Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Хохирогч: С.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Шүүгдэгч: Я.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Яын От холбогдох 1712001810063 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын ................ хороололд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Өөлд овогт Яын О /РД:АЕ................../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Я.О нь 2017 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар баг, Хавчиг гэх газраас иргэн С.Аийн 3 тооны адууг хулгайлж, 19.000.000/арван есөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Шүүгдэгч Я.Оын шүүх хуралдаанд мэдүүлсэн”... Би Архангай аймгийн 2 Төвшрүүлэх сумын Хавчиг гэх газраас С.Аийн 3 тооны адууг хулгайлан авч явсан гэм буруугаа хүлээж байна, хохирогч С.Аийн хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг

 

* Хохирогч С.Аийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Би хохирлоо нөхөн төлүүлмээр байна, Г гэдэг хүний хүүхэдтэй Я,О нь хамт хулгай хийсэн гэдгээ хэлсэн байж одоо ямар учраас ганцаараа хэргээ хүлээгээд байгаа, Өлзийт суманд байцаалт өгөхдөө үнэн зөвөөр нь Г гэдэг хүний хүүхэдтэй хамт хулгай хийсэн гэж хэлсэн. Энэ хулгайлах гэмт хэрэг нь өс хонзонгоос болж хийгдсэн гэж үзэж байна. Одоо 19 сая төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өөлд овогт Яын Оыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.От хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Оаас 19.000.000/арван есөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багт оршин суух С.А/РД:АИ....................../-д олгосугай. 8

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Я.От гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 5 /таван/ сарын хугацаанд төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулах болохыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22 тоот тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Я.Оаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий морь 1, эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, сүх 1 ширхэгийг хохирол нөхөн төлүүлэхээр Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тохом 1ширхэг, хутга 1 ширхэг, мяндсан ногт 2 ширхэгийг тус тус устгасугай.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.От хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Я.О энэ хэрэгт 92 /ерэн хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээдүүд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Я.От авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ГАНДОЛГОР