Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч А.Серикбол, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:           

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Есагасы овогт Азимханы Серикболд холбогдох эрүүгийн 2014250005482 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баян- Өлгий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баян-Өлгий аймаг, Баяннуур 5 дугаар баг, Цул улаанд оршин суух, гавъяа шагналгүй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг  ялыг  1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1093 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж одоо хорих 423 дугаар ангид ял эдэлж байгаа, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Есагасы овогт Азимханы Серикбол /РД: БВ93082036/,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Серикбол нь давтан үйлдлээр 2014 оны 08 дугаар сарын 24- нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны 74 тоотод байх иргэн Б.Ууганбаярын байрны тагтны цонхоор нэвтрэн орж иргэн М.Мөнхтуяагийн цүнхнээс хэтэвчтэй 250.000 төгрөг, иргэн Ц.Болортуяагийн цүнхтэй эд зүйлс, бэлэн 240.000 төгрөг, нийт 850,000 төгрөгийн, иргэн Б.Ууганбаярын 40.0 төгрөгийн эд зүйлсийг хулгайлж, нийт 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Серикбол нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэсэн банйа.

Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           Шүүгдэгч А.Серикбол нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

…Би ажлын өдрүүдэд шүүх дээр ирж бүртгүүлдэг байсан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө амралтын өдөр таарч байсан. Харин амралтын өдрүүдэд ханын материалд ажил хийдэг байсан. Тэр үед барилгын туслах ажилтангаар ажиллаж байсан. Намайг 2014 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ажилчдын байранд хоносон талаар ажлынхан болон манай ах хэлсэн байгаа. Мөн өглөөний 10 цагт шүүх дээр ирж бүртгүүлсэн. Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэв.

Би 11 дүгээр байрны 74 тоотын цонхонд огт хүрч байгаагүй. Миний хурууны хээ яагаад илэрсэнийг мэдэхгүй байна. Би 1225, 4305 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг хэргийг үйлдээгүй болохоор хохирогч нарын нэхэмжилж байгаа төлбөрийг төлж барагдуулахгүй. /хх-93х/ гэжээ.

 

Хохирогч Ц.Болортуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:    Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Улаанбаатар хот руу 2014 оны 08 сарын 24-нд оюутнууд хүргэж өгөх гэж явсан юм. Хотод шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүрэгт байдаг найзындаа очоод хоол унд хийж идээд юм ярьж байгаад 01 цагийн үед унтацгаасан. Тэгээд манай найз Бямбасүрэн үүрээр үүд дугарах шиг болохоор нь хаалгаа дутуу хаачиж гэж бодоод босоод хаалгаа хаачаад буцаад унтсан гэсэн. Тэгээд өглөө 08 цагийн үед босоод Мөнхтуяа миний түрийвч байхгүй байна. Цонх онгорхой байна хулгайч орчихсон юм биш үү гэж хэлээд бид нар юмнуудаа үзэхэд миний цүнх байхгүй байсан. Тэгээд цагдаа дуудсан. Хүрэн өнгөтэй илгэн цүнх, төмөрөн гинжэн зүүлттэй байсан 40.000 төгрөг, жижиг сонирхогчийн зургийн аппарат цагаан өнгөтэй байсан 250.000 төгрөг, Самсунг маркийн “S-1” гэдэг хар өнгийн гар утас 160.000 төгрөг, хүрэн өнгийн түрийвч эрэгтэй хүний 8000 төгрөг, дотор нь 250000 төгрөг байсан, “ХААН” банкны виза, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх бас байсан, эмэгтэй хүний улаантай шар цоохор түрийвч 10.000 төгрөг, дотор нь иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байсан 20.000 төгрөг байсан, цүнхэн дотор мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч 100.000 төгрөг, хүүхдийн монетон ээмэг 50.000 төгрөгний үнэтэй эд зүйлс үүдний өрөөнд өлгүүрт байсан. Түрийвчинд 70.000 төгрөг ойр зуурын хоол ундны хэрэглээнд байсан дээр Хутаг-Өндөр сумаас хүн тээвэрлэж ирсэн хөлсөнд 6 хүнээс тус бүр 30.000 төгрөг буюу 180.000 төгрөг нэмээд түрийвчинд хийсэн байсан. Хутаг-Өндөр сумын 1-р баг 4-р хороо 6в-д оршин суудаг. Эд зүйлээ олоод авчихвал гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Тэр болгон Улаанбаатар хот руу ороод байдаггүй болохоор хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна /хх-14х/ гэжээ.

Хохирогч М.Мөнхтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Улаанбаатар хот руу 2014 оны 08 сарын 24-нд оюутан хүүхдээ хүргэж өгөх гээд Дашлхагвын машинаар Болортуяа бид нар хэсэг оюутан хүүхдүүдтэй ирсэн. Хотод шөнө 23 цагийн үед ирж  Баянзүрх дүүрэгт байдаг оюутан цагийн найз Бямбасүрэнгийнд очоод хоол унд хийж идээд юм ярьж байгаад 01 цаг болж байхад унтацгаасан. Унтахдаа би тагтных нь хаалгыг бага зэрэг онгойлгоод орхисон байсан. Өглөө босоод харахад тагтны хаалга том онгойчихсон болохоор нь гайхаад цүнхээ харсан чинь байхгүй байсан тэгээд цүнхээ хайсан чинь газар хэвтэж байсан дотор нь байсан түрийвчийг аваад явсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Шар өнгийн арьсан материалтай эмэгтэй хүний түрийвч 40.000 төгрөг, дотор байсан бэлэн 250.000 төгрөг, 20 мянгат, 10 мянгатын дэвсгэртээр байсан. Ийм зүйлс алга болсон. Унтлаганы жижиг өрөөнд нь комьпютерийн жижиг ширээн дээр байсан. Миний цалин 23-ны өдөр орсон тэгээд хэрэглээнд 380.000 төгрөг анх аваад тракторын сэлбэг 40.000 төгрөгөөр авч явуулсан, замдаа хүнс, айраг аваад хоол унданд ороод 250.000 төгрөг үлдсэн байсан.  Алдагдсан түрийвч мөнгөө барагдуулж авмаар байна. Ойрын хугацаанд Улаанбаатар хот руу орох бодолтой байгаа ажлын байдлаас болно. Хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна /хх-16-17х/ гэжээ.

 

Хохирогч М.Мөнхтуяа, Ц.Болортуяа нарын төлөөлөгч Ц.Дашлхагва мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би өөрийн эхнэр Болортуяагийн хамт Булган аймгийн Худаг Өндөр суманд амьдардаг юм. Би өөрийн эхнэр Болортуяа, өөрийн найз Мөнхтуяагийн хамтаар 2014 оны 08 сарын 20-нд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэлийг авахаар Улаанбаатар хотод ирж өөрийн найз Ууганбаярын гэрт ирсэн юм. Ууганбаярын гэрт шөнө ирсэн ба маргааш өглөө гарах гэхэд эхнэр Болортуяа, найз Мөнхтуяагийн түрүүвч нь алдагдсан байсан. Миний санаж байгаагаар /Ууганбаярын хүүхдийн түрүүвч нь алдагдсан байсан/. Манай эхнэрийн цүнхэнд биет 250000 төгрөг, алт мөнгөн эдлэл, хүүхдийн гагнуулах гэж байсан монетан ээмэг, зургийн аппарат, 2 ширхэг гар утас, нүүрний будаг нь байсан. Хүүхдийн гагнуулах гэж байсан монетан ээмэг, 1 хос, граммын мэдэхгүй байна, үнэ нь 150000 төгрөг, гагнуулах гэж байсан мөнгөн бугуйвч үнэ нь 150000 төгрөг, янзлуулах гэж байсан мөнгөн эдлэл үнэ нь 150.000 төгрөгөөр үнэлнэ. Эдгээрт хугархай ээмэг, бөгж, гинж, шигтгээ зэрэг зүйлс байсан. Сони маркийн дижитал зургийн аппарат, хуучин, үнэ нь 800000 төгрөг, 1 ширхэг утас нь эвдэрхий ба уг эвдэрхий утсыг нь үнэлэхгүй, Эс 1 маркийн гар утас хуучин, үнэ нь 150000 төгрөг, эхнэрийн гоо сайхны хэрэгсэлээ 150000 төгрөгөөр үнэлнэ, 2 ширхэг жолооны үнэмлэх, 1 ширхэг нь 10000 төгрөгөөр үнэлнэ, 2 ширхэг иргэний үнэмлэх, 1 ширхэгийг нь 10,000 төгрөгөөр эргүүлж авсан. 2 ширхэг виза картаа нийлүүлээд 10000 төгрөгөөр авсан. 1 ширхэг эмэгтэй хүний цүнх, үнэ нь 60000 төгрөг, 2 ширхэг хэтэвч, үнэ нь нийлээд 10000 төгрөг. Мөнхтуяагийн түрүүвчтэй мөнгийг авсан гэдгийг нь л мэднэ.  Мөнхтуяа, Болортуяа хоёр  ажил ихтэй, мөн нялх биетэй байгаа болохоор надад итгэмжлэл хийж өгсөн. Би шүүх хуралд суухгүй, харин гомдлоо барагдуулж авмаар байна. Бинзений зардал болох 300000 төгрөгийг нэхэмжилж байна. Би сая ирэхдээ ландкрузер прадо маркийн машинтай ирсэн /хх-72-73х/ гэжээ.

 

Хохирогч Б.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай гэр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 11 дүгээр байрны 74 тоотод 1 давхарт байдаг юм. 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн үеэр Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас манай найз Мөнхтуяа, Болортуяа нар ирсэн. Тэд нар ойролцоогоор шөнийн 01 цагийн орчимд ирж, хоол унд идээд шөнийн 02 цагийн орчимд унтацгаасан. Маргааш өглөө нь Мөнхтуяа жижиг өрөөний шалан дээр байсан цүнх алга болчихсон байна гэж хэлэхээр нь эд зүйлээ бүртгэж үзтэл мөн Болортуяагийн цүнх нь алга болсон байсан. Би эд зүйлээ дараа нь бүртгэж үзтэл жижиг өрөөний номын тавиур дээр байсан 2 ширхэг хэтэвч алга болсон байсан. 2 хэтэвчинд миний охин Б.Хулангын иргэний үнэмлэх, үнэ нь 23800 төгрөг, ногоон өнгөтэй арьсан хэтэвч, үнэ нь 25000 төгрөг, алаг өнгөтэй хэтэвч, хуучин үнэ нь 20000 төгрөг, манай гэрээс өөр эд зүйл алга болоогүй. Болортуяа надад хэлэхдээ зургийн аппарат, 2 ширхэг гар утас, ээмэг бөгжнүүд, бэлэн мөнгө алдагдсан гэж хэлж байсан ба үнийн дүнгийн сайн санахгүй байна. Мөнхтуяа, Болортуяа 2 нийлээд 600000 төгрөг алдсан гэж хэлж байсан. Мөнхтуяа надад хэтэвчтэй мөнгөө алдлаа гэж хэлж байсан. Би А.Серикболыг танихгүй, манай гэрт орж ирэх ямар ч үндэслэл байхгүй /хх-75-76х/ гэжээ.

 

Гэрч Т.Хөшөөбай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Серикболыг мэднэ, сайн танихгүй, Серикболын ах болох Жанбол нь 2014 оны 6 сараас эхлэн манай бригадад мужааны туслахаар ажиллаж байсан. Тийм болохоор ахыг нь сайн танина. Ахаар нь дамжуулж дүүг нь мэдэх болсон. Жанбол нь ажиллаж байх хугацаандаа дүү Серикболыг ажиллуулахаар гуйсан.  Серикбол нь оюутан байсан болохоор амралтаараа ажиллана гэхээр нь би зөвшөөрсөн. Серикбол нь 2014 оны 6 сараас эхлэн ажиллаж байсан. Ажлын өдөр бол ажилладаггүй, амралтын өдрөөр байнга ирж ажилладаг байсан. Би яг хэзээ хүртэл ажилласан болохыг сайн санахгүй байна. 2014 оны 8 сар хүртэл гэж санаж байна. Гэхдээ бас мэдэхгүй байна. 2015 оны 08 сарын 24-ний өдөр ажилласан эсэхийг санахгүй байна. Би ажил дээрээ хэзээ ч хонож ажилладаггүй. Тийм болохоор 2014 оны 08 сарын 24-25-нд шилжих шөнө би Серикболтой цуг ажил дээрээ хоноогүй. Тэр худлаа. Серикбол нь ажиллаж байх хугацаандаа ажилдаа сайн байсан. Илүү дутуу хулгай хийдэг хүүхэд гэж мэдэгдээгүй. Даруу төлөв, дуу цөөтэй хүүхэд байсан. Ажилдаа ирэхээ болихоор нь сүүлд ах Жанболоос хэрэгт холбогдоод цагдаад шалгагдаж байгаа гэж сонссон. Ямар хэрэгт холбогдсон талаар мэдээгүй /хх105-106х/ гэжээ.

 

Гэрч А.Ербол мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний дүү Серикбол нь 1993 оны 08 сарын 20-нд Баян-Өлгий аймаг Баяннуур суманд айлын 5 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төвд эцэг эхийн гар дээр болон цэцэрлэгээр хүмүүжиж, 2001 онд Баяннуур сумын дунд сургуульд суралцаж 2011 онд төгссөн. Дунд сургуулиа төгсөөд МҮИС-ийн барилгын ангид элсэн суралцаж байгаад 2014 онд энэ хэрэгт холбогдоод сургуулиасаа гарсан. Цэргийн алба хаагаагүй. Эхнэр хүүхэдгүй. Зан байдлын хувьд зөөлөн, даруу зантай. Хүнд их тусархуу. Байгаа зүйлээ найз нөхөд хамаатан садандаа өгдөг. Хүнтэй их нийтэч харьцаатай. Сургуульд сурч байхдаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан. Түргэн ширүүн зангүй. Юманд хүлээцтэй ханддаг. Уурласан тохиолдолд дуугаа хураадаг. Даруу төлөв байдалтай.  Хулгай хийгээд байх хүүхэд бол биш. Яагаад гэвэл нийгмийн асуудал мөнгөний асуудал гээд бүх зүйлээр нь дутаагаагүй. Тийм болохоор хулгай хийх шаардлага байхгүй. Жишээ нь сард 150.000-200.000 төгрөг Серикболд цалин болгож тогтмол өгдөг. Оюутны тэтгэлэгийн 70.000 төгрөг дээр нь өөрөө авдаг. Сургуулийн төлбөрийг нь төлдөг. Гэр орондоо Серикбол ямар ч мөнгө төгрөг зарцуулдаггүй. Тэгэхээр өөрт нь мөнгө хангалттай. Хүнтэй харьцаа сайтай. Хүний арга эвийг олж чаддаг. Хүүхэд шиг зантай. Жоохон зүйл дээр баярлаж гуньдаг. Хатуу амьдрал огт үзээгүй, ажил төрөлд сайн. Зуны улиралд миний компанид барилгын ажил хийдэг. Өвөлдөө сургуульдаа сурангаа манай ажилд тусладаг. Ар гэрийн ажилд аль болох туслахыг хичээдэг. Аав ээж, ах эгч нарын үгэнд сайн ордог. Бид нарт байнга санаа тавьдаг. Бид нарын төлөө амиа өгөхөд бэлэн хүүхэд байгаа юм. Өөр зан байдлын талаар хэлээд байх зүйл байхгүй /хх-107-108х/ гэжээ.

 

Гэрч А.Жанбол мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Азимханы Серикболын төрсөн ах нь байгаа юм. Орчиндоо нээлттэй. Хүнтэй харьцах харьцааны хувьд сайн ямар ч хүнтэй эвийг олоод харьцаж чаддаг. Нийтэч зантай. Сургуульд сурч байхдаа нийгмийн идэвхитэй байсан. Дунд сургуульд байхдаа ширээний теннис, зураг төслийн тэмцээн уралдаанд амжилттай оролцдог байсан. 10 жилээ нэг медалтай төгссөн. Медалын нэрийг санахгүй байна. Оюутан байхдаа бас хичээлдээ сайн, нийгмийн идэвхтэй байсан. Тэр утгаараа “Эрдмийн од" медалиар шагнагдсан. Хэрэгт холбогдох хүртлээ сургуулийнхаа оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Өөрөө ямар нэгэн зүйл удирдаж зохион байгуулах авъяастай. Айлын бага болохоор эрх танхи боловч зөв хүмүүжилтэй. Аав ээж, ах, эгч нарын үгнээс ерөөсөө гарч байгаагүй. Гэр бүлийнхэндээ ямар нэгэн зүйлээр эсэргүүцсэн зан гаргаж байгаагүй. Хүмүүжил сайтай. Найз нөхдийн дунд хүнд сайтай. Найз нөхөд олонтой. Ажил төрөлд маш сайн. Амралтын өдрөөр өөрөө ажил хайж хийгээд явдаг. Зун амралтаараа ах Ерболын компанид барилгын ажил хийдэг. Доороо хүмүүс авч ажиллуулаад өөрөө даргалж барилгын ажил гүйцэтгэж байсан. Энэ хэрэгт холбогдсон. 2014 оны 08 сарын 24-өөс 25-нд шилжих шөнө дүү Серикбол Ханын материалд ажилтай байсан. Тухайн өдөр би хамт байсан. Надаас гадна бригадын дарга Көшебай болон тогооч Умиткер нар байсан. 2015 оны 08 сарын 24-ний өдөр манай найз Бахатбек ОХУ явсан болохоор өдрийг нь сайн санаж байна. Тэр өдөр Серикбол ажил дээрээ хоноод өглөө 11:00 цагийн үед явсан санагдаж байна /хх-109-110х/ гэжээ.

 

Гэрч Х.Умиткер мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 08 сард цуг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ханын материалд баригдаж байсан барилгад ажиллаж байсан, тухайн үед би тогооч хийж, харин Серикбол амралтын өдрөөр туслах ажилтан хийж байсан. Манай барилгад тухайн үед Серикбол ах Жанболын туслах ажилтнаар ажиллаж байсан ба дүүгээ амралтын өдрөөр ажиллуулдаг байсан. Манай барилгын бригадын ахлагчаар Хөшөөбай ажиллаж байсан. Хөшөөбай одоо Улаанбаатар хотод байхгүй, Дархан-Уул аймагт байгаа байх. Серикбол ажлын өдрөөр ажилдаггүй. Харин амралтын өдрөөр ажилладаг байсан. Амралтын өдрөөр ажиллахдаа баасан гаригийн орой ирээд баасан, бямба гаригт ажил дээр хоноод ням гаригийн орой харьдаг байсан. Серикбол тухайн үед дээд сургуульд сурдаг байсан. Манай барилгын бригад хонож ажилдаг байсан. 2014 оны 8 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө хоносон эсэхийг би хоног хугацаа их хэтэрсэн болохоор сайн мэдэхгүй байна. Жанбол байнгын хонож ажилдаг байсан. Серикбол байрлаж ажилдаггүй хааяа нэг хонож ажилдаг байсан. Би тогооч болохоор байнгын хонож ажилдаг байсан. Хөшөөбай хонож ажилладаггүй байсан /хх-198-199х/ гэжээ.

 

2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 4304 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлсэн гэх “1,6” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. “2, 3, 4, 5, 7” гэж дугаарласан гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн “6” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь А.Серикболын зүүн гарын эрхий хурууны өндгөн хэсгийн хээтэй тохирч байна.

            3. Шинжилгээнд тэнцсэн “1” гэж дугаарласан гарын мөр “Папилон” санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохироогүй /хх-19х/ гэжээ.

 

2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1225 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            1. 4304 дугаартай шинжээчийн дүгнэлттэй бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэсэн шинжээчид санал нэгтэй байна.

2.Хэргийн газраас бэхжүүлэн авсан 6 гэж дугаарласан гарын мөр нь А.Серикболын зүүн гарын эрхий хурууны өндгөн хэсгийн Зүүн гогцоо төвтэй хээтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.

3.А.Серикболын гарын дардас нь эзэнгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан мөрүүдтэй тохирохгүй байна /хх-62х/ гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан А.Серикболыг сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-24-26, 92-93, 210х/, хохирогч Ц.Болортуяа /хх-14х/, М.Мөнхтуяа /хх-16-17х/, Б.Ууганбаяр /хх-74-75/, Дашлхагва /хх-72-73х/, гэрч Т.Хөшөөбай /хх-105-106/, А.Ербол /хх-107-108/, А.Жанбол /хх-109-110х/, Х.Умиткер /хх-198-199х/, нарын мэдүүлгүүд шинжээчийн 4304, 1225 дугаартай дүгнэлт /хх-19,62х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-10х/, А.Серикболын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28,30х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32,56,111х/, Дүүргийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1093 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-58-60х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-114-115х/, эд зүйлийн үнэлгээ /хх-77-80/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-94-97, 119-120,133-134, 146-148, 202-204х/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж үнэллээ.

 

Шүүгдэгч А.Серикбол нь  давтан үйлдлээр 2014 оны 08 дугаар сарын 24- нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны 74 тоот Б.Ууганбаярын гэрийн тагтны цонхоор нэвтрэн орж, иргэн М.Мөнхтуяагийн цүнхнээс хэтэвчтэй 250.000 төгрөг, иргэн Ц.Болортуяагийн 570000 төгрөгийн үнэлгээ бүхий цүнхтэй эд зүйлс, бэлэн мөнгө 230.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийн, иргэн Б.Ууганбаярын 40000 төгрөгийн эд зүйлсийг тус тус хулгайлж, нийт 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хурууны хээ илрүүлж, бэхжүүлж авсан баримт,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хулгайн гэмт  хэргийг  үйлдээгүй гэж мэтгэлцэн, ЭБШХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах санал гаргадаг боловч хэргийн газраас илрүүлсэн шүүгдэгчийн хурууны мөрийг үгүйсгэж, шинжээчийн дүгнэлтийг  няцаасан нотлох баримтаа зааж өгч чадахгүй байгаа, хэрэг гарсан  шөнө Сонгинохайрхан дүүргийн Ханын материал дахь ажлын байрандаа  хоносон гэдгийг гэрч Х.Умиткер, Т.Хөшөөбай нар хөдөлбөргүй гэрчилж  чадаагүй зэргээр хулгайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл  тогтоогдохгүй байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Серикболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Серикболыг бусдын орон байранд нэвтэрч давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт: “… шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч А.Серикболыг өршөөлийн хуульд хамааруулахдаа ялтай байдлыг хэвээр үлдээж, өмнөх тогтоололоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж үзлээ.

 

  Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Серикболыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар  25 хоногийн ялын заримыг буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилээр тогтоож, Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасахаар, шүүгдэгч А.Серикболын цалин орлогогүй, эд хөрөнгөгүй байдлыг харгалзан  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Ц.Болортуяа нь хулгайд алдагдсан бэлэн мөнгөний дүнгээ тогтвортой биш мэдүүлж байсан тул доод дүнгээр буюу 230000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч  А.Серикболоос нийт 1100000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Болортуяад 800000 төгрөг, М.Мөнхтуяад 260000 төгрөг, Б.Ууганбаярт 40000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Серикбол нь өмнөх тогтоолоор оногдуулсан ялаа эдэлж байхдаа энэ хэрэгт шалгагдаж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл 139 хоног, 2015 оны 10 сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2016 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл 242 хоног, нийт 381 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй  байна.

 

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Есагасы овогт Азимханы Серикболыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар А.Серикболыг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дэх хэсэгт зааснаар А.Серикболд ялыг оногдуулсан 2 жилийн хорих ялыг өмнөх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдэсэн 2 жил, 8 сар, 25 хоногийн ялын заримыг буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Серикболд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Серикболын цагдан хоригдсон 381 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Серикболын хувьд ноогдох эд хөрөнгөнөөс 1100000  төгрөг гаргуулж, хохирогч Ц.Болортуяад 800000 төгрөг, М.Мөнхтуяад 260000 төгрөг, Б.Ууганбаярт 40000 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Серикболд оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Серикболд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ                                      С.ОЮУНГЭРЭЛ