| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/03203/И |
| Дугаар | 00373 |
| Огноо | 2018-02-09 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 00373
| 2018 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2018/00373 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХУД ЗДТГ-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, шүүх уралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бүтцийн өөрчлөлт хийгдсэн гэдэг шалтгаанаар намайг үндэслэлгүй ажлаас халсан. Энэ тушаал үндэслэлгүй болохыг тогтоож Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс намайг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон. Засаг даргын тамгын газраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад намайг ажилд томилохгүй байсан учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэнээр 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Засаг даргын тамгын газрын даргын Б579 тушаалаар ажилд эгүүлэн авч миний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг 7 сар хүртэл бөглөж шийдвэрт заасан цалин хөлсийг тооцож олгосон. Би шийдвэр гарснаас хойш ажилд хүртэлх хугацааны цалин /долоон сарын ажлын 11 хоног 417 894 төгрөг, найман сарын ажлын 23 хоног 866 143 төгрөг, есөн сарын ажлын 21 хоног 791 435 төгрөг, арван сарын ажлын 22 хоног 828 789 төгрөг, арван нэгэн сарын 7 хоног 268 478 төгрөг, нийт 3 172 739 төгрөг/-ийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Захиргааны хэргийн шүүхээс гарсан шийдвэрт Хан-Уул дүүрийн Засаг даргын тамгын газраас ямар нэгэн гомдол гаргаж, давж заалдаагүй. Шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажилдаа орох хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр болон холбогдох бичиг баримтыг дүүргийн Засаг даргын тамгын газрын удирлагад хүргүүлсэн. Ажилгүй байсан хугацааны цалин авах талаар тамгын газрын удирдлагад хандахад хуулиараа шүүхэд хандах ёстой гэж хэлсэн учраас нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Дын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд авах хүртэл хугацааны цалин буюу 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин нийт 3.172.739 /гурван сая нэг зуун далан хоёр мянга долоон зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацааны нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул доорхи хариу тайлбарыг гаргаж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0546 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 4,489,365 /дөрвөн сая дөрвөн зуун наян есөн мянга гурван зуун жаран тав/ төгрөгийн цалин хөлснөөс нэг удаагийн тэтгэлэг болох 2,201,589 /хоёр сая хоёр зуун нэг мянга таван зуун наян ес/ төгрөгийн хасч үлдэх 2,287,776 /хоёр сая хоёр зуун наян долоон мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийн цалин хөлсийг Л.Дад олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцон төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ХУД ЗДТГт даалгасан. Шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/578 дугаар бүхий Олговор олгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийх тухай тушаал гарч шийдвэрт заасан олговрыг олгож, Л.Дын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж өгсөн болно. Иймд шүүхийн шийдвэрт тусгагдаагүй цалин хөлсийг олгох болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийх боломжгүй тул Л.Дын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Д хариуцагч ХУД ЗДТГт холбогдуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/578 дугаар бүхий Олговор олгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийх тухай тушаал гарч шийдвэрт заасан олговрыг олгож, Л.Дын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Учир нь:
Хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/578 дугаар тушаалаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгсөн гэж байгаа боловч нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны цалинг нэхэмжилж байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн ногдох хэсгийг гаргуулахыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ХУД ЗДТГ 2 505 692 /хоёр сая таван зуун таван мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Дад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 674 047 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүйг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ