Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/230

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: А.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цагаан хөмсөгт овогт А О холбогдох 2112.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1984 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн  Хайрхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дулаан ашиглалтын инженер мэргэжилтэй, ...... аймгийн.............э, Төрийн өмчит хувьцаат компанид  хэмжүүрийн техникч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт А О /РД:/,  

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.О нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн Цахиурт гэх газарт бэр эгч Э.Пийг хүүхдээ өмөөрлөө хэмээн зодож, хэвлийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн 2112............... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч Э.Пийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед би хадам ээжийн хамт үнээгээ сааж байхад гэрийн гадаа манай том хүү Бийг манай нөхрийн төрсөн дүү О нь толгой руу нь гараараа цохиод өшиглөөд зодоод байхаар нь би хадам ээжид “О яагаад хүүхэд зодоод байгаа” юм бол гэхэд ээж “чи оч” гэж хэлэхээр нь би гэрийн гадаа очоод Оийг “чи яагаад толгой муутай хүүхдийг толгой руу нь цохиж зодоод байгаа” юм бэ гэхэд О намайг “чи яагаад дандаа хүүхдээ өмөөрөөд байдаг юм” гээд миний толгой руу гараараа 3 удаа цохиход би газар унаад ухаан балартсан байсан. Нэг сэрэхэд би гэртээ зүүн талын орон дээр хэвтэж байсан. Тэгээд босоод явах гэхэд алхаж чадахгүй миний баруун хөлийн шилбэ хөхөрч хавдсан байсан. Нөхөр бид хоёр сумын эмнэлэгт ирж үзүүлсэн. Эмч үзээд өвчин намдаах тариа хийгээд гэртээ хариад өнөө шөнөдөө биеэ ажиглаад хонох хэрэгтэй шүү гэж хэлсэн. Нөхөр бид хоёр төвийн байшиндаа хоносон. Миний дотор муухай оргиод толгой өвдөөд бөөлжөөд байсан болохоор нь маргааш өглөө буюу 07 дугаар сарын 23-ны өдөр би ганцаараа замын унаагаар Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тухайн хэрэг болдог өдөр хадам аав А, хадам ээж Цэцэгмаа үнээгээ сааж байсан, хүү Б, нөхөр маань гэртээ байж байсан. Тухайн өдөр эхийгээ хөхөөд байсан бярууны хамарт хийсэн борхыг авах гээд үхрээ хонины хашаанд хашиж байгаад том хүү дүүгээ үхэр орохгүй шүү дээ хашааны хаалганы босгыг аваач пиздаа минь, хонь нийллээ би хониндоо явлаа гээд хонь руугаа яваад ирэхэд нь О чи өвөөгөө пиздаа гэж хэллээ том зантай юм бэ гээд зодсон байсан. Намайг бол хүүхдээ өмөөрсөн гээд зодсон. Миний толгой өвдөж, баруун шилбэ хөхөрч хавдсан, хэвлий хэсгээр өвдөж байсан. Одоо бол толгой өвдөн, хэвлий хэсэг хавирга дагаж өвдөж байгаа. Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 ху/,

Хохирогч Э.Пийн дахин  өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зодуулж, сумын эмнэлэгт орж ирж үзүүлээд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу явж Гэмтлийн эмнэлэгт очоод хэвтсэн. Тэгсэн маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр цагдаа орж ирээд юу болсон талаар асуухаар эмнэлэгт ирж хэвтсэн цаг хугацааг хэлсэн. Тэгээд андуурал болсон юм шиг байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 ху/,

Насанд хүрээгүй гэрч О.Б өгсөн: “...2021 оны 07 сарын сүүлээр байсан хоног өдрийг сайн санахгүй байна. Өвөө, дүү, бид гурав үхрээ хашиж эхийгээ хөхөөд байсан  бярууны борх авахаар болсон. Тэгээд би дүүгээ хонины хашааны үүдний босгыг аваач үхэр орохгүй шүү дээ пизда минь хаашаа янзын юм бэ хурдан онгойлгооч хонь нийлэх гээд байна гэж хэлээд хониндоо явж ирээд гэртээ орох гэхэд О ах чи юундаа өвөөгийнхөө урдаас хэрэлдээд байгаа юм бэ, ямар том зантай юм гэхээр нь ахаа би дүүгээ загнасан өвөөгийн урдаас хэрэлдээгүй гэж хэлэхэд О ах намайг хоёр удаа бөгс рүү өшиглөөд, зүүн гарнаас татаад толгой руу 3 удаа гараараа цохисон. Тэгээд ээж ирээд яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэж О ахад хэлэхэд үхсэндээ хүүхдээ өмөөрөөд байгаа юм гээд ээжийн толгой руу нь 3 удаа гараараа цохиод, энэ муу дандаа ингэж байдаг гээд зүүн гар руу нь цохисон. Гэрийн хажуу тал руу байсан төмөр зуухны хажууд ээжийн баруун шанаанд цохиод, өшиглөөд хавирч унагаасан. Ээж газар унаад ухаангүй 20-иод секунд болохоор нь аав бид хоёр ээжийг гэрт оруулсан. Ээж хэсэг байж байгаад орилж босч ирээд зүүн хавиргаа бариад өвдөөд байна гээд орилоод байхаар нь би ээжийн нурууг илж өгсөн. Тэгээд ээж аав хоёр эмнэлэгт үзүүлэхээр сумын төв орсон. Тухайн үед миний толгой өвдөж байсан. Одоо бол зүгээр болсон. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  31-32 ху/,

А.Оийн яллагдагчаар өгсөн: “..2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байсан байх, өдрийг нь сайн санахгүй байна. Эхийгээ хөхөөд байсан бярууны борхыг авах гээд хонины хашаанд үхрээ ахын хоёр хүүтэй хашсан байсан. Би хонины хашаан дээр очиход ахын том хүү Б уурлаад морио ташуурдаад хонь руугаа давхисан. Би ахын бага хүүтэй бярууны хамарны борх авч байхад Э.П эгч уурлаад үнээ эвлэг гээд бага хүүгээ дуудаад байсан. Тэгээд аав бид хоёр ахын гэрийн гадаа очоод би ахад “ах та дуугүй байж байгаарай би танай том бандийг загная” гэж хэлсэн. Тэгсэн ахын том хүү Б хониноосоо ирэхэд нь би ахын том хүү Бийг “юу болоод муухай орилоод морио нүдээд яагаад байгаа” гээд загнасан. Би уурлаад Бийг барьж авах гэхэд ухраад надаас зугтаагаад байхад нь бэр эгч үнээ сааж байснаа үнээгээ орхиод гүйж ирээд чи бие муутай хүүхэд зодлоо та нарт дээрэлхүүлдэг хэн юм гээд П эгч, Б хоёр надтай барьцалдаж аваад П эгч миний нуруу руу гараараа цохиод байсан. Тэгсэн Б намайг пизда минь гэхээр нь уур хүрээд чи яахаараа пизда гэдэг юм гээд бөгс рүү нь өшиглөх гэхэд миний хөл хүрээгүй. Тэгээд бид гурав салаад хэрүүл болсон. Тэгсэн бэр эгч П аав, ээж хоёрыг муу сайн гуйлгачингууд гээд орилоод байхаар нь би танайхаас юу гуйсан юм миний аав ээж хоёр чамаас юу гуйсан гэхэд ийм муу айлын хажууд амьдарч байгаа болохоор манай амьдрал өөдлөхгүй байна гээд байсан. Би чи юу гээд байгаа юм бэ гэхэд бэр эгч миний бөгс рүү өшиглөхөөр нь би хоёр хөл рүү нь хавсарч унагаасан. Би тухайн үед ямар гэмтэл учирсаныг мэдээгүй, шинжээч эмчийн гэмтлийн зэргийн дүгнэлттэй танилцаад хөнгөн зэргийн гэмтэл гарсан болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 ху/,

Хохирогч биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6644 дугаартай 
1. Э.Пийн биед хэвлийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн *ХӨНГӨН* зэрэгт хамаарна. 
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 19-20 ху/,

А.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63 хуу/
Дархан Уул аймаг, Дарханы дулаан сүлжээ ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 67 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /хх-ийн 77-79 ху/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.О нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн Цахиурт гэх газарт бэр эгч Э.Пийг хүүхдээ өмөөрлөө хэмээн зодож хэвлийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.О холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2112................. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч А.О нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн Цахиурт гэх газарт бэр эгч Э.Пийг зодож хэвлийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Э.Пийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед би хадам ээжийн хамт үнээгээ сааж байхад гэрийн гадаа манай том хүү Бийг манай нөхрийн төрсөн дүү О нь толгой руу нь гараараа цохиод өшиглөөд зодоод байхаар нь би хадам ээжид О яагаад хүүхэд зодоод байгаа юм бол гэхэд ээж чи оч гэж хэлэхээр нь би гэрийн гадаа очоод Оийг чи яагаад толгой муутай хүүхдийг толгой руу нь цохиж зодоод байгаа юм бэ гэхэд О намайг чи яагаад дандаа хүүхдээ өмөөрөөд байдаг юм гээд миний толгой руу гараараа 3 удаа цохиход би газар унаад ухаан балартсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 ху/, насанд хүрээгүй гэрч О.Бийн өгсөн: “...2021 оны 07 сарын сүүлээр байсан хоног өдрийг сайн санахгүй байна. Өвөө, дүү, бид гурав үхрээ хашиж эхийгээ хөхөөд байсан  бярууны борх авахаар болсон. Тэгээд би дүүгээ хонины хашааны үүдний босгыг аваач үхэр орохгүй шүү дээ пизда минь хаашаа янзын юм бэ хурдан онгойлгооч хонь нийлэх гээд байна гэж хэлээд хониндоо явж ирээд гэртээ орох гэхэд О ах чи юундаа өвөөгийнхөө урдаас хэрэлдээд байгаа ямар том зантай юм гэхээр нь ах би дүүгээ загнасан өвөөгийн урдаас хэрэлдээгүй гэж хэлэхэд О ах намайг 2 удаа бөгс рүү өшиглөөд, зүүн гарнаас татаад толгой руу 3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн  31-32 ху/, А.Оийн яллагдагчаар өгсөн: “...Бийг барьж авах гэхэд ухраад надаас зугтаагаад байхад нь бэр эгч үнээ сааж байснаа үнээгээ орхиод гүйж ирээд чи бие муутай хүүхэд зодлоо та нарт дээрэлхүүлдэг хэн юм гээд П эгч, Б хоёр надтай барьцалдаж аваад П эгч миний нуруу руу гараараа цохиод байсан. Тэгсэн Б намайг пизда минь гэхээр нь уур хүрээд чи яахаараа пизда гэдэг юм гээд бөгс рүү нь өшиглөх гэхэд миний хөл хүрээгүй. Тэгээд бид гурав салаад хэрүүл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 ху/, хохирогч биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6644 дугаартай дүгнэлт  зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.О үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч А.О нь хохирогч Э.Пийн биед хэвлийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6644 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

Иймд шүүгдэгч А.Оийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Э.П нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогчоор өгсөн:“...надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 ху/, хавтаст хэргийн материалтай танилцахдаа “санал хүсэлт байхгүй” /хх-ийн 79 хуу/, гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч А.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 83 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч А.Оид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.О  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна. 
 
 Шүүгдэгч А.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Оийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, , 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  37.1 дүгээр зүйл , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Агийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Оид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ