Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2577

 

 

 

 

 

 

 

 

 

“МУ” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02686 дугаар шийдвэртэй, “МУ” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ОТ” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 173 755 408 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Г.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОТ” ХХК нь “МУ” ТӨҮГ-т хандан 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 314/НSЕ дугаар албан бичгээр Ус ашиглах дүгнэлт гаргуулахаар хүсэлт тавьж холбогдох материалаа ирүүлсэн. “ОТ” ХХК-ийн тухайн оны үйлдвэрлэлийн хэмжээ, гидрогеологийн нөхцөл, байгаль орчны үнэлгээ, урд онуудад ус ашигласны төлбөр төлсөн байдал, тухайн жилд хийх биологийн нөхөн сэргээлтийн хэмжээ, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний хэрэгжилтийг нарийвчлан судалж үзсэний үндсэн дээр ус ашиглуулах дүгнэлтийг гаргаж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хянуулсан.

“МУ” ТӨҮГ-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/323 дугаар тушаалаар баталсан Ус ашиглуулсаны дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг баримтлан “ОТ” ХХК-ийн 2015 оны ус ашиглуулах дүгнэлт гаргуулсаны үйлчилгээний хөлсөнд ашиглах усны хэмжээнээс 1 хувиар тооцож 173 755 408 төгрөг нэхэмжилж 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 278 дугаар дүгнэлтийг хүргүүлсэн. “ОТ” ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2307/НSЕ тоот албан бичгээр ус ашиглуулсаны үйлчилгээний хөлсийг хэрхэн төлөх талаар тайлбар хүссэний дагуу “МУ” ТӨҮГ-аас 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 289 тоот албан бичгээр тодорхой хариу өгсөн. Гэтэл “ОТ” ХХК-иас 2015 оны ус ашиглуулах дүгнэлт гаргуулах үйлчилгээний хөлсийг тодорхой хугацаанд төлөөгүй учраас “МУ” ТӨҮГ-аас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 360, 12 дугаар сарын 08-ны өдрийн 392 дугаар тоот албан бичгүүдээр Усны тухай хуулийн 28.17 дахь заалтын дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/323 дугаар тушаалаар баталсан Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг баримтлан тооцсон үйлчилгээний хөлсний төлбөр болох 173 755 408 төгрөгийг тухайн санхүүгийн жилд багтаан төлөхийг удаа дараа мэдэгдсэн болно.

Түүнчлэн “МУ” ТӨҮГ-аас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 107 тоот албан бичгээр “ОТ” ХХК-д хандан 2016 онд ус ашиглуулах дүгнэлт гаргуулахын өмнө 2015 оны дүгнэлт гаргуулсаны үйлчилгээний хөлсийг бүрэн төлж дуусгах талаар мэдэгдэл хүргүүлсэн болно. Үндэсний Аудитын газрын шийдвэрээр “СМД Аудит” ХХК нь тус үйлдвэрийн газрын 2016 оны үйл ажиллагаанд хийсэн Аудитын шалгалтын тайландаа дээр дурдсан авлагыг барагдуулах, хэрэв барагдуулах боломжгүй тохиолдолд найдваргүй авлагад тооцуулж шийдвэр гаргуулах талаар дурдсан байна. Түүнчлэн энэ авлага нь “МУ” ТӨҮГ-ын буруугаас болоогүй болохыг тодорхойлсон байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа газруудын 2016 оны үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар “МУ” ТӨҮГ-ын 2015, 2016, 2017 оны санхүүгийн тайланд тусгагдсан “ОТ” ХХК-иас авах ус ашиглах дүгнэлт гаргуулсны үйлчилгээний хөлс болох 173 755 408 төгрөгийн авлагыг 2017 оны 08 дугаар сард багтаан баталгаажуулж, барагдуулах талаар албан шаардлага ирүүлж, хэрэв уг асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлээгүй тохиолдолд үйлдвэрийн газрын удирдлагатай хариуцлага тооцохыг мэдэгдсэн ба энэ шаардлагын дагуу “МУ” ТӨҮГ-аас “ОТ” ХХК-д хандан 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/193 тоот албан бичгээр 7 дугаар сард багтаан авлагыг барагдуулах арга хэмжээ авахыг мэдэгдсэн.

Харин “ОТ” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2824/НSЕ тоот албан бичгээр 2015 оны ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилээний хөлс болох 173 755 408 төгрөгийн төлбөрийг манай байгууллагад төлөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй талаар мэдэгдсэн байна. Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.17 дахь хэсгийг үндэслэн ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс, ус ашиглах эрхийн бичиг, гэрээний загвар батлах тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/157 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг баталсан. “МУ” ТӨҮГ-аас 2013 оноос эхлэн ус ашиглуулах дүгнэлт гаргуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ус ашиглуулах дүгнэлт гаргуулах үйлчилгээний хөлсийг дээрх тушаалаар баталсан тарифыг үндэслэн тооцож хэрэгжүүлж ирсэн байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/157 дугаар тушаалд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/323 дугаар тушаалаар өөрчлөлт оруулан Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах үйлчилгээний хөлсийг шинэчлэн баталсан байдаг. Уг тушаалаар баталсан Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг баримтлан “ОТ” ХХК-ийн 2015 оны ус ашиглуулах дүгнэлт гаргасны үйлчилгээний хөлсийг тооцож нэхэмжилсэн атал “ОТ” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/323 дугаар тушаалыг хүчингүй гэж үзэж энэ тушаалаар хүчингүй болгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны А/157 дугаар тушаалаар баталсан тарифаар тооцож ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг төлсөн. Үүнээс үүдэн шинэ, хуучин 2 тарифын зөрүүнээс 173 755 408 төгрөгийн авлага үүссэн. “ОТ” ХХК нь энэхүү авлагыг төлөх хууль эрх зүйн үндэсгүй гэж үзэж байгаа учраас ус ашиглуулах дүгнэлт гаргасаны үйлчилгээний хөлсийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 390 дүгээр тогтоолоор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зарим чиг үүргийг “МУ” төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэх шийдвэр гарсан байдаг. Эдгээр чиг үүргийн нэг нь хоногт 100 шоо метрээс их хэмжээний ус ашиглуулахтай холбоотой дүгнэлт гаргах болно. “ОТ” ХХК нь 2015 оны усны хэрэгцээтэй холбоотойгоор Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлтээ холбогдох баримт материалын хамт 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 314/НSЕ дугаартай албан бичгээр “МУ” ТӨҮГ-т гаргасан.

Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалтын дагуу “МУ” ТӨҮГ нь хүсэлтийг хүлээн авснаар ажлын 15 өдрийн дотор дүгнэлт гаргах ёстой энэхүү заалтыг зөрчин 2015 оны усны дүгнэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “ОТ” ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг. “ОТ” ХХК 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 314/НSЕ дугаартай албан бичгээр “Монгол-Ус” ТӨҮГ-т дүгнэлт гаргуулах хүсэлт гаргах үед Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-157 дугаар тушаалаар батлагдсан ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс үйлчилж байсан бөгөөд уг тушаалын дагуу ус ашиглах үйлчилгээний хөлс нь 20.000-с дээш /м3/хоног/ усны хэрэглээнд 780 000 төгрөг байсан.

“ОТ” ХХК-иас тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2013 оны А-157 дугаар тушаалаар батлагдсан үйлчилгээний хөлсийг төлсөн байтал нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А-323 дугаар тушаалыг үндэслэн усны дүгнэлт гаргасны хөлсөнд 173 755 408 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг шинэчлэн тогтоосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/323 дугаар тушаал нь 2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.2, 1.6.4 болон 2.5.2 мөн хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3. 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Хууль зүйн яаманд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болж, аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөх үндэслэл бий болно. Тэгвэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-323 дугаар тушаал нь Хууль зүйн яаманд огт бүртгэгдээгүй байгаа.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг хуульд заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй хуулийн зохицуулалтай. Тиймээс хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болох дээрх А-323 дугаар тушаалыг үндэслэн “ОТ” ХХК-иас 173 755 408 төгрөгийг гаргуулах “МУ” ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “ОТ” ХХК-иас 173 755 408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МУ” ТӨААТҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МУ” ТӨААТҮГ-аас 2017 оны 9 сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 026 725 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 2 төгрөгийг нэхэмжлэгч “МУ” ТӨААТҮГ-аас гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч “ОТ” ХХК-иас 1 026,727 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МУ” ТӨААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2015 онд буюу Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлэхээс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гаргах асуудал Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын /цаашид “Журам” гэх/ дагуу зохицуулагдаж байсан. Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү журмыг баталсан байдаг. Дээрх журмын 1.3-т зааснаар “захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэрийг хэлэх бөгөөд 2.5.2-т захиргааны хэм хэмжээ тоггоосон шийдвэрийг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд буртгэж, “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх ба энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх тухай заасан байдаг. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг зохих ёсоор хянуулах, бүртгэх, нийтлэх хугацааг журамд мөн зааж өгсөн.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02686 дугаартай шийдвэр нь дээр дурдсаны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, нийтлэгдээгүй, улмаар хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт үндэслэн гарсан байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэж шүүхээс хэрэглэх хуульд хүртэл Төрийн мэдээлэлд албан ёсоор нийтлэгдэж, хүчин төгөлдөр болсон байх шаардлага тавигддаг байтал тус шүүх албан ёсоор хянагдаж, бүртгэгдэж, нийтлэгдээгүй захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр гэж үзэж шийдвэрээ гаргасан байна.

“ОТ” ХХК нь 2015 оны ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлтийг “МУ” ТӨҮГ-т 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан билээ. Уг хүсэлтийн дагуу нэхэмжлэгч 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ус ашиглуулах дүгнэлтийг гаргасан ч 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “ОТ” ХХК-д албан ёсоор хүлээлгэн өгсөн. Усны тухай хуулийн 28.5-д заасны дагуу “МУ” ТӨҮГ нь хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор дүгнэлт гаргахаар байтал тус байгууллага дүгнэлтийг 1 жилийн дараа гаргасан. Үйлчилгээний хөлсийг Усны тухай хуулийн 28.4-т заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоодог. 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-157 дугаар тушаалаар батлагдсан ус ашиглуулах дүгнэлт гаргуулсны үйлчилгээний хөлсний хувь хэмжээг нийтээр дагаж мөрдөж байсан. Уг тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3421 дугаарт бүртгэгдсэн тухай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бичгээр мэдэгдсэн ба лавлагаа хэрэгт авагдсан. “ОТ” ХХК нь А-157 дугаар тушаалын дагуу 780 000 төгрөгийг үйлчилгээний хөлсөнд төлөхөөр байсан.

Харин “МУ” ТӨҮГ нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дүгнэлт гаргасныхаа дараа үйлчилгээний хөлсийг А-157 дугаар тушаалыг хүчингүй болгосон гэх Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг шинэчлэн тогтоосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А-323 дугаар тушаалын дагуу 174 353 408 төгрөг төлөхийг шаардсан. Уг тушаал нь тухайн үед захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд огт бүртгэгдээгүй, одоо ч бүртгэлгүй тухай ХЗЯ-наас 2015 болон 2017 онд ирүүлсэн лавлагааны хуудас хэрэгт авагдсан.

 “МУ” ТӨҮГ-аас 2015 оны ус ашиглуулах дүгнэлтийг “ОТ” ХХК-д 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсний дараа буюу 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд “Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай” А/33 дугаар тушаалыг баталж /цаашид “А-33 дугаар тушаал” гэх/, ХЗЯ-ны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн байдаг. Уг тушаал захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд А-157 дугаар тушаалын бүртгэлийн дугаар болох 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3421 дугаарт нэмэлт, өөрчлөлт 1 гэж бүртгэгдсэн талаарх лавлагаа мөн хэрэгт авагдсан. А-323, А-33 дугаар тушаалуудаар тогтоосон үйлчилгээний хөлсний хэмжээ адил буюу тухайн жилд ашигласан усны нөөцөд төлсөн төлбөрийн 1 хувь юм.

А-323 дугаар тушаал нь дээр дурдсанчлан хүчин төгөлдөр болоогүй, харин А-33 дугаар тушаал нь 2016 онд ХЗЯ-нд бүртгэгдсэн тул “ОТ” ХХК нь 2015 оны ус ашиглуулах дүгнэлт гаргуулсны үйлчилгээний хөлсийг дүгнэлт гарах хүсэлт гаргасан, дүгнэлт гарсан, дүгнэлтийг хүлээн авсан үед нэгэн адил үйлчилж байсан 2015 оны А-157 дугаар тушаалыг үндэслэн 780 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард төлсөн. Гэтэл “МУ” ТӨҮГ нь дээрх үйлчилгээний хөлсийг эс зөвшөөрч, хүчин төгөлдөр бус А-323 дугаар тушаалын дагуу төлбөл зохих болон бидний төлсөн хөлсний зөрүүг нэхэмжилж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ 2015 оны А-323 дугаар тушаалаар батлагдсан ус ашиглуулах дүгнэлт гаргуулсны үйлчилгээний хөлсний хэмжээ нь тухайн 2015 онд үйлчилж байсан, уг тушаалыг хууль бус захиргааны акт гэсэн үндэслэлээр захиргааны байгууллага болон шүүхээс хүчингүй болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн.

Шүүх захиргааны байгууллагаас /ХЗЯ/ гаргасан 2015 оны А-323 дугаар тушаал нь бүртгэлгүй, бүртгүүлбэл зохих шаардлагыг нотлох баримтын хэмжээнд хангалттай үнэлээгүй болно. ...Иймд, үйлчилгээний хөлсийг хүчин төгөлдөр бус тушаалын хавсралтаар батлагдсан гэх тарифын дагуу 174 535 408 төгрөгөөр тооцсон тооцооллыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. ...Дээр дурдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтын дагуу шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “МУ” ТӨҮГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “МУ” ТӨААТҮГ нь хариуцагч “ОТ” ХХК-д холбогдуулан ус ашиглуулах дүгнэлт гаргуулсны үйлчилгээний хөлс болох 173 755 408 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “ОТ” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 314/HSE дугаар албан бичгийг үндэслэн “МУ” ТӨААТҮГ нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 278 дугаартай “Ус ашиглах дүгнэлт”-ийг гаргаж хүргүүлсэн байна. /хх 9,10-17/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлон дүгнэжээ. Талууд хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ болон түүний үр дүнг хүлээн авсан үйл баримтад маргаагүй бөгөөд ажил гүйцэтгэгч “МУ” ТӨААТҮГ нь уг гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээр хөлс төлөхийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч тал ус ашиглуулах дүгнэлт гаргуулсны үйлчилгээний хөлс 780 000 төгрөгийг төлсөн ба дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан болон нэхэмжлэгч байгууллагаас дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг хүлээлгэн өгсөн үед үйлчилж байсан 2015 оны А-157 дугаар тушаалд үндэслэсэн, нэхэмжлэгчийн үндэслэлээ болгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-323 дугаартай тушаал захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус гэж тайлбар татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч “МУ” ТӨААТҮГ нь 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан Ус ашиглах дүгнэлт нь “Аж ахуйн нэгж байгууллагын ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг баталсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А-323 дугаар тушаалын хавсралтад үндэслэжээ. Өөрөөр хэлбэл, хоногт 3 000 м3-ээс дээш усны хэрэглээтэй аж ахуйн нэгж байгууллагын усны нөөц ашигласанд оногдуулсан төлбөрийн хэмжээнээс 1 хувиар тооцож, нийт 173 755 408 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба уг шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч талыг хариуцагчид хүссэн ажлыг нь гүйцэтгэснээр ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-323 дугаар тушаалыг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгах буюу давж заалдах гомдолд дурдсанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 026 727 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА