| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0220/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/240 |
| Огноо | 2021-10-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэлээр хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Б.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн С овогт Бын Ц /РД:/-т холбогдох 2112......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .... аймгийн ....сумын .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С овогт Бын Ц /РД:../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ...... аймгийн .....сумын ......багийн нутаг ........ гэх газар 49-32 улсын дугаартай Тоёото пийлдер маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т зам тээврийн хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт” мөн дүрмийн 11.3-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 3.7А-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж 04-49 УНБ улсын дугаартай Тоёото Прадо-95 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган өөрийн автомашинд зорчиж явсан хохирогч Д.Б, Н.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2112................ дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Н.Бийн өгсөн:.. Би төрөх дөхсөн учир 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр сумын эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь үзэхгүй Архангай аймгийн төвд очиж үзүүл гээд миний картыг өгсөн тул төрхөөс өмнө гэрээ Загастаас нүүлгэж Салхит гэх газарт бариад 2021 оны 08 дугаар сарын 18-ны орой сумын төвд ирээд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 05:00 цагийн үед Б гэдэг жолоочтой Архангай аймгийн төв рүү миний нөхөр Б бид гурав явж байсан. Гэтэл жолоочийн утас дугарсан нэг эмэгтэй хүн утсаар яриад байсан чинь жолооч аймгийн чиглэлд явж байгаад Тариат сумын Тэрх багийн нутагт байдаг урт гүүр хүрэх гэж явсанаа буцаж эргээд Цахир сумын төв орж хүн авна гэж явж байсан чинь зам дээр бор үхэр явж байна гээд Б Б нар ярилцаад байхаар нь би зогсооч гэж хэлсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь Архангай аймгийн төвд эмнэлэгт хэвтэж байсан. Би хамт явсан жолооч Б гэдэг хүнийг танихгүй ямар нэгэн харилцаа байхгүй. Би төрөх дөхсөн 9 сар гарантай хүүхэд сүүлийн хугацаа 08 дугаар сарын 28 шүү гэж Тариат сумын эмнэлгээс хэлж байсан. Миний биеийн баруун хөл шилбээрээ нэг хугарсан, зүүн нүд юм харахдаа жаахан бүрсгэр болсон байна өөр өвдөж байгаа зүйл байхгүй байна. Бид хоёр хөдөөнөөс ирээд айлд амарч байхад Б эрүүл унтаж байгаа 03 цагийн үед гараад явснаа 30-аад минут болсоноо орж ирээд Б унтаж байгаад 05 цагийн үед ирнэ гэнээ тэгээд явна гэж хэлчихээд унтаад өгсөн. Өглөө 05 цаг өнгөрч байхад Б гэдэг жолооч ирээд явна гэхээр нь машинд нь орж би хойд суудал дээр нь суухад бага зэрэг архи уусан юм шиг санагдсан, их уугаагүй байсан. Бийг архи согтууруулах ундааны зүйл уусныг мэдэхгүй байна. Жолооч машинаа бариад Б жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Надад гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 181-183 хуу/
Гэрч Д.Бийн өгсөн: “...Эхнэр бид хоёр Архангай аймагт очиж эмнэлэгт үзүүлэхээр найз Бгийн машинаар Бтай цуг явж байсан юм. Эхлээд 80 километр цагийн хурдтай явж байгаад засмал замын голоор хойш гарч байсан үхрийг хараад хурдаа хасаад 50-60 километр цагийн хурдтай явж байсан. Урдаас ирж явсан автомашин нэлээн хурдтай явж байсан ойролцоогоор 80 километр цагийн хурдтай явж байсан болов уу гэж бодож байна. Тухайн миний зорчиж явсан автомашины жолооч урд шөнө нь буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би найз Бг 08 дугаар сарын 18-ны шөнө 00 цагийн орчим гэрт нь амраагаад өглөө 05 цагт Архангай аймаг руу гарна гэж хэлээд өглөө 05 цагийн орчим Архангай аймаг руу гарсан. Харин тухайн үед эхнэр бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б өөрийнхөө эгнээ рүү орж амжилгүй тухайн урдаас ирж байсан автомашинтай мөргөлдсөн. Ямар нэгэн арга хэмжээ авахын завдалгүй тухайн автомашинтай мөргөлдсөн. Миний зорчиж явсан тал буюу зүүн гар талаараа мөргөлдсөн. Манай найз Бгийн ах Цын эзэмшлийн автомашин байгаа юм. Ослын дараагаас зүүн талын гуя орчим хөндүүрлэж гишгэж болохгүй байгаа. Одоогоор өөр ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй байна. Бүгд хамгаалах бүсээ зүүгээгүй байсан. Миний эхнэр 8 сартай жирэмсэн байсан бөгөөд 9 сар дөнгөж гараад төрөх байсан юм. 9 дүгээр сарын 1 гэхэд төрөх сүүлийн хугацаа байсан. Урсгал сөрөөд эргээд өөрийнхөө эгнээндээ орох гэж байгаад ирсэн автомашинтай мөргөлдсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 ху/,
Гэрч Б.Гийн өгсөн: “...би тухайн автомашиныг жолоодож миний эсрэг талын суудал дээр манай ээж Гэзэгт, харин арын суудал дээр эхнэр Б, Б, Э нар зорчиж явсан. Би өөрийн жолоодож явсан автомашины хурдыг хассан. Тэгсэн яах ийхийн зуургүй хурдтай орж ирээд мөргөлдсөн. Миний жолоодож явсан автомашины зүүн урд талаас ирж мөргөсөн. Б Б манай дүүгийн эзэмшлийн иашин байгаа юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох ВСДЕ ангилалтай. Миний толгой өвдөж дотор муухайрч байна, өөр ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй. Бүгд хамгаалах бүсээ зүүгээд явж байсан. Тухайн зам тээврийн осол нь миний явж байсан эгнээ рүү урсгал сөрж орж ирсэн автомашинаас болж тухайн зам тээврийн осол болсон. Хэрэв тухайн автомашин урсгал сөрж орж ирээгүй бол зам тээврийн осол болохгүй байх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Гэрч П.Гын өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумаас өөрийн төрсөн хүүхэд Г, түүний эхнэр Д, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот орохоор 0443 УНБ улсын дугаартай автомашинаар гарсан юм. Тэгээд замдаа Архангай аймгийн Цахир суманд хоноод 2021 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн орчим Цахир сумын төвөөс Улаанбаатарын чиглэлд гарсан. Цахир сумаас гараад би машин дотроо унтсан. Тэгсэн гэнэт миний зорчиж явсан автомашины урдаас тод гэрэл гарч тас нас хийгээд явсан. Тэгсэн автомашинтай мөргөлдсөн байсан. Миний зорчиж явсан автомашиныг миний хүү Г жолоодож түүний хажуу талын суудал дээр би зорчиж арын суудал бэр Д хүүхдийн хамт зорчиж явсан. Зорчиж явсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. ослоос болж хоёр хөлийн өвдөг орчим хөхөрсөн, зүүн хөл нэлээн олон хэсэг газар хөхөрсөн, Зүүн хөл мэдээгүй гишгэж болохгүй гишгэх гэхээр уначих гээд байгаа. Одоогоор өөр ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй байна. Тухайн автомашин Гийн дүү Бийн нэр дээр байдаг автомашин байгаа юм. Манай хүүхэд Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Тухайн үед гэгээ орсон байсан бөгөөд үзэгдэх орчин чөлөөтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 ху/,
Гэрч Э.Дгийн өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумаас хадам ээж Гэзэгт, нөхөр Г, болон хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот орохоор 0443 УНБ улсын дугаартай автомашинаар гарсан юм. Тэгээд замдаа Архангай аймгийн Цахир суманд хоноод 2021 оны 08 дугаар сарын 19-ны өглөө 06 цагийн орчим Цахир сумын төвөөс Улаанбаатарын чиглэлд гарсан. Цахир сумын төвөөс гараад би автомашины арын суудал дээр бага охин буюу 2 настай Эийг тэврээд зорчиж явсан. Сумын төвөөс хөдлөөд нээх удаагүй явсан. Тэгсэн урдаас нэг хурц гэрэлтэй автомашин ирж яваа харагдсан тухайн автомашиныг зөрөөд өнгөрөх юм байх гэж бодсон чинь нэг мэдсэн миний зорчиж явсан автомашины урдаас ирж мөргөж улмаар тухайн зам тээврийн осол гарсан. Тухайн миний зорчиж явсан автомашинтай мөргөлдсөн автомашины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн хамт явж байсан нэг эрэгтэй хүн нь бас согтуу байсан. Миний зорчиж явсан автомашиныг нөхөр Г жолоодож түүний хажуу талын суудал дээр хадам ээж Гэзэгт, арын суудал би хүүхдийн хамт зорчиж явсан. Миний зорчиж явсан автомашины жолооч 80 километр цагийн хурдтай явж байсан би хурдаа нэмэх гэхээр нь юунд яархав гээд хурдыг нь нэмүүлээгүй. Бид нар архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Миний зорчиж явсан автомашины зүүн урд талаас ирж мөргөж тухайн зам тээврийн осол гарсан. Миний цээж хэсгээр хөндүүртэй, хоёр хөл хөндүүртэй, толгой өвдөж байгаа зэрэг гэмтлүүд одоогоор учирсан байна. Миний зорчиж явсан автомашины урдаас урсгал сөрж тухайн автомашин ирж мөргөсний улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж бодож байна. Бидний сууж явсан автомашин манай нөхрийн дүү Бийн нэр дээр байдаг машин байгаа юм. Манай нөхөр Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Тухайн үед гэгээ орсон, үзэгдэх орчин чөлөөтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 ху/,
Иргэний нэхэмжлэгч Б.Бийн өгсөн: “...04-43 УНБ улсын дугаартай Тоёота ланд парадо 95 маркийн автомашин нь миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би 04-43 УНБ улсын дугаартай Тоёота ланд парадо 95 маркийн автомашинтай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байна, надад учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 244-245 ху/
Б.Цын яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй.Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал байхгүй. Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим намайг Архангай аймгийн Цахир сум Женст баг 1-4 тоотод байдаг гэртээ байхад Б над руу гар утсаа яриад эхнэр төрөх дөхцөн Архангай аймаг руу явж шинжилгээ өгөх шаардлагатай байна гэж гуйхаар нь за тэгье гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2021 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 05 цагийн үед Цахир сумын төвөөс Архангай аймаг руу гарсан. Цахир сумын төвөөс гараад удаагүй байтал манай бэр Батмөнх залгаад хамт аймаг явах гэсийн гэж залгасан тэгэхлээр за буцаад очъё гээд Цахир сумын төв рүү явсан. Замд явж байхад засмал замын голоор үхэр ертөнцийн зүгээр хойш гарч явсан тэгэхлээр нь нөгөө үхрийг чагнаалдсан чинь нөгөө үхэр зогсохоор нь нөгөө үхрийг тойроод эсрэг урсгал ороод буцаад өөрийн эгнээ рүү орох гэтэл урдаас ирж байсан автомашинтай мөргөлдсөн ер нь бол ийм л зүйл болсон. Би 2021 оны 08 дугаар сарын 18-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өглөө зам тээврийн осолд орсоны дараа цагдаагийн байгууллагын согтолтын зэрэг тогтоодог багажаар үлээлгэсэн чинь 0.89 хувьтай гарсан. Би автомашиныг жолоодож харин миний эсрэг талын суудал дээр Б, арын суудал дээр Б нар зорчиж явсан өөр хүмүүс бол байгаагүй. Би тухайн үед 50-60 километр цагийн хурдтай явж байсан. Манай ах Цын эзэмшлийн автомашин бөгөөд манай ах нэг хүнтэй өөрийнхөө өмнө унаж байсан автомашинаар сольж байсан тэгээд нэрээ шилжүүлээгүй байх. Миний бодлоор хурдтай явсан байх гэж бодож ойролцоогоор хэлж мэдэхгүй байна. Үзэгдэх орчин гэгээ орж байсан бөгөөд хол ойрын зүйлс харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 206-208 ху/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 279 дугаартай дүгнэлтэд:
1. П.Г биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 45 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Эийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 57 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Гийн материалд гэмтэл тогтоогдсонгүй. Гэмтлийн зэрэг тогтоох
боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 68 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 274 дугаартай дүгнэлтэд:
1.Г.Бгийн материалд рентгений зурагт гэмтэл тогтоогдсонгүй. Гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 76 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 275 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Дгийн материалд гэмтэл тогтоогдсонгүй. Гэмтлийн зэрэг тогтоох
боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 87 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 281 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Цын биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 97 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 282 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Бийн биед зүүн талын 3,4,5 дугаар хавирганы хугарал гэмтэл
тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр
үүсгэгдэнэ.
3. Зүүн талын 3,4,5 дугаар хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох
журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт
/хх-ийн 110 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 308 дугаартай дүгнэлтэд:
1. Н.Бийн материалд рентгений зурагт: баруун шаант ясны хугарал гэмтэл
тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр
үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг
удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх
дүгнэлт /хх-ийн 190 хуу/
2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн 12 дугаартай дүгнэлтэд:
1. Тоёота Пийлдэр маркийн 49-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч
Б.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт мөн дүрмийн 11.3-д эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 3.7А-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жич: Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Онь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 30 минутад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, Эрүүл мэнд спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалаар баталсан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ыг баримтлан жолооч Б.Цыг жолоочийн согтуурал шалгах багажаар шалгахад согтолтын зэрэг нь 0.89 хувьтай гарсан нь жолооч Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.
2. Тоёота Пийлдэр маркийн 49-32 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч
Б.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 3.7А-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Тухайн зам тээврийн осол гарахад замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
4. 04-43 УНБ улсын дугаартай Прадо-95 маркийн тээврийн хэрэгсэл, 49-32 УНР улсын дугаартай Тоёота Пийлдэр маркийн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 168 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-03 ху/,
Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 623 дугаартай дүгнэлт /хх-ийн 215 хуу/
Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 623 дугаартай дүгнэлт /хх-ийн 222 хуу/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 229 хуу, 236 хуу/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 01-02 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаартай
1,2,3. Ургийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
2,6. Ураг нь гэмтлийн шалтгаант цагаас өмнө ихэс ховхорсоны улмаас эх дотроо бүтэж амьгүй болжээ. Ураг нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг 20 минутад амьгүй төржээ.
5. Шинжилгээгээр төрөлтийн болон гаж хөгжил тогтоогдсонгүй.
7.Авто ослын улмаас эх гэмтэж цагаас өмнө ихэс ховхорсоны улмаас төрлөг эхлэлийн
өмнө ураг амьгүй болжээ.
8. Ураг нь 38 долоо хоногтой байжээ. /Эхийн төрөх хугацаа 2021.09.02/
9. Эх авто ослын улмаас баруун шилбэ яс хугарч, тархи доргилт, дух эрүү, шанаа,
хүзүүний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл авсан байна...гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 10-11 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн 13-15 хуу/
Архангай аймгийн Цахрир сумын Жинст багийн засаг даргын тодорхойлолт /2-ийн хх-ийн 41 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /2-ийн хх-ийн 43-47 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Цт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн 2112................. дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ........ аймгийн .... сумын .....багийн нутаг ......... гэх газар 49-32 улсын дугаартай Тоёото пийлдер маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3, мөн дүрмийн 3.7А-д заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж 04-49 УНБ улсын дугаартай Тоёото Прадо-95 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган өөрийн автомашинд зорчиж явсан хохирогч Д.Б, Н.Б нарын эрүүл мэндэд тус бүр хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ц үйлдсэн болох нь:
Гэрч Д.Бийн өгсөн: “...Б өөрийнхөө эгнээ рүү орж амжилгүй тухайн урдаас ирж байсан автомашинтай мөргөлдсөн. Ямар нэгэн арга хэмжээ авахын завдалгүй тухайн автомашинтай мөргөлдсөн. Миний зорчиж явсан тал буюу зүүн гар талаараа мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 ху/, гэрч Б.Гийн өгсөн: “...би тухайн автомашиныг жолоодож миний эсрэг талын суудал дээр манай ээж Гэзэгт, харин арын суудал дээр эхнэр Б, Б, Э нар зорчиж явсан. Би өөрийн жолоодож явсан автомашины хурдыг хассан. Тэгсэн яах ийхийн зуургүй хурдтай орж ирээд мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/, гэрч П.Гын өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумаас өөрийн төрсөн хүүхэд Г, түүний эхнэр Д, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот орохоор 0443 УНБ улсын дугаартай автомашинаар гарсан юм. Тэгээд замдаа Архангай аймгийн Цахир суманд хоноод 2021 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн орчим Цахир сумын төвөөс Улаанбаатарын чиглэлд гарсан. Цахир сумаас гараад би машин дотроо унтсан. Тэгсэн гэнэт миний зорчиж явсан автомашины урдаас тод гэрэл гарч тас нас хийгээд явсан. Тэгсэн автомашинтай мөргөлдсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 ху/, гэрч Э.Дгийн өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумаас хадам ээж Гэзэгт, нөхөр Г, болон хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот орохоор 0443 УНБ улсын дугаартай автомашинаар гарсан юм. Тэгээд замдаа Архангай аймгийн Цахир суманд хоноод 2021 оны 08 дугаар сарын 19-ны өглөө 06 цагийн орчим Цахир сумын төвөөс Улаанбаатарын чиглэлд гарсан. Цахир сумын төвөөс гараад би автомашины арын суудал дээр бага охин буюу 2 настай Эийг тэврээд зорчиж явсан. Сумын төвөөс хөдлөөд нээх удаагүй явсан. Тэгсэн урдаас нэг хурц гэрэлтэй автомашин ирж яваа харагдсан тухайн автомашиныг зөрөөд өнгөрөх юм байх гэж бодсон чинь нэг мэдсэн миний зорчиж явсан автомашины урдаас ирж мөргөж улмаар тухайн зам тээврийн осол гарсан. Тухайн миний зорчиж явсан автомашинтай мөргөлдсөн автомашины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн өгсөн:..Тариат сумын Тэрх багийн нутагт байдаг урт гүүр хүрэх гэж явсанаа буцаж эргээд Цахир сумын төв орж хүн авна гэж явж байсан чинь зам дээр бор үхэр явж байна гээд Б Б нар ярилцаад байхаар нь би зогсооч гэж хэлсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь Архангай аймгийн төвд эмнэлэгт хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 181-183 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 282 дугаартай дүгнэлт /хх-ийн 110 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 308 дугаартай дүгнэлт /хх-ийн 190 хуу/, мөн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээч 12 дугаартай дүгнэлт /хх-ийн 168 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Тухайн үед 49-32 УНР улсын дугаартай Тоёота пийлдер маркийн автомашиныг шүүгдэгч Б.Ц нь жолоодож явсан нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно..”гэж заажээ. Тухайн хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм бөгөөд уг дүрмийн 1.3-т зам тээврийн хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт” мөн дүрмийн 11.3-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 3.7А-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг шүүгдэгч Б.Ц нь зөрчсөн байх бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогч Д.Б, Н.Б нарын биед тус бүр хүндэвтэр хохирол учирсан байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул Б.Ц нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Цыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд /1-ийн хх-ийн 234-235 хуу/ болон мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “ санал хүсэлт байхгүй” /2-ийн хх-ийн 45 хуу/ гэсэн, мөн Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд /1-ийн хх-ийн 181-182 хуу/ болон мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “ санал хүсэлт байхгүй” /2-ийн хх-ийн 46 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй, харин иргэний нэхэмжлэгч Б.Бид гэмт хэргийн улмаас 4.875.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 623 дугаартай дүгнэлт /хх-ийн 222 хуу/-ээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Цаас 4.875.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э овогт Б Б /рд:/-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ц нь тухайн хохирол төлбөрийг 10 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд гаргаж ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй , шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч Д.Б, Н.Бнар нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Цийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Бын Цыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэсэн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цаас 4.875.000 /дөрвөн сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э овогт Б Б /рд:/-д олгосугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа .......... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч Д.Б, Н.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ