Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2018/00205

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Бага Дарь-Эхийн 4-р гудамжны 1264 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЙЮ83042661, Сүмдалай овогт Энхтуяагийн Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 10-р хороо, Зүүн нарангийн 3-р гудамжны 11 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧО84042974, Гал овогт Отгондоржийн Батбаярт холбогдох,

2 300 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Оюунчимэг, хариуцагч О.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас түрээсийн гэрээний дагуу өгсөн 2 300 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр багасгаж, 1 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг шүүх хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие зарын дагуу О.Батбаяртай уулзаж, Дэнжийн 1000-д байрлах цайны газар ажиллуулах байрыг тоног төхөөрөмжтэй нь түрээслэхээр 2017-04-26 өдөр тохирч, нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, түрээсийн байрны төлбөрийг урьдчилж авна гэсний нь дагуу нэг жилийн түрээсийн төлбөрт 5 100 000 төгрөгийг нотариатын дэргэд бэлнээр О.Батбаярт хүлээлгэн өгч, ажлын байр түрээслэсэн.

Цайны газрыг 7 хоног ажиллуулж үзсэн. Орлого муутай байхаар нь гарья гэж хэлсэн. Гараад мөнгөө авах гэтэл мөнгийг цувуулж, 3 600 000 төгрөгийг өгсөн. 200 000 төгрөгийг 7 хоногийн түрээсийн төлбөрт суутгана биз. Одоо үлдсэн 1 300 000 төгрөгийг, шүүхэд төлсөн мөнгө 100 000 төгрөгтэй гаргуулахыг хүсч байна гэв.

Хариуцагч тайлбартаа: Миний бие 2016-02-01 өдрөөс Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Нуурын 18-390Б тоотод байрлах, 90 м.кв талбайтай 2 давхар тоосгон байшинг 1 сард 800 000 төгрөгөөр н.Нямдоржоос түрээслэдэг.

Байрны 1-р давхарт өөрийн тоног төхөөрөмжийг байршуулж, цайны газар ажиллуулсан. 2-р давхрыг махны ченж нарын тооцоо бодох байрны журмаар ашигладаг юм.

2017-04-05 өдөр манай цайны газрын ахлах тогооч н.Золцэцэг ар гэрийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан тул тус цайны газрыг өөрийн тоног төхөөрөмжийн хамт дамжуулан түрээслүүлэхээр н.Нямдоржтой тохирсон тул 2017-04-06 өдөр Зар сонинд зар тавьж, Э.Оюунчимэг гэдэг хүнтэй уулзаж, байраа үзүүлж, 2017-04-18 өдөр сард 450 000 төгрөгөөр 1 жилийн хугацаатайгаар түүнд түрээслүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу түрээсийн нэг жилийн төлбөрт 5 100 000 төгрөгийг бэлнээр авсан. Гэрээг хийсний дараа Э.Оюунчимэгийн хүсэлтээр цайны газрын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор гадна үүдэнд 700 000 төгрөгөөр хашаа барьж, мөн үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх, түрээсийн зардлыг бууруулах зорилгоор 2-р давхарт интернет кафе ажиллуулахаар 3 000 000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг компьютерыг 2017-04-24 өдөр БНХАУ-аас захиалж, худалдан авсан. 500 000 төгрөгийн тохижилт, барилгын засал хийсэн.

Гэтэл Э.Оюунчимэг нь уг цайны газрыг орлого муу байна гэх шалтгаанаар 2017-05-09 өдөр урьдчилан мэдэгдэлгүйгээр үйл ажиллагаагаа гэнэт зогсоож, 4 900 000 төгрөгийг буцааж авахаар шаардсан. Би 3 600 000 төгрөгийг бүрдүүлж, Э.Оюунчимэгийн нөхөр болох Эрдэнэбаатарын дансанд нь шилжүүлсэн.

Э.Оюунчимэг нь уг цайны газрыг түрээслэн авч ажиллуулж, орлого олохгүй байсан нь өөрийнх нь үйл ажиллагаанаас шууд хамааралтай бөгөөд миний хувьд нэхэмжлэгчийн ашиг сонирхолыг зөрчсөн зүйл байхгүй тул түрээсийн гэрээний дагуу 2 300 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 500 000 төгрөгийг буцааж төлж болох юм. Нэхэмжлэгч 2017-05-19 өдөр түрээсийн байрнаас гарсан тул нэг сарын хөлс, хэрэглэсэн ус, цахилгааны мөнгөө төлөх үүрэгтэй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, мөнгө хүлээн авсан тухай баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

           ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч цайны газрын зориулалтаар ажлын байрыг сард 450 000 төгрөгөөр түрээслэх зарын дагуу хариуцагчтай холбогдож, Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Нуурын 18-р гудамжны 390Б тоотод байрлах, 40 м.кв талбайтай, ажлын байрыг цайны газар ажиллуулах зориулалтаар, нэг жилийн хугацаагаар, сард 450 000 төгрөгийн хөлстэйгээр, түрээсээр эзэмшихээр тохирч, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулж, түрээсийн гэрээгээр эзэмших хугацааны төлбөрийг урьдчилж төлөхөөр зохигч тохирсны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 5 100 000 төгрөгийг өгсөн, үүнээс 3 600 000 төгрөгийг нэхэмжлэгчийн нөхрийн дансанд хариуцагч буцааж шилжүүлж өгсөн талаар зохигч маргаангүй байна.

Түрээсийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн хөлснөөс буцааж өгөөгүй 1 500 000 төгрөг үлдснээс 500 000 төгрөгөөс бусдыг хариуцагч буцааж төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа байх бөгөөд гэрээг цуцлах талаар гэрээнд заасан нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй, зохигч түрээсийн гэрээгээр ажлын байрыг эзэмшсэн хугацаа, түрээсийн төлбөрт тооцогдох хөлсний тухайд маргаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч түрээсийн байрыг нэхэмжлэгчийн эзэмшилд 2017-04-18 өдөр шилжүүлэн өгсөн, 2017-05-09 өдөр гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч амаар мэдэгдсэн тухай, нэхэмжлэгч ажлын байрыг гэрээ байгуулсан өдөр болох 2017-04-26 өдөр хүлээн авч, 7 хоногийн дараа гэрээг цуцлаж байгаагаа хариуцагчид хэлсэн гэж тус тус зөрүүтэй тайлбарлаж байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, ажлын байрыг гэрээ байгуулсан өдөр болох 2017-04-26 өдөр хүлээлгэн өгсөн гэж үзлээ.

Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад баримтлах журмыг Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэгт, 320.3-т заасан түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болохоор тусгайлан зохицуулсан боловч зохигчийн байгуулсан түрээсийн гэрээ нэг жилийн хугацаатай байгаа учир Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасны дагуу Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасан гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй тохиолдолд мэдэгдэл өгснөөс 3 сарын хугацааны дотор гэрээг цуцлах зохицуулалтыг баримтлах үндэстэй.

Зохигч түрээсийн гэрээний 5.2-т гэрээг цуцлах журмыг хуульд заасан дээрх журмаас өөрөөр буюу түрээсийн гэрээг түрээслэгч ямар нэг шалтгааны улмаас хугацаанаас өмнө цуцлахаар бол нэг сарын өмнө түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэж, зөвшилцсөний үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг хоногоор нь тооцож түрээслүүлэгчээс авч болохоор хуульд заасан журмаас өөрөөр тохирсон байна.


Зохигч ийнхүү өөрчилж тохирч болохыг хуулийн дээрх зохицуулалтаар зөвшөөрсөн байх тул түрээсийн гэрээнд заасан журмыг баримтлаж, гэрээг цуцлах маргааныг шийдвэрлэх үндэстэй юм.

Нэхэмжлэгч гэрээг цуцлах талаар хариуцагчид бичгээр мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаа байх боловч гэрээг цуцлахаар 2017-05-09 өдөр аман хэлбэрээр нэхэмжлэгч түүнд мэдэгдсэнийг хариуцагч үгүйсгээгүй тул энэ өдрөөс хойш нэг сарын дараа буюу 2017-06-10 өдрөөс нэхэмжлэгч түрээсийн гэрээг цуцлах эрхтэй байна.

Энэ өдрийг хүртэл нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй тул хариуцагч 2017-04-26 өдрөөс 2017-06-10 өдрийг хүртэл 45 хоногийн хөлсийг авах эрхтэй байна.

Хариуцагч хэрэглэсэн ус, цахилгаан мөнгийг түрээсийн төлбөрт төлсөн мөнгөнөөс суутгахаар шаардсан боловч шаардлагаа нотлох баримтаа ирүүлээгүй, түүний энэ шаардлага нотлогдоогүй байна.

Иймд түрээсийн төлбөрөөс нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу 625 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагчаас шүүхийн зардалд 100 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч түүний энэ шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжид улсын төсөвт төлсөн 52 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа шаардлага байх тул төсвийн орлогод төлсөн тэмдэгтийн хураамжийн асуудал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар шийдвэрлэгдэх учир нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй .

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 52 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 19 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон