Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 158/ШШ2020/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Ц” өрхийн эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Булган аймгийн Э т холбогдох “сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2020/0008/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ц” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Д , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Э ын дарга С.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч “Ц” өрхийн эрүүл мэндийн төвөөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өрхийн эрүүл мэндийн төв нь Монгол улсад өрхийн эмнэлгийн тогтолцоо үүссэн 2002 оноос байгуулагдан, 19 дэх жилдээ бие даасан үйл ажиллагааг явуулж, Булган сумын 1, 2, 6 дугаар багийн байнгын оршиг суугч 6500 гаруй, түр оршин суугч 800 гаруй, Бугат сумын Ханжаргалант баг, Орхон сумын 3 дугаар багийн иргэдэд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдан үйл ажиллагаа явуулдаг хэдий ч ашгийн бус байгууллага бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн бие даасан аж ахуйн нэгж, 2024 он хүртэл үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн байгууллага юм. Одоо их эмч 3, сувилагч 3, бусад ажилтан 4, нийт 10 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэмд “харьяалах нутаг дэвсгэрт тусламж үйлчилгээ үзүүлж буй төвийн байр, байрны их засвар, эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах болон санхүүжилтийн асуудлыг орон нутаг хариуцна” гэж заасан байдаг. Гэтэл орон нутаг болон Тамгын газар нь байранд засвар хийх, мэргэжилтнийг дэмжих, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн. Аймгийн Э  нь тус төвийг мэргэжил арга зүйгээр хангах үүрэгтэй хэдий ч мэргэжилтэй боловсон хүчин байдаггүйгээс англи хэлний багш, биеийн тамирын дасгалжуулагчаар анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн хийлгэж байсан. Иймээс дээрх газрууд гэрээний үүргээ биелүүлэх чадамжгүйгээс гурвалсан гэрээг байгуулаагүй өдий хүрсэн. Гэтэл байгуулагдаагүй гэрээг дүгнэж, “хангалтгүй” гэж үнэлэн, сонгон шалгаруулалтын зарыг аймгийн Э ын фэйсбүүкт байршуулсан байна. Тус өрхийн эрүүл мэндийн төв нь 20 шахам жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа тусламж үйлчилгээний ноцтой хохирол, гомдол санал гаргаагүй ажилласан болно.  Иймд өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалт зарласан шийвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

     Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие энэ салбарт 25 дахь жилдээ ажиллаж байна. Манай нөхөрлөл 8 удаа магадлан итгэмжлэлээр орсон. Сүүлийн 10 гаруй жилийн ололт амжилт надтай холбоотой. Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан гэрээг дүгнэх журмаар гурван байгууллага хамтран дүгнэх журамтай. Гэрээг байгуулах этгээд нь аймгийн Засаг дарга, Э , өрхийн эрүүл мэндийн төв гурав байх учиртай. Гэтэл манай аймагт эсэргээрээ сумын Засаг дарга гэрээг байгуулсан байдаг. Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэмд санхүүжилт хаанаас авахыг тодорхой заасан. Орон нутгийн төсөв, Э аас төсөв гарахаар зохицуулж, гэрээнд тусгаж өгөх талаар бид байнга санал оруулдаг. Гэтэл суманд төсөв өгчихөөд, аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд төсөв өгдөггүй. Бид ажилчдынхаа цалинг өгөөд нийт төсвийн 90 хувь дуусдаг. Үлдсэн 10 хувийн төсвөөрөө тусламж үйлчилгээгээ үзүүлдэг. 2017 онд Улсын мэргэжлийн хяналтын газраас ирэх шалгалтын сургаар гэрээ байгуулж байсан. 2017 оны 8 дугаар сарын 14-нд гэрээ байгуулснаас хойш дахин гэрээ байгуулаагүй. 2020 оны 4 дүгээр сарын 23-нд гэрээг цуцалсан, сонгон шалгаруулалт зарласан тухай мэдэгдлийг авчирч өгсөн. Аймгийн Э  нь өрхийн эрүүл мэндийн төвийг мэргэжил, арга зүйгээр хангах үүрэгтэй. Энэ үүргээ хангалтгүй биелүүлдэг. 2019 онд гэрээ байгуулаагүй байж, гэрээ дүгнэж “хангалтгүй” гэх үнэлгээ өгсөн байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 4 дүгээр сард гэрээ байгуулж, тухайн гэрээ 2019 онд сунгагдсан гэдэг боловч 2018 оны 2 дугаар сараас 4 сарыг дуустал миний бие өвчтэй, 76 хоног акттай байсан. Намайг эзгүй байхад гэрээ байгуулсан гэдэг нь худлаа. Хамтран ажиллах тухай 3 талт гэрээг дүгнэхэд гэрээ байгуулсан 3 тал хамт сууж байгаад гэрээгээ дүгнэж, ололт амжилт цаашид хийх, хэрэгжүүлэх ажлаа ярилцах ёстой. Гэтэл дангаараа нэг талыг барьж гэрээ дүгнэсэн нь үндэслэлгүй ба үндэслэлгүйгээр “Хангалтгүй” гэж дүгнэсэн дүгнэлтээ үндэслээд сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь хууль бус. Одоо сонгон шалгаруулалт дахин зарлаад явахад өрхийн эрүүл мэндийн төвд алдагдалтай. Учир нь бид нийгмийн даатгалын сангаас авдаг санхүүжилтээ алдана, мөн хямдралтай үнээр эмийн жор олгох асуудал ч яригдана. Иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах асуудал хөндөгдөнө. Манай өрхийн эрүүл мэндийн төвтэй цаашид гэрээгээ байгуулаад хэн хэн нь гэрээнд заасан үүргээ биелүүлээд явахад болохгүй зүйл байхгүй. Иймд сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“ гэв.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчөөс: “Хамтран ажиллах гурван талт гэрээг дүгнэхдээ гэрээ байгуулсан 3 талын төлөөлөл оролцож дүгнэх ёстой атал өрхийн эрүүл мэндийн төвөөс хэн ч байлцаагүй дүгнэгдсэн. Харилцан үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Ингээд гэрээг дүгнээд “Хангалтгүй” үнэлгээ авсан бол гэрээг хэн цуцалсан, цуцлах эрхтэй этгээд хэн бэ гэдэг дээр анхаарал хандуулах ёстой. Аймгийн Э т олгогдоогүй эрх хэмжээ эдэлж, гэрээг шууд цуцалж сонгон шалгаруулалт зарласан нь өөрөө хууль бус юм. Гэрээг аймгийн Засаг дарга цуцлах эрхтэй. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй. Гэтэл илтгэх хуудас, дүгнэлтэд дээрх 10 хүний 5 нь оролцсон байна. Гэрээг цуцлах асуудал үүссэн бол 3 тал баталгаажуулна. Э аас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Ц” өрхийн эрүүл мэндийн төвд ирүүлсэн мэдэгдэлд гэрээг цуцалж байгаа талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй. Гэрээг цуцлах асуудлаар сонсгох ажиллагаа хийгдээгүй гэж үзнэ.   Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллагаас шийдвэр гаргасан талаараа сонсгох ажиллагааг хийгээгүй. Э аас зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэлтэй” гэв. 

     Хариуцагч аймгийн Э ын дарга С.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь “Эрүүл мэндийн тухай”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулиудад заасан чиг үүргээ хэрэгжүүлэн, Монгол улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийг баримтлан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйгээр хангаж, хяналт тавин ажилладаг. Өрхийн эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж зааснаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/05 дугаар тушаалаар баталсан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтад “Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Э  хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Манай байгууллагаас 2019 оны гэрээг байгуулах шаардлага тавихад тухайн үед “Ц” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан их эмч Т.Д  нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул гэрээ байгуулахгүй, дараагийн томилогдох даргатай гэрээ байгуул гэх тайлбар өгч, 2019 оны 8 дугаар сар хүртэл ажилласан. Нэхэмжлэлд Булган сумын Засаг дарга болон Э ын дарга нарыг гэрээний үүргээ биелүүлэх чадамжгүйгээс гэрээ байгуулаагүй хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй юм. Бид 2017 онд байгуулж, 2018 онд сунгагдсан гэрээг төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхээр байгуулсан хамтран ажиллах гэрээ гэж үзэн, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Д т танилцуулж, 2019 оны гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн. Тус үнэлгээгээр нэхэмжлэгч байгууллага нь “хангалтгүй” үнэлгээтэй дүгнэгдэж, үнэлгээг өрхийн эрүүл мэндийн төвийн дарга хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, баталгаажуулсан. Дээрх үнэлгээг аймгийн Засаг даргад танилцуулж, зөвшилцсөний үндсэнд сонгон шалгаруулалтыг зарласан. Гэрээг аймгийн Засаг даргын баталсан ажлын хэсэг дүгнэсэн. Нөхөрлөлийн гишүүд нь 3 хүн л байдаг. 3 гишүүний нэг нь давхар ажил эрхэлдэг. Нөхөрлөлийн хувьд чадамжгүй гэж дүгнэж байгаа. Олон удаа зөвлөмж хүргүүлж байсан. Нөхөрлөл, нөхөрлөлийн гишүүд нь ямар ч тохиолдолд албан үүргээ гүйцэтгээд явах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            “Ц” өрхийн эрүүл мэндийн төвөөс Булган аймгийн Э т холбогдуулан “сонгон шалгаруулалт зарласан үйл ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.  

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “2019 онд өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэх гэрээг дүгнэхдээ гэрээний талуудыг оролцуулаагүй, хамтран ажиллах 3 талт гэрээг цуцлалгүйгээр сонгон шалгаруулалт зарласан нь буруу” гэж тодорхойлсон ба

Хариуцагчаас “өрхийн эрүүл мэндийн төв нь 2019 онд байгуулсан гүйцэтгэлийн гэрээний биелэлтээр “Хангалтгүй” үнэлгээ авсан тул гэрээг цуцалж сонгон шалгаруулалт зарласан” гэж маргажээ.

            Нэхэмжлэгч “Ц” өрхийн эрүүл мэндийн төв нь магадлан итгэмжлэгдсэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж, эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх үйл ажиллагааг эрхлэхээр Нөхөрлөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдан 2002 онд байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд байна.

            Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “өрхийн эрүүл мэндийн төв”, 16 дугаар зүйлийн 16.2-д “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэсний дагуу нэхэмжлэгч “Ц” өрхийн эрүүл мэндийн төв нь Булган сумын 1, 2, 6 дугаар баг, Бугат сумын Ханжаргалант баг, Орхон сумын 3 дугаар багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээний үндсэнд гүйцэтгэдэг хуулийн этгээд бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Булган сумын Засаг дарга болон аймгийн Э тай “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээг 2018 оны 1 дүгээр сарын 02-ноос 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, сунгалтын талаар гэрээнд тусгажээ. Үүнээс хойш өрхийн эрүүл мэндийн төв болон аймгийн Э , Булган сумын Засаг дарга нар дахин гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэгчээс маргасан боловч шүүх хуралдаанд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-г байгуулж, уг гэрээг 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл сунгасан гэж хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд 2019 онд сунгагдсан “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-ний гүйцэтгэлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дүгнэж, “Ц” өрхийн эрүүл мэндийн төв нь “Хангалтгүй” үнэлгээ авчээ.

            Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Э  хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч аймгийн Э аас дээрх үнэлгээг үндэслэн “Ц” өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг цуцалж, сонгон шалгаруулалтын нээлттэй зарыг өөрийн нүүр хуудсанд байршуулсан байна.

            Хамтран ажиллах гурвалсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн ажлын хэсэг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Илтгэх хуудас”-нд “Ц” өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны гэрээний үнэлгээг хавсаргаж, илтгэх хуудастай “Захиалагч” буюу Булган сумын Засаг дарга, аймгийн Э ын дарга нар, “Гүйцэтгэгч” буюу “Ц” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга гарын үсэг зурж баталгаажуулжээ.

            Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайд 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр А/05 дугаар тушаалаар “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээний загвар”, “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээг дүгнэх журам”, “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийг тус тус хавсралтаар баталсан байх ба “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээг дүгнэх журам”-ын 3.2-т “Гэрээний талуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг гэрээний биелэлтийг дүгнэнэ”, гэрээний үнэлгээг тус журмын 5.1-д “Гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тамга, тэмдэг дарж, баталгаажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу “Ц” өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны гүйцэтгэлийн гэрээний биелэлтийг дүгнэж, илтгэх хуудас бичиж, талууд гарын үсэг зурж, тамга дарснаар үнэлгээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

            Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/05 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлт”-эд заасны дагуу “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд  гэрээний талуудын гүйцэтгэлийн гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тусгаж хавсаргасан боловч “Ц” өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 онд Захиалагч нартай байгуулсан гурвалсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн “Илтгэх хуудас”, түүнд хавсаргасан баримтаас харахад Захиалагч буюу Булган сумын Засаг дарга болон аймгийн Э ын гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн эсэх тодорхойгүй, дүгнэсэн талаар гүйцэтгэгч буюу “Ц” өрхийн эрүүл мэндийн төвд танилцуулсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээг дүгнэх журам”-ын 5.3-т “Гүйцэтгэлийн гэрээг захиалагч, гүйцэтгэгч талуудын оролцоотой жил тутам дүгнэж, цаашид гэрээг сунгах, цуцлах, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг шийдэж баталгаажуулна” гэснийг орхигдуулж, 2019 оны гүйцэтгэлийн гэрээг дүгнэсэн дүгнэлтэд үндэслэн цаашид гэрээг сунгах эсэх, гэрээг цуцлах тухай асуудлаар гүйцэтгэгч буюу өрхийн эрүүл мэндийн төв, захиалагч Булган сумын Засаг дарга нартай зөвшилцөлгүй аймгийн Э  дангаараа гэрээг цуцалсан нь дээрх журамд заасан ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

     “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээг дүгнэх журам”-ын 6.3.1-д “Тухайн жилд хангалтгүй үнэлгээ авсан төвийн гэрээг шууд цуцлана” гэсэн байх ба гэрээг цуцлах эрх “Захиалагч”-д олгогдсон гэж ойлгоно. Гэрээний захиалагч гэдэг нь энэхүү журмын 1.2-д зааснаар “аймаг, нийслэлийн Засаг дарга, Э ын дарга байна” гэсэн ба гүйцэтгэлийн гэрээг аймгийн Засаг дарга, Э , өрхийн эрүүл мэндийн төв хамтран байгуулсан байхыг шаарджээ. Гэвч “Ц” өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний 2.1-д “Гэрээнд захиалагч байгууллагыг төлөөлж аймгийн Э  болон Булган сумын Засаг дарга байна” гэснээс харахад захиалагч нь Булган сумын Засаг дарга болон аймгийн Э  байхыг “Хамтран ажиллах гурвалсан гэрээ” -ээр хүлээн зөвшөөрч, талууд гэрээг байгуулсан гэж үзнэ. Иймд гэрээг цуцлах эрх гагцхүү аймгийн Засаг даргад хадгалагдана гэж үзэх боломжгүй юм.

            Хариуцагч аймгийн Э аас 2020 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 02/135 тоот албан бичгээр “Ц” өрхийн эрүүл мэндийн төвд цаашид гэрээ байгуулж, хамтран ажиллах боломжгүй талаар мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасны дагуу сонсох ажиллагаа хийхээр мэдэгдэл хүргүүлсэн гэж маргаж байгаа боловч мөн хуулийн 27.3-д заасан мэдээллийг тусгаагүй, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасныг зөрчиж, санал гаргах боломжоор хангаагүй нь захиргааны байгууллагаас гарах шийдвэр нь хуульд нийцсэн, хууль ёсны байх шаардлага хангаагүй байх ба 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдаж, 2019 онд 1 жилийн хугацаагаар сунгагдсан гүйцэтгэлийн гэрээг дүгнэх, гэрээг цаашид сунгах эсэх асуудлыг гэрээний талуудыг оролцуулан шийдвэрлээгүйгээс маргаан үүсчээ.

Захиргааны байгууллага нь хууль болон журамд заасан ажиллагааг гүйцэд хийгээгүй, гүйцэтгэлийн гэрээг сунгах, эсхүл цуцлах асуудлыг гэрээний талуудыг оролцуулж, талуудын оролцоог хангаж, тэдний санал, тайлбарыг сонсох шаардлагатай байх ба энэхүү нэмж тодруулах ажиллагааг шүүхийн шатанд гүйцэтгэх боломжгүй байх тул маргаан бүхий акт буюу “сонгон шалгаруулалтын ажиллагаа”-г түдгэлзүүлж, захиргааны байгууллага хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэж, дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч аймгийн Э  Захиргааны ерөнхий хууль болон Эрүүл мэндийн сайдын баталсан журамд тус тус заасан ажиллагааг гүйцэтгэж, шинээр акт гаргаагүй бол маргаан бүхий акт болох “өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалт зарласан шийдвэр” хүчингүй болохыг дурьдах нь зүйтэй байна.     

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.5, Нөхөрлөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 16 дугаар зүйлийн 16.2, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5-д заасныг тус тус баримтлан аймгийн Э аас “Өрхийн Э ын сонгон шалгаруулалт зарласан” шийдвэрийг 2 /хоёр/ сарын хугацаанд түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг Булган аймгийн Э т даалгасугай. 

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол “Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалт зарласан” аймгийн Э ын маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай.

3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

4.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Б.МӨНХЖАРГАЛ