Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/216

 

2018 оны 12 сарын 03 өдөр          2018/ШЦТ/216                                 Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0318/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Улсын яллагч Ц.Ц,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ц-н Б-од холбогдох 1839004100244 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Ямаатын жоншны уурхайд иргэн Г.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Ямаатын жоншны уурхайд иргэн Г.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

  1. Хохирогч Г.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Баярсайхан бид 2 ярилцаад Налайхад гэртээ нэг хоночихоод ирье гэж Баяраа гэх хүнд хэлсэн. Тэгсэн Баяраа урьдчилгаа мөнгөө авчихаад явдаг хэн бэ гэж хэлээд намайг гараараа миний уруул руу цохисон. Тэгээд би газар унахад хөлөөрөө баруун хавирга руу цохисон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/
  2. Гэрч Ө.Б-ны мөрдөн байцаалтад өгсөн “...Н- орилоод байсан. Тэгээд би гараад харахад Б- нэг цохисон. Тэгээд би өрөөндөө ороод унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
  3. Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- ах Н-ын нүүрэнд нэг удаа цохиж байсан. Тэгээд унахад нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
  4. Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 07 сарын 30-ны орой ажиллаад орой 19 цагийн орчим буусан. Тэр орой манай ах Баярсайхан 2 пиво авч ирсэн байсан. Тэгээд ууж дуусаад Б- ахад хэлэлгүй Батноров сум руу явсан. Батноров сумаас ирээд бид нар нилээн уусан. Б- ах бид 2 өрөөндөө зурагт үзээд байж байсан. ...Б- ах тэд нар дээр очоод хангалттай мөнгө урьдчилан авчихаад ажлаа дуусгахгүй гэж уурласан тэгээд хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Шөнө харанхуй байсан болохоор ямар үйлдэл гаргаж байгаа нь харагдахгүй байсан ба Б- ах Н-ын нүүрэнд нэг цохиж байсан тэгээд унасан нэг өшиглөсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 25 тал/
  5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн: “...Г.Н-ын биед зүүн 6, 7 дугаар хавирганы цууралт, баруун дээд 1 ф. дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 7 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ц.Б-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч С овогт Ц-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-од оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б-од оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б-од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                      Д.ГАНЗОРИГ