Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00372

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2018/00372

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Н-ийн нэхэмжлэлтэй,                  

 

Хариуцагч: Н.О-д холбогдох,

 

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н, хариуцагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 онд Н.Отай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин Д.Аминзаяа төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин минь миний асрамжид өсч торниж байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Н.Оыг охин О.Аминзаяагийн эцэг мөн болохыг тогтоож тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч Н.О нь удаа дараа миний хүүхэд биш гэж хэлдэг байсан учраас эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Н.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх миний хүүхэд биш байж магадгүй гэж бодоод эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн. Тэгээд шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний хүүхэд мөн учраас хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Н нь Н.От холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н.О нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин О.Аминзаяагийн төрсөн эцэг мөн тухайд маргахгүй, хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

            Хэрэгт авагдсан 1122310022 тоот төрсний гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1219 дүгээр дүгнэлт, зохигчдын тайлбар, бичгийн бусад баримтуудаас дүгнэвэл А.Н, Н.О нар нь 2017 онд танилцаж, улмаар тэднийг хамтран амьдрах хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин О.Аминзаяа төрсөн болох нь тогтоогдож байна.

 

            Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй улмаас А.Н, Н.О нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх тухай, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх тухай тус тус заасан байх тул эцэг Н.Оыг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин О.Аминзаяагийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, сар бүр тэтгэлэг гаргуулж охин О.Аминзаяаг тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

 

            Хэдийгээр хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээгээр охин О.Аминзаяагийн эцгийг Н.О гэж захиргааны журмаар тогтоосон байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч охины эцэг мөн эсэх талаар маргаж, шинжээч томилсон тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримлан эцэг тогтоох шаардлагыг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

           

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Н.Оын хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байх болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2017 оны 03 дугаар сарын 01-ний төрсөн охин О.Аминзаяагийн төрсөн эцэг Ажиг овогт Нацагдоржийн Одбаяр /РД:АЗ96123017/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 03 дугаар сарын 01-ний төрсөн охин О.Аминзаяаг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Оаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Оаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 03 дугаар сарын 01-ний төрсөн охин О.Аминзаяаг эх А.Нын асрамжид үлдээсүгэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н.Оаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Нт олгох, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ