| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0155/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/273 |
| Огноо | 2017-05-19 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2017/ШЦТ/273
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор, иргэдийн төлөөлөгч Д.Бадамсүрэн, улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Д.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Сд холбогдох 2016 2501 4028 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр У хотод төрсөн, 00 настай, халх, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Б дүүргийн 0 дугаар хороо, У 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, Б дүүргийн 0 дүгээр хороо, Э ажилчдын байр 0-00 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 000000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А.С.
/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.С нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Баянзүрх дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Этэй үл ялих зүйлээр шалтаглан улмаар шилэн аягыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж түүний дух хэсэгт цохиж дух, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ:…“2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байж байхад Б.Бат-Оюун согтуу орж ирсэн. Би Б.Бат-Оюуныг хүргэж өгөх гээд явж байхдаа Ганбаттай тааралдсан. Б.Бат-Оюун тал шил архи гаргаж ирсэн. Энэ үед Ө.Лхагваа эхнэр А.Баяржаргалтай хамт орж ирээд архинаас уусан. Хэсэг байж байгаад Б.Бат-Оюун Ө.Лхагвын гэрт оръё гээд найз залуу Ганбат, Б.Бат-Оюун нарын хамт Ө.Лхагвын гэр рүү нь орсон. Манай найз залуу “намайг намайг явъя” гэхэд Б.Бат-Оюун явуулахгүй гээд байсан. Би хэсэг байж байгаад найз залуугийнхаа араас гарсан. Би найз залуутайгаа жалганд нилээн их зүйл ярьж байгаад буцаад орсон. Буцаж ороход Сүхээгийн толгойноос цус гарсан байсан. Ганбат Сүхээгийн цусыг арчиж өгөөд түргэн тусламж дуудсан. Би хохирогчийг аягаар цохиогүй. Хохирогч хэрэг гарснаас 4-5 хоногийн дараа цагдаад гомдол гаргасан. Надаас их хэмжээний мөнгө нэхсэн. Надад хүнд өгөх их мөнгө байхгүй, би ээж болон хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Цагдан хоригдсон хугацаанд миний бөөр өвдөж, цусаар шээдэг болсон. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-6/, хохирогч Б.Эийн тайлбар, мэдүүлэг /хх-8, 12, 13/, гэрч Г.Уяабаатарын тайлбар, мэдүүлэг /хх-9, 14/, гэрч Ө.Лхагвын мэдүүлэг /хх-15/,
гэрч А.Баяржаргалын мэдүүлэг /хх-16/, гэрч Б.Бат-Оюуны мэдүүлэг /хх-18/, гэрч А.Саранболорын мэдүүлэг /хх-20/, шүүх эмнэлгийн ¹14989 тоот шинжээчийн дүгнэлт /хх-22/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/, шинээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн байцаалтад гэрч Г.Уяабаатарын өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байх 16-17 цагийн үед санагдаж байна хамт ажилладаг Б.Э нь “барилгын замаск хийдэг хүн байна уу” гэхэд нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх танил Ө.Лхагвааг зааж өгч, тэднийд хамт очсон. Тэгээд байж байхад тэднийд зүс таних 2 эмэгтэй халамцуу орж ирсэн. Удалгүй нэг эмэгтэй нь гараад явахад хамт явсан зүс таних Сараа гэсэн байх эмэгтэй согтуу орилоод байсан. Тухайн үед юу гэж орилж байсныг санахгүй байна. Улмаар ширээн дээр байсан шилэн аягыг авч Б.Эийн толгой руу 2-3 удаа байх цохисон. Тэгэхэд нь салгаж аваад эмнэлэг явсан. Тухайн үед Б.Э, тэр эмэгтэй, Ө.Лхагва, түүний эхнэр Баяраа бид нар байсан” /хх-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ө.Лхагвын өгсөн: “2016 оны 10 сарын сүүлээр өдөр цагийн санахгүй байна Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх гэртээ байж байхад найз Г.Уяабаатар, Б.Этэй орж ирсэн. Улмаар удалгүй манай эхнэр А.Баяржаргал ирсэн. Тэр 2 надаар барилгын замаск хийлгэнэ гээд ярилцаад нэг шил архи гаргаж ирээд уух гээд байж байхад эхнэр тэр хооронд хажуу айл руу орсон. Тэр үед гаднаас манай хашаанд түр амьдардаг Б.Бат-Оюун гэсэн байх эмэгтэй зүс таних Сараа гэх эмэгтэйтэй согтуу хамт орж ирээд Б.Бат-Оюун нь түрүүлээд гараад явчихсан. Тэгэхэд тэр Сараа гэх эмэгтэй Б.Эийг таньдаг юм шиг хоорондоо юм ярьсан. Би юу гэж ярилцсаныг сонсоогүй. Улмаар Сараа гэх эмэгтэй намайг “архинаас хийгээд өгчих” гэхээр нь “үгүй” гэхэд “ундаа хийгээд өгчих” гэхээр нь би шилэн бариултай аяганд ундаа хийж өгөхөд ууж байх шиг байсан. Тэр үед би эргэх хооронд Сараа гэх эмэгтэй ямар нэг зүйл ярилгүй шууд Б.Эийн нүүр рүү шилэн аягаараа нэг удаа цохиж тэр аяга нь хагарчихсан. Би эргээд харахад хагарсан шилэн аягаараа дахин нүүр рүү нь нэг удаа цохисон. Б.Эийн нүүр нь цус болчихсон. Тэгэхэд нь салгахад манай эхнэр бас орж ирсэн. Тэр үед тэр эмэгтэй төлбөр мөнгийн өгнө гээд орилоод байсан. Тэгээд Б.Эийг эмнэлэг дуудаж очиж үзүүлсэн. Тухайн үед Г.Уяабаатар, Б.Э, Сараа гэх эмэгтэй бид нар байсан. Харин манай эхнэр хажуу айл руу орчихоод яг цохисоны дараа орж ирсэн. Тухайн үед өөр зүйл болоогүй” /хх-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч А.Баяржаргалын өгсөн: “2016 оны 10 дугаар сарын сүүлээр өдөр цагийн санахгүй байна Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх гэртээ очиход нөхөр Ө.Лхагва, түүний найз Г.Уяабаатар, Б.Э гэх залуу нар ирчихсэн 1 жил 0.75 литрийн архи дундаа тавьчихсан сууж байсан. Тэгэхэд манай хашаанд түр амьдардаг Б.Бат-Оюун гэх эмэгтэй, зүс таних Сараа гэх найз эмэгтэйгийн хамт орж ирээд байж байсан. Би тухайн үед хажуу айл руу орчихоод удалгүй гэртээ ороход нөхөр Ө.Лхагва, Г.Уяабаатар, Б.Э, Сараа гэх эмэгтэй нар байсан. Харин Б.Бат-Оюун байгаагүй. Би юу болсныг асуухад нөхөр
Ө.Лхагва ямар нэг маргаан болоогүй байж байхад тэр Сараа гэх эмэгтэй согтуу гэнэт шилэн аяга аваад Б.Эийг цохисон гэж байсан. Би тухайн үед байгаагүй болохоор юунаас болоод яагаад цохисныг мэдээгүй. Тэр үед би Сараа гэх эмэгтэйгээс “яаж байгаа юм” гэж асуухад согтуу яаснаа мэдэхгүй байна гэж байсан. Тэгээд Б.Эийг эмнэлэг дуудаж авч явсан” /хх-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Бат-Оюуны өгсөн: “2016 оны 10 дугаар сарын сүүлээр өдөр цагийн санахгүй байна. Би халамцуу явж байгаад найз А.Стэй таарч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд түр байх өөрийн гэртээ бид 2 хамт нэг шил архи хувааж уусан санагдаж байна. Гэхдээ ямар хэмжээтэй ямар архи хувааж ууснаа санахгүй байна. Тэгээд би бараг тасарчихсан, улмаар А.Стэй манай хажууд байдаг А.Баяржаргал гэх эгчийнд орсон гэсэн. Гэхдээ би яах гэж орсноо санахгүй байна. Бид хоёр ороход хэн байсныг ч санахгүй байна. Удалгүй би ганцаараа гэртээ буцаад ороод унтаад өгсөн. А.С тэр айлд үлдсэн байх би огт санахгүй байна” /хх-18/ гэх мэдүүлэг,
Шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14989 тоот:
“1. Б.Эийн биед дух, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Шүүгдэгч А.Сийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/
зэрэг болно.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Баянзүрх дүүргийн Прокуророос А.С нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Баянзүрх дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Этэй үл ялих зүйлээр шалтаглан улмаар шилэн аягыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж түүний дух хэсэгт цохиж дух, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан гэрч нарын болон хохирогчийн удаа дараагийн тогтворгүй мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар А.Сийн үйлдэлд шилэн аягыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж танхайрсан болох нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.С иргэн Б.Этэй үл ялих зүйлээр шалтаглан түүнийг цохиж зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл учруулахдаа “шилэн аяга” юм уу, “шилний хагархай” алинийг хэрэглэж танхайрсан талаархи гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байдаг ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй. Шүүх харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлэх нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй байна. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд буюу
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан хэмжээний дотор шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “…Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд …эргэлзээ гарвал түүнийг …шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ…” гэсэн зарчмыг хэрэглэх үндэслэл болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин А.Сийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Баянзүрх дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Этэй үл ялих зүйлээр шалтаглан улмаар догшин авирлаж танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд прокуророос А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Сийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхээс шүүгдэгч А.Сд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд “анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан” зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Э нь гомдол байхгүй, хохирол барагдуулсан гэсэн тул шүүгдэгч А.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч А.С нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаари зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Ч.АЛТАНЦЭЦЭГ
Б.АРИУНХИШИГ