Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/00196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: байранд байрлах, “ЖТ” ХХК /Регистрийн дугаар:2822067/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: тоотод оршин суух, .... овогт Г.Г /Регистрийн дугаар:  /,

Хариуцагч: тоотод байрлах, “УСР” ХХК /Регистрийн дугаар:/ нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 376.620.258 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батлхагва,  хариуцагч “УСР” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, гэрч Г.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.                                                                                              

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “УСР” ХХК нь өөрийн Чежү Хараа нэртэй дэлгүүрээр дамжуулан “ЖТ” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч худалдан борлуулдаг байсан. Талууд 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өмнөх худалдсан бараа бүтээгдэхүүнийхээ тооцоог нийлж “Тооцооны үлдэгдлийн баталгаа” хийсэн. Үүгээр “ЖТ” ХХК нь 49.430.592 төгрөгийн авлагатай болохыг харилцан баталж “УСР” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г гарын зурсан байна. Улмаар дээрх төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 15/17 дугаартай “Өр төлбөр барагдуулах хэлцэл”-ийг байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу нийт 20 сарын хугацаанд сар бүр 2.000.000 төгрөгийг төлж, төлбөрийг бүрэн барагдуулахаар, мөн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлүүлэх эрхтэй” гэж тохиролцсон. Дээрх төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд дээрх хэлцлийн дагуу үндсэн төлбөр 49.430.592 төгрөг, алдангийг хэсэгчилж төлөх ёстой 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаас хэтэрсэн тул 50 хувиар тооцож 24.715.296 төгрөг, нийт 74.145.888 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Дээрх төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн өдрөө талууд 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дахин 15/73 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан.  Уг гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл  17 удаагийн баримтаар нийт 201.649.580 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг “УСР” ХХК хүлээн авсан байдаг. Ингээд хүлээн авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг уг гэрээний 5.4-т заасны дагуу хуанлийн 30 хоногийн дотор төлбөрөө төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэлх төлөөгүй байна. Иймээс “Хамтран ажиллах гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.1-д “Борлуулагч зээлийн төлбөрийн хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож борлуулагч талаар төлүүлэх эрхтэй” гэж, Иргэний хуулийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасны дагуу 100.824.790 төгрөгийн алданги, үндсэн төлбөр 201.649.580 төгрөг, нийт 302.474.370 төгрөг нэхэмжилж байгаа.  

Иймд “ЖТ” ХХК ба “УСР” ХХК-ийн хооронд байгуулсан “Өр төлбөр барагдуулах хэлцэл” болон “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу  нийтдээ 376.620.258 төгрөгийг “УСР” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хоёр компанийн гүйцэтгэх захирлууд болох Ц.Цэрэндорж, Г.Г нар дээрх гэрээний үүргийг хангуулахаар Г.Гын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204021409 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 3 гудамж, 22 тоот хаягт байрлалтай 424 м.кв талбайтай хувийн сууц граж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж,  улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Иймд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г.Гын өмчлөлийн дээрх барьцааны зүйлээс хангуулж өгнө үү.

Уг хамтран ажиллах гэрээгээр барааны нийлүүлэлтийг 60 сая төгрөг гэж тогтоосон ч хоёр компани олон жил харилцаа холбоотой байсан, захирлууд танилын холбоотой байсныг харгалзан барьцаат зээлийн гэрээнд нийлүүлэх бүтээгдэхүүнийг 200.000.000 төгрөг гэж лимитыг нэмж тогтоосон нь харагдана. Мөн бүтээгдэхүүн хүлээн авснаа илэрхийлж төлбөрөө хэсэгчилж төлөхөөр 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр компанийн захирал Г.Г өөрийн гараар бичиж өгсөн баримтаар дээрх барааг хүлээн авсан гэдэг нь нотлогдоно. Мөн гэрч Г.Анхбаярын мэдүүлгээр хэрэгт баримтаар өгсөн 17 удаагийн зарлагын баримтаар барааг хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс өмнөх нийлүүлсэн барааны тухайд талууд төлбөр барагдуулах хэлцлээр төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон тул хэлцлийн дагуу алданги нэхэмжлэх эрхтэй.  Хариуцагч талаас дансаар 5.500.000 төгрөг, бартераар 38.684.000 төгрөгний барааг өгсөн гэдэгт маргахгүй тул нэхэмжилж буй төлбөрөөс хасч тооцоход татгалзахгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “УСР” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “УСР” ХХК нь “ЖТ” ХХК-тай ажил хэргийн хүрээнд байнга харилцдаг байсан ба 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид 49.430.592 төгрөгийн өр төлбөртэй байсан тул энэхүү төлбөрийн хэмжээнд тооцооны үлдэгдлийн баталгааг хийсэн. Иймд энэ хэлцлийн дагуу дээрх төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги тооцсон хэсгийг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын бараа, бүтээгдэхүүнийг хариуцагч хүлээн авч борлуулдаг байсан. Ийнхүү бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад талуудын хооронд ямар нэгэн гэрээ бичгээр хийгдэж хүү, алданги тооцоогүй ба амаар хийсэн хэлцлийн дагуу бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг байсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэлд алданги төлөхөөр тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, мөн хуулийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан. Гэвч талуудын хооронд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хэлцэл хийгдсэнээс бус гэрээ хийгдээгүй тул өмнө үүссэн тохиролцоог баталгаажуулсан гэж үзэх боломжгүй. Иймд уг төлбөрт алданги тооцож нэхэмжлэх үндэслэлгүй, энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 Хариуцагч “УСР” ХХК-ийн 49.430.592 төгрөгийн төлбөрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1.500.000  төгрөг нийтдээ 5.500.000 төгрөгийг дансаар, мөн 38.684.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг төлбөрт тооцон “ЖТ” ХХК-д төлж барагдуулсан байдаг.

Мөн “ЖТ “ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Цэрэндоржид 6.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг.

Талууд өмнөх төлбөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулсны дараа мөн өдрөө “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу “ЖТ” ХХК-иас “УСР” ХХК-д 201.649.580 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг шилжүүлсэн гэх боловч хэрэгт 165.489.980 төгрөгийн зарлагын баримтыг хавсаргасан байна. Манай зүгээс дээрх хэмжээний бүтээгдэхүүн хүлээн аваагүй, харин нийт 85.428.000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь хариуцагч талд байгаа зарлагын баримтуудаар тогтоогдож байна.  Манайд хүлээлгэн өгсөн гэх зарлагын баримтуудад “ганаа” гэж гарын үсэг зурсан баримтуудыг хүлээн зөвшөөрч байна. Бусад зарлагын баримтыг зөвшөөрөхгүй. Гэрч Г.Анхбаяр тухайн үед тус байгууллагад ажиллаж байсан гэдгийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул гэрчийн мэдүүлгийг нотлох бичгийн баримтгүй байна. Хариуцагчийн зүгээс 2015 оны 08, 10 дугаар сард бараа хүлээн аваагүй, харин 09 дүгээр сард хүлээн авсан. Мөн нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн баримтад хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй байна.

Хоёр талын байгуулсан хамтран ажиллах гэрээнд нийлүүлэх бүтээгдэхүүн 60 сая төгрөгнөөс хэтрэхгүй байна гэж тохиролцсон. Гэтэл 200 сая төгрөгний барааг баримтаар хүлээлгэн өгсөн гэж байгаа нь өөрөө эргэлзээтэй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээнд заасны дагуу хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гэвч 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ц.Цэрэндорж 200.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг Г.Гт шилжүүлэн өгөөгүй. Учир нь Ц.Цэрэндорж тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандаж гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч солигдсон. Өөрөөр хэлбэл Ц.Цэрэндорж дээрх гэрээний дагуу зээлийн хөрөнгө болох 200.000.000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй ба дээрх гэрээ бодитойгоор байгуулагдаагүй тул нэхэмжлэгч солигдож, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөрчлөгдсөн болно. Мөн дээрх гэрээ нь иргэд хооронд байгуулагдсан зээлийн гэрээ тул тус гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд “ЖТ” ХХК-иас тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Г  нь “ЖТ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй, өр төлбөр барагдуулах хэлцэл хийж байгаагүй болно. Нэхэмжлэгч нь иргэн Г.Гт холбогдуулан ямар нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхой бус байх тул Г.Гт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ”ЖТ” ХХК нь Г.Г, “УСР” ХХК нарт холбогдуулан “УСР” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 376.620.258 төгрөг гаргуулах, Г.Гт холбогдуулан дээрх үүргийн гүйцэтгэлийг Г.Гын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“ЖТ” ХХК, “УСР” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож, нэг талаас нийлүүлэгч стандарт, шаардлага хангасан өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлэх, нөгөө талаас барааг хүлээн авч, тооцоог нийлж, төлбөрийг төлөх, гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Дээрх гэрээг байгуулахаас өмнө талууд ажил хэргийн хүрээнд аман тохиролцоогоор Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх замаар бүтээгдэхүүнийг худалдан авч байсан, тус хоёр байгууллагын 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд өгөлцөж авалцсан барааг нийлж “УСР” ХХК нэхэмжлэгчид 49.430.592 төгрөгний үлдэгдэлтэй болохыг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталгаажуулж тооцоо нийлсэн баримт, төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан байна. Дээрх үйл баримтад хариуцагч маргаагүй.

Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага буюу худалдагчаас худалдан авагчид хөрөнгө шилжүүлэн өгснийг нотлохоор 2015 оны 8-10 дугаар сарын хоорондох 17 удаагийн зарлагын баримтыг нотлох баримтаар ирүүлснээс хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын 05, 07, 11, 18, 24-ны, 10 дугаар сарын 08-ны өдрийн буюу нийт 6 удаагийн баримтаар 116.631.600 төгрөгний бүтээгдэхүүнийг хүлээн авсан гэдэгт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаагүй. Мөн худалдан авагч 3 удаагийн гүйлгээгээр 5.500.000 төгрөг бэлнээр, 38.684.000 төгрөгийг бартераар төлбөрт тооцон хүлээн авсан гэдэгт маргаагүй байна.

Харин гэрээний дагуу үлдэх 11 удаагийн зарлагын баримтаар бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй, зарлагын баримтад зурсан этгээд хариуцагч талынх биш гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан 17 ширхэг зарлагын баримт нийт 201.829.180 төгрөгийн баримт байх боловч нэхэмжлэгч 201.649.580 төгрөгний бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж нэхэмжилж байх тул шүүх энэ хэмжээгээр тооцох нь зүйтэй. Дээрх зарлагын баримтуудаас 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн баримт нь хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй байх тул шүүх дээрх баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй гэж үзэв.

Үлдэх 16 ширхэг баримтаар худалдагч 195.541.180 төгрөгний бүтээгдэхүүн худалдан авагчид хүлээлгэн өгсөн болох нь зарлагын падаан болон гэрч Г.Анхбаярын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж үзэв. Гэрч Г.Анхбаярт хуулиар тогтоосон үүрэг, хариуцлагыг танилцуулан мэдүүлэг авснаас гадна 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэгч талд шилжүүлсэн гэх 2.000.000 төгрөгний гүйлгээ түүний Хаан банк дахь дансаар дамжин шилжсэн байдал, хоёр байгууллагын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаанд нэр нь дурдагдсан байдал зэргээс үзвэл гэрч худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч “УСР” ХХК бусад зарлагын баримтын дагуу бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй болохоо баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн нэхэмжлэгч байгууллагаас 2015 оны 9-10 сард 116.631.600 төгрөгний бүтээгдэхүүн хүлээн авсан гэх боловч  шүүхэд ирүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 08-26-ны өдрийн хоорондох 7 удаагийн зарлагын баримтаар нэхэмжлэгч байгууллагаас хүлээн авсан 131.468.550 төгрөгний бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан байгаагаас үзвэл хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч худалдсан бүтээгдэхүүний үнэ, алдангийг тус тус  шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан төлбөр барагдуулах хэлцэлд үлдэгдэл 49.430.592 төгрөгийг 20 сарын хугацаанд төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийхээр, дээрх шаардлагыг хангаагүй бол анз шаардах эрхээ алдахаар мөн зүйлийн 232.7-д заажээ. Талууд 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө бичгээр байгуулсан гэрээгүй тул анзын талаарх өмнөх тохиролцоог төлбөр барагдуулах хэлцэлд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар тусгасан гэж үзэх боломжгүй гэж үзэв. Иймд нэхэмжлэгч төлбөр барагдуулах хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөрт алданги шаардах эрхгүй гэж дүгнэв.

Хариуцагч Г.Г, “ЖТ” ХХК нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д зааснаар барьцааны гэрээ байгуулагдаагүйгээс гадна хэрэгт авагдсан 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг иргэн Ц.Цэрэндорж, Г.Г нарын хооронд байгуулсан ч бодитоор хөрөнгийг шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Г.Гт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрхийг нэгтгээд хариуцагч “Сод ундармал рашаан” ХХК-иас барааны үнэ   244.971.772төгрөг /49.430.592+195.541.180/, алданги 97.770.590 төгрөг /195.541.180 төгрөг *0,5 хувь *2015.11.09-2017.07.20 хүртэлх 617 хоног=301.622.270 төгрөг ~ ИХ 232.4-ийн дагуу 97.770.590 төгрөг/ нийт 342.742.362 төгрөгнөөс төлсөн 44.184.000 төгрөгийг /5.500.000 +38.684.000/ хасч 298.558.362 төгрөгийг гаргуулж “ЖТ” ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Г.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярт өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн тус шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШЗ2018/00267, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2018/00545 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хариуцагч Г.Гын шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг хангаж байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                        

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан “УСР” ХХК-иас 298.558.362 /хоёр зуун ерэн найман сая таван зуун тавин найман мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ЖТ” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78.061.895 төгрөг болон хариуцагч Г.Гт холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийг Г.Гын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-2204021409 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.182.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “УСР” ХХК-иас 1.650.74 төгрөг гаргуулж, “ЖТ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ