| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03808/И |
| Дугаар | 102/ШШ2018/00200 |
| Огноо | 2018-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2018/00200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон, 14 байрны 3-0 тоотод байрлах, Г-175, Шинэ алтай СӨХ-ны нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 14-р байрны 1-38 тоотод оршин суух хаягтай, одоо Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 48-р байрны 40 тоотод амьдарч байгаа, эмэгтэй, РД-УУ89031909, Могой нүдэн овогт Банзрагчсүрэнгийн Янжинд холбогдох,
орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2014 оны 12 сараас 2017 оны 10 сарыг дуустал хугацааны зардалд 1 512 386 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Шинэ алтай СӨХ-ны гүйцэтгэх захирал Ц.Батбаатар, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, гэрч М.Наранбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2014 оны 12 сараас 2017 оны 10 сарыг дуустал хугацааны зардалд 1 512 386 төгрөгийг гаргуулахаар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр багасгаж, 1 497 386 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус Сууц өмчлөгчдийн холбоо нь хууль тогтоомжид заасны дагуу Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, Алтай хотхоны 8, 10 ,12,14-р байрнуудын оршин суугчдын хувийн санал, шийдвэрээр 2013-01-25 өдөр Шинэ алтай СӨХ үүсгэн байгуулагдсан. Улмаар холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч 2013 оны 02 сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэтэл 14-р байрны 38 тоот орон сууцны өмчлөгч Б.Янжин нь 2014 оны 12 сараас 2017 оны 10 сар дуусталх хугацааны орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1 497 386 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч Б.Янжингаас орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2014 оны 12 сараас 2017 оны 10 сарыг дуустал хугацааны зардалд 1 497 386 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Б.Янжин нь тус байранд 2011 оноос хойш амьдарсан.. Энэ хугацаанд Шинэ алтай СӨХ-тэй холбоотой ямар нэг асуудал үүсэх нь бага байсан бөгөөд үйл ажиллагааг нь ч төдийлөн сонирхож байгаагүй. 2015 оноос эхлэн 14-р байрны 1-р орцны хаалга эвдэрсэн, жижүүр гэх хүмүүс нь цэвэрлэгээ хийхээ больж, архидан согтуурч эхэлсэн. Мөн харуул хамгаалалт муудаж, Шинэ алтай СӨХ болон харуул хамгаалалтынхан зогсоолгүй оршин суугчдын автомашиныг хоногийн 5000 төгрөгөөр манай автозогсоолыг хааж тавиулж, орц гарцыг хязгаарлаж, асуудал үүсч эхэлсэн.
Өвлийн цагт автомашинаа зогсоолдоо тавих гэж 10-60 минут хүлээх болсон бөгөөд энэ талаар гомдлоо гаргах гэхээр хариуцах хүн олддоггүй. Мөн СӨХ-ны тайлангаа танилцуулдаггүй байсан. Оршин суугчдаас Шинэ алтай СӨХ-ны үйл ажиллагаанд аудит оруулах гэхээр илт зугтдаг болсон. Бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж, тус байгууллагын улсын ахлах байцаагчийн 2015-12-11 өдрийн 7/68 тоот дүгнэлтээр Шинэ алтай СӨХ нь СӨХЭЗБ,НЗОСБДӨЭХТХуулийн дагуу үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон тул СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, хяналтын зөвлөлийг шинээр байгуулах шаардлагатай гэсэн тул дээрх асуудал болон дүгнэлтүүдийг үндэслэн СӨХ-ны төлбөрийг төлөхөөс татгалзаж байна.
Шинэ алтай СӨХ-ны нэхэмжлэл үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан СӨХ-ны гэрчилгээ, удирдах зөвлөлийн тогтоол, мэдэгдэл, шаардлагууд, нэхэмжлэх, зардлын нэхэмжлэх баримт, худалдах худалдан авах гэрээ, зураг, улсын байцаагчийн дүгнэлт, СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэр, тогтоолын хавсралт, банкны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч СӨХ 14-р байрыг хариуцагч ажиллахаар 2013 онд байгуулагдсан байх бөгөөд 14-р байрны 38 тоот орон сууцны өмчлөгч хариуцагч Б.Янжин 2014 оны 12 сараас 2017 оны 10 сарыг дуустал хугацаанд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй талаар зохигч маргахгүй байна.
Хариуцагч 2017 оны 07 сараас 38 тоот орон сууцнаасаа нүүсэн, 2017-09-29 өдөр тус байрны зоорийн давхарт байрлах, автомашины 10 тоот зогсоолоо бусдад худалдсан тухай худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дээрх үүргийг биелүүлэхээс татгалзаж байгаа шалтгаанаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн нэхэмжлэгч СӨХ-г эрх зүйн чадамжгүй болсон гэж үзсэн 2015-12-11 өдрийн 7/68 дүгнэлтэд үндэслэсэн байна.
2014 оны 12 сараас 2015-12-11 өдрийг хүртэл хугацааны төлбөрийг сууц өмчлөгч төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн нэхэмжлэгч СӨХ-г эрх зүйн чадамжгүй болсон гэж үзсэн 2015-12-11 өдрийн 7/68 дүгнэлт гарснаас хойш СӨХ тус байшингийн орц, байшингийн орчны цэвэрлэгээ, орцны жижүүр, хашааны харуул хамгаалалт, лифт ажиллуулах, орц, гараашийн ашиглалт, ус, дулаан, айл өрх, орон сууцны байшингийн хогийг зайлуулах зэрэг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах ажлыг эрхэлж байсан нь нэхэмжлэгч болон эдгээр үйлчилгээг авч байсныгаа үгүйсгээгүй хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчээр оролцож буй Ц.Батбаатар тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2017 оны 09 сард томилогдсон, түүнийг томилогдох хүртэл тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Оюун-Эрдэнэ гэгч ажиллаж байсан үеийнхээ албан бичиг баримтыг шинээр ажил авсан түүнд шилжүүлж өгөхгүй байгаагаас нэхэмжлэгч нь ШӨХТГазрын дүгнэлтийг няцаах нотлох баримтаа шүүхэд ирүүлэх боломжгүй байгаа болох нь тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргын ажлыг 2017 оны 05 сараас гүйцэтгэж буй, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон М.Наранбатын мэдүүлгээр тогтоогдож байна.
2015 онд СӨХ байгуулсан тухай бүх гишүүдийн хурлын материалууд нь хуралд оролцогчдын гарын үсгээр баталгаажаагүй, СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Болдбаатарыг дуудуулахад очоогүй зэрэг нь 2015 оны 12 сараас хойш тус СӨХ-г үйл ажиллагаагаа эрхлээгүйг нотлохгүй бөгөөд Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан, сууц өмчлөгчид хүлээлгэсэн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлээгүй атлаа үйлчилгээг зардлаа төлдөг сууц өмчлөгчдөөс цугларсан мөнгөөр авч байсан, зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлдэггүй хэсгээс шалтгаалж тус СӨХ бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, их хэмжээний өр хуримтлуулсан нь тогтоогдож байна.
Дээрх байдал хуульд заасан үүргээс сууц өмчлөгч татгалзах үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Харин автомашины зогсоолын ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг өвлийн улиралд сард 18 000 төгрөг, зуны улиралд 13 000 төгрөгөөр тооцдог байхад нэхэмжлэгч 2015 оны 5, 6, 8, 2017 оны 5 ,6, 8, 9 саруудад 18 000 төгрөгөөр тооцсон нь буруу болох нь зохигчийн тайлбар, зардлын нэхэмжлэлийн баримтаар тогтоогдож байна.
Иймд эдгээр саруудад нэхэмжлэгч илүү бичиж нэхэмжилсэн 27 500 төгрөгийг нэхэмжлэлээс хасах үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 39 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 38 708 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон