| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/03194/И |
| Дугаар | 00206 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 00206
| 2018 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2018/00206 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С Т ХХК нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Д.Д нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Э-д холбогдох,
Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөг гаргуулж С Т ХХК-д, зээлийн төлбөрт 580 000 төгрөг гаргуулж Д.Дд олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, хариуцагч Ч.Э, гэрч Э.Тэмүүлэн, Н.Мядагмаа, Т.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Э нь С Т ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 60 м.кв талбайг үйлдвэрлэлийн зориулалтаар 1 жилийн хугацаатайгаар түрээсэлж авсан. Түрээсийн төлбөр сарын 400 000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд төлбөрийг сар бүрийн 20-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 1 сарын түрээсийн төлбөр төлсөн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Түрээслэгч Ч.Э нь түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орчим байр чөлөөлж өг, мөн эхнэртэй нь утсаар ярьж миний хүлээлт дууссан ирж уулзаж учраа ол гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан боловч дээрх шаардлагыг биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байна. Мөн Ч.Э нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай байна, 580 000 төгрөг зээлээч, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр буцааж төлнө” гээд гуйгаад байхаар нь Ч.Эд 580 000 төгрөг эхнэрийнхээ данснаас шилжүүлсэн. Надаас мөнгө авсан талаар өөрөө маш сайн мэдэж байгаа. Ч.Э нь түрээсийн төлбөрөө төлдөггүй, мөн надаас зээлж авсан мөнгөө ч өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Иймд хариуцагч Ч.Эаас 1 200 000 төгрөг гаргуулан С Т ХХК-д, 580 000 төгрөг гаргуулан С Т ХХК-ийн захирал Д.Дд тус тус олгуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах үед түрээсийн төлбөрийг 2017.11.20-ны өдөр хүртэл тооцож нэхэмжилсэн боловч хэрэг шийдвэрлэгдээгүй тул 2018.01.20-ны өдөр хүртэл хугацааг нэмж тооцоод түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн. Иймд түрээс 2 000 000 төгрөг гаргуулж Сититакси ХХК-д, зээл 580 000 төгрөгийг Д.Д надад гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Э нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э миний бие С Т ХХК-ийн 60 м.кв талбай бүхий талбайг үйлдвэрлэлийн зориулалттай түрээслэн авсан нь үнэн бөгөөд түрээсийг тохирохдоо тус талбайн зарим хэсэгт өөрөө амьдрахаар тохирсон юм. Ингээд тус байранд үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажлаа хийж байх үед тус компанийн захирал Д.Д нь 1 давхарт гадаадын төслийн компани орох гээд байна. Байранд нь бараа хураалттай байгаа тул зөөх хүн олоод өөрийн суллаад өгөөч гэж хэлсний дагуу хүн олоод өөрийн хамт 3 өдөрт барааг зөөж байрыг сулласан. Энэ ажлынхаа хөлсийг би гүйцээж өгсөн. Мөн манай малыг харж байсан малчин энэ жил өөр хүнээр маллуул, ажилтай болчихлоо гээд байна. Чи надад туслаад өг би 1 сарын түрээсийг чинь хасаж өгье гэсний дагуу 15 хоногийн турш Д.Дын ажлын төлөө өглөө 08 цагаас шөнийн 00 цаг хүртэл ажиллаж нэлээд хэдэн удаа гадаа машинд хонож байсан бөгөөд энэ үедээ хоолыг нь зөөж, савтай шээсийг нь асгаж байсан ба 2 удаа бие нь муудахад массаж хийж амь насыг нь аварсан билээ. Энэ ажлыг 8 сарын 15-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд хийж дуусгаад ирсний дараа Д.Д нь байрны түрээс нэхэж эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 15-ны өдөр надтай хамт амьдарч байсан хүү Э.Тэмүүлэнг минь өмссөн хувцастай нь хөөж гаргаад түрхүүрээ авсан байсан. Энэ мэт байдлаас болж бидний хооронд маргаан үүссэн. Миний хувьд тус компанийн ажилтан биш бөгөөд тус компанид үнэ хөлсгүй ажиллаад дээр нь байрны байрны түрээс төлөх нь зүйд нийцэхгүй гэж үзэж байгаа ба цаашид энэ хэвээр маргаан үргэлжилбэл 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших хугацаанд үйл ажиллагаанаасаа олох ёстой байсан ашгийг нэхэмжлэх бодолтой байна. Зээлж авсан гэх 580 000 төгрөгийн тухайд маргааныг зөв зүйтэйгээр шийдвэрлэж тохиролцоонд хүрсэн үед өгөхөд татгалзах зүйлгүй. Иргэний хуульд зааснаар түрээсээр байр эзэмшиж байгаа бол үр шимийн хүртсэн байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл үр шимийг хүртэх боломжийг энэ хүн үүсгээгүй. Гэрээнд заагдаагүй хувийн ажилд зарж, түрээсийн байрыг зохих журмаар ашиглах боломж өгөөгүй. Тиймээс түрээсийн төлбөрийн бүрэн төлөх үндэслэлгүй гэж бодож байна. 580.000 төгрөгийг хэний данснаас хэнд төлсөн, эхнэрийнхээ даснаас гэж байгаа боловч уг мөнгийн энэ хүн нэхэмжлэх эрхтэй гэдгийг нотолсон баримтгүй, хэнд өгсөн нь тодорхойгүй, миний данс руу уг мөнгө орж ирээгүй учраас 580 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй гэж үзэж байна. Гэрээнд заасны дагуу түрээсийн эд хөрөнгийн үр шимийг хүртэх боломжгүй, ажлын байрыг цоожилсон болох нь нотлогдож байхад байхад түрээсийн төлбөр нэхэж байгаа нь хуульд заасан шаардлагад нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С Т ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 5 сарын хугацааны түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөг гаргуулахаар, иргэн Д.Д зээлийн төлбөрт 580 000 төгрөгийг хариуцагч Ч.Эаас гаргуулахаар тус тус шаарджээ.
Хариуцагч Ч.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд түрээсэлсэн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг нь хүртэх боломжийг түрээслүүлэгч олгоогүй тул түрээсийн төлбөр төлөхгүй, зээлдүүлсэн гэх 580 000 төгрөгийн тухайд Д.Д нь уг зээлийн мөнгийг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэлээ. Тодруулбал,
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Эв нэгдлийн гудамжинд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай байрнаас хэсэгчлэн буюу 60 м.кв талбайг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, нэг сарын 400 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гэрээг бүртгүүлэхийг шаарддаг боловч зохигч хэсэгчилсэн талбайг түрээслэхээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцлөө бичгийн хэлбэрээр тохиролцсон байна.
Иймд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан, мөн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарах хэлцэл гэж дүгнэлээ.
Зохигч түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээслүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэх, гэрээний дагуу түрээсийн эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн, 2017 оны 7 дугаар сарын хойш хариуцагч түрээсийн төлбөрт 400 000 төгрөг төлсөн, хариуцагч Ч.Э 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд нэхэмжлэгч Д.Дын хувийн ажилд хөдөө ажилласан, түрээсийн хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан хүлээлгэж өгөөгүй үйл баримтын тухайд маргаангүй.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хүртэл түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч С Т ХХК хариуцагч Ч.Эаас шаардах эрхтэй.
Гэхдээ шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс үзвэл, 2017 оны 08 дугаар сард С Т ХХК-н захирал Д.Д хувийн ажилдаа туслалцуулахаар хариуцагч Ч.Эыг хөдөө явуулсан, мөн хариуцагч нэхэмжлэгчийн бараа материалыг зөөж буулгасан зэрэг үйл баримт тогтоогдож байх тул түрээслүүлэгч 2017 оны 08 дугаар сард түрээслэгчийг түрээсийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзээд нэг сарын түрээстэй тэнцэх төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хугацааны түрээсийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ. /1 200 000 -400 000/
Нэхэмжлэгч анх шүүхэд нэнхэмжлэл гаргахдаа түрээсийн төлбөрийг 2017.08.20-2017.11.20 хүртэл нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017.11.20-2018.01.20 хүртэл хугацааны төлбөр гаргуулахаар шаардлагаа ихэсгэсэн ба ихэсгэсэн шаардлыгыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр зохицуулсан тул мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д “эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцаан өгөхөөр, 295 дугаар зүйлийн 295.4-т гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.
Хариуцагч түрээсийн хөрөнгийг нэхэмжлэгчид буцааж өгөөгүй, энэ үйл баримтад зохигч маргаангүй. Иймээс хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан гэж үзэх тул 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны хожимдуулсан хөлсөнд 800 000 төгрөг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Зээлийн төлбөр 580 000 төгрөг гаргуулах тухай Д.Дын шаардлагын тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно гэж заасан тул нэхэмжлэгч Сититакси ХХК түрээсийн төлбөр нэхэмжилж, Сититакси ХХК-ний захирал Д.Д иргэний хувиар зээлийн төлбөр гаргуулахаар шаардаж, хамтран нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчихгүй гэж үзээд шүүх хэргийг шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч 580 000 төгрөгийг эхнэрийнхээ данснаас шилжүүлсэн гээд Нямсүрэн Биндэръяа гэх эзэмшигчтэй Хаан банкны 5070248943 дугаар депозит дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ баримтаар нэхэмжлэгч Д.Д мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь нотлогдохгүй, данс эзэмшигчийг төлөөлж нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдохгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгов.
Мөн нэхэмжлэгч С Т ХХК-ийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзсан гэж үзэх тул түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг бие даасан шаардлага гэж үзээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эцэст нь дээрхийг нэгтгэн дүгнэвэл, түрээсийн гэрээний үүрэгт 1 600 000 төгрөгийг хариуцагч Ч.Эаас гаргуулж, нэхэмжлэгч Сититакси ХХК-д олгож, үлдэх 400 000 төгрөгийг, зээлийн гэрээний үүрэгт 580 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Дын шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын заримыг ханган шийдвэрлэсэн тул зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 295 дугаар зүйлийн 295.4-т заасныг баримтлан хариуцагч Зуун цагаан гэрт овогт Чимэдгочоогийн Эрдэнэжаргал /РД:ИЦ72080273/-аас түрээсийн гэрээний үүрэгт 1 600 000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С Т ХХК /РД:2580756/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400 000 төгрөгийг, Д.Дын зээлийн гэрээний үүрэгт 580 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 40 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С Т ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйш дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ