Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 011/2014/0019/З |
Дугаар | 221/МА2015/0086 |
Огноо | 2015-02-12 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2015/0086
С ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч нар нь С ХХК-ийн 2010-2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, санхүү, татварын тайланг үндэслэн татварын хяналтшалгалтыг хийж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварт нийт 27635600 төгрөгийн актыг тавилаа. Гэтэл тус албаны Улсын байцаагч нар өөрсдийн 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201689 дугаартай актаараа дээрх шалгасан гэх баримтуудаа шалгаад тухайн үед тавьсан акт нь хүчин төгөлдөр хэвээр байгаан дээр аль эрт биелэгдсэн байхад шалгасан баримтуудаа дахин шалгаж үндэслэлгүйгээр 202051 дугаартай актыг тавилаа.
...С ХХК нь 100.0 сая төгрөгөнд тухайн барилгынхаа материалыг Улаанбаатар хотын Т зах дээр үйл ажиллагаа явуулдаг Т ХХК-ийн худалдагчаас авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлж, санхүүгийн тэмдэгийг нь даруулж авсан. Манай компани нь орлогоо нуухын тулд хууль зөрчиж, хуурамч падаан аваагүй, хуульд нийцүүлэн авсан бараандаа л нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа авсан. ...Акт тавьсан Улсын байцаагч нар манай компанийн барьсан барилгыг очиж үзээд үнэхээр барилга барьсан уу, эсвэл орлогоо нуусан уу гэдгийг газар дээр нь очиж шалгаж үзээд барьсан барилгын материалд зарлагын падаанд бичигдсэн 100.0 сая төгрөгийн бараа материал орсон эсэхийг ч шалгалгүй хийсвэрээр акт тавилаа. Т ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бичиж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь 008864630 дугаартай, 5493654 гэсэн регистрийн дугаартай, 2030586 гэсэн бүртгэлийн дугаартай хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр падаан байсан.
Бид тийм падаанд итгэхгүй өөр юунд итгэх билээ. Хуурамч падаан гэж мэдэж байсан бол юу боллоо гэж тэндээс авах билээ. Бид бараагаа аваад л падаанаа авсан. ...Бараагаа бусдад зарж борлуулан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа өгсөн байгууллага буруутай болохоос бараа аваад барааныхаа үнэнд тохирсон падаан авсан манай байгууллага буруугүй шүү дээ. Иймд Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Х нарын 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 202051 дугаартай актыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэв.
Хариуцагч Х нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...С ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын Ерөнхий газрын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2б/898 тоот албан бичгээр ирүүлсэн Хяналт шалгалт хийх ажлын удирдамж болон Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Татварын хяналт шалгалт хийх томилолт-ын дагуу хэсэгчилсэн шалгалт хийсэн нь урд шалгасан баримтуудаа дахин шалгасан асуудал биш юм. С ХХК нь Т ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашиглан аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн нь Улсын мөрдөн байцаах газраас тогтоогдсон тухай Татварын Ерөнхий газрын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2ө/898 тоот албан бичгээр ирүүлсэн хяналт шалгалт хийх ажлын удирдамж, түүний хавсралт жагсаалтад байгаа. ...С ХХК нь барилга барьж, материалын зардал гаргасныг бид үгүйсгээгүй. Т ХХК-ийн захиралБ.Ө 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улсын Мөрдөн байцаах газарт өгсөн мэдүүлэгтээ: Манай хүү, охин бид гурав 2011 оны 7 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч аж ахуйн нэгж болсноос хойш 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 7 аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бусдад ашиглуулж, өөрсдөө хувь хүртсэн ба нийт 200 гаруй сая төгрөг олсон. Нийт хичнээн аж ахуйн нэгжид
хичнээн ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зарсан болохоо хэлж мэдэхгүй байна гэсэн байна. Үүнээс үзэхэд Т ХХК нь С ХХК-д 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 008864630 тоот падаанаар 100.0 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр хий бичилт хийж, үнийн дүнгээс хувь хүртсэн нь захирал Б.Ө 2011 оны 7 дугаар сараас 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд зарсан хэмээсэн мэдүүлгийн хугацаанаас тодорхой байна.
...Бид шалгах үедээ нэмэгдсэн өртгийн албан татварын падаан чинь нэгэнт хий бичилттэй, харин бараа материал авсан газраасаа жинхэнэ баримтаа авчирвал аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд акт тавигдахгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд ямар ч асуудал байхгүй акт тавигдах талаар тайлбарлахад өөр газраас ерөөсөө аваагүй. Манайх энэ компаниас авсан гээд байсан тул аж ахуйн нэгжийн орлогын нөхөн татвар, түүнд ногдох торгууль, алдангийг хасах ямар ч үндэслэл байгаагүй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараар акт тавигдсан.
Иймд С ХХК-д холбогдох татварын Улсын байцаагчийн 202051 дугаар актыг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6 дахь заалтуудыг баримтлан Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 202051 дугаар актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн төлбөр 27635600 /хорин долоон сая, зургаан зуун гучин таван мянга, зургаан зуун/ төгрөгийн төлбөрөөс нөхөн татвар 18181800 /арван найман сая, нэг зуун наян нэгэн мянга, найман зуун/ төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж, торгууль, алдангийн төлбөр болох 9453800 /есөн сая, дөрвөн зуун тавин гурван мянга, найман зуун/ төгрөгийн төлбөрийг хасч, төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ...Захиргааны хэргийн анхан шатны 11-р шүүх 2014 оны 11дүгээр сарын 18-ны өдрийн хурлаараа Орхон аймаг дахь С ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагч Х нарт хариуцагдах Татварын Улсын байцаагчийн2013 оны 05 дугаар 09-ны өдрийн 202051 дугаартай актыг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий татварын Улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар 09-ны өдрийн 202051 дугаартай актын нийт 27,635.600 төгрөгийн төлбөрөөс торгууль, алдангийн төлбөр болох 9453800 төгрөгийн төлбөрийг хасаж төлбөрийн хэмжээг багасгахдаа С ХХК-ийг 2011 онд Т захаас 100.000 сая төгрөгийн бараа материал авсан гэх боловч бэлэн мөнгө тушаасан гэх баримт хэрэгт байхгүй байна гэсэн дүгнэлтийг хийжээ.
Орхон аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагч нар нэхэмжлэгч ХХК-ийн 2011 оны санхүүгийн баримтанд 2012 онд шалгалт хийгээд тавьсан акт нь хүчин төгөлдөр хэвээрээ байгаан дээр нэгэнт бэлэн мөнгөө тоолж өгөөд бараа материалаа аваад ирсэн байхад заавал бэлэн мөнгө тушаасан баримт шаардах нь хууль бус шаардлага юм.
Татварын Улсын байцаагч нарын актын үндэслэл нь 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 90909100 төгрөгийн бараа материалыг худалдан авсан мэтээр Т ХХК-ийн нэр тамга бүхий 008864630 дугаартай НӨАТ-ын падааныг хий бичүүлэн бүрдүүлж, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайлангийн НӨАТ-тайүнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсзгт тусган татвар ногдох орлогоос хасаж НӨАТ-ын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчлөө гэжээ. Гэтэл Т ХХК 2011 оны НӨАТ-ын тайландаа С ХХК-д 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дээрх 100 000 сая төгрөгийн барааг зарсан болохоо дүүргийнхээ татварын хэлтэст тайлагнасан байна. Нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичээд байгаа зүйл нь үнэн байхад үүнд шүүх бодит дүгнэлт хийж нхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаагүй явдал зүйд нийцсэнгүй.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С ХХК нь Т ХХК-иас 2011 оны 10 дугаар сард 90909,1 мянган төгрөгийн барилгын материал худалдан авч, 9090,9 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын 008864630 дугаар падаан, зарлагын баримт, барилгын ажил гүйцэтгэн хүлээлгэн өгсөн актууд, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн Т ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын 2011 оны 10 дугаар сарын тайлан, С ХХК-д 90909,1 мянган төгрөгийн борлуулалт хийж, түүнд ногдох 9090,9 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг авсан талаар тусгасан Борлуулалтын дэвтэр (захирал Б.Өийн гарын үсэгтэй) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэтэл анхан шатны шүүх С ХХК-ийг бэлэн мөнгөний орлого зарлагын баримт байхгүй, Т ХХК-ийн захирал Б.Өийн ...С ХХК-д барилгын материал борлуулаагүй гэх мэдүүлэг, Т ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 01/249 дүгээр албан бичигт ... Т ХХК-д талбай түрээсэлж байгаагүй болно ... гэж дурдсан зэргийг үндэслэн С ХХК-ийг Т ХХК-иас 100,0 сая төгрөгийн барилгын материал худалдаж авсан нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн байна.
Учир нь Т ХХК-ийн захирал Б.Өийн мэдүүлэгт ... С ХХК-д барилгын материал борлуулж байгаагүй, ... үйл ажиллагаа явуулаагүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа бусдад ашиглуулж, хувь хүртэж байсан гэх боловч Т ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, 2011 оны 10 дугаар сарын борлуулалтын дэвтэрт худалдан авагчийн нэр С ХХК, НӨАТ-ын падааны дугаар 008864630, борлуулсан барааны үнийн дүн (НӨАТ орсон дүн) 100,0 сая гэж тусгасан нь дээрх мэдүүлгийг үгүйсгэж, харин нэхэмжлэгчийн ... Т ХХК-иас 100,0 сая төгрөгийн (НӨАТ-тай үнээр) барилгын материал худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авсан гэх тайлбар үндэслэлтэй болохыг нотолж байна.
Мөн шүүх Т ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 01/249 дүгээр албан бичигт Манай компани өөрийн төмрийн худалдааны талбай дээрээ бусад байгууллагатай талбай түрээслэх үйл ажиллагаа явуулж байгаагүй ... гэж дурдсаныг анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл Т ХХК нь өөрийн барилгын материалын зах дээр үйл ажиллагаа явуулдаг аль ч компанитай талбай түрээслэх үйл ажиллагаа явуулаагүй тул Т ХХК-тай ч ийм үйл ажиллагаа явуулж байгаагүйгээ илэрхийлжээ.
Т ХХК нь санхүүгийн болон татварын тайландаа өөрийн хамаарал бүхий компаниуд Т зэргээс худалдан авалт хийсэн гэж хий тусган төсөвт төлөх татвараас илүү гаргасан нь нэхэмжлэгч С ХХК-д хамааралгүй бөгөөд дээрх тайлан буруу гаргасан нь тогтоогдсон бол хариуцлагаа Т ХХК хүлээх ёстой бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх гэж заасны дагуу нэгэнт С ХХК-д борлуулсан 100,0 сая төгрөгийн (нэмэгдсэн өртгийн албан татвартай үнэ) борлуулалтад ногдох НӨАТ-ыг Т ХХК төсөвт төлөх үүрэгтэй. Харин С ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно гэж заасны дагуу дээрх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй.
С ХХК нь бэлэн мөнгөний орлого зарлагын баримтыг бүрдүүлэх ёсгүй гэх гомдол нь үндэслэлгүй, энэ нь санхүүгийн анхан шатны баримтыг дутуу бүрдүүлсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн зөрчил боловч үүний улмаас татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэл бий болсон эсэхийг Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д татварын улсын байцаагч нь ... татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон, акт үйлдэх бүрэн эрхийнхээ хүрээнд бусад баримтуудтай харьцуулан үзэж зөрчлийг тогтоох үүрэгтэй.
Хэдийгээр татварын улсын байцаагч нь аж ахуй нэгж байгууллага, иргэн хооронд хийгдсэн ажил, гүйлгээ бүрийг шалгах нь боломж муутай боловч хуулиар хязгаарлаагүй, мөн гаргасан актынхаа хууль ёсны, үндэслэлтэй байдлыг хангах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйн тулд зарим шаардлагатай тохиолдолд татвар төлөгчийн харилцсан гэх аж ахуйн нэгжийн санхүүгийн болон татварын тайлан, баримтыг тулган шалгах үүрэгтэй гэж үзнэ.
Хариуцагч татварын улсын байцаагч нар нь тодорхой үйл ажиллагаа явуулж, санхүүгийн болон татварын тайлангаа гаргаж байсан С ХХК-ийн захирлын тайлбар, баримтуудыг харгалзан харилцсан гэх Т ХХК-ийн тайлан баримтыг холбогдох татварын хэлтсээс гаргуулан тулган үзэж зөрчлийг тогтоолгүй, санхүүгийн анхан шатны зарим баримт дутуу байдал, Улсын мөрдөн байцаах газарт өгсөн Т ХХК-ийн захирал сэжигтэн Б.Өийн мэдүүлэг зэргийг үндэслэн татварын улсын байцаагч нар С ХХК-ийг Т ХХК-иас худалдан авалт хийгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдал болон зарлагын баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, барилгын ажил гүйцэтгэн хүлээлгэн өгсөн баримтууд гэх мэт анхан шатны баримтуудаар С ХХК нь 100,0 сая төгрөгийн барилгын материал худалдан авч, уг материалаа Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн барилгын ажилд зарцуулсан нь тогтоогдож байхад баримтаар нотлогдоогүй зардал гэж үзэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, торгууль, алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн актыг хуульд нийцэж байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай болжээ. С ХХК нь барилгын материал худалдаж авсан 100,0 сая төгрөгийг үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээний зардал гэж үзэж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д албан татвар ногдох орлогоос түүхий эд, үндсэн болон туслах ... материалын зардлыг хасч тооцсоны үндсэн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэж заасанд нийцжээ.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг
1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.2-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2013 оны 202051 дүгээр актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай. гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ