| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0077/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/303 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/303
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Улсын яллагч:В.Дэлгэрмаа
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан эжрмаар хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж *******д холбогдох эрүүгийн 1814005260340 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, /*******/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт С.Мөнхжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би архи уучихсан явж байгаад орой ахмадын ордны бүжгэн дээр очсон. Тэгээд орой нь бүжиг тарж байхад нь гадаа үүдэнд нь С.Мөнхжаргалыг зодсон. Гараараа нүүр лүү цохиж байснаа санаж байна бусдыг нь санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 /
Хохирогч С.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 09 дүгээр сарын 11-12-ны шилжих шөнө 23 цагийн үед би Ахмадын ордонд хөгжимчин Лүмбэнгийн таксигаар хүргэж өгөх гэж очсон. Тэгээд Д.Лхүмбэн ах хамгаалалтын хүнээ хүлээлгээд би машин руу очих торон хашааны хажуугаар гараад явахад нэг хүн миний тамхи руу өшиглөсөн. Тэгээд би эргээд 2 харахад миний хамар орчимд гараараа цохисон. Миний хамраас цус гарахаар нь чи ямар учраас намайг цохиж байгаа юм гэхэд тэр хүн учир зүггүй миний гар толгой орчимд цохисон. Би согтуу хүнд гар хүрээд яахав гэж бодоод цохиж зодоогүй. Тэгээд би дээрээс нь сууж байхад тэр залуу би үхнэ гэж хэлээд байхаар нь босгосон. Тэгтэл тэр залуу намайг миний хөлнөөс шууд татаж унагааж намайг миний цээж толгой орчимд өшиглөсөн. Тэгээд босч ирээд дахиад тэр залууг барьж аваад тонгорч унагаагаад дээр нь суусан тэгээд байж байхад цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 /
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би хаалга хааж дохиоллоо хүлээлгэж өгөөд гарч ирэхэд С.Мөнхжаргал хамгаалалтын байрны дэргэд нэг эрэгтэй хүнтэй барилцаж авчихсан зогсож байсан. ******* тэр хүнийг барьж аваад дараад дээр нь дараад барьчихсан байж байсан. Тэгтэл тэр хүн намайг тавьчих гэж гуйж байна би одоо зүгээр гэж хэлсэн тэгээд С.Мөнхжаргал тэр эрэгтэйг тавихад тэр хүн С.Мөнхжаргалыг хөлнөөс нь татаж унагаагаад босож ирэх гэтэл нь өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №548 дугаар
1. С.Мөнхжаргалын биед тархи доргилт, доод уруулд шарх, зүүн чих, өвдөг баруун өвдөг, шилбэнд зулгаралт, доод уруулын дотор салст, зүүн шуу, чамархай, гуяны цус хуралт, баруун чамархай, зулай, зүүн дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 28-29 / зэрэг нотлох баримтууд тус тус болно.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 38-39/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 65-69/, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018.12.04-ний өдрийн 90 тоот тодорхойлолт / хх-ийн 55/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 57/, малын тооллогын мэдээллийн лавлагаа / хх-ийн 72/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд 3 шилжих шөнө 23 цагийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт С.Мөнхжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн ... ахмадын ордны гадаа үүдэнд С.Мөнхжаргалыг зодсон, гараараа нүүр лүү цохиж байснаа санаж байна бусдыг нь санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 / хохирогч С.Мөнхжаргалын ... нэг хүн миний тамхи руу өшиглөөд, эргээд харахад миний хамар орчимд гараараа цохисон цус гарсан, мөн гар толгой орчимд цохисон, миний хөлнөөс шууд татаж унагааж намайг миний цээж толгой орчимд өшиглөсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 / гэрч *******ын ...тэр хүн С.Мөнхжаргалыг хөлнөөс нь татаж унагаагаад босож ирэх гэтэл нь өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 / Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №548 дугаар “...Мөнхжаргалын биед тархи доргилт, доод уруулд шарх, зүүн чих, өвдөг баруун өвдөг, шилбэнд зулгаралт, доод уруулын дотор салст, зүүн шуу, чамархай, гуяны цус хуралт, баруун чамархай, зулай, зүүн дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,.... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 28-29 /зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч С.Мөнхжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохиролд 100000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан ба нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Т.Мөнх-Эрдэний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав. 4 Шүүхээс шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө, малын тооллогын мэдээллийн лавлагаа / хх-ийн 72/ зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн Т.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн “...serene маркийн хөлдөөгч...”-ийг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож , шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 500000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол 5 хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн “... serene маркийн хөлдөөгч...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА