Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2576

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03274 дүгээр шийдвэртэй, Д.Огийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хд холбогдох, цалингийн зөрүүд 1 795 784 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 2001 оноос 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл жижүүрээр ажиллласан. Хийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/78 тоот тушаалаар харуулаар томилогдож урьд авч байсан цалин, холбогдох нэмэгдлүүдийг хэвээр олгохоор болсон. Гэвч харуул хамгаалалтын төвийн хүний нөөцийн алба нь сард 626 562 төгрөгийн цалин олгож, урьд авч байсан цалингаас 78 078 төгрөг дутуу олгож байна. Иймд цалингийн зөрүү 1 483 472 төгрөгийг Хөөс гаргуулж өгнө үү.

Мөн 2017 оны 06 дугаар сарын 01-ээс 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 4 сарын цалингийн зөрүүг сард 78 078 төгрөгөөр тооцож 312 312 төгрөгөөр нэхэмжлэлээ нэмэгдүүлж нийт 1,795,784 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилсэн байна. ХӨСҮТ нь Эрүүл мэнд, Спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 384 тоот тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс ерөнхий захирлын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/85 тоот тушаалаар нэхэмжлэгч болон бусад эмнэлгийн эмч, ажилчдын цалинд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн зүйл огт байхгүй.

Нэхэмжлэгч 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл ХӨСҮТ-ийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/85 тоот тушаал болон 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/3 тоот тушаалын 5 дугаар хавсралтад заасан цалингийн шатлалаар буюу 626 526 төгрөгийн үндсэн цалин авч байсан талаар ХӨСҮТ-ийн захиргаанд нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардсан шаардлагыг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасныг баримтлан хариуцагч Хд холбогдуулан гаргасан цалингийн зөрүү 1 795 784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 121 төгрөгөөс илүү төлсөн 4 416 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгож, үлдэх 48 705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон Хийн Ерөнхий захирлын А/78 дугаартай тушаалыг огт авч хэлэлцээгүй бөгөөд хариуцагч уг тушаалыг тодорхой баримтын үндсэн дээр эсэргүүцээгүй, өөрийн татгалзлаа шүүх хуралдааны явцад нотлоогүй. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлтэй холбоотой нотлох баримтууд энэ хэрэгт хамааралгүй юм. Хариуцагч байгууллагын ерөнхий захирлын түр орлон гүйцэтгэгч Я.Буянжаргалын А/85 тоот тушаалын дагуу нэхэмжлэгчийн үндсэн цалинг хассан ба уг тушаалыг гаргахдаа Засгийн газрын 2010 оны Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай 68 дугаартай тогтоол, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 384 дугаартай тушаалын 1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байдаг.

Гэтэл дээрх 384 дугаартай тушаалын 1 дэх хэсэг нь “Эрүүл мэндийн сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх эрх олгох тухай 123 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай” гэсэн заалт байдаг. Энэхүү заалтыг үндэслэн тушаал гаргах нь хуульд нийцэхгүй бөгөөд уг  хэрэг маргаанд ач холбогдолгүй. Дээрх тушаалын 1 дэх хэсгээр дурдсан албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлснийг хүчингүй болгож байгаа. Тус албан тушаалуудад нэхэмжлэгчийн ажлын байр ороогүй. Өөрөөр хэлбэл эмч, сувилагчийн цалинг хассан болохоос биш харуул, хамгаалалтын албаны цалинг хасаагүй нь хариуцагчийн гаргаж өгсөн тушаалуудаас харагдаж байна.

Хариуцагч байгууллагын А/78 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг Сүрьеэгийн тандалт судалгааны албаны жижүүрээс харуул хамгаалалтын албанд шилжүүлэн ажиллуулахаар томилсон бөгөөд өмнө нь авч байсан цалин хөлс, нэмэгдэл хэвээр байдаг. Гэтэл үндсэн цалингаас 78 000 төгрөг дутуу олгогдож эхэлсэн ба ерөнхий захирлын түр орлон гүйцэтгэгчийн А/85 дугаар тушаалаар ерөнхий захирал Д.Нямхүү нь А/78 дугаар тушаалыг хүчингүй болгосны дагуу нэхэмжлэгчийн үндсэн цалингаас хасалт хийсэн гэж хариуцагч хэлдэг боловч тухайн тушаалд ийм заалт байхгүй. Уг тушаалыг хүчингүй болсон гэж үзсэн ч ямар баримт бичиг болоод тушаалын үндсэн дээр хүчингүй болсон нь тодорхойгүй, хариуцагч үүнийгээ нотлож чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан баримтуудыг бүрэн гүйцэд шалган судлаж шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Хд холбогдуулан 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалингийн зөрүү болох 1 795 784 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Хийн ерөнхий захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/78 дугаартай тушаалаар Сүрьеэгийн тандалт судалгааны албаны жижүүр Д.Ог тус төвийн харуул хамгаалалтын албанд харуулаар томилж, урьд авч байсан цалин, холбогдох нэмэгдлүүдийг хэвээр баталсан байна.

Мөн ерөнхий захирлыг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Зарим албан тушаалын ажилтны үндсэн цалинд өөрчлөлт оруулах тухай” А/85 дугаар тушаалын хавсралтаар эмч, ажилчдын цалинг баталжээ. Үүнийг Эрүүл мэндийн сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх эрх олгох тухай” 123 дугаар тушаал хүчингүй болсонтой холбогдуулан тус төвийн ерөнхий захирлын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/3 дугаар тушаалын 6-р хавсралтад заасан шатлалаар цалинждаг албан тушаалын ажилтнуудын цалинг уг тушаалын 5-р хавсралтад заасан шатлалаар цалинжуулахаар өөрчлөлт оруулж, хавсралтын “Хангамж үйлчилгээ, инженер технологийн алба” гэх ангиллын 3-т жижүүр Д.О ТҮ-1-5 шатлалаар, цалин 626 562 төгрөг, хасагдах мөнгөн дүн 78 078 төгрөг байхаар баталсан байна. /хх 3-4, 60-61/

 

Нэхэмжлэгч Д.О цалинг бууруулсан тухай дээрх А/85 дугаартай тушаалын дагуу 626 562 төгрөгөөр буюу буурсан дүнгээр цалин, холбогдох нэмэгдлийг авч санхүүгийн баримтад гарын үсэг зурж байсан үйл баримт тогтоогджээ. /хх 6, 7/ Өөрөөр хэлбэл, бодитоор олгосон цалингийн талаар дээрх тушаалын дагуу олгосон цалинг авсан цаг хугацаанаас эхлэн мэдсэн, мэдэх ёстой байсан атал 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.О нь өөрийн цалин өөрчлөгдсөнтэй холбоотой гомдол гаргах хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03274 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА