Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00018

 

   

2021 01 13 001/ХТ2021/00018

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/01164 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1206 дугаар магадлалтай,

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Чайна хуаши энтерпрайзиз ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр, хохиролд нийт 250 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 115 432 390 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөний төлбөр 211 500 000 төгрөг, нийт 326 862 390 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулууны хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь******* ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр CW1-1-LWFB01 дугаартай гэрээ байгуулж, ажил гүйцэтгэхээр тохиролцсон билээ.

Чайна хуаши энтерпрайзиз ХХК нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховдоос Баян-Өлгийн чиглэлийн хатуу хучилттай замын гүйцэтгэгчээр тендерт шалгарсан замын ажлаа хийж гүйцэтгэж байсан бөгөөд ******* ХХК-ийн хувьд уг хатуу хучилттай замын хажуугийн суваг шуудуу, үерийн ус зайлуулах хоолой, хамгаалалтын налуугийн чулуун өрлөгийн ажил бүхэлдээ 39 202 кв.м талбайн ажлыг 1 кв.м талбайг хийж гүйцэтгэх ажлын хөлсийг 18 000 төгрөг байхаар нийт 705 636 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

******* ХХК нь гэрээгээр тохиролцсон ёсоор нийт ажлын тоо хэмжээнд тохируулан хүн хүч, техник хэрэгслээ тооцоолон 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт өөрийн хээрийн кемпийг байгуулан уулын чулуу бутлах, шигших, ангилах ажилд орсон байна. Гэрээгээр тохиролцсон ажлын гол хүч шаардсан, хугацаа авах ажил нь уулын чулууг бутлах, шигших, ангилж ялгах ажил байдаг бөгөөд энэ ажлаа 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бүх техник, тоног төхөөрөмжөө ашиглан 60-70 хүний бүрэлдэхүүнээр хийж гүйцэтгээд хатуу хучилттай замын хажуугийн суваг шуудуу, үерийн ус зайлуулах хоолой, хамгаалалтын налуугийн чулуун өрлөгийн ажилдаа ороод удаагүй байтал******* ХХК нь гэрээгээр бидний хийж гүйцэтгэж байсан ажилд шинээр 3 компанийг оруулан бидний хийж гүйцэтгэх ёстой ажлыг хүчээр булаан бусдад өгөх үйл явц болсон. Энэ үйл явдлаа хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа Танай компани удаж байна, ажлаа хийж амжихгүй гэж тайлбарласан бөгөөд ******* ХХК нь уг ажлыг хугацаанд нь бүрэн хүлээлгэн өгөх боломжтойн дээр өөрийн 66 ажилчид дээр нэмж, Баян-Өлгий аймаг дахь ЗХ-ний 340 дүгээр ангиас 52 хугацаат цэргийн ажилтан, албан хаагч гэрээгээр нэмж авч ажиллуулж байтал ийм явдал болсон билээ. Энэ үйл явдлаас улбаалан ******* ХХК нь анх гэрээгээр тохиролцсон 39 202 кв.м талбайн ажлаас 19 169.57 кв.м талбайн ажлыг л хийсэн бөгөөд үүний улмаас Улаанбаатар хотоос 1 700 шахам км алслагдсан зайд анхлан гэрээний дагуу ажлын тоо хэмжээнд тохируулан тооцож хүн хүч, машин техник, тоног төхөөрөмжийн зардалд их хэмжээний хохирол хүлээсэн билээ.

Өөрөөр хэлбэл гэрээгээр тохирсон ажлын тоо хэмжээ буюу 39 202 кв.м талбайн чулуун өрлөгт шаардлагатай чулууг бэлдэх, талбайд татан авчрахтай холбоотой ******* ХХК нь нийт хийж гүйцэтгэх ажлынхаа 50 хувийг бүх хүч нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, нэлээдгүй хугацааг зарцуулаад бүх чулуун бэлдцээ бэлэн болгож дуусаад өрлөгийн ажлаа эхэлж байтал******* ХХК-ийн ерөнхий инженер нь нэр бүхий 3 компанийг манай ажилд оруулан бидний бэлдсэн чулууг тэдгээр компаниудаар ачуулан CW1-1-LWFB01 дугаартай гэрээгээр бидний хийж гүйцэтгэх ёстой ажлын 50 хувийг бүхэлд нь тэдгээр компаниудаар хийлгэснээр тус компанийн хувьд CW1-1-LWFB01 дугаартай гэрээ хэвийн үргэлжилсэн бол зайлшгүй орох байсан орлого, ажлын тоо хэмжээнд тохируулан илүү чулуу бэлдсэнээс гарсан илүү зардал, мөн ажлын тоо хэмжээнээс илүү гарсан ажилчдын цалин, хээрийн нэмэгдэл, хоол унданд гарсан зардал гэх мэт маш их хэмжээний хохирол учирсан болно.

Иргэний хуульд заасан журмаар гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзах тохиолдолд нөгөө талдаа заавал мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ******* ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа хийж гүйцэтгэх эсэхийг мэдэх боломжгүй байж, нийт ажлынхаа хамгийн их хугацаа шаардсан чулуун бэлдцээ бэлтгэж дууссаны дараа өрлөгийн ажил эхлэнгүүт нэмж компани оруулан CW1-1-LWFB01 дугаартай гэрээний ажлын тал хувийг нь ******* ХХК-ийн бүх зардал, хүч хөрөнгөөрөө бэлдсэн чулууг ашиглуулан бусдаар гүйцэтгүүлсэн нь хууль зөрчиж, ******* ХХК-ийг хохироож, их хэмжээний алдагдалд оруулсан гэж үзэж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнээс гадна ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс нь нийт 345 052 260 төгрөг болсон бөгөөд үүнээс ******* ХХК нь ажил эхлэхийн өмнө урьдчилгаа төлбөрт 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 35 281 800 төгрөг, ажлын гүйцэтгэл дуусгавар болох үед буюу 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 56 198 550 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 50 000 000 төгрөг, нийт 151 480 350 төгрөгийг авсан бөгөөд үлдэх төлбөрийг баталгаажуулж, хоёр талаас тооцоо нийлэхийг хүссэн боловч шүүхэд хандахгүй гэсэн баталгаа өгсний дараа тооцоо нийлнэ гэх байдлаар эрх зөрчсөөр өдийг хүрч байна.

Энэ ажлыг хийх хугацаанд ******* ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэ бүрэн суманд ажлаа эхлүүлснээс хойш 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн санхүүжилтийг автал ажилчдын цалин, хээрийн хоол хүнсний зардал шаардлагатай болсноос бусдаас зээл авч, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалан хүү, алдангид багагүй зардал гаргасан байдаг. Гэвч гэрээт ажлын нийт тоо хэмжээ, мөнгөн дүндээ найдаж, энэ бүхнийг тэсч гарсаар байсан боловч ажлын дундаас нэхэмжлэлд дурдагдсан асуудал гарснаас болж алдагдалд бүрэн орсон тул CW1-1-LWFB01 дугаартай гэрээний улмаас хохирсон хохирлоо дараах байдлаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүнд: Нийт хийсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 193 571 910 төгрөг, CW1-1-LWFB01 дугаартай гэрээ хэвээр үргэлжилсэн бол нийт 705 636 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэх ёстой байсны зөрүү нь 360 583 740 төгрөг болж байгаа хэдий ч өөрийн зайлшгүй орох байсан орлого, ажлын тоо хэмжээнд тохируулан илүү чулуу бэлдсэнээс гарсан илүү зардал, мөн ажлын тоо хэмжээнээс илүү гарсан ажилчдын цалин, хээрийн нэмэгдэл, хоол унданд гарсан зардлыг хохиролд тооцож, нийт******* ХХК-иас 250 000 000 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК нь Чайна хуаши интерпрайзиз ХХК-тай 2017 оны 11 сарын 21-ны өдөр CW1-1-LWFB01 дугаартай гэрээ байгуулж, ажил гүйцэтгэхээр тохиролцсон билээ.

Чайна хуаши интерпрайзиз ХХК нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховдоос Баян-Өлгий чиглэлийн хатуу хучилттай замын гүйцэтгэгчээр тендерт шалгаран замын ажлаа хийж гүйцэтгэж байсан бөгөөд ******* ХХК-ийн хувьд бүх хатуу хучилттай замын хажуугийн суваг шуудуу, үерийн ус зайлуулах хоолой, хамгаалалтын хажуугийн чулуун өрлөгийн ажил бүхэлдээ 39 202 кв.м талбайн ажлыг 1 кв.м талбайг хийж гүйцэтгэх ажлын хөлсийг 18 000 төгрөг байхаар нийт 705 636 000 төгрөг бөгөөд бодит гүйцэтгэлийн хэмжээгээр тооцно гэж гэрээндээ заасан.

Чайна хуаши интерпрайзиз ХХК, ******* ХХК-иуд нь гэрээнд заагдсан ажил гүйцэтгэх хугацаа 2018 оны 04 сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл гэж хугацаа заасан. 2018 оны 07 сарын 26-ны өдөр Чайна хуаши интерпрайзиз ХХК болон ******* ХХК-ийн удирдлагууд уулзаж, ажлын явцтай танилцахад 2018 оны 08 сарын 15-ны өдөр хүлээлгэж өгөх ёстой ажлын явц дөнгөж 30%-тай байсан тул ******* ХХК-ийн захирал Бат-Эрдэнэтэй харилцан тохиролцож, хурал хийж чулуун өрлөгийн нэмэлт бригад Цэцгээ болон түүний нөхөр Бадралд Ховд аймгийн Амарсанаагийн бригад итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Даваасүрэн, Б.Цэнд-Аюуш, Хятад улсын ус зайлуулах хоолойн бригадын удирдлагууд цуглан төслийн менежерийн албан өрөөнд хуралдаж, 4 бригадын удирдлагууд 1-р багцын чулуун өрлөгийн ажлын хуваарилалтыг хүлээн авсан, хурлын үеэр ******* ХХК-ийн захирал Бат-Эрдэнэ ямар нэгэн гомдол санал гаргаагүй, мөн 2018 оны 08 сарын 23-ны өдөр чулуун өрлөгийн ажлын гүйцэтгэлийн үеэр багийн удирдлагууд бүх бригадуудын бодит гүйцэтгэлд үндэслэн дахин шинээр хуваарийг хүлээн авсан бөгөөд ******* ХХК-ийн захирал Бат-Эрдэнэ мөн гомдол гаргаагүй болно.

******* ХХК нь төлбөр тооцооны хувьд 2018 оны 03 сарын 16-ны өдөр 35 281 800 төгрөг дансаар шилжүүлсэн. 2018 оны 06 сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг бэлнээр өгсөн, 2018 оны 07 сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөг бэлнээр өгсөн. 2018 оны 08 сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг бэлнээр өгсөн. 2018 оны 08 сарын 14-ний өдөр 56 198 550 төгрөг дансаар шилжүүлсэн. 2018 оны 09 сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг бэлнээр өгсөн. 2018 оны 09 сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөг бэлнээр, 2018 оны 09 сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг дансаар, 2018 оны 10 сарын 01-ний өдөр 50 000 000 төгрөг дансаар тус тус шилжүүлсэн. Нийт 183 480 350 төгрөг төлсөн. Гэтэл ******* ХХК нь 151 480 350 төгрөг авсан гэж буруу бичсэн байна лээ.

Иймд ******* ХХК, Чайна хуаши интерпрайзиз ХХК-ийн хооронд ажлын гүйцэтгэлтэй холбогдолтой ямар нэг төлбөр тооцоо байхгүй болно. Харин ******* ХХК-иас Чайна хуаши интерпрайзиз ХХК нь материал, шатахууны үнэ 80 878 090 төгрөг, эксковатор түрээсийн төлбөр 26 784 З00 төгрөг, экскаваторын хавхлаганы засвар 7 770 000 төгрөг тус тус авлагатай байгаа болно. Чайна хуаши интерпрайзиз ХХК-иас ******* ХХК нь 250 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Чайна хуаши интерпрайзиз ХХК нь 2017.11.21-ний өдөр өрлөгийн ажлын туслан гүйцэтгэлийн гэрээг ******* ХХК-тай хийж Монгол улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн замыг хөгжүүлэх төслийг ажлын гүйцэтгэлээр ******* ХХК-иар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас Баян-Өлгий аймаг чиглэлд тавигдсан 50 км засмал замын хажуугийн суваг шуудуу үерийн ус зайлуулах хоолой, хамгаалалтын налуугийн чулуун өрлөгийн ажилд нийт 39 220 м.кв талбай бүхий ажил гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн.

******* ХХК нь Чайна хуаши интерпрайзиз ХХК-иас гэрээний үргэлжилсэн хугацаанд нийлүүлсэн бараа материал, шатахууны үнэлгээ болох 80 878 090 төгрөг ******* ХХК-ийн эвдсэн экскаваторын үндсэн хяналтын хавхлага сэлбэг үнэ болох 7 770 000 төгрөг, экскаваторын түрээсийн төлбөр 26 784 300 төгрөг буюу нийт 115 432 390 төгрөгийн хохирлыг ******* ХХК-иас гаргуулж, Чайна хуаши интерпрайзиз ХХК-д олгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,******* ХХК 2017 оны 11 сарын 21-ний өдөр өрлөгийн ажлын туслан гүйцэтгэлийн гэрээг ******* ХХК-тай хийж Монгол улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн замыг хөгжүүлэх төслийн ажлыг гүйцэтгэлээр ******* ХХК-иар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас Баян-Өлгий аймгийн чиглэлд тавигдсан 50 км засмал замыг хажуугийн суваг, шуудуу, үерийн ус зайлуулах хоолой, хамгаалалтын налуугийн чулуун өрлөгийн ажилд нийт 39 220 м.кв талбай бүхий ажил гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн. Гэрээний 5.1-д 2018.04.10-аас 2018.08.15-ны өдөр хийж дуусгана гэж заасан.

2018 оны 08 сарын 15-ны өдөр ажил дүгнэхэд ажил 50%-даа ч хүрээгүй байсан. Гэрээний 4.13-т Б тал нь тус төслийг аливаа гуравдагч этгээдэд өгч, барилгын ажлыг туслан гүйцэтгүүлэхгүй. Эс бөгөөс А тал энэхүү гэрээг дуусгавар болгож, Б талын гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувиар гэрээ зөрчсөний төлбөр төлөхийг шаардана.

Чайна хуаши энтерпрайзиз ХХК нь Монгол улсын Зам тээврийн яамтай хийсэн гэрээний дагуу хугацаанд нь замыг хүлээлгэж өгөхгүй бол өдөрт 11 000 долларын алдагдал хүлээх гэрээтэй байсан тул аргагүй эрхэнд ******* ХХК-ийн захирал Бат-Эрдэнэтэй ярилцаж байгаад Амарсанаа болон Цэцгээгийн 2 бригад нэмж оруулж нийт 286 982 212 төгрөгийг эдгээр нэмэлт оруулсан бригадуудад төлсөн. ******* ХХК нь үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүйн улмаас Чайн хуаши энтерпрайзиз ХХК-д дээрх хохирол учирсан.

Иймд ******* ХХК-иас өрлөгийн ажлын хөдөлмөрийн тусгайлан гүйцэтгэх гэрээний 4.14-д зааснаар нийт гэрээний 705 000 000 төгрөгийн 30% буюу 211 500 000 төгрөгийг манай компанид гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 3 үндсэн хэсэгт хувааж тодорхойлжээ. Иймд эдгээр 3 хэсэг тус бүрт нь няцаалт тайлбарыг хийх нь зүйтэй юм.

1. Гэрээний үргэлжилсэн хугацаанд нийлүүлсэн бараа материал, шатахууны үнэлгээ болох 80 878 090 төгрөг нэхэмжилсэн шаардлагын хэсэгт:

******* ХХК нь хариуцагч Чайна хуаши интерпрайзиз ХХК-тай 2017 оны 11 сарын 21-ний өдөр CW1-1-LWFB01 дугаартай гэрээ байгуулсантай болон ******* ХХК нь анх гэрээгээр тохиролцсон 39 202 кв.м талбайн ажлаас 19 169.57 кв.м талбайн ажлыг л хийсэн нөхцөл байдалтай хэргийн оролцогч талууд аль аль нь маргадаггүй, энэ нь хэрэгт авагдсан гэрээ, ажлын тоо хэмжээг талуудаас гарсан ажлын хэсгийн гарын үсэгтэй баримт нотолгоо, үйл баримтаар тус тус нотлогддог.

Энэхүү 19 169.57 кв.м зам талбайн ажил хийж гүйцэтгэхэд нийт 88 801 450 төгрөгийн бараа материал, дизель түлш гэх мэт зардал гарсан бөгөөд энэхүү дүн бүхий бараа материал, дизель түлш зэргийг хариуцагч байгууллагаас авч хэрэглэсэнтэй нэхэмжлэгчийн зүгээс маргахгүй. Гэхдээ талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн задаргааг анхааран үзэхийг хүсье. Энэ гэрээний 4.1-т А тал Р.042,5 цемент болон 0-5 мм-ийн элсээр хангах үүргийг хүлээсэн ба уг барилгын материалыг зөөх, тээвэрлэх зардлыг хэрхэн хуваарилах талаар 4.6, 4.7, 4.8-д тус тус тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл элс, цементийг агуулахаас ажлын талбайд, эсхүл ******* ХХК-ийн агуулахад хүргэх зардал нь хариуцагч талд хариуцагдахаар байгаа болно. Мөн гэрээний 4.3-т А тал буюу хариуцагч нь гэрээний хугацаанд 1 ширхэг экскаватораар хангах, түүний жолооч, түлшний бүх зардлыг бүрэн хариуцахаар тусгасан байгааг анхаарах нь зүйтэй юм. Гэтэл энэ бүхнийгээ нэхэмжлэгчээс нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй болно.

2. Экскаваторын эвдэрсэн сэлбэгийн үнэ 7 770 000 төгрөг, экскаваторын түрээс 26 784 300 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд:

Талуудын байгуулсан гэрээний 4.3-т А тал 1 ширхэг экскаватор /Монгол жолооч 1 хүн мөн байна/-аар хангах бөгөөд Б талын удирдлагад хүлээлгэн өгч, газар шорооны ажлыг хариуцан явуулна. Экскаваторын жолоочийн цалин болон экскаваторын шатахууны зардлыг А тал хариуцна гэж тохиролцсон байна. Энэ заалтаас үзвэл хариуцагч нь экскаваторын бүрэн ажиллагаа, түүний хэрэглэгдэхүүнийг бүхэлд нь хариуцах тохиролцоо болох нь маш тодорхой харагдана. Гэтэл энэ тохиролцооноос буцаж, гэрээний энэ заалтыг хэрэгжүүлэхгүйгээр үндэслэлгүйгээр төлөх ёстой төлбөрөөс суутгал хийсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн орчуулгын баримтуудаас тодорхой харагдаж байна.

3. Гэрээний 4.14 дэх заалт нь Б тал тухайн барилгын ажлыг өөрөө гүйцэтгэхгүй бусдад шилжүүлбэл хүлээх хариуцлагын заалт юм. Энэ гэрээгээр нийт ажлын тоо нь 39 202 м.кв талбайтай ажлыг 1 м.кв-ыг нь 18 000 төгрөгөөр үнэлээд хийлгэсэн ажлыг тооцоход 183 сая төгрөгийг ******* ХХК-д өгсөн юм бол сөрөг нэхэмжлэлд зааснаар Амарсанаа болон Цэцгээгийн 2 бригадад 286 сая төгрөг төлсөн юм бол нийт 470 000 000 төгрөгөөр бүх ажлаа хийгээд дуусгасан. Та нар 100 хувь ажлаа хүлээлгэн өгөөд улс замаа авсан байгаа. Та нар 707 636 000 төгрөгийн ажлыг 470 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэчихээд 230 000 000 төгрөгийг өөрсдөө хожиж авсан. Тэгээд алдагдал хүлээсэн гэдэг байдлаар сөрөг нэхэмжлэл гаргах хууль зүйн боломжгүй.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн бүх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, хугацаа хожих зорилготой болох нь энэхүү тайлбараар тодорхой байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/01164 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч******* ХХК-иас 161 571 910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88 428 090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар ******* ХХК-иас 326 862 930 төгрөг гаргуулах тухай******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1 407 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 950 650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 965 809 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1206 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/01164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 620 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/01164 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1206 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа, ямар баримтуудаар шаардлага нь тодорхойлогдож, нотлогдож байгаа зэргийг харгалзан үзэж дүгнэх учиртай. Гэтэл шүүх үндэслэх хэсэгтээ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг шатахууны үнэ 80878090 төгрөгийг гаргуулах шаардлагыг дүгнэхдээ хавтаст хэргийн 240-250 дугаар талд авагдсан баримтаар бараа материал, түлш зээлээр өгсөн үү эсвэл зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4-т заасны дагуу элс, цементээр хангах үүргийн дагуу өгсөн бараа материал, түлш үү гэдэг тогтоогдохгүй байна гэж,

Давж заалдах шатны шүүх мөн л ...талуудын харилцан хүлээх үүрэг хэрхэн биелэгдсэн, тооцсон талаарх асуудалд хамаарах, талуудын маргааны зүйлд хамаарах нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна гэсэн.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өрлөгийн ажлын хөдөлмөрийн туслан гүйцэтгэлийн CW1-1-LWFBO1 дугаар гэрээний 4 дүгээр зүйл Туслан гүйцэтгэх хэлбэр болон удирдах арга: А тал нь цемент, 0-5 хэмжээтэй элсээр мөн хангах ба бусад үлдсэн бүх ажлыг Б тал хариуцан гүйцэтгэх бөгөөд зардлыг мөн хариуцна гэж,

4 дүгээр зүйлийн 4.6.-Д Б тал өөрийн тээврийн хэрэгслийг зохион байгуулан А талын к23 болон к29 элс хайрганы карьерт хүргэж элсийг тээвэрлэн барилгын ажлын талбайд хүргэх ажлыг хариуцан гүйцэтгэх бөгөөд холбогдон гарах зардлыг мөн хариуцна. А тал авто ачигчаар Б талын тээврийн хэрэгсэлд материалыг ачиж өгөх бөгөөд холбогдох гарах зардлыг хариуцна гэж,

4 дүгээр зүйлийн 4.3.-Т А тал 1 ширхэг экскаватороор хангах, түүний жолоочийн цалин болон шатахууныг хариуцах гэж,

мөн 4 дүгээр зүйлийн 4.12,-д Б талын зарцуулах машин механизмын шатахууныг А тал нийлүүлэх бөгөөд Б талын томилсон хүний гарын үсгээр А талын худалдан авсан үнээр зардлыг тооцож Б талын ажлын төлбөрөөс суутган авна гэж тус тус харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнд заасны дагуу А тал буюу******* ХХК нь цемент, элс нийлүүлэх, авто ачигчаар тээврийн хэрэгсэлд ачиж өгөх, экскаваторыг шатахуунаар хангах зэргийг хариуцан ажиллахаар, Б тал буюу ******* ХХК нь өөрийн тээврийн хэрэгслээр элс хайрганы карьерт хүргэж элсийг тээвэрлэн барилгын ажлын талбайд хүргэх ажлыг хариуцан гүйцэтгэх, түүнтэй холбоотой зардлыг хариуцахаар тохиролцсон байна.

Чайна хуаши энтерпрайзиз ХХК нь ******* ХХК-д ажлаа саадгүй хийхэд нь туслах зорилгоор хөнгөвчлөн шатахууныг өгч, ажлын төлбөрөөс суутган авахаар тохиролцсоны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж, мөн зүйлийн 43.2.2 дахь хэсэгт хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэж хуульчлан заасан байна.

Ийнхүү хуульд зааснаар талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцож гэрээ байгуулагдан, тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн, шатахууны төлбөр төлөх дээр маргаагүй зэргийг харгалзан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байсан байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож дүгнэсэн нь бидний хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэсэн, хууль бус дүгнэлт болсон гэж үзэж байна.

Иймд шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг болох 80 878 090 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч ******* ХХК нь******* ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр, хохиролд нийт 250 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 115 432 390 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөний төлбөр 211 500 000 төгрөг нийт 326 862 390 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 161 571 910 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах хуулийн үндэслэл байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчснөөс үндэслэлгүй дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг болох 80 878 090 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн боловч шүүх хуралдаанд гомдлын шаардлагыг өөрчилж шатахууны зардал 74 182 090 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 ******* ХХК нь******* ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өрлөгийн ажлын хөдөлмөрийн туслан гүйцэтгэх CW1-1-LWFB01 дугаартай гэрээ байгуулж, гүйцэтгэгч ******* ХХК нь Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийн 2-р ээлжийн CW1-1 хэсгийн өрлөгийн хажуугийн суваг, өрлөгийн хамгаалалтын налуу, дугуй хоолой болон дөрвөлжин хоолойн орох, гарах амсрын өрлөг зэрэг харьяалагдах барилгын ажлыг батлагдсан чанар, стандартын дагуу хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр тохирсон нөхцөл, хугацаанд төлбөрийг төлөхөөр, 1 м.кв ажлыг 18 000 төгрөгөөр тооцож, нийт 39 202 м.кв талбайн өрлөг буюу 705 636 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

 Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтад нийцсэн, гэрээний эрх, үүрэгтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 1.   Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 Нэхэмжлэгч ******* ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 193 571 910 төгрөг, захиалагч гэрээний зарим хэсгээс татгалзаж, үүргээ зөрчснөөс хохирол учирсан тул нийт 250 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд засан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 227 дугаар зүйлийн 227.1.-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан тул нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчөөгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

Гэрээний дагуу гүйцэтгэгч нь 345 052 206 төгрөгийн буюу 19 169.57 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын хөлсөнд 183 480 350 төгрөгийг авсан нь баримтаар нотлогдсон гэх үндэслэлээр ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 161 571 910 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нь хохирол нэхэмжилсэн шаардлагаа баримтаар нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., Иргэний хуулийн 343 дугар зүйлийн 343.1., 227 дугаар зүйлийн 227.1. дэх заалтад нийцжээ.

 2.   Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 Хариуцагч Чайна хуаши интерпрайзиз ХХК нэхэмжлэгчээс 326 862 390 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...гэрээний үргэлжилсэн хугацаанд нийлүүлсэн бараа, материал, шатахууны үнэ 80 878 090 төгрөг, экскаваторын эвдэрсэн сэлбэгийн үнэ 7 700 000 төгрөг, экскаваторын түрээсийн төлбөр 26 784 300 төгрөг, гэрээний 4.14.-т зааснаар гуравдагч этгээдээр ажил гүйцэтгүүлсний төлбөр 211 500 000 төгрөг, нийт 326 862 390 төгрөгийг гүйцэтгэгч ******* ХХК-иас гаргуулна... гэж тайлбарлажээ.

 Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж зардал гаргасан, гэрээт ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлээгүй тул гэрээний үүргийг зөрчөөгүй, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг засалгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4.-т заасан хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 Хариуцагч нь 1-т нийлүүлсэн шатахуун, бараа материалын үнэ, 2-т экскаваторын түрээсийн төлбөр, эвдэрсэн сэлбэгийн үнэ, 3-рт гэрээний үүргээ зөрчсөний төлбөрийг гаргуулахаар шаарджээ.

 Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 4.3.-т зааснаар А тал буюу хариуцагч Чайна хуаши интерпрайзиз ХХК нь эксковатороор хангаж, жолоочийн болон экскаваторын шатахууныг хариуцах үүрэг хүлээсэн, техникийн эвдрэл гэмтэлтэй холбогдох зардлыг хэн хариуцах талаар гэрээнд тохиролцоогүй, түүнчлэн экскаваторын түрээсийн гэрээ байгуулаагүй тул түрээсийн төлбөр, өөрийн эзэмшлийн тээвэрт гарсан зардлыг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй.

 Гэрээний 4.14.-т Б тал тус барилгын ажлыг гуравдагч талд шилжүүлэн өгч гүйцэтгүүлэхийг хориглох ба эс бөгөөс А тал гэрээг дуусгавар болгох бөгөөд Б тал гэрээний нийт үнийн дагуу гэрээ зөрчсөний төлбөр 30%-ийг төлөхийг шаардана гэжээ.

 Б тал буюу нэхэмжлэгч нь ажиллах хүчээ нэмэгдүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 340 дүгээр ангитай гэрээ байгуулж, хугацаат цэргийн ажилтан, албан хаагчийг гэрээгээр нэмж ажиллуулсныг барилгын ажлыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж үзэхгүй, улмаар Б талыг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 Харин нийлүүлсэн бараа, материал, шатахууны үнэд нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 Зохигч гэрээний 4.7.-д Б тал өөрийн тээврийн хэрэгслийг зохион байгуулан А талын к23 болон к29 элс хайрганы карьерт хүргэж элсийг тээвэрлэн барилгын ажлын талбайд хүргэх ажлыг хариуцан гүйцэтгэх бөгөөд холбогдох гарах зардлыг мөн хариуцна, 4.12-т Б талын зарцуулсан машин механизмын шатахууныг А тал нийлүүлэх бөгөөд Б талын томилсон хүний гарын үсгээр А тал худалдан авсан үнээр зардлыг тооцож, Б талаас суутган авна гэж тохиролцжээ.

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын бараа, материал, шатахууны зардлаас Б тал буюу нэхэмжлэгч өөрийн хэрэглэсэн шатахууны зардлыг А талд ажлын хөлснөөс суутгуулан төлөхөөр харилцан тохиролцсон байх тул хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон 74 182 090 төгрөгийн шатахууны үнийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй байна.

 Хэргийн 1 дүгээр хавтасны 240 дүгээр талд авагдсан тооцооны хүснэгтэд бичигдсэн тооцооны талаар зохигч маргаагүй бөгөөд дээрх тооцоо нь 241-250 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд тус тооцоонд дизель түлш зэрэг бараа материалын зардалд 88 801 450 төгрөгийн зардал гарснаас 30 000 000 төгрөгийг хасч, гүйцэтгэгчээс 58 801 450 төгрөгийг буцаан гаргуулахаар тооцсон байх ба, хасагдсан 30 000 000 төгрөгийг А тал нь Б талаас суутгаж авсан үнийн дүн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул нийт хэрэглэсэн шатахууны төлбөр 74 182 090 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг хасч үлдэх 44 182 090 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон даж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1206 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/01164 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 343 дугаар зүйлийн 343.1., 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас 44 182 090 төгрөгийг гаргуулан хариуцагч******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ..олгосугай. гэснийг ...олгож, нэхэмжлэгчээс 378 860 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулууны гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562 340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД