Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/32

 

 

   2019          04            24                                         2019/ДШМ/32

Д.Б, Ө.У нарт холбогдох

                                                                   эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                

     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхтэй цахимаар холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Э.Тулгаа,

            Яллагдагч Д.Б-гийн өмгөөлөгч: М.Дэлгэрнасан,       

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЗ/92 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Д.Б, Ө.У нарт холбогдох, эрүүгийн 1820000990058 дугаартай, 2 хавтас, 291 хуудас бүхий хэргийг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалангийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, Дундговь аймагт 19..... оны ---- дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд .... тоотод оршин суух, Тойн овогт Ө-ын У /ЗП..........20421/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

яллагдагч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19.... оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ...дүүрэг, 12 дугаар хороо, Жанжингийн ...... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Бүрд овогт Д-ийн Б /РД:ЧН.....1074/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалангаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч Ө.У, Д.Б нар бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импортын талаар 08-41 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар нэвтрэхдээ 1 бүр нь 25 кг жинтэй, 40 шуудай кальцийн гипохлоритийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 мөн яллагдагч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импортын талаар 08-41 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар нэвтрэхдээ 1 бүр нь 25 кг жинтэй, 40 шуудай кальцийн гипохлоритийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр авсан хэрэгт тус тус холбогджээ.  

Анхан шатны шүүх: Яллагдагч Ө.У, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1820000990058 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж,

яллагдагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж,

хэргийг прокурорт очтол яллагдагч Ө.У, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

хэрэгт яллагдагч нарын иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Шүүхийн 2019/ШЗ/92 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ яллагдагч Ө.У, Д.Б нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт багтааж шийдвэрлэснээр яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-7.8 дугаар зүйлүүдэд заасан яллагдагчийн эрхийг зөрчихгүй юм.

Яллагдагч Д.Б нь БНХАУ-ын Шилийн гол аймгийн Эрээн хотоос 1 бүр нь 25 кг жинтэй 40 шуудай кальцийн гипохлоритийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр захиалан авч, яллагдагч Ө.Уээр тээвэрлүүлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул гэмт хэрэг Шилийн гол аймгийн Эрээн хотод эхэлж, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төгссөн байна гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхийангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй. Хэрэв шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлгүй гэж үзвэл журамласан зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой юм.

Яллагдагч Д.Б, Ө.У нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд гэмт хэрэг эхэлсэн, төгссөн газар нь тодорхой байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харъяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харъяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд хэргийг шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харъяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Яллагдагч Д.Б нь БНХАУ-ын Шилийн гол аймгийн Эрээн хотоос 1 бүр нь 25 кг жинтэй 40 шуудай кальцийн гипохлоритийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр захиалан авч, яллагдагч Ө.Уээр тээвэрлүүлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Д.Б, Ө.У нарыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн гэж үзэж Д.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, Ө.Уийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэв яллагдагч Ө.У, Д.Б нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ хамтран оролцсон нь тогтоогдоогүй байна гэж үзвэл шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл дээрх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн заалтууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш буюу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийн шийдвэрлэсэн нь яллагдагчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй болно. Мөн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 2, 3 дахь заалтад яллагдагч Ө.Уийг “Ө.Уранчимэг” гэж андуурагдан бичигдсэн байгааг дурдаж байна. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019.02.15-ны өдрийн 2019/ШЗ/92 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, тус хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Э.Тулгаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхээс яллагдагч нарт холбогдуулан зүйлчилсэн зүйлчлэл, журамласан зүйл ангиудын талаар тодорхойгүй байна гэсэн. Яллагдагч нар нь үйлдлээрээ нэгдэж санаатай гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Тийм учраас Эрүүгийн хуулийн 3.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсч байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д.Бгийн эрх ашгийг хамгаалж давж заалдах шатны шүүх хуралдаан дээр оролцож байгаа. Захирамжийн заалт, прокурорын эсэргүүцлийн заалт тус бүрт хариу тайлбар хийе гэж бодож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэд хэдэн заалтыг баримтлаад Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэг 2 удаагаа буцаж байгаа. 2019.03.19-ний өдөр шүүхийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахдаа шүүгдэгч Бг хлорамин гэгч химийн хорт бодисыг тээвэрлэсэн, нэвтрүүлсэн, авсан гэж зүйлчилсэн нь ойлгомжгүй гэж яллах дүгнэлтийг тэгж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Хэргийн байдал болон Бгийн үйлдлийг танилцуулъя. Б Нарантуул зах дээр тор зарж амьдардаг. Бие муутай, сахартай, хөлөө тайруулахад хүрсэн. Амьдрах гэж яваа иргэн юм. Группт байдаг. Дарханд ус сувгийн газарт нь хлормин хэрэгтэй гэдгийг хүмүүс нь ярьж байхыг мэдээд, нэг танил руугаа үүнийг авч болох юм уу гэхэд нь нөгөө хүн нь болно, мөнгөө шилжүүлчихсэн гэсэн байдаг. Тэр бодисыг хортой гэдгийг мэдээгүй. Хуулийн дагуу өөрөө мэдэж судалж явах ёстой байсан байх. Хилээр орж гардаг ариутгалын бодис гэж ойлгосон юм билээ. Химийн хортой бодис гэдэг агуулгаар нь мэддэггүй. Тусгай зөвшөөрөл авдаг гэдгийг бүр ч мэдэхгүй ийм хүн байсан байна. Мөнгийг нь өгөөд, нөгөө хүн болно гэхээр нь шилжүүлчихсэн. Хятад ард улсын иргэн Люляа тэндээ хэрхэн худалдаж аваад тээвэрлүүлж байгаа юм уу, улсын хилээр нэвтрүүлж байгаа юм уу тэр процест ерөөсөө оролцоогүй. Тэр хоорондоо Люляатай ч яриагүй, У гэдэг хүнтэй ч холбоо бариагүй. У, Б нарын мэдүүлэг хэрэгт байгаа. Бгийн мэдүүлэгт нэг л өдөр танихгүй дугаараас би танд өгөх гэж байсан зүйлийг хил дээр хураалгачихлаа танд мөнгийг нь өгнө гэж хэлсэн байсан. Б дээр захиж байсан юм байна гэдэг ойлголтыг авсан байгаа. Бг түүнийг худалдаад авчихсан, тээвэрлүүлсэн, хууль бусаар нэвтрүүлсэн гэх бүх үндэслэлээр буруутгаад байгааг өмгөөлөгчийн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.У гэдэг хүнийг Улаанбаатараас аваад ирээрэй гээд захисан байсан бол бас нэг өөр. Гэтэл огт танихгүй, ямар хүнээр яаж явуулж байгааг мэдэхгүй. Ийм үйлдэл дээр хамт тээвэрлэж явсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй. Бгийн энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй.

Энэ зүйл анги нь химийн хорт бодисыг эргэлтэнд оруулах гэсэн зүйл анги шүү дээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг бол хор хохирол учруулсан байхыг шаардаж байгаа. Бгийн үйлдэл нь ямар нэгэн хор уршгийг учруулаагүй. Хэрэгт Байгаль орчины мэргэжилтнийг хохирогчоор тогтоосон, Бгийн үйлдлээс хохирсон талаар нэг ч дурдаагүй. Хортой бодист хяналт тавьдаг агуулгаараа хохирогчоор тогтоогдсон байх. Тэрийг хууль бусаар тээвэрлэж, хилээр нэвтрүүлсэн үйл ажиллагаатай холбогдож Уийн үйлдэл рүү чиглэсэн, хэлбэрийн төдий хохирогчоор тогтоосон тогтоол байсан.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулгыг дурдсан. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй нийгмийн аюулын хэр хэмжээ энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байгаа. Энэ үндэслэлээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж өмгөөлөгчиййн зүгээс үзэж байгаа. Бгийн үйлдэл нь хорт бодисыг нэвтрүүлэх талаар зөвшөөрөл авах талаар бодож шийдэх байтал боловсролгүй, зах дээр зогсдог хүн болохоороо тусгай зөвшөөрөлгүйгээр бусдад захиалсан нь буруу байна. Энэ нь ямар үйлдэл вэ гээд судлаад үзэхээр Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлд заасан зөрчил юм байна гэж  өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хилийн гадна огт гараагүй байхад Бг хилийн гаднаас гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж байгаа. Б нь тээвэрлэх, ачих зэрэг үйлдлүүдэд огт оролцоогүй. Нэг л өдөр утсаар ярихад нь ийм хүн явсан юм байна даа гэж ойлгосон байдаг. Энэ байдал нь ч хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Б Утэй хамт тээвэрлэж байгаад зугатаасан зүйл байхгүй шүү дээ. Шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлийг журамласныг үндэслэлгүй гэснийг миний хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, алдаа гаргасан гэж үзэж байна. Зохион байгуулагч Б гээд байгаа. Алсаас ямар нэгэн хүнд хэлэхгүйгээр, огт уулзахгүйгээр зохион байгуулна гэж би бодохгүй байна. Ялангуяа ачиж яваа хүнтэй уулзахгүй, холбоо барихгүйгээр хийнэ гэж байхгүй. Харин Люляа гэдэг хүнтэй тааралдаж энэ хүнд ийм юм аваачиж өгөөрэй гэж хэлсэн байдаг. Хамтран оролцохын ойлголт нь үйл ажиллагаа нь санаатай нэгдсэн байхыг хэлээд байгаа шүү дээ. Гэтэл Утэй нэг ч үг үсэг сольж үзээгүй, ийм хүнийг энэ гэмт хэргийг зохион байгуулсан, удирдсан гэж оруулаад ирж байгаа нь үндэслэлгүй. Хэтрүүлгээр дүгнээд байгаа нь хүний ёс гэдэг юм уу, хуулийн хэрэглээнд байтугай хүний харилцаанд байж болохооргүй ийм юм болоод байна гэдгийг дахин хэлмээр байна. Анхан шатны шүүхээр энэ хэргийг хэлэлцүүлэхэд яллагдагч нарын эрх зүйн байдал дордоод байх зүйл байхгүй, харин ч хөнгөрөөд үүний учир начрыг олоод шийдвэрлүүлэх боломж байна. Анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж үзэж байна. Энэ нь зөрчлийн шинжтэй шүү гэдгийг хэлмээр байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад шүүгчийн захирамжийг  дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос яллагдагч Ө.У, Д.Б нар бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импортын талаар 08-41 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар нэвтрэхдээ 1 бүр нь 25 кг жинтэй, 40 шуудай кальцийн гипохлоритийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг, яллагдагч Д.Б 1 бүр нь 25 кг жинтэй, 40 шуудай кальцийн гипохлоритийг, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаж авсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  мөн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, авсан” гэмт хэргийн шинжтэй гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Яллах дүгнэлтэд яллагдагч нарын дээр дурдсан үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчилснийг анхан шатны шүүхээс,  гэмт хэргийн шинжтэй эсхүл шинжгүй талаар, Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг авсан, уг бодисыг бүлэглэн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжид нийцэж байгаа эсэхэд мөн яллагдагч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, нотлогдоогүй талаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хэргийн нөхцөл байдал бүрэн бодитойгоор тогтоогдож байгаа эсэхэд тус тус холбогдох нотлох баримтад үндэслэн эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар болон шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” хуулийн шаардлагад нийцэх юм.  

            Түүнчлэн энэ хэрэгт  гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй буюу Монгол Улсын иргэн гадаад улсад Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй гэж үзэх  нөхцөл байдал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу энэхүү эрүүгийн хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа эсэхэд анхан шатны шүүх мөн адил өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоож, зохих дүгнэлтийг  хийх бүрэн боломжтой.

            Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй хийгдэх шаардлагатай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангаж, “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” шатнаас хэргийг хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЗ/92 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурор Ж.Энх-Амгалангийн эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Б, Ө.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА