Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0564/З |
Дугаар | 221/МА2016/0499 |
Огноо | 2016-07-21 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2016/0499
2016 оны 7 сарын 21 өдөр | Дугаар 221/МА2016/0499 | Улаанбаатар хот |
Н.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 281 дүгээр шийдвэртэй, иргэн Н.Б-н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 281 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай 147, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 1707 дугаар тушаалууд хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, Н.Бг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын ажилтай дүйцэхүйц Баянгол дүүргийн Улсын бүртгэл статистикийн хэлтсийн бүртгэлийн тасгийн улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, 9 191 245 /есөн сая нэг зуун ерэн нэгэн мянга хоёр зуун дөчин тав/ төгрөгийн цалинг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч Н.Б нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтийн дагуу 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, эзгүй байсан Л.Бн орон тоонд түр томилогдон ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийг хараахан жинхлэн томилоогүй байсан болно.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 23.1.1-т заасныг баримтлан ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсныг шүүх ... албан тушаал бууруулах сахилгын шийтгэл гаргасан зөрчилд нь тохирсон эсэх, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр томилон ажиллуулж гэж буруу дүгнэсэн байна. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 915 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг анх Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо 2011 оны Засгийн газрын 62 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 3.2.1-т заасныг баримталсныг шүүх буруутгаагүй мөртөө нэхэмжлэгчийг албан тушаал бууруулахдаа мөн журмыг баримталсныг буруутгасан нь дээр дурдсан дүгнэлттэй нийцэхгүй байна.
Тиймээс нэхэмжлэгч Н.Б нь Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул түүнийг албан тушаал бууруулахдаа мөн адил түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэж байна.
Мөн шүүх 281 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгтээ Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийн 23.1.1-т заасныг баримталсан байх эргэлзээтэй байна. Учир нь хариуцагч нь дээр дурдсан хуулийн зүйл, заалтуудыг нэхэмжлэгчийг албан тушаал бууруулахдаа хэрэглэсэн байтал шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 147, 1707 тушаалыг хүчингүй болгосон шийдвэртээ мөн зүйл, заалтыг баримталсан нь эрх зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүх Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 281 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шүүхийн шийдвэр гарахаас өмнө хариуцагчаас ирүүлсэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсныг үл харгалзан нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд томилох боломжтой байтал Баянгол дүүргийн Улсын бүртгэл статистикийн хэлтсийн бүртгэлийн тасгийн улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд томилсон нь буруу байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай 147 дугаар тушаалаар[1] нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Н.Бг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь холбогдох шалгалтаар тогтоогдсон гэж үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Э.М-н хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Нэхэмжлэгч Н.Б нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх талаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2, 24.1.3 дахь хэсэгт дурдсан үндэслэл байхгүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсээс Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийг шалгаж, үл ялих шалтгаан, хувийн сонирхлоор хандан тасгийн даргаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн бүртгэгчээр томилж албан тушаал бууруулан шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж маргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэх үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулахаар хуульчилжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Бг албан тушаалаас нь бууруулахдаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно гэж заасантай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Журам батлах тухай 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4.7-д Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлнэ., 4.8-д Төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон авч хугацаа заан түр орлон гүйцэтгүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн шийдвэр болжээ.
Нэхэмжлэгч Н.Бг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулахдаа дээр дурдсан хууль, журмын дагуу тогтвортой, баталгаат орон тоонд томилоогүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
Харин Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/45 дугаар тушаалын хавсралтаар Баянгол дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн бүртгэлийн тасагт тасгийн дарга 1, хяналтын улсын байцаагч 1, улсын ахлах бүртгэгч 2, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгч 9, Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч 5, хорооны улсын бүртгэгч 23 байхаар орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан[2] байх тул нэхэмжлэгч Н.Бг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 281 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай 147, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 1707 дугаар тушаалууд хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, Н.Бг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 9 191 245 төгрөг /есөн сая нэг зуун ерэн нэгэн мянга хоёр зуун дөчин тав/-ийн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ