Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 020/2014/0288/з |
Дугаар | 221/МА2015/0035 |
Огноо | 2015-01-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2015/0035
Т.Сийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 522 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Сийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т.С миний бие 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 68 тоот тушаалаар "хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн" гэсэн ажлын байранд Төрийн албан хаагчийн үрдүнгийн гэрээ хийж ажилд орсон ба жил бүр гэрээгээ шинээр байгуулан ажилладаг. Төрийн албан хаагч миний зүгээс тус байгууллагад ажиллах хугацаандаа өөрийн хариуцсан ажил үүргээ хангалттай сайн биелүүлж, ажлын алдаа доголдол болон ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно.
Миний зүгээс жирэмсний болон амаржсаны амралтаа 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс авсан бөгөөд 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хүүхэд асрах нэг жилийн чөлөө авч, улмаар 2013 оны 02дугаар сарын 17-нд хүүхэд асрах чөлөөгөө дахин нэг жилээр сунгуулсан. Ингээд хүүхэд асрах 2 жилийн чөлөөний хугацаа дуусч 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орохоор өргөдлөө өгөхөд тус хэлтсийн дарга Ц.О нь "Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 32 тоот тогтоолоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нь өөрчлөгдөн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс,Xөдөлмөрийн хэлтэс болон зохион байгуулагдсан. Энэ тогтоолоор Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнууд бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн, иймд таны өгсөн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байна " гэсэн хууль зүйн үндэслэлгүй тайлбарыг 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн. Үүний дагуу харъяалах дээд шатны байгууллага болох Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газарт гомдол гаргаж хариуг авсан бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2014 оны 03 дугаар сарын 31-нд хандаж хариу авсан.
Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь Төрийн албан хаагч миний Хөдөлмөрийн тухай хуульд заасан/106.2. Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө/ эрхийг үндэслэлгүйгээр зөрчсөн.
Хүүхдээ 1 нас хүрэхэд нь 2013 оны 02 дугаар сарын 15-нд хүүхдээ 2 нас хүртэл асрах чөлөө хүссэн өргөдөл бичээд очсон. Гэтэл ... байгууллага өөрчлөгдсөн өргөдлийн толгойг нь соль гэсэн тэгээд өргөдлийн толгойг солиод Баасан гарагт очтол дарга байхгүй байсан. Би нарийн бичиг А.Бд өргөдлөө өгөөд .....миний өргөдлийг ав. Хүү маань өнөөдөр 1 нас хүрч байгаа. 2 нас хүртэл нь асрах хэрэгтэй байна гэж хэлсэн. А.Б өргөдөл гомдол хүлээн авдаг дэвтэртээ бүртгэхгүй байсан. Тэгэхээр нь би өөрт үлдсэн өргөдлийн нэг хувьд А.Баар гарын үсэг зуруулаад явсан. Даваа гарагт Ц.О даргатай уулзахад дарга өргөдөл өгсөн юм уу? гэж хэлсэн. Би даргад өргөдлөө бичиг хэрэгт өгсөн гэж хэлсэн. Гэтэл дарга явж болно гэсэн.
Иймд Багануур дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн гэсэн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 2 дугаар сарын 17-ныг хүртэлх хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын 0063116 тоот дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэлх 8 сар 16 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
Хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.С нь 2009 оноос тухайн үеийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст /хуучнаар/ хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтнээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч улмаар хүүхэд асрах чөлөөгөө эдэлж байсан нь үнэн боловч түүнийг чөлөөтэй байх хугацаанд манай байгууллага Монгол улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоолоор бүтцийнөөрчлөлтөд орж 2 байгууллага болон хуваагдсан. Манай байгууллагын хувьд Т.Сийн эрхэлж байсан орон тоо байхгүй болж өөр чиг үүрэг, ажлын байрны шаардлага бүхий "Хяналт-Шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтэн" гэсэн ажлын байртай болсон бөгөөд Т.Сийн боловсрол эзэмшсэн мэргэжил нь ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа болно. Түүнийг 2013 онд хүүхэд асрах чөлөөгөө 1 жил эдлээд дахин сунгуулахаар байгууллагад өргөдөл гаргах үед манайд ажиллах боломжгүй би чөлөөг сунгах субъект биш хэрэв манай байгууллагад ажиллана гэж хүсээд байгаа бол нэгэнт байгууллага бүтцийн өөрчлөлтөд орсон ажлын байр байхгүй болсон тул хороо хариуцсан мэргэжилтнээр ажилд ор, тушаалаа гаргуулаад эргэж чөлөөгөө авч болно гэсэн санал тайлбарыг түүнд өөрийн биеэр болон Захиргаа хяналтын албаны Ц.Б, мөн түүний найз болох мэргэжилтэн П.Ү нараар хэлүүлж хариуг нь амаар өгсөн. Удаа дараа ирж уулз гэж дуудуулсан боловч өөрөө эргэж ирээгүй, огт хариугүй алга болсон бөгөөд чөлөө сунгагдаагүй болногэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Т.Сийг нийслэлийн Багануур дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагч Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /Ц.О/-т даалгаж, 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 2 дугаар сарыг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар ТЗ-4 шатлалаар 497 935 төгрөгөөр тооцон ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч Нийгмийн халамж, үйлчилгээний газраас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст холбогдох хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, нийгмийн даатгалын шимтгэл болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс Багануур дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд Т.Сийг томилж, 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 2 дугаар сарыг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар ТЗ-4 шатлалаар 497 935 төгрөгөөр тооцон ажилгүй байсан хугацааны цалинг бодож олгохыг болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /Ц.О/-т даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн давж заалдах гомдолдоо: ... 1. Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Засгийн газрын 2012.08.27-ны өдрийн 06 дугаар тогтоол, энэхүү тогтоолыг гаргасан хуралдааны тэмдэглэлийг үндэслэл болгон тайлбарлажээ. Ингэхдээ шинээр байгуулагдсан Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрыг өөрчлөн байгуулагдсан гэж дүгнэлт хийсэн байна. Гэтэл уг тогтоолын 2 дахь хэсэгт хуучин ажиллаж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг татан буулгасугай гэж тодорхой зааж өгсөн байдаг. Ийм тодорхой заачихсан тогтоолыг хэн нэгэн этгээд өөрт ашигтай байдлаар тайлбарлах нь буруу бөгөөд нэгэнт батлагдан гарсан хууль тогтоомжийг хэлэлцдэггүй, дагаж мөрддөг /шүүхийн шийдвэрийн нэгэн адил/. Хэрэв уг шийдвэр тогтоол нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид харшилж, зөрчилдөж байвал түүнийг хүчинтэй байгаа тохиолдолд дагаж мөрдөх үүрэгтэй. Хууль тогтоомжийг гаргаж байгаа субьект нь хуралдаан дээрээ юу хэлэлцэх нь энд хамаагүй. Түүнээс гаргасан шийдвэр л энд яригдах ёстой. Хуралдаан дээрээ ярилцаж тохиролцсоноосоо өөр шийдвэр гаргасан, түүнээс болж хэн нэгэн хохирсон бол тэр субьект өөрөө хариуцлагыг хүлээх ёстой. Энэ бол хуулийн зарчим. Иймээс хуучин ажиллаж байсан Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар нь татан буугдсан, нэгэнт хуучин байгууллага нь үүсгэн байгуулагчийн шийдвэрээр татан буугдсан учраас 2012.08.27-ны өдрөөс хойш Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар шинээр байгуулагдсан гэж үзэж байна.
2. Байгууллагын нэр солигдсон гэдэг асуудал бол татан буугдсан үйл явдлаас хойш болж байгаа асуудал. Нэгэнт татан буулгасан шийдвэрийг өмнө нь гаргачихсан учраас тухайн байгууллагын эд хөрөнгө өмчийн асуудлыг шийдвэрлэхдээ шинэ байгуулагдсан байгууллагад шилжүүлж дараа нь 32 дугаар тогтоолоор нэрийг нь өөрчилсөн процесс явагдсан гэдэг нь тодорхой харагдаж байна.
... 3. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад үндэслэл болгосон хуулийн заалтууд нь ажил олгогч хэвээрээ байгаа тохиолдолд буюу өөрчлөн байгуулагдсан нөхцөлд мөрдөгдөх заалтууд бөгөөд өмнөх ажил олгогч нэгэнт байхгүй тохиолдолд мөрдөгдөх заалтууд биш гэж үзэж байна.
4. Мөн шүүх нь хэрэгт авагдсан баримтууд, Засгийн газрын 2012.09.29-ний өдрийн 63 дугаартай тогтоолыг /нийгмийн халамжийн байгууллагын дотоод аудиторын чиг үүргийн тухай/ шийдвэртээ дурьдсан атлаа энэ ажлын байранд эзэмшсэн мэргэжил боловсролын хувьд шаардлага хангахгүй байгаа нэхэмжлэгч Т.Сийг томилсон үндэслэлээ одоо ажиллаж байгаа Н.Мөнхжаргал нь томилогдох үедээ аудитор мэргэжил эзэмшээгүй байсан гэж тодорхойлсон байдаг. Энэ нь тухайн байгууллага урьд нь хууль зөрчиж хүн томилсон чинь шүүх бас хууль зөрчиж болно гэсэн дүгнэлт хийсэн гэж ойлгогдож байна.
... Иймд эрхэм хүндэт шүүгч та бүхэн дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч Т.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь хариуцагч биш байхад түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
1. Хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна.
а/ Хариуцагчийн гомдолд ... Засгийн газрын 2012 оны 6 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрыг татан буулгаж, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар шинээр байгуулагдсан байхад шүүх өөрчлөн байгуулагдсан гэж буруу дүгнэсэн... шүүхийн шийдвэрийн үндэс болгосон хуулийн заалтууд нь ажил олгогч хэвээрээ байгаа буюу өөрчлөн байгуулагдсан үед мөрдөгдөх заалтууд бөгөөд ажил олгогч нь нэгэнт байхгүй болсон үед мөрдөх заалт биш ... гэжээ.
2012 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Багануур дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн чиг үүрэг нь хуваагдаж дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтэс гэсэн 2 байгууллагад шилжсэн, нэхэмжлэгч Т.Сийн ажиллаж байсан хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалын чиг үүрэг нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтэн-ний албан тушаалд хэвээр хадгалагдсан болох нь эдгээр хэлтсийн орон тоо, зохион байгуулалтын бүтэц баталсан тушаал, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх хариуцагч Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч ... төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ... гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэдийгээр Засгийн газрын 2012 оны 6 дугаар тогтоолоор Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар буюу дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн харьяалах дээд шатны байгууллагыг татан буулгасан ч түүний үйл ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгоогүй, харин эрхэлж байсан чиг үүргийг нь шинээр зохион байгуулагдах байгууллагуудад хуваан шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Засгийн газрын 2012 оны 32, 35, 36 дугаар тогтоолуудаас тодорхой байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасан өөрчлөн байгуулагдсан гэдэгт хамаарах тул хариуцагчийн дээрх гомдол үндэслэлгүй юм.
б/ Хариуцагчийн гомдолд ... энэ албан тушаалд томилогдсон Н.Мөнхжаргалыг аудиторын мэргэжил эзэмшээгүй байхад томилсон гэсэн атлаа мөн шаардлага хангахгүй Т.Сийг томилж байгаа нь тухайн байгууллага хууль зөрчиж томилсон юм чинь шүүх бас хууль зөрчиж болно гэсэн дүгнэлт хийсэн гэж ойлгогдож байна гэжээ.
Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн шинэчлэн баталсан хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтэн-ий ажлын байрны тодорхойлолтын[1] В.Тавигдах шаардлага гэсэн хэсгийн Мэргэжил гэсэн үзүүлэлтэд аудитор, Мэргэшил гэсэн үзүүлэлтэд Мэргэшсэн аудитор гэж тус тус заасан боловч энэ өөрчлөлттэй холбоотой Т.Сийн эрхэлж байсан хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаал (ажлыг байр)-ын тодорхойлолтод[2] заасан ажлын байрны зорилго, чиг үүрэг нэмэгдэж өөрчлөгдөөгүй, зөвхөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой гүйцэтгэж байсан чиг үүрэг нь хасагдаж өөрчлөгдсөнөөс үзвэл нэхэмжлэгч Т.Сийг тухайн албан тушаалын шаардлага хангахгүй гэж үзэхээргүй байна.
Учир нь дээрх ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор (2 дугаар хавсралт) батлагдсан Ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолт боловсруулах заавар-ын дагуу батлаагүй, өөрөөр хэлбэл уг зааврын Хоёр дахь хэсгийн В-д зааснаар Мэргэжил гэсэн үзүүлэлтэд дипломын сургалтаар эзэмших мэргэжлийг бичих, харин Мэргэшил гэсэн үзүүлэлтэд дипломын дараах сургалтаар эзэмшсэн байх тодорхой чиглэлийн мэдлэг чадварыг тодорхойлж бичихээр заасан байхад аль аль үзүүлэлтэд бичсэн нь дээрх зааварт нийцэхээргүй байна. Ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсанаас дүгнэхэд уг ажлын байранд аудиторын мэргэжил зайлшгүй шаардлагатай биш, харин мэргэшил буюу дипломын дараах сургалтаар эзэмших боломжтой байна.
Төрийн байгууллага нь уг албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэхэд аудитор-ын мэргэшил зайлшгүй шаардлагатай гэж үзэж ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулсан бол тухайн албан тушаалд хэвийн ажиллаж байгаад хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацаанд хуулиар албан тушаал нь хэвээр хадгалагдсан төрийн захиргааны албан хаагчийг тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулж уг мэргэшлийг дипломын дараах сургалтаар эзэмших боломж олгох нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцнэ. Анхан шатны шүүх энэ талаас нь уг албан тушаалд ажиллаж байгаагүй, мөн аудиторын мэргэшил эзэмшээгүй этгээдийг томилж, Т.Сийг томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж Т.Сийг уг албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй.
2. Нэхэмжлэгч Т.С нь Багануур дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс өөрчлөгдсөнтэй холбоотой өөрийн ажиллаж байсан хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний албан тушаал нь чухам аль байгууллагын бүтэц орон тоонд хамаарахыг өөрөө тодорхойлох боломжгүйгээс нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг тус тус хариуцагчаар татаж, ...ажиллаж байсан хяналт шинжилгээ, үнэлгээний албан тушаалд томилуулах, 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2014 оны 2 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг жинхэнэ хариуцагч гэж үзэж, Хөдөлмөрийн хэлтсийг хариуцагчаас чөлөөлүүлэх хүсэлт[3] гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагч тус бүрт холбогдох хоёр нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хөдөлмөрийн хэлтэст холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь утга агуулгын алдаатай болжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн ... хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ энэ талаар зохицуулсан хууль, Засгийн газрын тогтоолыг хэрэглээгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ... тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ., Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор /Хоёрдугаар хавсралт/ баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2 дахь хэсгийн в-д Хүүхдээ асрахаар тэтгэмжтэй чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө гэж заасны дагуу Т.Сийн хүүхэд асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс төлөх үүрэгтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 522 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Т.Сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Багануур дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Т.Сийг ажил, албан тушаалд томилоогүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, Багануур дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд Т.Сийг томилж, 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу бодож олгохыг; 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 2 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор /Хоёрдугаар хавсралт/ баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2 дахь хэсгийн в-д заасны дагуу нөхөн төлөхийг Багануур дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст тус тус даалгасугай гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ