Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 136

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Э.Үүрцайх, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1007), С.Санжаажамц (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1788), иргэний нэхэмжлэгч Ж.Бөхбямба нарыг оролцуулан,

Тээврийн прокурорын газраас Нумчин овогт Эрдэнэ-Өлзийн Үүрцайхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0557 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Нумчин овогт Эрдэнэ-Өлзийн Үүрцайх, 1992 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамж 69 тоотод оршин суух хаягтай, СР92090907 регистрийн дугаартай, урьд 1 удаа ял шийтгүүлсэн,

- 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 73 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

Холбогдсон хэргийн талаар:  (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Э.Үүрцайх нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг 21 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, Эмээлтийн замд Тоёота Раум загварын 10-08 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ. гэсэн заалтыг зөрчсөнөөс Ж.Бөхбямба жолоочтой Тоёота Ландкруйзер-200 загварын 01-24 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч П.Цолмонбаатар, А.Орхон нарын биед хүндэвтэр гэмтэл, зорчигч Ц.Болдбаатар, Ц.Билгүүнбаатар нарын биед хөнгөн гэмтэл, Ж.Бөхбямбад 6.473.000 төгрөгийн шууд, нийт 7.123.000 төгрөгийн хохирол тус бүр учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Үүрцайх нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг 21 минутын үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Эмээлт орчимын замд өөрийн эзэмшлийн Тоёота Раум загварын 10-08 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон өөрийн хүү Б.Бямбабаяр, хохирогч П.Цолмонбаатар, А.Орхон тэдний хүүхдүүд болох Ц.Билгүүнбаатар, Ц.Болдбаатар нарыг суулган Улаанбаатар хот руу явж байжээ. Гэтэл тэрээр бичиг баримтаа мартсанаа санаад түүнийгээ авахаар буцаж эргэх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ. гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Ланд-200 загварын 01-24 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур орж мөргүүлжээ. Үүний улмаас хохирогч П.Цолмонбаатар, А.Орхон нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Ж.Бөхбямбад нийт 7.123.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Үүрцайх: Би замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Техникийн шинжээчийн дүгнэлт 2 удаа гарахдаа намайг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн байна. Тиймээс миний бие гэм буруугаа ухамсарлан хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нар гомдол, саналгүй болсон болно. Мөрдөн байцаалтын үед тодорхой мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлэхгүй. Би хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Бөхбямба: Ослын дараа би даатгал дуудаж, өөрийн автомашинаа үзүүлээгүй. Сүүлд цагдаагийн хэлтэс дээр очиж байцаагчтай уулзахад намайг машиндаа үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж хэлэхээр нь үнэлгээний газар очиж үнэлгээ хийлгэхэд үнэлгээний байгууллага 7.300.000 төгрөгөөр үнэлсэн. Би машинаа 8.000.000 төгрөгөөр янзалсан. Засвар хийлгэсэн баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Даатгалын компаниас 5.000.000 төгрөг гаргаж өгөхөөр болсон. Тийм учраас миний хувьд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 2400 0557 дугаартай хэргээс)

Хохирогч П.Цолмонбаатарын өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Өвөр монгол руу явах гээд өглөө 8 цагийн үед Эмээлтэд байдаг дүүгийнхээсээ гараад төв зам дагаад алхаж байтал нэг машин хажууд ирж зогсоод жолооч нь хот руу явах уу гэхээр нь явна гээд ороод суусан юм. Тэгээд нөгөө жолооч дээшээ өгсөөд нэг айлын гадаа очоод хашааны хаалгыг нь нилээн удаан нүдэж зогссон. Тэр айлаас хүн гарч ирээгүй. Тэгээд цаашаагаа яваад замаа уруудаад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд замын 1-р эгнээгээр явж байгаад юу болсон юм мэдэхгүй зүүн гар тийшээгээ эргэх гээд дохиогоо өгөөд хурд нь жоохон саараад ирж байхад араас  түс тас болоод явчихсан юм. Тэгээд юу болсоныг санахгүй байна нэг мэдсэн би замын хажууд машинаас гарчихсан хэвтэж байсан бөгөөд хажууд хоёр хүүхэд ирчихсэн ааваа гээд уйлаад байж байсан. Тэгээд түргэн тусламжийн машин ирээд эхнэр бид 2 хүүхдүүдийн хамт эмнэлэг рүү явсан. …Би машины баруун хойд талд, эхнэр зүүн хойд талд харин хоёр хүүхэд бид хоёрын дунд суугаад явж байсан. Бид 4 хамгаалах бүс хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас),

Хохирогч А.Орхоны өгсөн: ... Машинд суух үед жолоочийн хажууд буюу урд суудал дээр 2-3 орчим настай хүүхэд сууж байхаар нь бид дөрөв хойд талд нь суусан. Машины баруун хойд талд манай нөхөр зүүн талд нь би суугаад манай 2 хүүхэд голд нь сууж байсан юм. Жолооч эмээлтийн замаар баруун гар талаар нь явж байснаа гэнэт зүүн гар тийш эргэх гээд дохиогоо өгөөд зогсож байхад түс тас болоод явчихсан. Тэгээд нэг мэдсэн би машиндаа ганцаараа сууж байсан. Амьсгал авч болохгүй өндийж чадахгүй байсан чинь манай хүү Ц.Билгүүнбаатар ээжээ яасан бэ гээд хүрээд ирсэн. Тэгээд аав байхгүй байна яасан юм бэ гэхэд манай том хүү Ц.Болдбаатар гаднаас ээжээ аав үхчихсэн байна гэхээр нь би хаана байна гэсэн чинь замын хонхорт хэвтэж байна гэсэн. Тэгээд бидний сууж явсан машины жолооч эмэгтэй түргэн тусламж болон цагдаад дуудлага өгөхдөө хүн үхчихээд байна гэхээр нь би том хүүдээ Ганзориг ахыгаа дуудаарай гэсэн. Тэгээд Ганзоригийг ирэхээр нь би ах чинь үхчихсэн байна гэсэн чинь өөдөөс ах үхээгүй байна гэсэн. Тэр үед түргэн тусламж ирэхгүй нэлээд удсан. Тэгээд түргэн тусламжийн машин ирээд биднийг аваад явсан. …Бид хамгаалах бүс хэрэглээгүй байсан..., ...Маш их гомдолтой байна… гэх мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Бөхбямбын өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 08 цаг 25 минутын үед би Эмээлтээс хот руу орох гээд өөрийн эзэмшлийн Тоёота Ландкруйзер 200 загварын 01-24 УНП дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд замын 2-р эгнээгээр 60 орчим км цагийн хурдтай явж байхад миний урдхан талд замын 1-р эгнээнд нэг машин явж байсан юм. Гэтэл тэр машин миний машины урдууд ямар ч дохио өгөөгүй эргэхэд би тоормоз гишгээд зогсож амжилгүй нөгөө машины зүүн хойд хэсэг рүү мөргөөд зогссон. Тэгтэл нөгөө машины жолооч бууж ирээд яаж байгаа юм бэ гээд байсан. Нөгөө машинд нэг хүн ёо ёо гээд байсан. Харин замын эсрэг талын урсгалд замын хажууд нэг хүн уначихсан хэвтэж байхаар нь би түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн. Эхлээд дүүргийн цагдаа нар ирээд дараа нь түргэн тусламжийн машин ирээд замын хажууд унасан залуу болон машинд сууж байсан эмэгтэйг 2 хүүхдийнх нь хамт аваад явсан. Дараа нь замын цагдаагаас хүмүүс ирж хэмжилт хийсэн. Хэмжилт хийх үед нөгөө машины жолооч бид хоёр хоёулаа байсан... гэх тайлбар (хх-ийн 52 дугаар хуудас),

Насанд хүрээгүй гэрч Ц.Болдбаатарын өгсөн: Би аав, ээж, дүү нарын хамт 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Сонигохайрхан дүүргийн нутаг болох Эмээлт гэх газраас өглөөний 08 цагийн үед Ганзориг ахынхаас хотын төв орох гээд гараад зам руу алхаж явтал хажууд нэгэн машин ирээд хот явах уу гэхээр нь бид нар хот орно гээд тэр машинд суусан. Тэгээд засмал замаар хот руу явж байтал бид нарын сууж явсан машины араас нэг машин ирж мөргөөд осол гаргасан. Тэгээд би түрхэн зуур ухаан алдсан байх нэг мэдсэн чинь би машины гадаа зогсож байсан. Харин манай дүү бидний сууж явсан машины багажнаас гарч ирсэн. Харин ээж машины хоёр суудлын хооронд хавчигдсан байсан, манай аав машины гадна замын хажуугийн ховилд хэвтэж байсан. Тэгэхээр нь би уйлаад түргэн тусламж дуудаач гээд хэлсэн чинь араас мөргөсөн машины жолооч машиныхаа хажууд зогсоод хайран машин гээд байсан. Тэгэхээр нь би аавынхаа утсыг аваад аавынхаа зургийг дарсан. Тэгээд тэр машинуудын зургийг дарах гэсэн чинь тэр араас мөргөсөн машины жолооч яах гээд байгаа чацага вэ гээд уурлахаар нь би больсон. Тэгээд би аавын утсаар Ганзориг ах руу залгаад хэлсэн. ...Тэр осол бид нарын сууж явсан машин буцаад эргэх гэтэл араас нь машин ирж мөргөсөн. Тэр ослоос болж миний толгой жаахан гэмтсэн. Мөн эмнэлэгт үзүүлсэн чинь хавантай байна гэсэн. Мөн баруун гарын тохой зулгарсан байсан. Өөр гэмтэл аваагүй. Дүү маань бас толгой нь хагарсан. Цавиндаа гэмтэл авсан гэж байсан. Араас мөргөсөн машины жолооч ганцаараа байх шиг байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 69 дүгээр хуудас),

Насанд хүрээгүй гэрч Ц.Билгүүнбаатарын өгсөн: Аав, ээж бид нар хот руу явж байгаад осолд орсон. Би яагаад осолд орсон талаар мэдэхгүй, одоо санахгүй байна. Бид нарын сууж явсан машины араас машин мөргөсөн байх... гэх мэдүүлэг (хх-ийн 72 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7797  дугаартай А.Орхоны биед тархи доргилт, баруун талын 6, 7, 8, 9, 10, зүүн талын 9, 10 дугаар хавирга болон умдаг ясны хугарал, чээж, аарцагны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоодлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энэ гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хх-ийн 77 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7796 дугаартай П.Цолмонбаатарын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор, доод хана, зүүн ухархайн дотор хана, зүүн гайморын хөндийн хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цус хуралдалт, дух хөмсөг, баруун хацар, хамрын нуруу, зүүн хацар, баруун гарын сарвуу, тохой, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, бүхий гэмтлүүд тогтоогдоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энэ гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хх-ийн 79 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 7790 дугаартай Ц.Болдбаатарын биед хуйх, дээд уруулд шарх, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хх-ийн 81 дүгээр хуудас), 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 7791 дугаартай Ц.Билгүүнбаатарын биед хуйх, дээд уруулд шарх, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хх-ийн 83 дугаар хуудас), 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 7789 дугаартай Э.Үүрцайхын биед баруун гуяны цус хуралт тогтоодлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хх-ийн 85 дугаар хуудас), 

Техникийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаартай Тоёотай Раум загварын 10-08 УНЕ улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Э.Үүрцайх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 буюу Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ. гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Ландкруйзер 200 загварын 01-24 УНП улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Ж.Бөхбямба нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчөөгүй байна. гэх дүгнэлт (хх-ийн 88 дугаар хуудас),

Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 338 дугаартай Тоёота Раум загварын 10-08 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Үүрцайх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 буюу Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ. гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй, харин Тоёота Ландкруйзер 200 загварын 01-24 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Бөхбямба нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна гэж заасан тул Сонгинохайрхан дүүргийн техникийн байцаагч, цагдаагийн ахмад Б.Мөнхбаярын 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. Хавтаст хэргийн материал болон зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаас үзэхэд суурин доторх хатуу хучилттай, шулуун, тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун гэж тусгагдсан учир зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй болно. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна. гэх дүгнэлт (хх-ийн 91 дүгээр хуудас),

Э.Үүрцайхын сэжигтнээр өгсөн: Би 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 08 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Раум загварын 10-08 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Эмээлтэд байдаг хадам эгч Дэлгэрмаагийн гэр рүү явсан. Дэлгэрмаа эгчийн иргэний үнэмлэхийг авах зорилгоор очсон юм. Тэгээд иргэний үнэмлэхийг нь аваад хөдлөх гэтэл Дэлгэрмаа эгчийн гэрт байсан Цагаанаа гэх ах надад хандан хаачих гэж байгаа юм гэхээр нь би хот руу орох гэж байна гэсэн чинь манай хэдийг аваад яваарай гэсэн. Тэгээд би машинаа жолоодоод төв зам руу орох гэж явтал замын хажууд эхнэр, нөхөр 2, 2 хүүхэдтэйгээ зогсож байхаар нь хажууд нь очоод зогстол тэд хаачих гэж байгаа юм гэхээр нь би хот руу явах гэж байна гэсэн чинь тэд өө тэгвэл суугаад явъя гээд миний машинд сууцгаасан. Тухайн үед урд суудал дээр миний хүү Б.Бямбабаяр сууж байсан тул тэр 4 хойно суугаад явсан. Тэгээд би төв зам руугаа ороод замын 1 дүгээр эгнээгээр явж байгаад гэнэт бичиг баримтаа мартсанаа санаад буцаж эргэх гээд замын 2 дугаар эгнээ рүү ороод зүүн гар тийшээгээ эргэх гээд дохиогоо өгөөд эсрэг талын урсгалын машиныг өнгөрөөх санаатай ойролцоогоор 1-2 минут орчим болоод зогсож байхад араас түс тас болоод явчихсан. Тэгээд би буугаад ирсэн чинь нэг зорчигч маань замын хажуугийн жалга руу шидэгдсэн гурван зорчигч машиндаа сууж байсан. ...Манай хүү бид хоёр аюулгүйн бүс зүүчихсэн байсан. ...Голын болон зүүн хаалганы толиндоо хартал ямар ч машин байгаагүй. ...би тэр машиныг маш их хурдтай явж байсан гэж бодож байна. Ланд-200 маркийн машины жолооч хурдтай явж байсан учраас зогсоож чадаагүй мөргөсөн гэж үзэж байна... гэх мэдүүлэг (хх-ийн 102 дугаар хуудас),

Э.Үүрцайхын яллагдагчаар өгсөн: ...Тэгээд Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглээд замын 1 дүгээр эгнээгээр явж байгаад гэнэт бичиг баримтаа мартсанаа санаад буцаж эргэх гээд замын 2 дугаар эгнээ рүү ороод эргэх гарц хайгаад хурдаа хасаад жоохон ташуу маягтай явж байхад миний эсрэг урсгалаас машин ирж байсан тэгсэн л түс тас буугаад явсан. Тэгээд хэсэг ухаан балартаад машиндаа суусан. Удалгүй машинаасаа буугаад ирсэн чинь манай машины нэг зорчигч машинаас шидэгдээд замын хажуу талын жалганд хэвтэж байсан. Эхнэр нь машин дотор ёолоод хойд сандал дээр хэвтэж байсан. 2 хүүхэд нь хажууд зогсож байсан. ...Намайг харахад ямар ч машин байгаагүй. Тэр машин их хурдтай орж ирээд мөргөчихсөн...гэх мэдүүлэг (хх-ийн 108 дугаар хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт, хэргийн газрын бүдүүвч зураг, гэрэл зургийн (14 ширхэг) үзүүлэлт (хх-ийн 5-10 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Бөхбямбын зэмшлийн Тоёота Ландкруйзер 200 загварын 01-24 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролын үнэлгээ (хх-ийн 67 дугаар хуудас) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүхээс тогтоосон үйл баримт хангалттай нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Үүрцайх нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Үүрцайхыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Үүрцайх нь 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1. дэх хэсэгт зааснаар тэрээр ялгүй болсон байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч П.Цолмонбаатар, А.Орхон нар нь мөрдөн байцаалтын үед хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Э.Үүрцайх нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 2.900.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 175, 180 дугаар хуудаст авагдсан баримтаар, хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон нь хавтаст хэргийн 176-179 дүгээр хуудаст авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Үүрцайх нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Э.Үүрцайх нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нар түүнтэй сайн дураар эвлэрсэн, гомдол, саналгүй болсон байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3. дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.

Шүүгдэгч Э.Үүрцайхыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул энэ тотгоол хүчин төгөлдөр болмогц түүний эзэмшлийн Тоёота Раум загварын 10-08 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10. дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, Тоёота Раум загварын 10-08 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, В ангилалын 972147 дугаартай жолоочийн үнэмлэхийг Э.Үүрцайхад буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Үүрцайх нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, Э.Үүрцайхын В ангилалын 972147 дугаартай жолоочийн үнэмлэх, Тоёота Раум загварын 10-08 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураагдан ирсэнийг тус тус тогтоолд дурдав.

Иргэний нэхэмжлэгч Ж.Бөхбямба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Даатгалын компаниас 5.000.000 төгрөг гаргаж өгөхөөр болсон. Тийм учраас миний хувьд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Түүнчлэн шүүгдэгч Э.Үүрцайх нь гэмт хэрэг үйлдэх үед жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Ж.Бөхбямбад учруулсан гэм хорыг нөхөн төлөх харилцааг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Жолоочийн даатгалын тухай хуулиар зохицуулдаг тул Ж.Бөхбямбын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Нумчин овогт Эрдэнэ-Өлзийн Үүрцайхыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Үүрцайхад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1. дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3. дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1. дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10. дахь хэсэгт зааснаар Тоёота Раум загварын 10-08 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгчийн мэдэлд шилжүүлсүгэй.

4. Хэргийн хамт шүүхэд ирсэн шүүгдэгч Э.Үүрцайхын В ангилалын 972147 дугаартай жолоочийн үнэмлэх, Тоёота Раум загварын 10-08 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Үүрцайхад буцаан олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Үүрцайх нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Иргэний нэхэмжлэгч Ж.Бөхбямбын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2. дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Үүрцайхад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                 Б.БАТАА