Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 16

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

Шүүх хуралдаанд:

Прокурор                                             Ц.Гэрэлбаатар

Хохирогч                                             Ш.Э

Иргэний хариуцагч                               Б.Б

Шүүгдэгч                                             Л.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Т.Баасанжаргал

Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолтой Л.А-д холбогдох 1715001120039 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.А-гын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ..... Л.А.

 Л.А нь 2017 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг "Хөшигтийн ар" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Орхон аймгийн Цагдаагийн газарт бүртгэлтэй **-** ОРО улсын дугаартай "Hyundai mighty" маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 9.113 м.куб нойтон мод, 23.733 м.куб унанги модыг бэлтгэж байгаль экологид 2 044 174 /хоёр сая дөчин дөрвөн мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан,

 мөн Булган аймгийн Цагдаагийн газраас Л.А-ын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэлд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар хэрэг бүртгэлтийн 171500112 дугаартай хэрэг нээн шалгах үед мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан мэтээр урьд нь иргэн Д.Г, Б.Б нарын мод бэлтгэхдээ авсан зөвшөөрлийн бичигт засвар оруулан, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Г.З-гийн албаны үйл ажиллагаанд ашигладаг тэмдэг дарсан БУА *******, БУА *******, БУА ******* серийн дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг /олгох тасалбар/-ийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хураалгаж хэрэгт хавсаргуулан баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор

1. Шүүгдэгч Л.А-ыг хуурамч баримт бичиг ашиглаж, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дах хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ыг ялаас чөлөөлсөн болохыг дурьдаж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт  заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж,

5. Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдаж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нойтон шинэс мод 9.113 м3, хуурай унанги мод 23,733 м3 нийт 32,846 м3 модыг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн “Heundai mighty” маркийн **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Орхон аймгийн Цагдаагийн газарт буцаан олгож,

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар байгаль экологид учирсан 2044174 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 6132522 төгрөгийг иргэний хариуцагч Орхон аймгийн Цагдаагийн газраас гаргуулж, хохирогч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт олгож,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Амгаланбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн  өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.А давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял оногдуулсан. Гэмт хэргийг үйлдэхдээ төрийн албан хаагчийн нэр төр, албан нэрээр далайлган гэмт хэргийг үйлдээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зүйлчлэлийг 24.6.1 болгон өөрчилж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Л.А-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг "Хөшигтийн ар" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Орхон аймгийн Цагдаагийн газарт бүртгэлтэй **-** ОРО улсын дугаартай "Hyundai mighty" маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 9.113 м.куб нойтон мод, 23.733 м.куб унанги модыг бэлтгэж байгаль экологид 2 044 174 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар төрийн албан хаагч дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Л.А-д ял шийтгэл оногдуулжээ.

Харин шүүгдэгч Л.А нь зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Бугат сумын нутаг “Хөшигтийн ар” гэдэг газраас нойтон болон унанги мод бэлтгэсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хэдийгээр Орхон аймгийн Цагдаагийн газарт аж ахуйн ажилтнаар ажилладаг боловч  төрийн албан хаагчийнхаа нэр төрийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэсэн шууд санаа зорилго түүнд байгаагүй, дээрх  бэлтгэсэн модыг хувьдаа ашиглаагүй, Орхон аймгийн Цагдаагийн газрын удирдлагын үүрэг даалгаварыг гүйцэтгэсэн шинж чанартай нийтийн эрх ашгийн үүднээс гэмт хэрэг үйлдсэн зэрэг шалтгаан нөхцөл байдлуудыг нь харгалзан үзээд шүүгдэгч Л.Амгаланбаатарт анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6.1 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ гэсэн заалтыг үндэслэн шүүгдэгч Л.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6.1-т заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн” гэх гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн  байх тул шүүгдэгч Л.А-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иймд шүүгдэгч Л.А-ын “... Гэмт хэргийг үйлдэхдээ төрийн албан хаагчийн нэр төр, албан нэрээр далайлган гэмт хэргийг үйлдээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зүйлчлэлийг 24.6.1 болгон өөрчилж шийдвэрлэж өгнө үү”  гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэвэл зохино.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2. д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэхь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дах хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6.1-д зааснаар шүүгдэгч Л.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй....

2. Шүүгдэгч Л.А-гын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР

                                        ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН