| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/04106/И |
| Дугаар | 102/ШШ2018/00274 |
| Огноо | 2018-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2018/00274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, 32А байрны 87 тоотод байрлах, РД-5682991, Итгэлт хөрш сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, 63-р байрны 9 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ВЮ49082707, Зана овогт Мижигсэнгээгийн Хүүхэндоржид холбогдох
2 365 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч менежер Э.Алтан-Од, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баяндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2 365 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай байгууллагатай М.Хүүхэндорж нь 2013 оны 07 сарын 28-ны өдөр олон үйлдэлт Керби төхөөрөмжийг 5 500 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг байгуулж, урьдчилгаа 500 000 төгрөг төлж, үлдсэн 5 000 000 төгрөгийг 16 сарын хугацаанд сар бүр 312 000 төгрөгөөр төлөхөөр тохирч, төхөөрөмжийг манайх түүнд хүлээлгэн өгсөн.
М.Хүүхэндорж нь 2014 оныг дуустал хугацаанд 3 135 000 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш үүргийг шаардсан боловч төлөөгүй, утсаа авахгүй байх болсон. Манай байгууллагаас гэрээр нь очиж,гар утсаар ярих зэргээр сар бүр, 7 хоног бүр 2016 оны сүүл хүртэл шаарддаг байсан.Тэгэхэд төхөөрөмжөө буцаая гэдэг байсан. 2017 оны дунд үеэр гэрээр нь очиход солиор гээд хаалгаа хаасан. Иймд төхөөрөмжийн үнээс төлөөгүй байгаа 2 365 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Итгэлт хөрш сервис ХХК нь олон үйлдэлтэй хивс цэвэрлэгч гэж танилцуулан төхөөрөмжийг зээлээр худалдаж авах санал тавьсны дагуу тухайн бүтээгдэхүүнийг худалдан авч урьдчилгаа төлж, гэрээний дагуу төлбөрийг сар бүр төлсөөр нийт 3 445 000 төгрөгийг төлсөн. Гэтэл тухайн төхөөрөмж олон үйлдэлтэй гэсэн боловч ажиллуулж чадахгүй, ажиллахгүй байгаа. Нэхэмжлэгч нь М.Хүүхэндоржийг төөрөгдүүлж, гэрээ байгуулсан байсан тул төлбөр төлөлтөө зогсоосон. Тухайн төхөөрөмжийг бид 1-2 удаа л ашигласан. Одоо хайрцаг савтайгаа бүрэн бүтэн байгаа. Иймд төхөөрөмжөө буцааж аваач гэсэн саналыг 2016 оны 08, 09 сард тавьсан. Гэтэлд дахин дахин ирээд байдаг байсан гэсэн. Тэгээд чимээгүй болчихоор нь больсон гэж бодсон юм билээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, худалдах-худалдан авах гэрээ, төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн акт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Итгэлт хөрш сервис ХХК нь гэр ахуйн барааны худалдаа эрхэлдэг байх бөгөөд 2013-07-28 өдөр хариуцагч М.Хүүхэндоржтой харилцан тохирч, KIRBY Sentria олон үйлдэлт цэвэрлэгээний төхөөрөмжийг 5 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар болж, гэрээ дагуу хариуцагч урьдчилгаа 500 000 төгрөгийг төлж, үлдсэн 5 000 000 төгрөгийг 16 сарын хугацаанд сар бүр 312 000 төгрөгөөр төлөхөөр худалдах худалдах авах гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч худалдахаар тохирсон төхөөрөмжийг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар зохигч маргахгүй байна.
Хариуцагч гэрээ байгуулснаас хойш нэг жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэж, төхөөрөмжийн үнээс нийт 3 135 000 төгрөгийг төлсөн болохыг нэхэмжлэгч тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч 3 445 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан боловч тайлбараа нотлоогүй байна.
Хариуцагч гэрээгээр хүлээсэн, худалдан авсан төхөөрөмжийн үнийг төлөх үүргээ 2014 оны 08 сарын сүүлчээс эхлэн хугацаа хэтрүүлж, үүргээ зөрчиж эхэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч түүнээс үүргийг нь утсаар болон биечлэн 2015 оны эцэс хүртэл шаардаж байсан, 2017 оны 09 сарын сүүлчээр үүргийг шаардахаар хаягаар нь биечлэн очиход хариуцагч хаалгаа хааж, үүргээ гүйцэтгэхээс татгалзсан үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч худалдан авсан барааны үнийн 57 хувийг төлсөн байх бөгөөд төхөөрөмжийг доголдолтой гэдэг шалтгаанаар үлдсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч төхөөрөмжид 3 жилийн баталгаат хугацаа олгосон байх бөгөөд төхөөрөмжийг биет байдлын доголдолтойг худалдан авагч 2016-07-28 өдрийн дотор илрүүлснээ нотлоогүй, төхөөрөмж биет байдлын доголдолтой тухай түүний тайлбар нотлогдоогүй байна.
Иймд хариуцагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх үндэслэлгүй байна.
Гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа баталгаат хугацаа дууссан үеэс тоологдох тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийг шаардах 3 жилийн хугацаа дууссан тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу 2 365 000 төгрөгийг худалдан авагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 52 790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 52 790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон