Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 126/ШШ2021/0009

 

 

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 01 сарын 21-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэгч А.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Жамбын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Жамба тус шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: “Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт А.Батболд нь Ойн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд 2019 оны 01 сарын 21-ний өдөр газрын даргын Б/05 тоот тушаалаар албан тушаал бууруулан аялал жуулчлалын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилж, сахилгын арга хэмжээ ногдуулсан юм. Дээрх арга хэмжээг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь:

1. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн. Гэтэл А.Батболд нь 2018 онд ажлаа 80.3 хувьтай буюу В үнэлгээтэй  дүгнүүлсэн. В үнэлгээ авсан ажилтан нь ажил албан тушаалын үүргээ хангалттай биелүүлсэнд тооцогддог байхад арга хэмжээ авсан. Арга хэмжээ авах тухайгаа 01 сарын 11-ний өдөр А.Батболдод амаар мэдэгдсэн. 2019 оны 01 сарын 07-ны өдөр А/02 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан 3 өдрийн дотор хэрэгжих боломжгүй үүрэг өгч, тус ажлыг зохион байгуулах талаар дурьдсан. Тус А/02 тоот тушаалыг даалгавар хэрэгжүүлээгүй гэсэн дүгнэлтэндээ ашиглахаар зориуд гаргасан гэж үзэж байна. Энэ хугацаанд А.Батболдод 2019 оны 01 сарын 08-ны өдөр үүрэг даалгаврын хуудсаар 3 үүрэг өгсөн боловч энэ нь богино хугацаанд биелэгдэх боломжгүй буюу бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байсан. Тухайн хугацаанд А.Батболд нь байгаль хамгаалагч нарт үүргийг дамжуулан, биелэлтийг тооцож байсан. Энэ талаар хурлын тэмдэглэлүүд байгаа.

2. А.Батболдыг төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журамд зааснаар БОАЖГ-т ёс зүйн хороо ажилладаг бөгөөд тус хорооны даргаар А.Батболд томилогдон ажилладаг. Энэ хороогоор А.Батболдыг ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг шалгаж, ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй байхад Р.Жаргалсайхан дарга өөрөө дур мэдэн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь ёс зүйн зөрчил гаргасан эсэхийн урьдчилан тогтоосон байх тухай Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129-р тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчсөн байна гэж үзсэн. Р.Жаргалсайхан даргын өөрөө дур мэдэн А.Батболдыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь А.Батболдыг төрийн удирдах албан тушаалд ажиллахад эрх ашгийг нь хөндөж байна.

3. Б/05 тоот тушаал нь 2019 оны 01 сарын 11-нд гаргасанг нь 15-ны өдөр А.Батболд өөрөө хөөцөлдөж авахад 8-ны өдөр үүрэг өгөөд биелүүлээгүй мэтээр дүгнэж, тушаал гаргасан байсан ба тушаалын хувьд зориуд гаргана гэсэн өдрөө гаргалгүй, энэ хугацаанд үүрэг өгсөн мэт тушаалын хугацааг хойшлуулан гаргаж, баримт бүрдүүлж А.Батболдын эсрэг ашигласан гэж үзэж байна. Иймд Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 01 сарын 21-ний өдрийн Б/05 тоот тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Жамба, хариуцагч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Энхбаяр нар харилцан тохиролцож, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Жамба, нөгөө талаас хариуцагч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Энхбаяр бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1.Нэхэмжлэлийн шаардлага буюу Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох шаардлага гаргасан.

2. Хариуцагч уг шаардлагын дагуу 2019 оны Б/05 тоот тушаалыг хууль бус байсан болохыг тогтоосон захиргааны акт гаргаснаар эвлэрэн хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь гуравдагч  этгээдийн эрх хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Жамба нь Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 01 сарын 21-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

   Шүүх,  хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч А.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Жамба, хариуцагч Г.Энхбаяр, гуравдагч этгээд Х.Хадбаатар нарын 2021 оны 02 сарын 05-ны өдөр бичгээр  байгуулсан.эвлэрлийн гэрээнд: 

1. Нэхэмжлэлийн шаардлага буюу Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох шаардлага гаргасан.

2. Хариуцагч уг шаардлагын дагуу 2019 оны Б/05 тоот тушаалыг хууль бус байсан болохыг тогтоосон захиргааны акт гаргаснаар эвлэрэн хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь гуравдагч  этгээдийн эрх хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй болно  гэсэн нөхцлөөр эвлэрэн хэлэлцжээ.

Нэхэмжлэгч Амараагийн Батболд нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Пүрэвсүрэнгийн Жамбад олгосон итгэмжлэлд: “Итгэмжлэлээр өөрийн нэрийн өмнөөс Хөвсгөл аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын даргад холбогдох тус газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаар захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах, эвлэрэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхийг тусгайлан олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээхийг Монгол Улс, Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 6 дугаар багийн 1 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух Чачирт овогт Пүрэвсүрэнгийн Жамба /РЗ75111312/-д итгэмжлэл олгож байна. Энэхүү итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчинтэй болно” гэжээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “ нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ” ... 20.1.1-д “... нэхэмжлэгч ... хариуцагчтай эвлэрэх”, Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”...,  21.1.1-д “... нэхэмжлэгчтэй эвлэрэх ...” гэжээ.

   Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн  68 дугаар зүйлийн 68.1, 68.3, 68.4-т нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болох, хэргийн оролцогчдын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус заасан” үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч  эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.  

   Иймд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч А.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Жамба, хариуцагч Г.Энхбаяр нарын шүүх хуралдаанд дээр   байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх  үндэслэлтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1,109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Жамба, хариуцагч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Энхбаяр нарын эвлэрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

      2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Батболдод олгосугай. 

      3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Б.ЭХТАЙВАН