Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 248

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2018/00248

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Боржигин овогт Дын М /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хны төв байранд оршин байгаа, “Х” ХХК / /,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, Шалсай овогт Бийн Б /рд:/ нарт холбогдох,

 

“Х” ХХК, Б нарын хооронд 2017 оны 04 сарын 04-ний өдөр байгуулагдсан “Нөхцөл тохирох гэрээ”-г бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.М нь Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Нефть 1 гудамж, 9б тоот хаягт байрлах 446 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 07 сарын 22-ны өдрөөс хойш өмчилж байгаа болно.

Гэтэл 2017 оны 04 сарын 04-ний өдөр “Х” ХХК, Б нар нь өмчлөгч Д.Мын зөвшөөрөлгүйгээр “Нөхцөл тохирох гэрээ” хийсэн байна.

Уг гэрээнд Бийн 2014 оны 11 сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн 193,008,833 төгрөгийн үлдэгдэл бүхий зээлийн төлбөрийг Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Нефть 1 гудамж, 9 тоот хаягт байрлах 446 м.кв талбайтай, Ү-2201044486 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 18633310645051 дугаартай 132 м.кв талбай бүхий эзэмших эрхийн газар, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 48б байр, 9 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204011740 дугаартай, 79.31 м.кв орон сууцыг төлбөрт тооцон авахаар гэрээ байгуулсан байна.

“Х” ХХК нь төлбөр төлөгч Бийн өмчлөлийн бус өөр этгээдийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон авахаар нөхцөл тохирох гэрээ хийсэн нь Д.Мын эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Нэхэмжлэгчийн зүгээс “Нөхцөл тохирох гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.8-д “... хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Иймд “Х” ХХК, Б нарын хооронд 2017 оны 04 сарын 04-ний өдөр байгуулагдсан “Нөхцөл тохирох гэрээ”-г бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Х” ХХК нь зээлдэгч Б, Э.Бямбажав нартай 2014 оны 11 сарын 12-ны өдөр 1160023103 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь 1160023103-01 дугаартай барьцаат ипотекийн гэрээний дагуу Улсын бүртгэлийн Ү-2204011740 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 48б байр, 9 тоот 89.88 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2201036803 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Дунд наран 2 гудамж, 78 тоот 256 м.кв талбайтай нийтийн байр, мөн 1160023103-02 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний дагуу улсын бүртгэлийн Г-2201017211 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Дунд наран 2 гудамж, 78 тоот 262 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч Б нь 1160023103 дугаартай Барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх 193,008,833 төгрөгийн нийт үлдэгдэл төлбөрт Баталгаат ипотекийн гэрээ болон “Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжид тусгагдсан барьцаа хөрөнгүүд болох Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Дунд наран 2 гудамж, 78 тоот 256 м.кв талбайтай нийтийн байр, Улсын бүртгэлийн Г-2201017211 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Дунд наран 2 гудамж, 78 тоот 262 м.кв талбайтай газрын оронд зээлдэгчийн тайлбарласнаар түүний өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Нефть 1 гудамж, 9б тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201044486 дугаартай, 446 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Нефтийн замын урд байршилтай, нэгж талбарын 18633310645051 дугаартай, 132 м.кв авто угаалгын зориулалттай эзэмших эрхтэй газрыг Хны өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Х нь Бтэй 2017 оны 04 сарын 04-ний өдөр “Нөхцөл тохирох гэрээ” байгуулсан.

Тус нөхцөл тохирох гэрээний дагуу Б нь Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Нефть 1 гудамж, 9б тоот хаягт байршилтай 446 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Хны өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй буюу тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Хинд шилжээгүй болно.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, Иргэний хуулийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн хөрөнгийн өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжих, өмнөх өмчлөгчийн эрх хөндөгдөх нөхцөл байдал үүсэхээр байна.

Хны хувьд зээлдэгч Бтэй нөхцөл тохирох гэрээ байгуулсан боловч тус гэрээгээр тохирсон нөхцөл нь улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд л хүчин төгөлдөр болох бөгөөд тухайн тохиолдолд өмчлөгчийн эрх ашгийг хөндөхүйц эрх зүйн үр дагавар үүсгэхээр байсан.

Гэтэл Х тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, ашиг сонирхлыг хөндөх нөхцөл байдлыг үүсгээгүй тул нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэлд тооцохгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нөхцөл тохирох гэрээний 1.2.2 буюу Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Нефть 1 гудамж, 9б тоот хаягт байршилтай 446 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Хны өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой заалтын хувьд өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж үзэж болох боловч Иргэний хуулийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасны дагуу нөхцөл тохирох гэрээнд заасан Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 48б байр, 9 тоот 89.88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг буцаан худалдан авах нөхцөл болон тус гэрээний 1.2.2 дахь заалтаас бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь надад анхнаасаа уг гэрээг хийх сонирхол байгаагүй өөр хүний нэр дээр байгаа гэж би удаа дараа хэлж байсан.

Нэгэнт ийм шийдвэр гаргасан тул өөр арга байхгүй гэж зүтгэсээр энэ гэрээг хийсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч “Х” ХХК, Б нарт холбогдуулан, “Х” ХХК болон Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 04 сарын 04-ний өдрийн “Нөхцөл тохирох гэрээ”-г бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг, хариуцагч Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг тус тус гаргадаг.

 

Шүүх дараах үндэслэлээр Д.Мын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

“Х” ХХК, Б нар 2017 оны 04 сарын 04-ний өдөр “Нөхцөл тохирох гэрээ” байгуулж, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 48б байр, 9 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204011740 дугаарт бүртгэлтэй, 79.31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Нефть 1 гудамж, 9б тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201044486 дугаарт бүртгэлтэй, 446 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Нефтийн замын урд байршилтай, нэгж талбарын 18633310645051 дугаарт бүртгэлтэй, 132 м.кв талбай бүхий авто угаалгын зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг “Х” ХХК нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, 2017 оны 10 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд бусдад худалдахгүй байх үүргийг хүлээх, харилцагч Бт дээр дурьдсан хугацаанд эргүүлэн худалдахаар тус тус харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Д.М “Нөхцөл тохирох гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж, хариуцагч “Х” ХХК нь “Нөхцөл тохирох гэрээ”-ний дагуу үл хөдлөх эд хөрөнгүүд банкны өмчлөлд шилжээгүй буюу гэрээ хэрэгжээгүй учир нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон ч үлдсэн хэсэг нь хүчин төгөлдөр хэвээр үлднэ гэж, хариуцагч Б нь анхнаасаа банкинд өөр хүний өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгө гэж хэлсэн боловч зүтгэсээр байгаад гэрээг байгуулсан хэмээн тус тус тайлбарладаг.

 

Хэрэгт авагдсан 000503938 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 12 сарын 04-ний өдрийн 2/10076 тоот албан бичиг болон түүнд хавсаргасан баримтуудаас үзэхэд “Нөхцөл тохирох гэрээ” байгуулах үед 2017 оны 04 сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Нефть 1 гудамж, 9б тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044486 дугаарт бүртгэлтэй, 446 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Д.М байсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд “Нөхцөл тохирох гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн 1.2.2 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “... зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна.

 

Харин “Нөхцөл тохирох гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн 1.2.1 дэх заалт, 1.2.3 дахь заалтад дурьдагдсан 79.31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 132 м.кв талбай бүхий авто угаалгын зориулалттай эзэмших эрхтэй газар нь нэхэмжлэгч Д.Мын өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь баримтаар нотлогдохгүй байх ба “Нөхцөл тохирох гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн 1.2.2 дахь заалтаас бусад хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Тодруулбал, “Нөхцөл тохирох гэрээ” байгуулах үед уг гэрээний 1.2.1-д заасан Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 48б байрны 9 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б байсан, мөн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Нефтийн дамын урд байршилтай үйлчилгээний зориулалттай 132 м.кв газар эзэмших эрх нь Бийн нэр дээр бүртгэлтэй байсан болох нь 000467151 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 000157159 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогддог учир хариуцагч Б нь уг үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг захиран зарцуулах талаар бусад этгээдтэй буюу “Х” ХХК-тай аливаа хэлцэл хийх эрхтэй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу иргэн Б, Д.М нарын хооронд 2016 оны 07 сарын 22-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь ийнхүү улсын бүртгэлийн газар бүртгэгдээгүй, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ Д.Мын нэр дээр шилжээгүй байх тул нэгж талбарын 18633310645051 дугаарт бүртгэлтэй газрын эзэмшигч, өмчлөгч нь Д.Мыг гэж үзэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь Д.Мыг уг газрыг эзэмших эрхтэй болохыг нотлохгүй болно.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч “Х” ХХК нь “Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Нефтийн дамын урд байршилтай үйлчилгээний зориулалттай 132 м.кв газар эзэмших эрхийг “Х” ХХК шилжүүлэн аваагүй байгаа, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу Б нь Д.Мд газар эзэмших эрхээ шилжүүлэхэд “Х” ХХК-ийн зүгээс аливаа саад хийхгүй” хэмээн тайлбарласныг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” хэмээн заасан байдаг.

 

Иймд “Х” ХХК болон Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 04 сарын 04-ний өдрийн “Нөхцөл тохирох гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн 1.2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Нөхцөл тохирох гэрээ”-ний үлдсэн хэсгийг нь хүчин төгөлдөр хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Х” ХХК болон Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 04 сарын 04-ний өдрийн “Нөхцөл тохирох гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн 1.2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үлдсэн хэсгийг нь хүчин төгөлдөр хэвээр үлдээсүгэй.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,123,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 322,225 төгрөгийг, хариуцагч Бээс улсын тэмдэгтийн хураамж 322,225 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Мд буцаан олгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.