Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,

Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005670317 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч,  ******* овогт *******ийн *******, / Регистрийн дугаар:******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг “Бэлийн хашаат” гэх газарт байх өөрийн гэртээ гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Бид 2 гэр бүл болоод 18 жил хамт амьдарч байна. Дундаасаа 4 хүүхэдтэй гэр бүлийн баталгаатай. Би 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Батсүх манайд ирээХ архи уусан. Тэгэхэд гэрт манай эхнэр болон 4 хүүхэд Батсүх бид нар байсан. Батсүх бид 2 архи ууж байхад түлш түүлээ гээд гараад явсан. Тэгээд архи ууж байгаад Батсүх яваад өгсөн. Би гэртээ унтсан. Тэгээд эхнэрээ зодсон байна лээ. Эхнэрийн нүүр нь хавдаад хөхөрсөн байсан. Би өмнө нь өвөлжөө бууцыг хадамд бичиг баримтыг өгсөн байхаар нь эхнэртээ яах гэж өгсөн юм гэж хэлж байсан юм. Тэгээд тэрнээс болсон байх. Би юу болсныг сайн мэдэхгүй байна. Ө гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* өөрийн эсрэг мэдүүлэөгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Надад тайлбарлан өгсөн хохирогчийн эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй.Би байцаалтаа өмгөөлөгчгүй өгнө, өмгөөлөгч авахгүй. Надад гэр бүлийн ишүүдийн эсрэг тэдний байдлыг хүндрүүлж мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг тайлбарлан өгснийг ойлголоо, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би нөхөр *******тэйгээ 18 жилийн хугацаанд амьдарч байна. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай гэр бүл, бид дундаасаа 4-20 насны 4 хүүхэдтэй. Манай нөхөр хааяа л архи уудаг гэхдээ 1 сард 2-3 удаа архи уудаг бөгөөд уух болгондоо намайг дарамтлаад хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, гэсэн хэдий ч их хартай хүн байгаа юм. Манайх Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бэлийн хашаат” гэдэг газар намаржиж байсан юм. 2018 оны 09 дүгээр сарын 30 ны орой 18 цагийн орчим нөхөр ******* авдарт байсан 1 шил 0.75 литрийн хагас шил архийг манай хүргэн Батсүхтэй хувааж уусан. Намайг аргал түүгээд гаднаас орж очиход унтаж байгаад сэрсэн бололтой босож ирснээ “ 2 лаа зодолдъё” гэснээ намайг заамдсанаа нүүрэн тус газар 3-4 удаа мөн толгой руу хэд хэдэн удаа цохисон, газар унагаагаад толгойтой үснээс зулгааж өшиглөсөн, гэрийн зүүн талд газарт тавьсан байсан гампанз дээр байсан бор иштэй хутгыг авснаа чамайг хутгалаад алчихъя “ гээд чичээд байсан, гэсэн хэдий ч намайг ''хутгаар зүсээгүй. Намайг зодох үйлдэл ойролцоогоор 30-40 орчим минут үргэлжилсэн. Би түүнд ямар ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй зодуулсан. Ингэж зодоход бидний дэргэд манай 4 настай хүү байсан, өөр хүн байгаагүй. Нөхөртэй хамт архи уусан Батсүх архиа ууж дуусаад манайхаас явсан байсан. Хэсэг хугацааны дараа миний 16 настай хүү хониноосоо ирээд аавыгаа татаж унагаагаад намайг гэрээс гаргасан. Ингээд хүү маань намайг хүргэн Батсүхийнд хүргэж өгсөн. Батсүхийнх манай байснаас урагшаа 4-5 орчим км-ийн зайтай нутаглаж байсан. Тэднийд очиход Батсүх эхнэртэйгээ байсан. Болсон асуудлыг хэлээд дараа нь цагдаагийн байгууллагад хандсан. Одоо миний биеийн байдал зүгээр болсон, ямар нэгэн өвчин зовуурь байхгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, энэ дүгнэлттэй холбогдуулан гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Манай нөхөр намайг урд өмнө нь одоогоос 3 жилийн өмнө нэг удаа зодож байсан, харин 2018 он гарсаар анх удаагаа зодож байгаа нь энэ. Гэхдээ хуулийн байгууллагад хандаж байгаагүй. Нөхөр надаас уучлалт гуйгаад байгаа, би нөхрийгөө уучилсан, хэдэн хүүхдийнхээ ирээдүйг бодоод уучлахаас өөр аргагүйд хүрээд байна. Одоо дахин намайг зодохгүй гэсэн. Би нөхөртөө зодуулснаа ар гэрийнхэндээ хэлээд байдаггүй. Надад учирсан хөнгөн зэргийн гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон 100000 гаруй мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, тэр мөнгийг нөхрөөсөө нэхэмжлэхгүй. Намайг зодох болсон шалтгаан нь хардалтаас үүдэлтэй гэж боддог, ямар ч шалтаг шалтгаангүйгээр намайг хүн болгонтой хардана, манай гэрт ирсэн эрэгтэй хүн болгонтой хардаад байдаг юм.Намайг зодож байхдаа нөхөр маань архи уусан байсан ч гэсэн ухаанаа алдсан хэмжээнд хүртэл согтуу байгаагүй. Харин би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бичигдсэн байна. гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/

... 2018 оны 09 дүгээр сарын 30-нд манай нөхөр архи ууж ирээд намайг хэламаар доромжлоод миний үснээс зулгаагаад гар луу цохиж аваад бас нүүр лүү хэд хэд гараараа цохиж авсан тэгээд миний нүд сүүлдээ юм хархаа больсон чинь бүүр хавдаад гэрээсээ арай хийж зулгааж гараад Баянцагаан сумын машинд сууж Баянцагаан орж эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж байгаад эмчилгээгээ дуусгаад Баянхонгор аймаг руу Ээжийндээ ирсэн юм тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Ер нь манай нөхөр архи уух болгондоо надад гар хүрж зоддог юм. Манай нөхөр намайг хардаад л сав л хийвэл барьж авч нүдэх гэдэг юм, Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандсан юм тэгээд манай нөхөр намайг гомдол санал байхгүй гэж хэлээд өгөөч гэж гуйсаар байгаад эргэж байсан юм, Одоо миний биеийн нугас руу хөшөөд толгой руу өвдөж байна би эмчилгээ хийлгэж байгаа, Манай нөхөр хааяа л архи уудаг юм, уухаараа байнгал зодох гээд дайраад байдаг юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

... Манайд нөхөр Ц.*******, Батсүх бид нар байсан. тэгээд би түлээнд явж гэрт *******, Батсүх 2 үлдсэн. Би эргээд ирэхэд Батсүх явчихсан байсан намайг Ц.******* зодоход хүн байхгүй бага насны 4 настай хүү л байсан Ц.******* хүүхдээ бол зодоогүй. Намайг орж ирэхэд унтаж босож байх шиг байсан тэгээд “2 лаа зодолдъё” гээд бас хардаад байх шиг байсан. Тэгээд заамдаад нүүр рүү 3-4 удаа гараараа цохиж, газар унагаан толгойтой үснээс зулгааж цохисон. тэгээд гэрийн- зүүн талд ганбанз дээр байсан бор иштэй хутгаар хутгална гэж чичиж байсан боловхутгалаагүй хутгаа тавьсан. Тухайн үед Батсүх байхгүй байсан. Манай нөхөр өвөлжөөний гэрчилгээг ээжид өгсөн чинь нөгөөхийг нь алга болгоод ээж өөрийнхөө дээр болгосон байсан. тэрнээс болоод уурлаад байсан. Уг хутгыг хүүхэд хаячихсан байна лээ. Тэрнээс хойш олоогүй алга болсон байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 09 дугаар сарын 30 ны өдөр гэртээ байж байтал Баацагаан сумын Бэлийн хашаа гэх газар нутаглаж байгаад ******* манай хүргэн удаа дараа манай охиныг зодож нүдсэн гэсэн миний мэдэхийн 3 удаа болж байна би их гомдолтой байна сая манай охиныг үсдэж аваад хөл гар нүүр ам нил хавдар хөх няц болтол нь зодсон байна лээ намайг амьд байхад охиныг минь алцан байна гэж дуулдах юм байна би маш их гомдолтой байна, манай хүргэн хаа нэг уудаг юм уухаараа тавтир муутай нэгнийгээ зодоод хөх няц болгоод байдаг юм байна лээ энэ хоёр айл гэр болоод 18 жил болж байгаа юм, Манай охин Бадамзул манайд ирэхдээ бие нь хөх няц болсон нүүр ам нь хавдсан толгой нь өвдөөд байна гээд хариугүй юм манайд орж ирээд нэг өдөр хэвтэж өнжсөн одоо л арай л дээр болж байна би хүргэн *******д маш их гомдолтой байна, Одоо манай охин Бадамзулын толгой нугас руугаа хатгаж өвдөөд байгаа. Өөр нэмж ярих зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Надад тайлбарлан өгсөн гэрчийн эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Ц.******* нь миний төрсөн дүү байгаа юм, гэр бүлийн гишүүдийн эсрэг тэдний байдлыг хүндрүүлж мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг тайлбарлан өгснийг ойлголоо, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би эхээсээ 8 лаа, *******гийн хувьд дээрээсээ 6 дахь нь юм. Миний дүү ******* нь 1998 онд Бадамзул гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод 4 хүүхдийн эцэг эх болсон. Гэр бүл болсон цагаасаа хойш маргалдаж муудалцаад байгаагүй, их л эв түнжинтэй хүмүүс. Тэдний ахуй амьдрал боломжийн, энэ амьдралыг манай дүү өөрөө авч авдаг хүн. Урд өмнө архи дарс ууж агсан согтуу тавьж байсан удаагүй, архийг өөртөө тохируулаад л хэрэглэчихдэг хүн байгаа юм. Гэр бүлдээ халамжтай. гэр орныхоо ажлыг өөрөө л хийдэг, ер нь энэ хүнгүй бол энэ айлын амьдрал хэцүүднэ гэж хэлнэ. Надад нэмж ярих зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 605 дугаартай шинжээчийн:

1. *******ын биед тархи доргилт, 2 нүдний зовхи, хамар, дух, зүүн бугалцус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3. Иргэн *******ын биед 2018.09.30-ны өдрөөс өмнө биед нь гэмтэл учирсан гэх шинж тэмдэг үгүй байна.

4. шүү гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. адвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 38-39/ болохавтаст хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.*******гийн нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 86-87 дугаар хуудсанд авагдсан хохирогч нь шүүгдэгч Ц.*******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 05-09 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.*******гийн эзэмшлийн “YSFEN” маркийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг “Бэлийн хашаат” гэх газарт байх өөрийн гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1- д заасан үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *******ыг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон хохирогч ******* гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 605 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ц.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.*******гийн эзэмшлийн “YSFEN” маркийн гар утас битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх маркийн гар утсыг торгуулийн ялын биелэлтийн хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, торгуулийн ялын биелэлт хангагдсан бол гар утсыг эзэмшигч Ц.*******д буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.*******д нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ц.*******д оногдуулсан таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Ц.*******г шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.*******гийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг торгох ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж торгох ял биелэгдсэн тохиолдолд эзэмшигч Ц.*******д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛй