинь та нар З.Санжааг уруу татаж авч явах гэлээ гэсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас),

Гэрч Ч.Бат-Эрдэнийн өгсөн: ...Тоёота Сани загварын 61-03 улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг Давааням гэж хүнээс худалдаж авсан боловч хараахан нэрээ шилжүүлж амжаагүй байсан юм. Манай хүү Б.Чойсүрэндоржтой нутгийн гурван залуу тааралдаад З.Санжаагийнд оръё гээд хамт орсон. Тэгэхдээ П.Батцэцэгтэй муудалцсан гэсэн. Тэгээд манай хүүг хашааных нь үүдэнд зогсож байсан чинь П.Батцэцэг гарч ирээд яв гэсэн юм билээ. Харин дахин гарч ирэхдээ машиных нь шилийг хагалсан гэж манай хүү Чойсүрэндорж болон цуг явсан гурван залуу надад хэлсэн. Би өөрөө хэрэг явдлыг хараагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас),

П.Батцэцэгийн сэжигтнээр өгсөн: ...Нөхөр маань гарна, явна гээд надтай хэрэлдээд хэцүү байсан тул би хашааны үүдэнд очиж, Б.Чойсүрэндорж болон цуг байсан залуусыг нь яв гэсэн боловч тэд явахгүй байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд гэр рүү орж халив (отвертка) аваад хашааны үүдэнд зогсож байсан Б.Чойсүрэндоржийн машины хойд талын хаалганы шилийг хагалсан. Тэд нарыг явчих байх гэж бодтол тэд нар явахгүй байсан. Тэгээд явахгүй байж байгаад нөхөр бид хоёрыг улам хэрэлдүүлсэн тул дахин хойд, урд шил, урд хаалганы шилийг нь хагалсан... гэх мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас),

П.Батцэцэгийн яллагдагчаар өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ч.Бат-Эрдэнэ ахын хүү Б.Чойсүрэндорж 3 залуутай хамт манайд ирээд нөхөр З.Санжааг дагуулж явах гээд байхаар нь би Б.Чойсүрэндоржийг битгий З.Санжааг дагуулж явах гээд бай та нар яв гэхэд гараад явсан. Гэтэл 30 минутын дараа хашааны гадна дахин ирсэн юм. Тэр хооронд нь З.Санжаа бид хоёр хэрэлдээд бөөн юм болсон байсан. Тэгээд Б.Чойсүрэндоржийг хашааны гадна зогсоод байхаар нь би гарч очоод та нар яв гэхэд Чойсүрэндорж явахгүй дооглож инээгээд зогсоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд гэрээс халив авчирч түүний машины шилийг хагалсан юм. Би тухайн үед хүний эд зүйл санаатай устгаж байна гэдгээ мэдэж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас),

Ниссан Сани загварын 61-03 улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ (хх-ийн 12 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18, 19 дүгээр хуудас), хохирогч Б.Чойсүрэндоржийн хэргийн материалтай танилцсан тэмдэглэл (хх-ийн 56 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт нь бүрэн бодитой нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокурорын зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч П.Батцэцэг нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгов.

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.Батцэцэгийг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 42 дугаар хуудаст авагдсан Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ЦЕГ-ын Мэдээлэл, судалгаа, технологийн төвийн санд бүртгэгдээгүй гэсэн дардастай байх тул шүүгдэгч П.Батцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч П.Батцэцэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялын хэмжээг тогтоолоо. Харин хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодсонгүй.

Шүүгдэгч П.Батцэцэг нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн тул уг ялыг тэнсэж, шүүхээс тогтоосон хугацаанд түүнийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн харьяалах хэлтэст хянан харгалзуулах нь зүйтэй байна.

Хохирол төлбөрийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Чойсүрэндоржийн Ниссан Сани загварын 61-03 улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд 350.000 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээ (хх-ийн 12 дугаар хуудас)-ээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч П.Батцэцэг нь тус хохирлыг сайн дураар нөхөн төлсөн (хх-ийн 56 дугаар хуудас) байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Батцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус тогтоолд дурдав. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвээгийн Батцэцэгийг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Батцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батцэцэгт оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч П.Батцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батцэцэгт оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн харьяалах хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Батцэцэгт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                               

ДАРГАЛАГЧ                               Б.БАТАА