Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 158/ШШ2021/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн А.З гийн нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

            “Орхон аймаг, ... орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2019/0014/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.З , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д , гуравдагч этгээд А.А , түүний өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч А.З шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Миний бие А.З  Орхон аймгийн ...  орон сууцны хамтран өмчлөгч болохыг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01063 тоот тогтоолоор тогтоож өгсөн бөгөөд тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагааг хийлгүүлэхээр хандтал тухайн орон сууц бусдын барьцаанд байгаа учир бүртгэл хийх боломжгүй гэх Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар 09-ний өдрийн 1079 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай хариу мэдэгдэл ирүүлсний дагуу Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас бүртгэл хийх боломжгүй байгаа талаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот хариуг өгсөн. Уг бүртгэлийг хийхгүй байгаа нь миний эрх ашгийг илтэд хохироож тухайн орон сууцны хамтран өмчлөх эрхээ эдлэх боломжгүй болгож байна гэж үзэж байх тул Орхон аймгийн ...  орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.З г ...  орон сууцны 41 хувийг өмчлөх эрхтэйг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа. Улсын дээд шүүхийн шийдвэрийг авснаас хойш Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст биеээр очиж, бүртгэл хийлгэх гэсэн боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь шаарддаг. Гэтэл уг гэрчилгээ Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд байгаа учраас А.З д гаргаж өгдөггүй. Улсын бүртгэлийн хэлтсээс эх гэрчилгээг авчир гэдэг шаардлага тавиад бүртгэл хийхгүй байсан учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулинд зааснаар бүртгэлийг хийгээд, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх л ёстой. Гэтэл Улсын бүртгэлийн хэлтэс мэдэгдэх ёстой гуравдагч этгээд болох Худалдаа хөгжлийн банкнаас зөвшөөрөхгүй байгаа гэдэг үндэслэлээр бүртгэл хийхгүй байгаа нь үндэслэлгүй юм. Бид удаа дараа Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж байгаа боловч хариу өгдөггүй, буцаагаад байдаг. Баримт материалаа бүрдүүлээд Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн, тэндээ гацсан байдалтай байгаа. Тэрнээс биш ямар ч баримтгүйгээр, баримт матераилаа өгөлгүйгээр гомдол гаргаад байгаан бишээ. Хариуцагчийн зүгээс одоо иргэн А.З г огт хандаагүй гэсэн атлаа бүртгэл хийхгүй гэж хариу өгөөд байдаг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тодорхой зохицуулсан байхад улсын бүртгэл хийхээс үндэслэлгүй татгалзаад байгаа учир даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа” гэв. 

     Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн ...  орон сууцны өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар иргэн А.А  /... /, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №ЗГ/************** -1 тоот зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байна. Иргэн А.А  нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №ЗГ/************** -1 тоот зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №142/ШШ2019/00311 дүгээр шүүгчийн захирамжаар 42.722.679 төгрөгийг төлөх, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 03/672 тоот албан бичгээр Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1063 дугаар тогтоолоор уг орон сууцны өмчлөгчөөр А.З  хэсгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн тул уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны 03/1324 тоотоор Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1063 тоот тогтоолыг биелүүлэх тухай албан бичиг ирүүлснийг хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №1079 тоотоор хариу хүргүүлсэн. Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №142/ШШ2019/00311 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1063 дугаар тогтоолоор уг орон сууцанд өөрчлөлт оруулах, барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хоёр хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэг ногдуулсан байна. Дээрх хоёр шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул Орхон аймгийн ...  орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Харин аль шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд “Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх бүртгэл” -ийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4 дэх заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтын дагуу нотлох баримтыг бүрдүүлэн мэдүүлэг гаргасан тохиолдолд мэдүүлгийг хүлээн авч бүртгэх үндэслэлтэй” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэхэмжлэгч А.З  нь хуульд заасан холбогдох баримтаа гаргаж өгөхгүй байгаа. Нэг удаа ирж мэдүүлэг бүрдүүлэх үед нь орон сууцны эх гэрчилгээ шаардлагатай байгаа талаар нэхэмжлэгчид хэлсэн. Холбогдох материалаа бүрдүүлээд ир гээд явуулсан. Гэтэл тэр чигээрээ алга болчихсон. Сүүлд  нөхөр нь гээд нэг хүн ирсэн боловч өмчлөгч өөрөө биеээрээ ирж мэдүүлэг бөглөж, хүсэлтээ гаргах ёстой гэж хэлсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирсэн албан бичигт үндэслэж бүртгэл хийх боломжгүй тул албан бичгийн хариуг бүртгэл хийх боломжгүй гэж хариу өгсөн байгаа. Иргэн хүн өөрөө баримт материалаа бүрдүүлээд хуульд заасан мэдүүлэг бөглөж, тэмдэгтийн хураамж төлөөд материалаа өгөх ёстой. Уг бүртгэлд өөрчлөлт оруулах гээд байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь нь Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд байгаа учир манайхаас тухайн банк руу албан бичиг явуулсан боловч бүртгэл дээр өөрчлөлт оруулах боломжгүй байгаа. Мөн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн хоёр өөр шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар эргэлзээ үүсэж, энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байдалд хүрсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хоёр ч удаа тусгай тэмдэглэл хийгдсэн байгаа. Тусгай тэмдэглэлийг хүчингүй болгох эрх нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад байгаа учраас иргэн А.З г энэ шийдвэрийг гаргуулаад аваад ир гэсэн шаардлага тавьсан. Мэдүүлэг гаргагч өөрөө баримт материалаа бүрдүүлээд өгвөл болно” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкнаас шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн А.А  нь тус банктай 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээнүүдийг байгуулж, 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгийг 2.1 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч А.А  нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэгдсэн Орхон аймаг, ...  38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй гэрээг ноцтой зөрчиж байсан тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлийг иргэн А.А  зөвшөөрч талууд харилцан тохиролцож зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00311 дугаар шүүгчийн захирамжаар А.А  нь 49.722.679.87 төгрөг төлөх, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Одоо дуудлага худалдаанд оруулах гэхээр өмчлөлийн маргаан гарч ирчихээд байгаа. Нэхэмжлэгч А.З  нь тухайн байрны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийн талаар манай дээр ирж уулзаж, хэлж байсан. Бид барьцаанд байгаа байрны эх гэрчилгээг А.З д өгөх боломжгүй юм. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж дагана. Өөр тайлбар байхгүй” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анх 2004 онд энэ байрыг худалдаж авсан. Ингэхдээ банкнаас зээлээр худалдан авсан байдаг. Тэр үеээс хойш банкинд зээлээ төлөөд, байрандаа гоо сайхны үйл ажиллагаа явуулаад унаж боссоор өдий зэрэгтэй болсон. Миний эгч А.З  надтай 18 жил хамт ажиллаад, ажлынхаа үр шим, ашгаас өгсөөр 90 сая төгрөг болсон. Яасан ханаж цаддаггүй юм бэ. Миний 3 хүүхдийн орон байрыг булаацалдаад байгаад гомдолтой. Би өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн тухай хууль өөрчлөгдөж байгаа, гомдол гаргана. Цаашдаа тэмцэнэ. Өмнө нь өмгөөлөгчгүй байсан, энэ удаад л өмгөөлөгчтэй орж байна. Хэзээ ч тэмцлээ зогсоохгүй” гэв.

Гуравдагч этгээд А.А гийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.З  нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор өмчлөгч болсон юм байна. Шүүхийн шийдвэрт хандсанаар тэндээс Улсын бүртгэл рүү албан бичиг явуулсан байна. Улсын дээд шүүхийн тогтоол нь нэхэмжлэгч А.З г өмчлөх эрхтэйг тогтоосноос бус бүртгэл хийхийг даалгасан шийдвэр биш юм. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлагын урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна. Нэхэмжлэгч өөрөө улсын бүртгэлийн байгууллагад очиж, мэдүүлэг гаргаагүй, холбогдох баримтаа гаргаж өгөөгүй байж захиргааны байгууллагыг буруутгаж, уг бүртгэлийг хийхээс татгалзсан гэж үзэж болохгүй. Захиргааны байгууллага болох аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ямар акт гараад, тэр захиргааны актыг нь зөвшөөрөхгүй байгаа нь нэхэмжлэлээс тодорхой харагдахгүй байна. Даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. Өмчлөгчөөр бүртгэх боломжгүй гэсэн шийдвэрийг А.З д өгөөгүй, материал дутуу байна гэж буцааж байхад даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах үндэслэлтэй байна” гэв.    

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч А.З гаас Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Орхон аймаг, ...од байрлах орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүхээс дээрх нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 185 дугаар захирамжаар Худалдаа хөгжлийн банкийг, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар захирамжаар иргэн А.А г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тус тус татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01063 дугаар хяналтын шатны иргэний хэргийн тогтоолоор намайг Орхон аймаг, ...  орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоосон бөгөөд уг шийдвэрийн дагуу хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч уг байрны эх гэрчилгээг авч ирэх шаардлага тавьж материалыг хүлээн аваагүй. Байрны эх гэрчилгээ банкинд барьцаалагдсан тул надад өгөөгүй учир шүүхийн шийдвэрийг биелүүлүүлэхээр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Гэтэл Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэхээс татгалзсан хариу өгсөн байсан. Орон сууцны өмчлөгч миний эрхийг хөндөж, бүртгэл хийхээс татгалзсан нь үндэслэлгүй” гэж тодорхойлсон ба

Хариуцагчаас “Улсын Дээд шүүх болон Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх тус бүрээс гаргасан хоёр өөр шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй байгаа ба нэхэмжлэгч нь хуульд заасан холбогдох баримт материалаа бүрдүүлж өгөөгүй учир бүртгэл хийгээгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч А.З  нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн А.А гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдан сөрөг нэхэмжлэл гаргаснаар Орхон аймаг, ... орон сууцны өмчлөл дээр маргаан үүсэж, улмаар уг хэргийг Монгол Улсын Дээд шүүх 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хяналтын журмаар эцэслэн хэлэлцэж, иргэн А.З г дээрх байрны 41 хувийг өмчлөх эрхтэй болохыг тогтоожээ.

Энэхүү Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу нэхэмжлэгч А.З  нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-1-16 тоотод байрлах 38 м.кв 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх”-ээр хандсан боловч тус хэлтэс тухайн орон сууцны эх гэрчилгээ буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шаардаж, материалыг хүлээн аваагүй үйл баримт нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог.

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэхэмжлэгчээс шаардаж буй “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний эх хувь нь Худалдаа хөгжлийн банкинд барьцаалагдсан, тус банкинд хадгалагдаж байх бөгөөд уг гэрчилгээг банк нэхэмжлэгч А.З д гаргаж өгөөгүй ба нэхэмжлэгч нь гэрчилгээг өөрийн гаргасан мэдүүлэгт хавсаргах боломжгүй болж, уг байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхэд бэрхшээл үүссэний улмаас Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгэх хуудас бичин Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад тус байгууллагаас Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 03/1324 дугаартай албан бичиг хүргүүлж, нэхэмжлэгч А.З г дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх гэсэн боловч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1079 дугаартай албан бичгээр “бүртгэх боломжгүй” гэх хариуг хүргүүлсэн байна. Ийнхүү Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “бүртгэл хийгдээгүй талаар” нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр мэдэгдэж, нэхэмжлэгч Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Гуравдагч этгээд А.А гийн өмгөөлөгчөөс “захиргааны байгууллагад даалгах нэхэмжлэл гаргах нөхцөл бүрдээгүй, захиргааны байгууллагаас иргэн А.З д хандсан ямар нэг эрхийн акт гараагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэх тайлбарын тухайд: Нэхэмжлэгч А.З  нь орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу Орхон аймаг, ...од байрлалтай 3 өрөө 38 м.кв орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, өөрчлөлтийг хийлгэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандаж мэдүүлэг гаргасан боловч түүнээс тухайн орон сууцны эх гэрчилгээг шаардан, түүний мэдүүлгийг хүлээж аваагүй тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн боловч улсын бүртгэлийн байгууллага “бүртгэл хийх боломжгүй” талаар мэдэгдсэн байна. Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжлэгчид “бүртгэл хийгдээгүй” тухай хариу ирүүлснээр нэхэмжлэгч шүүхэд хандах урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахаас өмнө Улсын бүртгэлийн хэлтэст хандаж байсан тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийг өмнө нь Улсын бүртгэлийн хэлтэст огт хандаагүй, улсын бүртгэлийн байгууллагад баримт материалаа бүрдүүлж өгөөгүй гэж үзэхгүй ба захиргааны байгууллагаас бүртгэл хийх боломжгүй талаар иргэн А.З д хаягласан шийдвэрийг бичгээр  гаргаагүй ч түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэнийг “даалгах” нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл хангаагүй гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна. 

 Гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк иргэний хэргийн шүүхэд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн А.А г хариуцагчаар татаж, маргааныг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар  зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гүйцэтгэх хуудас 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгджээ. Үүссэн нөхцөл байдлуудаас харахад нэхэмжлэгч А.З г Орхон аймаг, ... орон сууцны 41 хувийг хэсгээр хамтран өмчлөх эрхтэйг тогтоосон хяналтын шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк болон мөн гуравдагч этгээд А.А  нарын хооронд маргаан үүсэж, шийдвэрлэгдсэн байна.

Хариуцагчаас “Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №142/ШШ2019/00311 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1063 дугаар тогтоолоор уг орон сууцанд өөрчлөлт оруулах, барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хоёр хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэг ногдуулсан байна. Дээрх хоёр шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул Орхон аймгийн ...  орон сууцны хамтран өмчлөгчөөр А.З г улсын бүртгэлд бүртгэх боломжгүй” гэх тайлбарын тухайд: Дээрх шүүхийн шийдвэрүүдээс харахад тухайн байрны хамтран өмчлөгчөөр тогтоосон хяналтын шатны шүүхийн 1063 дугаар тогтоол нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 311 дугаартай шийдвэрээс цаг хугацааны хувьд өмнө гарч, хуулийн хүчин төгөлдөр болжээ. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01063 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны явцад иргэн А.А г тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байх талаар эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдсэн байх бөгөөд дээрх хяналтын шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед Худалдаа хөгжлийн банкны эрх ашгийг хамгаалах талаар ямар нэг тэмдэглэл хийгдээгүй байсан нь улсын бүртгэлд хамтран өмчлөгч бүртгэх хөдөлгөөн хийх хориг тавигдаагүй, бүртгэл хийхээс татгалзах нөхцөл байдал үүсээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.З г тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлд өөрчлөлт хийх боломжтой байхад орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр өмчлөгчөөр бүртгүүлэх этгээд /А.З/-ээс шаардаж, мэдүүлэг болон холбогдох материалыг хүлээн аваагүй нь улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй.  

Мөн хариуцагч Улсын бүртгэлийн байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1079 дугаар албан бичигт “Худалдаа хөгжлийн банкны ЗГ/************** -1 тоот зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байх тул орон сууцыг үүрэг ногдуулсан бүртгэлээс чөлөөлж...нотлох баримтыг бүрдүүлэн үйлчилгээний танхимаар үйлчлүүлнэ үү” гэсэн нь үндэслэлгүйн дээр зээлийн гэрээний үүрэг ногдуулсан бүртгэлийг зээлдэгч /А.А / чөлөөлөх үүргийг хүлээсэн байхад нэхэмжлэгч /А.З /-ээс үүрэг чөлөөлөхийг шаардаж бүртгэхээс татгалзаж байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/, 4.1.6 /иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, хуулиар тогтоосон нууцыг чанд хадгалах/-д заасан улсын бүртгэлийн зарчимыг зөрчсөн гэж үзнэ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкнаас “Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 311 дугаартай шүүгчийн захирамжаар уг орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар болсон” гэж тайлбарлаж байгаа боловч тухайн орон сууцны хамтран өмчлөгч А.З гийн өмчлөх эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл үүсэх ба иргэн А.З гийн өмчлөх эрхийг хамгаалах үүднээс түүнийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, өөрчлөлт оруулсны дараа зээлдэгч /А.А /-д ноогдох хэсгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх, дээрх 311 дугаартай шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 /Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана/-т заасны дагуу нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гарган, түүнд шүүхийн шийдвэрийг хавсаргаж хандсан байхад хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсээс тухайн орон сууцны гэрчилгээг болон үүрэг ногдуулсан бүртгэлээс чөлөөлөхийг шаардаж материалыг хүлээн авалгүй буцаасан нь үндэслэлгүй байна.

Харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 /Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр мэдэгдэнэ/-т зааснаар улсын бүртгэлийн байгууллага нь эрхийн улсын бүртгэлд орох өөрчлөлтийн талаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээд Худалдаа хөгжлийн банк, иргэн А.А  нарт бичгээр мэдэгдэж, бүртгэлд өөрчлөлт оруулах үүрэгтэй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.А  нь “Орхон аймаг, ... орон сууцыг өөрөө анх зээлээр авсан. А.З д өөрийн ашгаасаа 90 сая төгрөг өгсөн, байрнаас өмчлөх эрхгүй” гэж маргаж байгаа боловч энэхүү маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй бөгөөд дээрх маргааныг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Орхон аймаг, ...од байрлах 38 м.кв, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр А.З г бүртгэж, улсын бүртгэлд өөрчлөлт хийхийг даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 107, 108 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх заалтыг тус тус баримтлан иргэн А.З гаас Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.З г Орхон аймаг, ... орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсэгт зааснаар хамтран өмчлөгч А.З  нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан журмын дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг, холбогдох бичиг баримтуудыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгөх ба Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь ажлын 5 хоногийн дотор бүртгэлд өөрчлөлт оруулж, энэхүү шийдвэрийг биелүүлсүгэй.

3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

4.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Б.МӨНХЖАРГАЛ