Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

улсын яллагч Г.Эрдэнэ,

 

нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

 

шүүгдэгч С.А, М.Д, тэдний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.А, М.Д нарт холбогдох эрүүгийн 2017 2501 0091 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Ө аймгийн С суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт Н дүүргийн 0 дүгээр хороо, Э шандын 00 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 0000000000, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт С.А.

 

  1. Монгол улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр У аймгийн У суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дөрвөд, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эцэг, эх, 0 ахын хамт Б дүүргийн 00 дугаар хороо, С 0 дүгээр гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 000000000, хэрэг хариуцах чадвартай, Т овогт М.Д.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.А, М.Д нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амны урд энгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 18 ширхэг буюу 3.0794м3 ургаа нойтон шинэс модыг түлээний зориулалтаар бэлтгэж ойн санд 1.130.755 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ:…“2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 ширхэг мод бэлтгэсэн. Тухайн өдөр түлээний модгүй байсан учраас модонд явсан…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ:…“2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр модонд явсан. Эхнэр хүүхдүүд даараад түлэх модгүй байсан учраас модонд явсан…. Хийж байгаа хэрэгтээ гэмшиж байна. Ахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хавтаст хэргээс хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8, 15-16/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-30/, хохирогч Ш.Хатанбаатарын мэдүүлэг /хх-

 

2

 

62-64/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-31/, 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн М2017-1 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-45-46/, модны экологи эдийн засгийн үнэлгээ /хх-50, 51/, цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргын албан бичиг /хх-53/, тус бичгийн хариу зурган мэдээлэл /хх-54-55/, Монгол Улсын Их хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 28 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” тогтоол /хх-137-138/, хавсралт /хх-139-144/, шүүгдэгч С.Аын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-86-87, 94-95/, шүүгдэгч М.Дгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-90-91, 96-99/, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар түлээний мод бэлтгэсэн Төр хурахын ам гэх газарт үзлэг хийж, техник хэрэгслээр бэхжүүлэн авсан тухай тэмдэглэл /хх-8/, гэрч Р.Энхтөрийн мэдүүлэг /хх-65-66/, гэрч Б.Уянгын мэдүүлэг /хх-70-71/, гэрч О.Тэмүүжингийн мэдүүлэг /хх-75-76/, ял шалгах хуудас /хх-101-102/, шүүгдэгч нарын хохиролын мөнгө тушаасан баримт /хх-151/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.А, М.Д нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богдхан уул”-ын дархан цаазат газрын “Төр хурах”-ын амны урд энгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 18 ширхэг буюу 3.0794м3 ургаа нойтон шинэс модыг түлээний зориулалтаар бэлтгэж ойн санд

1.130.755 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад “Богд Хан Уулын Дархан цаазат газрын Төр хурахын ам”-ны байгаль хамгаалагч Л.Мажигийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бичсэн илтгэх хуудас /хх-8/,

 

Хэргийн газарт дахин үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Хонхор” тосгоноос ертөнцийн зүгээр баруун зүгт “Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын ам” гэх газар бөгөөд уг газар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооноос 2 км, 400 метрт оршиж байв. Уг газар нь “Богдхан уулын дархан цаазат улсын тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг тогтоосон №83 дугаартай хилийн баганаас ертөнцийн зүгээр чанх баруун зүгт, №81 дугаартай хилийн баганаас ертөнцийн зүгээр баруун урд зүгт байрлах ой модоор бүрхэгдсэн уул байв. Уг уулын зүүн хойд үзүүрт мод бэлтгэгдсэн талбай байх бөгөөд хойноос урд зүгт чиглэсэн төмөр замын хашаанаас дээш 250 метр зайд уулын налуу хойд хэсэгт модны сийрэг хэсэгт байлаа. Хэргийн газрын дахин үзлэг оролцогч хохирогч Ш.Хатанбаатар, сэжигтэн С.А, М.Д нараар мод бэлтгэсэн талбайг заалгаж хамгийн хойд цэгт бэлтгэгдсэн модны хожуулаас газар зүйн байршил тогтоогч багажаар солбицлын цэгийг тогтооход 143 дугаарт N47.47, 51.6, Е107.08.37.9 гэсэн цэгийг зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа.

 

Үзлэгийн ажиллагааг цааш үргэлжлүүлэн мод бэлтгэсэн талбайн хамгийн зүүн талын модын хожуулаас газар зүйн байршил тогтоогч багажаар солбицлын цэгийг тогтооход 144 дугаарт N47.47, 50.9, Е107.08.38.8 гэсэн цэгийг зааж байсныг, мөн мод бэлтгэгдсэн талбайн хамгийн урд талын цэгийг газар зүйн байршил тогтоогч багажаар солбицлын цэгийг тогтооход 145 дугаарт N47.47,50.2, Е107.08.38.1 гэсэн цэгийг зааж байсныг, мөн мод бэлтгэсэн талбайн хамгийн баруун талын цагийг газар зүйн байршил тогтоогч багажаар солбицлын цэгийг тогтооход 146 дугаарт N47.47,50.6, Е107.08.37.8 гэсэн цэгийг зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. Хэргийн газрын үзлэгт

 

3

 

оролцогч С.А, М.Д нараар мод хөрөөдөж унагасан хожуул бүрийг заалган гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан ба үзлэгийн явцад 18 ширхэг модны хожуул илэрсэн бөгөөд хожуул бүр нь шинээр хөрөөдөгдсөн байв. Тухайн хожуул бүрийн орчимд модны үзүүр хэсэг болон модны мөчир эмх замбараагүй байдалтай тарсан байлаа...” гэх тэмдэглэл /хх-15-16/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-30/,

 

Хохирогч Ш.Хатанбаатарын өгсөн: “...Миний хариуцсан газар бол “Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын ам” бөгөөд нийт 10 орчим га талбайг хариуцан ажилладаг. Миний хариуцсан газар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, буюу “Хонхор” тосгоноос ертөнцийн зүгээр баруун зүгт байрлах Богдхан уулсын салбар ам юм. Богдхан уулыг 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тусгай хамгаалалтанд хамруулж, хил заагийг тогтоосон хилийн баганыг байрлуулсан... 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богдхан уулсын Дархан цаазат газрын Төр хурахын ам гэх газраас С.А, М.Д нар нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 18 ширхэг буюу 3.0794м3 ургаа нойтон шинэс мод огтолж ойн санд 3.392.297 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хэргийг манай байгаль хамгаалагч Л.Мажиг илрүүлэн бид нарт мэдэгдсэн. Ингээд уулнаас тайрагдсан 18 ширхэг модыг буулгаж Байгаль хамгаалагчийн ажлын байрны гадна хураасан. Модыг хөрөөдөн унаган чаргаар чирч явсан С.Аын чаргыг мөн хураан авч С.Аыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн...С.А. М.Д нар нь Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын ам, амны урд энгэрээс 18 ширхэг 3-7.75 метрийн урттай, 2-24 см диаметртэй шинэс модыг гар хөрөөгөөр хөрөөдөж унагаж бэлтгэсэн байсан. Үүнийг Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн нар хэмжиж үзээд нийт 3.0794м3 мод байгааг тогтоож үнэлгээг 1.130.755 төгрөгөөр тогтоосон байгаа. Энэ үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан. Ингээд хохирол нь 3.392.267 төгрөг болж байгаа юм. Эдгээр хүмүүсийн мод бэлтгэсэн уулын энгэр нь Дархан цаазат газрын хилийг тогтоосон №83 дугаар баганаас ертөнцийн зүгээр баруун зүгт байрлах уулын ар энгэр байгаа юм. Бэлтгэсэн мод нь шинэс төрлийн ургаа нойтон мод байсан...” гэх мэдүүлэг /хх-62-64/,

 

Гэрч Л.Мажигийн өгсөн: “...Би Дархан цаазат Богдхан уулын Төр хурахын аманд байгаль хамгаалагчаар 2013 оноос эхлэн ажиллаж байна. 2016 оны 12 дугаар сарын 16-нд эргүүл хийж яваад Төмөр замын ажилчидтай таарахад мод унагачихсан байна гэж хэлсэн. Хаана гээд заалгаад очиход 2 хэсэг газар нойтон мод огтлоод унагаасан уулнаас чирч буулгасан байхаар нь мөрийг нь хөөгөөд буухад төмөр замын хажууд 18 ширхэг мод цасанд булсан огтолсон хүн нь байхгүй байсан. Тэгээд хэсгийнхээ байгаль хамгаалагч нарыг дуудаж отолт хийхэд тэр модноос 1 ширхэгийг чарган дээр ачаад зөөвөрлөж байхаар нь очиж барьж авахад С.А гэх залуу байсан ба “бид гурвуулаа бэлдсэн юмаа, уурхайн тулгуур мод хийх гэж хүн захиалсан” гэж байсан... Ойр хавьд нь машин тэрэг байгаагүй, том модон чарган дээр нэг нэгээр нь чирж зөөсөн байсан. Гурвуулаа байсан гэж байсан нөгөө 2 нь тэр хавьд байгаагүй, нэг нь лав М.Д гэдэг хүн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх- 69/,

 

Хөрөнгө битүүмжилсэн “...Битүүмжилсэн эд зүйл 18 ширхэг буюу 3.0794м3 шинэс модыг битүүмжлэв. Битүүмжилсэн эд хөрөнгийг 18 ширхэг буюу 3.0794м3 шинэс модыг

 

хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилогдсон Ш.Хатанбаатарт хүлээлгэн өгөхөөр тогтов...” гэх тэмдэглэл /хх-32-33/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-34-35/,

 

Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн М2017-1 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд хүргүүлсэн модны төрөл зүйлийг тогтоох: Физик механик шинж чанарын судалгааны дүнд үндэслэн Зулам нь нарийн, хүрэн-улаандуу цөмийн модлогоосоо тод, оройн модлог нь тод хүрэн

 

4

 

бор, сайн хөгжилтэй, жилийн үе дэх эрт модлогоос орой модлогт шилжих шилжилт нь маш тод, давирхайн суваг нь цөөн, хөндлөн огтлол дээрээ муухан харагдана, модлог нь хүнд, хатуу байгаагаас харахад Сибирь шинэс /Larix sibirica/ мод байна..., Модны насыг ургасан жилээр илэрхийлнэ. Ой үүсэх, сэргэн ургах явцад нэг хоёр жилд биш нэлээн удаан хугацаанд үргэлжилдэг учир байгалийн ямар ч ойд модны нас яг ижил байдаггүй..., Шинжилгээнд ирүүлсэн модод нь өвчин хортон, ойн түймэр, механик гэмтэлд өртөж байгаагүй, модонд агуулагдах чийглэгийн агууламж өндөр байгаа нь хэвийн өсөлттэй, ургах чадвартай модны шинж болно...мод чийглэгийг тодорхойлох арга МNS 2470-1978 стандартын Модны чийглэгийг тодорхойлох аргын дагуу тогтоов...” гэх дүгнэлт /хх-45-46/,

 

-Модны Экологи Эдийн засгийн үнэлгээ /хх-50/,

 

-шүүгдэгч С.А, М.Д нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-101-102/,

 

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-103-104/,

 

-шүүгдэгч М.Дгийн хохиролын мөнгө шилжүүлсэн баримт /хх-151/,

 

-хэрэгт шинээр гаргаж өгсөн шүүгдэгч С.Аын хохирлын мөнгө шилжүүлсэн баримт зэрэг болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч С.А, М.Д нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын ам”-ны урд энгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 18 ширхэг буюу 3.0794м3 ургаа нойтон шинэс модыг түлээний зориулалтаар бэлтгэж ойн санд 1.130.755 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас Байгаль орчинд 3.392.267 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч С.А, М.Д нар нь тус бүр 1.130.755 төгрөг, нийт 2.261.510 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд үлдэх 1.130.757 төгрөгийг нөхөн төлөөгүй байна. Иймд гэм хорын хохиролыг бүрэн арилгаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.А, М.Д нараас 1.130.757 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 565.380 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.А, М.Д нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.3-д заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9-д заасан “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа” зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов. Энэ хэргийг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 талдаа модон бариултай, 90 см урттай, мөр хэсэг тэгш, ир хэсэг олон тооны үзүүр гаргасан 2 хүний гар хөрөө, модоор хийгдсэн 110 см урттай, 75 см өргөнтэй, 12 см өндөртэй, чирэгдэх мөр хэсгийг хуучин төмрөөр бүрсэн чаргыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Мөн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 18 ширхэг буюу 3.0794м3 ургаа нойтон шинэс модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож улсын орлогод тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

5

 

Шүүгдэгч С.А, М.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж овогт С.А, Т овогт М.Д нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгын ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсанаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. С.А, М.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар С.А, М.Д нарт оногдуулсан 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

  1. С.А, М.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 талдаа модон бариултай, 90 см урттай, мөр хэсэг тэгш, ир хэсэг олон тооны үзүүр гаргасан 2 хүний гар хөрөө, модоор хийгдсэн 110 см урттай, 75 см өргөнтэй, 12 см өндөртэй, чирэгдэх мөр хэсгийг хуучин төмрөөр бүрсэн чаргыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 18 ширхэг буюу 3.0794м3 ургаа нойтон шинэс модыг улсын орлогод тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, М.Д нараас тус бүрээс 565.380 төгрөгийг гаргуулж, нийт 1.130.757 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С.А, М.Д нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.А, М.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                 Э.ЧИНГИС

 

6