Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 35

 

Т.Г-т холбогдох  эрүүгийн хэргийг

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас

хянах тухай

Хэргийн индекс: 166/2018/0186/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй                    

Шүүх хуралдаанд:

Прокурор                                       Н.Дуламсүрэн         

Нарийн бичгийн дарга                  Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны 648 дугаар цагаатгах тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай дүгнэлттэй Т-ын Г-т холбогдох 1818001920193 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд  ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Т-ын Г-.

Дархан-Уул аймгийн Прокуророос давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

Шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Т.Г- нь Х.З-, Ц.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан.

Өөрөөр хэлбэл шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 342., 343 дугаар  дүгнэлтүүд, хохирогч нарын мэдүүлэг болон камерийн бичлэг, бүхий сиди, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1818001920193 дугаар  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол зэрэг нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6.д заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон.

Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.д заасан цагаатгагдсан хүнийг гэм буруутай болохыг нотолсон нөхцөл байдал шинээр илэрсэн байна.

Иймд Т.Г-ийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас  хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив  гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дуламсүрэн дүгнэлтдээ:

            Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн бөгөөд дүгнэлтээ дэмжиж шүүх хуралдаанд орж байна. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах саналтай байна гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Г-ийг  2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн орой  иргэн Ц.М-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учируулсан.,  мөн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр  иргэн Х.З-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх  хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гарган хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэжээ.

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болж гомдол, эсэргүүцэл бичих хугацаа өнгөрсөн боловч прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3.т заасан “...цагаатгагдсан хүн гэм буруутай., эсхүл түүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед  мэдэгдээгүй байсан ба хүнд ялтай зүйл, хэсэг  хэрэглэх нөхцөл байдал илэрсэн...” гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийн агуулга буруу боловч  дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.  

Учир нь цагаатгагдсан хүн гэм буруутай болох нь шүүхийн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан гэдэг нь хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан хэлэлцэх явцад огт мэдэгдээгүй, хэрэгт авагдаагүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөх нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтууд шинээр илэрсэн байх тухай ойлголт бөгөөд  Т.Г-т холбогдох хэрэг болон прокурорын дүгнэлтээс үзвэл  хэрэгт хамаарал бүхий ийм  нөхцөл байдал, нотлох баримт илрээгүй байна.

Харин хэргийн нөхцөл байдлаас үзвэл Т.Г- нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн орой  иргэн  Ц.М-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учируулсан.,  мөн  2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр  иргэн Х.З-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан бөгөөд энэ нь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 342 дугаартай:   ...хохирогч Х.З-ын  баруун нүдний алимны доргилт, дух, баруун нүдний зовхи, зүүн мөр,  баруун зүүн өвдөгний цус хуралт баруун хацар, дээд уруул, баруун сарвуунд  зулгаралттай гэмтэл тогтоогдсон.,   гэмтлийн зэрэгт хамаарна... гэсэн .,

-2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 343 дугаартай: ...Хохирогч Ц.М-гийн  дух, зүүн нүдний зовхи, баруун, зүүн өвдөг, баруун шилбэ, дух зүүн хацар,  шанаа, далны хоорондох зулгаралт, толгойн орой хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн  дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, тухайн үед болсон үйл баримтаар нотлогджээ.  

Мөн хохирогч Ц.М- дээрх үйлдлийн улмаас учирсан хохирол   эмчилгээний зардал 300.000 төгрөг., хохирогч Х.З- 390.000 төгрөг нэхэмжилсэн боловч Т.Г- төлж барагдуулаагүй., хохирогч нар гомдолтой байгаагаа мэдүүлжээ.  

           Үүнээс үзвэл анхан шатны шүүх ...Т.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож, тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн атлаа “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоол гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд  буруу хэрэглэж үүний улмаас хүний эрх  ноцтой зөрчигдсөн тухайлбал  хохирогч Ц.М-, Х.З- нар Т.Г-т зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан., тэд  эмчилгээний зардал, эд хөрөнгөө нөхөн төлүүлэх  боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий 41.4 дүгээр зүйлийн 1.4.т заасан шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна.

        Иймд  дээрх үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хүлээн авч,  цагаатгах тогтоолыг хүчингүй болгож  хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4., 41.4 дүгээр зүйлийн  4.2., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны 648 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож,  Т-ын Г-т холбогдох 1818001920193 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорт буцаасугай.

2. Прокурорын дүгнэлтийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ТУЯА

                                                                     ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР