Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2392

 

Д.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/02497 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Н, Ж.Н нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 994 935 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 25 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Ж.Н, түүний өмгөөлөгч О.О нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А,

Хариуцагч Н.Н, Ж.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч О.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 10 дугаар сарын дундуур өөрийн амьдардаг байрны доод давхар буюу подвалд үйл ажиллагаа явуулдаг хувцас засварт ноосон цамцныхаа захыг засуулахаар өгсөн. Тэр үед үнэ хөлс нь хэд болох бол гэж асуухад одоогоор мэдэхгүй байна, зассан хойно нь ирж авахад чинь үнэ хөлс нь хэд болсныг хэлнэ гэсэн. Үүнээс хойш цамцаа авах гэсэн боловч миний ажил амжихгүй байсаар байгаад 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад хувцас засвар дээр очиж цамцаа өмсөж үзээд төлбөрийнхөө оронд 40 000 төгрөгний саван байна. 35 000 төгрөгөөр зарж байна үүнийг төлбөртөө авах уу гэж би Ж.Нтэй ярьж байсан. Гэтэл Н.Н гэдэг оёдолчин бүсгүй намайг үг хэлэхийн зөрүүгүй заамдаж аваад хэлэх, хэлэхгүй үгээр дайрч доромжилж хажууд байсан лангуу руу түлхэж унагаасан. Тэр үед миний хүзүүнд байсан мөнгөн гинж тасарч алга болсон бөгөөд хүзүүг минь хумсаараа урж орхисон байсан учир оёдлын газраас хамт явж байсан хүнтэйгээ би Дүүргийн цагдаагийн газар очиж гомдол бичиж өгсөн. Цагдаа дээр миний бие муудсан. Адилхан эмэгтэй хүн болохоор нь зүүлтийн үнэ 350 000 төгрөгийг нэхээгүй. Мөн тухайн үеийн өдрийн цалингаа ч нэхэмжлээгүй. 2016 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэслэгч намайг дуудаж таны гомдолд мэдүүлсний үндсэн дээр би хэрэг бүртгэх ажиллагааг хийлээ. Таны биед эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний гэмтэл учраагүй байна бас иргэд хоорондын маргаан учир Н.Нт захиргааны хариуцлага тооцохоор байна гэж хэлээд түүнийг 15 000 төгрөгөөр торгосон. Үүнээс хойш миний даралт ихсэх, толгой өвдөх, сэтгэл санаа тогтворгүй байх болсон бөгөөд би өөрөө Дэлхийн Агаарын Бохирдлыг Бууруулах Тогтвортой Хөгжил Сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд хүзүүгээ уруулчихаад ажилдаа очиж чадахгүй, миний нэр хүнд, миний ажил хэргийн нэр хүндэд нөлөөлөхөөр байсан тул би Эрээн явж зүү төөнүүр тавиулсан. Одоо болтол Н.Нийн маажсан сорви арилаагүй бөгөөд энгэр задгай гаргасан цамц өмсөж болохгүй сорви гараад, тос түрхэхээр цамцтай минь наалдаад хэцүү байдаг би Эрээн явахаасаа өмнө эход үзүүлсэн, мөн эм дотроосоо авч уусан, эрээнд очоод зүү төөнүүр тавьсан, буудалд байсан, такси барьсан, Улаанбаатараас-Эрээн, Эрээнээс-Улаанбаатар хот хоёрын хооронд явж багагүй зардал гаргасан. Иймд хариуцагч нараас 1 994 935 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Харуцагч Ж.Н шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Аийн эмчилгээний зардалд 1 994 935 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Д.А нь 2016 оны 10 дугаар сард хар хөх өнгийн малгайтай цамц засуулахаар өгсөн юм. Уг цамц нь гар ажиллагаа ихтэй байсан өөрөө гуйгаад байхаар нь арга буюу засаж өгөх болсон билээ. Үүнээс хойш цамц янзалж дуусаад үнэ хөлс нь 25 000 төгрөг болсон ирж аваарай гэж удаа дараа хэлээд 3 сарын дараа ирж авах болоход цамцны засвар муу хийсэн байна гэж миний ажлын өрөө, албан газарт минь элдэв үгээр дайрч, давшилж хэл амаар доромжилж эхэлсэн. Энэ эмэгтэй манай найзыг эхлээд нүүрэнд чинь баланс алдагдсан гэж үг хэлээр доромжилсон. Би хажуугаар нь ороод наад хүнд чинь саван хэрэггүй гэж байна мөнгийг нь өгчихөөч гэж хэлсэн. Гэтэл чамд хамаагүй гэсэн. Ингээд л маргаан эхэлсэн. Гэхдээ энэ хүний хэлээд байгаа шиг маажсан зүйл байхгүй. Цамцаа өмсөж үзээд ямар ч янзлаагүй газраас өө сэв хэлж эхэлсэн. Ингээд хувцсаа өмсөөд гараад явах гэж байхад нь манай найз мөнгөө төл гэж хэлсэн, би цамцнаас нь татсан. Хуруу хумсаараа маажаагүй. Баянгол дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаад хэрэгсэхгүй болгосон байхад эход үзүүлэх ямар ч шаардлага байхгүй. Би тэр шарх, сорвыг нь үзээгүй, эм тариа авч эмчлүүлэх, Эрээн хот явж эмчлүүлэх ямар ч шаардлага байхгүй. Ингэж хүмүүсээс мөнгө луйвардаж авч сурсан этгээд юм. Миний сэтгэл санаа энэ байдлаас болж тогтворгүй ажил хийхэд хүнд байна. Иймд Д.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 10 дугаар сарын дундуур найз Ж.Нээр дамжуулж Д.Аийн хар хөх өнгийн малгайтай цамц засахаар авсан. Гар ажиллагаа ихтэй янзлахгүй гэсэн ч, гуйсан болохоор нь янзалсан. Ажиллагаа ихтэй байсан учраас 25 000 төгрөг болсон. Янзалж дууссан боловч өөрөө ирж авахгүй их удсан. Цамцаа авах гэж ирэхдээ мөнгө байхгүй. Харин нүүр угаадаг саван ав гэсэн. Би саван авахгүй, үр хүүхдүүдээ савангаар хооллох биш гэсэн. Тэгтэл чиний нүүрний баланс алдагдсан байна, чамд хэрэгтэй нүүр, ам чинь үрчийж өнгөө алдсан байна гэж доромжилж эхэлсэн. Саван авбал ав. Би ийм газраар үйлчлүүлдэггүй, подвалийн юмнууд, би дээд зиндааны эмэгтэй, зайсанд амьдардаг гэсэн. Би цамцны малгайг авч зах болгосон байхад ердөө гар хүрээгүй, хормойн хэсгийг заагаад янз бүрийн юм ярьсан. Би тэвчээртэй байсан. Энэ эмэгтэйн ярьж, бичиж байгаа шиг зодоон, маажих зүйл болоогүй. Үндэслэлгүйгээр бусдыг доромжилж, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж байна. Би нөхрөө өвчнөөр алдаад удаагүй. Хоёр өнчин охиноо тэжээж, яваа өрх толгойлсон ганц бие эмэгтэй. Энэ эмэгтэйгээс болж ажлаа хийж чадахгүй, байнга зүрхний эмчилгээ хийлгэж байна. 20 гаран жил энэ ажил хийхдээ иймд үйлчлүүлэгчтэй анх удаа таарч байна. Д.Аийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Н.Н нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.А 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зодож хохирол учруулсан гэж надаас 1 994 935 төгрөг нэхэмжилж байгаа юм. Энэ асуудал нь түүний ноосон цамцыг засварлаж оёж өгсөний хөлс 25 000 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэж, маргасны улмаас болсон бөгөөд түүнийг зодож маажсан асуудал байхгүй. Иймд Д.Аээс цамц зассан ажлын хөлс болох 25 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.А сөрөг нэхэмжлэлд тайлбар хийхдээ: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 25 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Нээс 60 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгож, үлдэх 1 934 935 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч Н.Нт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Нийн нэхэмжилсэн 25 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.А төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөг, хариуцагч Н.Нээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат, нэхэмжлэгч Д.Аээс 4 550 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Нт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.Н, түүний өмгөөлөгч О.Одхүү нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/02497 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хүзүүн тус газар маажиж гэмтэл учруулсан хэмээн тайлбарлаж үүнээс үүдсэн гэм хорын хохирлоо нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасанчлан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасанчлан шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх хуультай. Гэтэл нэхэмжлэгч Д.А нь хүзүүг маажиж гэмтэл учруулсантайхолбогдолгүй, өөрөөр хэлбэл, умайн байрлал, баруун, зүүн өндгөвчний хэмжээг тогтоосон оношлогооны төлбөр болох Эхо оношлогооны 60 000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Зүй нь тэрээр гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн болон хүзүүний гэмтэл шархтай холбоотой, үүнээс үүдэн гарсан зардал, хохирлыг нэхэмжилсэн нотлох баримтыг гаргаж өгөх учиртай билээ. Одоо мөрдөгдөж буй Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой билээ. Гэтэл дээрх эмэгтэйчүүдийн савны байрлал, өндгөвчний хэмжээ тогтоосононошлогооны төлбөрийн баримт нь хүзүүний гэмтэл шapx, үүнээс учирсан гэм хор хохиролтой ямар холбоотой нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, хэрэгт огт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй байхад шүүх түүнийг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой гэж үзэн үнэлсэн нь хуулийн дээрх заалтыг илт зөрчжээ. Дээрх 60 000 төгрөгийн баримт нь хүзүүний шархнаас үүдсэн гэм хорын хохиролтой ямар нэгэн шалтгаант холбоогүй, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй учраас нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч Ж.Нээс 60 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгуулах хэсгийг болон Д.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Н.Н, Ж.Н нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1 994 935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Н.Н 25 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Ж.Н эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчнэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. гэж заасан бөгөөд үндсэн нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэр гаргаагүй тул хариуцагч Н.Нийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг хэрэгсэхгүй болно.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/02497 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А хариуцагч Н.Н, Ж.Н нарт холбогдох гэм хорын хохиролд 1 994 935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Нийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчидхяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

С.ЭНХТӨР